sonin.mn
Амьдралыг зузаан хуудастай дэвтэр гэж төсөөлбөл уг дэвтэрт хүн бүр өөрийн хүссэн замналаа дуртай өнгөөрөө бичиж үлдээх жамтай юмсанж. Харин одоо, өнгөрсөн, ирээдүй цагийн хэлхээс дээр боть болон үлдэх тэрхүү дэвтрийг үр хүүхэд, ирээдүй хойч нь эргүүлэн харж, өөрийн амьдралаа зөв голдирлоор сийрүүлэхэд ашигладаг гэлтэй. Тэгвэл сэтгүүлч миний бие Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Түгжийн 90 жилийн амьдралын түүхийг баринтагласан зузаан дэвтрийн зах зухаас нээж, уншигч танаа хүргэхийг эрмэлзлээ.
 
-Таны хувьд аз жаргал гэж юу вэ?
 
-Аз жаргал гэдэг мэдээж сайн сайхан амьдрахыг л хэлж буй юм болов уу. Гэхдээ сайн сайхан амьдарна гэж юу вэ гэдгийг хүн бүр өөрөөр ойлгоно л доо. Миний хувьд сайхан амьдарна гэдэг нь дуртай ажил мэргэжлээ сайн эзэмшээд, ганцхан өөрөө бус үр хүүхдүүдтэйгээ сэтгэл хангалуун, энх тунх аж төрөхийг л хэлнэ гэж ойлгодог. Тийм ч болохоор би төмөр зам гэх их айлд олон жил сэтгэл зүрхээ дайчлан, ажилласан.
 
Түүний хүчинд миний хүүхдүүд аавынхаа мэргэжлийг өвлөж, тэр ч бүү хэл хүргэн, бэрүүд маань хүртэл төмөр замд амжилттай ажиллаж, сайхан амьдрах үндэс суурь нь бүрдсэн юм болов уу?  Төмөр замын салбарт ажиллаж байгаа олон мянган хүнтэй мөр зэрэгцээд, тэдний тэргүүн эгнээнд хошуучлахын төлөө хөдөлмөрлөнө гэдэг тухайн хүнд үгээр төлөөлүүлэхийн аргагүй, сэтгэл ханамж, огшил, бахархал төрүүлдэг юм билээ.
 
Тийм ч болохоор би төмөр замын мэргэжилд чин сэтгэлээсээ дурлаж, үр хүүхдүүдээ ч энэ салбарт ажиллуулах сонирхолтой болсон. Харин тэд маань өөрсдийнхөө сонирхлоор энэ мэргэжлийг гэр бүлээрээ эзэмшээд, амжилттай ажиллаж буйд өвгөн би үнэхээр баярлаж явдаг. Энэ л миний аз жаргалын цөм нь юм даа.
 
-Орчин цагт харин амьдралын баяр баяслыг эд хөрөнгө, эрх мэдлээр төлөөлүүлж ойлгох нь бий?
 
-Тийм ээ. Санал нэг байна. Залуус маань ингэж боддог болсны буруу ч гэж юу байхав. Учир нь, өнөөгийн залуус мэдлэг боловсрол өндөртэй ч зовлон зүдгүүрийг тэр бүр мэддэггүй, хөрөнгө мөнгө, эрх мэдлийг хэрхэн бүрдүүлдэг вэ гэдгийг ойлгодоггүй учраас аливаа зүйлийг амар хялбар талаас нь л хардаг болчихоод байна. Бидний үед бол залуус хөдөлмөрийн талбарт хичээл зүтгэл, мэдлэг чадвар, ариун шударга ажлаараа өрсөлдөж байж л амжилтад хүрнэ гэдгийг маш сайн ухаардаг байлаа.
 
Тийм учраас ажлаа гэсэн сэтгэл, зүтгэлтэй байсан. Одоо харин зах зээлийн нийгэм, ардчилсан улс гэдэг утгаараа ч юм уу бүгд "мөнгө, мөнгө" гэсэн бодолтой болчихжээ. Мөнгөтэй болохын тулд хэн дуртай юу хүссэнээ ярьж, юу дуртайгаа хийж байна. Энэ нь нөгөө талдаа залуу үе, ирээдүй хойчид маань муу үлгэр дууриалал үзүүлээд байна уу даа гэж бодох юм өвөө нь.
 
