sonin.mn

-"Сочи-2014" өвлийн олимп ид өрнөж байна. Хоёр ч олимпийн дэвжээнд гарсан таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Сайхан байлгүй яахав. Яг үнэнийг хэлэхэд, бие минь энд ч сэтгэл минь олимпийн тосгонд байна. Олимптой холбоотой олон сайхан дурсамж сэргэж, сэтгэл их хөөрлийн байдалтай байгаа шүү. Дээр нь, ТВ5 телевизээс цанын тэмцээнийг тайлбарлаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Саналыг нь хүлээж авсан.

-Хүн амьдралдаа олимп заавал үззх ёстой гэдэг. Та бол олимпод хоёр удаа оролцоод ирсэн хүн. Олимпийн дэвжээнд хүртлээ урт зам туулсан байж таариа?

-Би дунд сургуулийн тавдугаар ангиасаа (1997 оноос) анх цанын спортоор хичээллэж эхэлсэн. Анхны багш минь спортын мастер Б.Цэцэгмаа.

-Дунд сургуулиа хаана төгссөн бэ?

-Төв аймгийн Заамар сум, Хайлааст алтны уурхайн дунд сургууль төгссөн. Нэг өдөр сургууль дээр "Гүйх сонирхолтой хүүхдүүд цуглараарай" гэсэн зар байсан. Манай ангийнхан "явъя, гүйе" гэцгээгээд... Би ч тэднийг аялдан дагалдаад л очихгүй юу. Эхэндээ хүүхдүүдийг гүйлгээд байлаа. Тэгээд удаан бэлтгэл хийлгээд байхаар зарим хүүхдийн сонирхол нь буураад л цөөрч эхэлсэн дээ. Нэг удаа 400, 800 метрийн зайд би долоо, найм, 10 дугаар ангийн гурван хүүхэдтэй уралдаад түрүүлсэн. Тэгээд багш аймагт очиж тэмцээнд оруулна гэж авч яваад тэнд мөн хоёр, гуравдугаар байранд орчихсон. Хүүхэд юм чинь тухайн үед учраа ч мэдэхгүй багшийнхаа үгэнд ороод, гүйгээд л байдаг. Нэг л их гүйдэг хүн болчихсон...

-Тэр болтол цанын тухай багш чинь дурсаагүй юм уу?

-Дурсаа ч үгүй, би өөрийгөө гүйдэг л гэж бодсон. Багш цанын тухай юу ч дурсахгүй явсаар аймагт тэмцээнд орсны дараа л "Би цанын спортын хүн. Ирэх өвөл хэдүүлээ цанан дээр гарна даа" гэж хэлсэн.

-Анх цанан дээр гарсан мөч?

-Өө, эхлээд бол ийшээ ч харж унаад, тийшээ ч харж ойчоод л... Гар хуруугаа тулгаад л ... Нэг цана нь хугараад хоёр өөр цана ижилсүүлээд уначихсан хрёр салаа гэзэгтэй охин байсан ш дээ. Багш маань "Болж байна, хурдан гүйдэг хүүхэд чадна. Чи чадна" гэж зоригжуулаад л яваад байсан. Тэгэхэд охидоос би ганцаараа, хоёр гурван хевгүүнтэй хамт хичээллэнэ. Хөвгүүд уруу газар явах, шарваж зогсохдоо их мундаг. Би болохоор өгсүүрт явахдаа их сайн, уруу газар унаад л өгнө.

-Цанаар хичээллэж эхлэхэд аав, ээж тань дэмжиж байсан уу?

-Үгүй ээ, эмэгтэй хүүхэд доор дээрээсээ даарчихна гээд хорьж байсан. Нэг удаа маргааш бэлтгэлтэй гэсэн чинь аав, ээж хоёр "Юун бэлтгэл, маргааш боорцог хийнэ, туслалцаарай" гэчихээд орой нь айл руу явчихсан. Тэгэхээр нь би ганцаараа боорцгоо хийж тавьчихаад өглөө нь гараад явахад юу ч хэлээгүй.

-Энэ спортод тэгж их дурласан хэрэг үү?

-Хүүхэд юм чинь дуртай үгүйгээ ч сайн мэдэхгүй. Ямар ч байсан явах ёстой л гэж бодсон. Ер нь, би багшийнхаа үгэнд их ордог байхгүй юу.

-Анхны тэмцээн, анхны амжилт гээд энэ замаар тууштай явах итгэл найдвар хэзээ өөрт чинь төрсөн бэ?

