sonin.mn

Яг одоо тэнгэрийн хаяа нэг л бүүдгэр, гуниг хураасан мэт дүнсийх нь, сэтгэлийн чандад басхүү уйтгартай бодрол ургуулна. Өглөө, оройн хүйтэн жавар хацар жиндүүлж, өтгөн саарал утаа хоолой хорсгож, олны хөлд дагтаршсан цас хальтаргаат тошин болон хувирахуйд өвлийн улирал айлчиллаа гэдгийг их хотын иргэд мэдэрч, дулаан хувцсандаа ордог юмсанжуу...

Байгалийн хуулиар ийнхүү хүмүүний зориг моховч, тэд ямар ухаан сийлэхээ басхүү олоод амжжээ. Айсуй цагийн шинэ оныг улам өөдрөг, улам эрч хүчтэй угтахыг билэгшээж гудамж талбай, байшин барилгаа түмэн өнгийн гэрэл, сүлд мод тэргүүтнээр чимэглэн, хаа сайгүй өнгө, үзэмж төгөлдөр орчныг бүрдүүлээд эхлэхээр хүн бүрийн уйтгарт сэтгэл аяндаа л замхран одмой...

Хүүхэд багачууд мөрөөдөлдөө умбан гэнэн цагаахан инээд цацрааж, залуу хосууд хайраараа жигүүрлэн хамт алхацгааж, хөгшид өвгөд тэдгээрийг харан сэтгэл догдлоод, бүхий л зүйл оргил цэгтээ хүрэхийн цагт ханын хуанли 31 дэхээ эргэж, цагийн зүү 12-ыг заадаг даа.

Яг өдийд их хотын нүргээн яг л тэр мөч рүү яаравчлан хурдалж байх шиг... Чухамдаа л ийм утга учиртай болохоор нийслэлийнхэн маань эртнээс шинэ оны бэлтгэлдээ ордог болоо юу даа...

Он солигдох мөч болоход бүр хоёр сар шахуу хугацаа байхад томоохон байгууллага, худалдааны төвүүд шинэ жилийн уур амьсгалаа аль эрт бүрдүүлчихжээ. Намайг багад гэрийнхэн маань яг өдийд өвлийн идшээ бэлтгээд тун завгүй байдагсан. Айл саахалтынхан манайд цуглаж, идэш бэлтгэх ажилд туслалцахаар ирэх тэр мөчид намайг л хонинд явуулах.

Нас гүйцсэн "өмчилсөн" малаа хайрлаад хүнсэнд авхуулахгүй гэж уй дуу болно гэж эмээсэндээ тэд миний "Хишиг өдөр"-ийг ингэж тааруулдаг байсан юмдаг уу. Харин сурагч болсон мөчөөсөө эхлэн өвлийн өвгөнөөс бэлэг авах гэж хэрэндээ мэрийх, үе тэнгийнхнийхээ дундаас сурлагаараа онцгойрно гэдэг чамгүй даваа байсан санагддаг юм. Харин муу сурлагатай шинэ оныг угтвал алиалагчид дурандуулна гэж нэг айхтар зүйл байх... 

Хэн л сурагчдын дунд нэрээ муугаар, чангаас чанга цоллуулахыг хүсэх вэ дээ. Ингээд л бодохоор би хүүхэд байсан бол яг өдийд ид хичээл номдоо шамдаж байхсан. Ер нь, хүний туулж өнгөрүүлсэн мөчүүд хамгийн сайхан байдаг ч түүнийгээ анзаарахгүй улам дэвшихийн төлөө тэмүүлж байдаг зантай юм уу даа. Яг одоо би ийн бодлогоширч суунам...

 

Б.Дэлгэр

Эх сурвалж: "Ганзам" сонин