-Амьдралынхаа аз жаргалыг дээд зэргээр мэдэрсэн дурсамжаас дэлгэвэл?
 
-Монгол ардын зүйр үгэнд "Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян яваарай" гэсэн ерөөл байдаг шүү дээ. Түүний адилаар олон хүүхэд өсгөн хүмүүжүүлж, тэд маань хүний зэрэгтэй ажиллаж, амьдарч байгааг харахад аз жаргалын амт мэдрэгдэх шиг санагддаг. Орчин цагийн залуус маань харин оршин байгаа нийгмээ дагаад үүнээс тэс өөрөөр л аз жаргалыг амтлахыг эрмэлзэх байх л даа.
 
Цаг хугацааны явцад нийгэм өөрөө хувьсан еөрчлөгдөж байдаг нь хорвоогийн жам учраас өмнөхийг засаж, залруулах ямар ч боломжгүй. Магадгүй 90-ээд жилийн дараа өнөөгийн нийгэмд амьдарч буй хүмүүс "хоцрогдсонд" тооцогдож болох. Монгол хүний хамгийн гол зарчим бол өтгөс буурлаа хүндэтгэх, тэднийхээ сургаалийг сонсож, хэрэгтэй зүйлийг нь өөрийнхөө амьдралд өвлөн авах явдал.
 
Энэ зарчим алдагдаад ирвэл тухайн улс, үндэстний түүх соёл, өв уламжлал гэдэг асар том баялаг үгүйрэхэд хүрнэ. Тийм ч болохоор өмнөх түүхээ үгүйсгээд байвал аз жаргалыг мэдрэх бус харин зовлон зүдгүүрийг гэтлэх цаг үетэй тулгарах магадлалтай юм шүү гэдгийг л залуустаа хэлмээр санагддаг.
 
-Таны үед хүн бүр нийтэч сэтгэлтэй, хамтын хөдөлмөрийг эрхэлж, түүнийхээ үр шимийг утгаар нь мэдэрч байсан юм болов уу?
 
-Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчмаар ажилладаг байлаа. Энэ үгийн гол утга нь доод төвшинд яваа хүмүүсээ дээш нь татах, ажлаас хоцорч яваа найзуудаа дэмжиж, өөрийнхөө сурсан зүйлийг зааж өгөөд өөрсдийн эгнээнд оруулах, хэсэгхэн зуурын жаргалдаа ташуураад буруу зам руу орох гэж буй нэгэндээ алдаа оноог нь олуулаа хэлж өгөх гэсэн хамтын сэтгэл, хамтын хөдөлмөрт оршиж байгаа юм.
 
Тухайн үед өрнөж байсан "Социалист уралдаан" гэдэг чинь орон даяар өрнөсөн, нийгмийг бүхэлд нь хамарсан, хүмүүс нийтээрээ хөдөлгөчихсөн учраас асар их хүч чадалтай хөдөлгөөн байсан юм шүү дээ. Социалист хөдөлмөрийн бригадад хамрагдаагүй хүн гэдэг тухайн нийгмийг дэмжихгүй байгаад тооцогддог үе байлаа. Үүрэг авна гэдэг чинь тухайн хүн ажлаас хойш сууж, залхууралгүй үргэлж урагшаа тэмүүлэх, ингэснээрээ тэр хүний хийсэн хөдөлмөр эх орондоо болоод өөрийнхөө амьдрал, хойч үедээ хөрөнгө оруулалт болж үлдэх л бодлого байсан юм.
 
-Амьдралаас авсан хамгийн том сургамж ?
 
 -Сайн удирдаж чаддаг дарга нараасаа их сургамж авдаг байлаа. Замын ангийн Базарсад гэдэг хүн байв. АИХ-ын депутат байсан. Нэг удаа хоёр залуу маргалдаад нөгөөдөх нь буу бариад босоход нь харж байсан хүмүүс сэргийлэх дуудсан байгаа юм. Тэр хоёрыг маргааш нь Замын ангийн шуурхай зөвлөгөөнд орууллаа. Ингээд "Замын ангийн нэр хүндийг унагаасан тул хоёуланг нь ажлаас хална" гэж байна. Хоёулаа 20-иод настай шижигнэсэн залуус.
 
Намын үүрийн дарга, боловсон хүчин нь хөөнө гэлээ. Түүний дараа би босоод "Замын ангийн дарга зөв ярьж байна. Хөөх нь зүйтэй юм" гэлээ. Дараа нь мастер нь бас л хөөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ингээд л тэр хоёрыг ажлаас нь халуулах дээр бүх хүн нэгдчихээд байтал Базарсад гуай "Та хоёр түр гарч бай" гэв. Тэр хоёрыг гарсны дараа бидэнд хандаж, "Та нарт ямар ажилтан хэрэгтэй вэ гэхээр ямар ч зөрчил гаргадаггүй өвөө, эмээ нар л хэрэгтэй юм байна. Миний үгийг та нар бүгд дагаж энэ хоёрыг ажлаас нь халчихвал хүүхэд нь уйлна, эхнэр нь уурлана. Орон сууцыг нь төмөр зам хураагаад авчихаар хоёр гэр бүлийн амьдрал үрэн таран болоход хүрнэ.
 
Нөгөө "нийт нь нэгнийхээ төлөө" гэдэг үг чинь хаачсан. Та нарын хүнийг хайрлах сэтгэл яачихсан юм" гээд л бид хэдийг зэмлэв. Ингээд нөгөө хоёрыг буцааж оруулаад "Би бол та хоёрыг ажлаас нь халах сонирхолтой байна. Хамт олон чинь харин халж болохгүй. Та хоёрыг ажилгүй болгочихвол ар гэр, амьдрал чинь үрэн таран болно гэж байна" тиймээс олонхийн саналыг харгалзаад ажлаас халахаа болилоо. Та хоёр харин хамт олныхоо итгэлийг даагаад сайн ажиллаж чадна биз дээ? гэж билээ.
 
Гаднаа хатуу мэт байвч дотроо хүнийг хайрладаг. ойлгодог ийм л хүмүүсийн удирдлага доор ажиллаж байсан болохоор би олон зүйлийг сурч авсан гэж боддог. Бас нэг жишээ дурьдахад нэг удаа Замын даргын үзлэгийн үеэр нэлээд хэрүүлч хүн байшингийн цонхны хүрээг албаар хар өнгийн будгаар будчихсан байж.
 
Үүнийг харсан Базарсад гуай "За будсан чинь сайн байна. Гэхдээ би тийм өнгөөр будаарай гэж хэлээгүй болохоор чи хараар будчихаж. Энэ миний алдаа. Тиймээс үзлэгийн комисс ирэхээс өмнө энэ цонхоо цэнхэрээр будчихаарай" гэхэд нөгөө хүн юу ч хэлж чадалгүй цонхоо цэнхэрээр будсан гэдэг Хүнтэй ажиллана гэдэг чинь тийм л өөр арга барил шаарддаг юм билээ.
 
-Үр хүүхдүүддээ юуг сургамжлахыг хүсдэг вэ? 
 
-Үр хүүхэд, ер нь тэгээд ойр тойрондоо байгаа хүн бүрт аливаа хүнтэй зөв харьцаж, хүнийг гомдоох үг хэлэхгүй байх хэрэгтэй шүү гэдгийг л захьдаг. Өөрөөр хэлбэл, бусдыг хүндэтгэж байж л өөрөө хүндэтгэлийн байранд очдог гэдгийг л ойлгуулахыг хичээдэг. Ажлын байрандаа ч орон гэртээ ч хүнийг хүндэтгэж байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бусдаар хүндлүүлж, тэр хүний ажил амьдрал өнгөтэй өөдтэй явдаг учиртай.
 
Хүний амьдрал ерөөсөө л хайр дээр тогтдог. Хайр, энэрэл гэдэг нь зөвхөн хүн дээр ч бус амьтан бүхэн дээр яригддаг зүйл шүү дээ. Бурханы сургаальд "Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд" гэж байдгийн ерөнхий утга нь ерөөсөө л энэ. Би буян үйлдэж хийдэд суудаг хүн л дээ.
 
-Сүсэг бишрэл, шашин шүтлэгийг хүн бүр өөрөөр ойлгодог. Таны хувьд?
 
-Би эрдэмтэй хүнээс "Та ямар шашин шүтдэг вэ?" гэж асуухад тэр хүн "Би шашин бүгдийг л шүтдэг дээ" гэж хариулсан. Ингээд бодохоор шашин бүхэн гайхамшигтай. Гагцхүү тэр шашнуудаас алийг нь сонгож шүтэх вэ гэдэг нь тухайн хүний өөрийнх нь сонголт юм болов уу. Миний хувьд залуу насандаа нүгэл хийгээгүй ч буян бага үйлдсэн юм болов уу л гэж харамсах юм.
 
Одоо хэдий бурхан шүтэж, ном судар бясалгаж суугаа ч оройтчихсон юм болов уу гэж өөрийгөө зэмлэдэг. Би амьдралдаа бас нэг алдаа гаргасан. Тэр нь юу гэхээр төмөр замд ажиллаж байх хугацаандаа бусдыг өөрийнхөө хэмжээнд хүртэл сургаж, шагнуулж чадаагүй.
 
- Хүн амьдралд алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ?
 
-Огт алдахгүй хүн гэж ер нь байхгүй болов уу. Миний хувьд ч алдаа гаргасан тохиолдолд зөндөө л бий байх. Гэхдээ олон алдаа гаргахгүйн тулд тухай хүн бусдын алдаанаас суралцаж, амжилт гаргасан туршлагыг нь судалж байх хэрэгтэй. Би төмөр замчин мэргэжилтэй ч залуу насандаа өөр салбарт амжилттай ажиллаж байгаа алдартнуудын туршлагыг судлахыг эрмэлздэг байсан. Тухайн үед алдаршиж байсан Амгалан гэдэг хүний туршлагыг очиж судласан.
 
Тэгэхэд тэр хүн оёдлын цехийн дамжлага бүрийг арван хуруу шигээ мэддэг болчихсон учраас л төлөвлөгөөгөө үргэлж давуулан биелүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Нэг үгээр хэлбэл, тэр хүн өөрийихеө ажлыг хийчихээд дараа нь өвчтэй, чөлөөтэй байгаа хүмүүсийн ажлыг хийдэг байсан. Энэ бүгдийг хараад хүн мэргэжлээ 100 хувь эзэмших хэрэгтэй юм байна гэдэг ойлголт л хамгийи түрүүнд буусан. Замаа "0" баллтай гаргахыи тулд Гүнжлхам, Норовсүрэн гэх мэт хөдөлмөрийн баатруудын туршлагыг ийнхүү судалж явдаг байсан. Өнөөгийн залуус маань ч ийм хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй юм болов уу.
 
-Нас ахих тусам хүн төрсөн нутгаа санагалздаг гэдэг. Таны хувьд?
 
-Миний унаган нутаг Сайн ноёнхан аймгийн Сандагдорж бээсийн хошуу буюу өнөөгийн Архангай аймгийн Өлзийт сум. Би нутаг усаа байнга бодож, санаж, орон нутгийнхаа зүг үргэлж цай, сүүнийхээ дээжийг өргөж явдаг хүн. Эх орны дайнд оролцохдоо ч нутаг усаа бодож, төрсөн нутагтаа сүслэн залбирч байсан. Би Шижир гэдэг хүний өргөмөл хүү л дээ. Энэ хүнээр овоглуулж 91 жил амьдарлаа. Аав минь намайг ажил хөдөлмөрт сургасны ачаар би өдий зэрэгтэй явна. Би залуудаа Архангайн Өлзийтөөс Хатгал, Алтанбулаг хүртэл арьс шир, ноос гээд малын түүхий эдийн жин тээж явсан. Улаанбаатар хотод ч анх жин тээж ирсэн.
 
-Таны сэтгэлд хамгаас бат хадгалагдаж үлдсэн мартагдашгүй дурсамж юу вэ?
 
-Би 1943 онд цэрэгт мордсон. Ингээд Эрдэнэцагааны хилийн хоёрдугаар отрядад очоод анх удаа манаанд гарах үүрэг авахад заставын дарга "Монгол Улсын дархан хилийг хамгаалахаар алхаад марш" гэсэн команд өгөхөд "Би эр хүнийхээ хувьд маш том үүрэг гүйцэтгэж байна шүү" гэсэн омогшил төрж байсан нь сэтгэлд тод үлдсэн байдаг юм. Дараа нь төмөр замтай амьдралаа холбож ажил мэргэжлийнхээ талбарт гарсан хойно Н.Цэрэнноров дарга дуудаад "Чи хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэж, хийсэн хөдөлмөрөөрөө улсад том хувь нэмрээ оруулж байгаа.
 
Энэ бүгдийг сайшааж төрийн хэмжээний шагналд хамт олны чинь зүгээс тодорхойлсон юм. Одоо хоёул Засгийн газрын ордонд очно. Шагнал авсан хойноо тэр шагналынхаа нэрийг хэлээд ийм шагналаар урамшуулсан явдалд талархлаа гэж хэлээрэй" гээд дагуулаад явсан. Тэнд очиход тушаал уншаад "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо" гэхэд сэтгэлд төсөөлүүлж хэлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Баярласан сэтгэлийн илрэл л юм даа.
 
Ингээд Н.Цэрэнноров, Б.Гүнсэн дарга хоёр баатрыг төрүүлсэн анги дээр нь эхлээд очно гээд намайг шууд анги руу авч очлоо. Тэндээсээ манай гэр рүү очихоор явж байтал гэрийн маань үүдэнд цагаан халадтай хүмүүс байна. Дотор палхийгээд л явчихсан. Өглөө намайг гэрээс гарахад гэр бүлийнхэн маань зүгээр л байсан даа гэсэн юм шууд бодогдов. Гэртээ ортол манай төмөр замын рестораныхан ирчихсэн идээ будаа бэлдээд байсан нь тэр юмсанж. Энэ дурсамж сэтгэлээс ер гардаггүй юм.
 
-Хүн бүр эрүүл саруул, урт наслахыг эрмэлздэг. Үүний тулд хүн яах ёстой вэ?
 
-Нэгдүгээрт, сайн ханийн хайр халамж. Амттай, шимтэй бүхнээр дутахгүй, сэтгэл санаа зовинох зүйлгүй, амар амгалан орчинд амьдраад байхаар хүн урт насална шүү дээ. Нэгэнтээ л насаа насалчихсан хүн юунд сэтгэлээ чилээх хэрэгтэй гэж. Хорвоогийн жамаар болох ёстой зүйлүүд болж л байг. Үр хүүхдүүддээ олон жил бараагаа харуулж явахын тулд болоод өнгөрсөн бүгдэд шаналах шаардлагагүй. Хоёрдугаарт, биеийн тамир, хөдөлгөөн. Би өвөл, зун гэлтгүй өглөө бүр хоёр км гаруй газар алхаж, ТДС-ийн биеийн тамирын талбай дээр очиж дасгал хийдэг.
 
-Шинэ жилийн баяр тохиох бүрийд ахмад төмөр замчин хүний хувьд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
 
-Саяхан би Замын орлогч даргатай утсаар ярьсан. Тэгэхэд "Манай төмөр зам жилд 20-иод сая тонн ачаа тээж байгаа. Айлчлан ирж буй  2014 оныг ч амжилт бүтээл арвинтай угтаж байна" хэмээн сэтгэл хангалуун ярьсан. Төмөр замчид маань ийм л хамтын сэтгэлгээтэй, хамтын амжилттайгаар шинэ оноо угтдаг. Энэ л дүр зургаараа хамт олон минь зүрх сэтгэлд хоногшсон байдаг.
 
 
Эх сурвалж: “Ганзам” сонин