-Анх аймгийн аваргын тэмцээний бага насанд орж, хоёр зайд уралдаж хоёр, гуравдугаар байрт шалгарсан. Түүнээс 20-иод хоногийн дараа Улсын аваргын тэмцээн Төв аймгийн Жаргалантад болсон. Тэр тэмцээнээс хос мөнгөн медальтай харьсан даа. Манай сургуулийн Дэндэв захирал сургуулийнхаа нэрийг аймагтаа л гаргах санаатай манай багштай ярьсан байсан юм билээ л дээ. Гэтэл тэр төлөвлөгөө нь тэгж давж биелснийг бүр сүүлд мэдсэн л дээ.

-Медаль хүртсэн торгон агшныг эргээд дурсахгүй юу? Сэтгэлд тань тод үлдсэн байгаадаа.

-Анх улсын аваргад ороход багш "Миний охин энэ замаар гараад гүйдгээрээ л гүйнэ шүү. Чи л ганцаараа өгсүүрт явж чадна наадуул чинь бүгдээрээ чадахгүй. Хүн байвал хажуугаар нь бушуухан л гараад гүйчих. Зам битгий аваарай гэж захьж байсан. Манай багш их чанга дуутай, "Оогоо..." гээд хашгирахад тэр уулаар нэг цуурайтаад л явчихдаг. Би багшийнхаа дууг сонсоод л явдагсан. Тэгээд уралдаад ороод ирэхэд багш "Миний охин сайн явсан, сайн явсан" л гээд байсан. Медаль авсан гэж хэлээгүй. Тэгснээ гэнэтхэн "Оогоо... миний охин болоо ш дээ, сайн ш дээ" гээд үнсээд л байна. Багшаа яасан бэ? гэсэн миний охин мөнгө авсан гэсэн чинь би бүр "юу?" гээд гайхаад баярлахаа ч мэдэхгүй зогсчихгүй юу. Тэгээд нэлээд байж, байж багшийгаа дагаад сэтгэл жаахан хөдлөөд л... Намайг мөнгөн медаль авлаа гэнгүүт манайхан уурхай руу ярьсан юм билээ. Тэр үед гар утас байхгүй, "аратаз" гээд холбооны станц шиг юм байсан. Тэрүүгээр холбоо барьсан юм билээ. Ээж маань маргааш нь дуулангуутаа хүрээд ирсэн. Ирээд надад зайрмаг, шинэ хувцас авч өгөөд л... Эхний өдөр нь медалиа хуучин хувцастайгаа авчихсан. Волтрон гээд хүүхэлдэйн киноны зурагтай хувцастай. Унасаар байтал өмдний ар тал нь цоорчихсон, цэнхэр майкан дээр шүдний оогоор 99, ар талд нь "Хайлааст" гээд биччихсэн, хоёр салаа гэзэгтэй охин байлаа даа.

-Тэгэхэд дунд сургуулийн зургадугаар ангид байхдаа гэсэн үг үү?

-Тиймээ. Сургуулийнхан маань маш их баярласан, ялангуяа захирал маань. Нутагтаа ирэхэд Улсын аваргад орсон хүүхдүүдийг уурхайн удирдлага хүлээж авсан юм. Багш маань өөрийнхөө медалиудыг, би өөрийнхөө хоёр мөнгөн медалиа зүүгээд л очсон. Явахаар хоорондоо сажигнаад л... Улам, дуутай сажигнуулж дуугаргаад л. Уурхайгаас их хүндэтгэлтэй хүлээж авч мөнгөн шагналаар шагнаж байсан. Амжилтынхаа үнэ цэнииг аажим аажмаар ингэж мэдэрсэн дээ.

-Медалийн өнгөө хэзээ "хувиргасан " бэ?

-Дараа жилээс нь алтан медаль аваад эхэлсэн. Гэхдээ бас хөгтэй. Мөнгөн медаль авахдаа урт богино хоёр өөр цанаар гулгаж авсан. Тэр жил над шиг модон цанаар уралдсан хүн байхгүй, дандаа пластмастик цанатай. Тийм цана их хурдан хөнгөхөн. Хойтон жил нь багш "За, чи одоо кархо цана унанаа. Энэ цаныг унах юм бол чи алт авна" гэсэн. Тэгээд нөгөө цаныг нь унасан чинь байдаггүй дээ. Уулын өөд гүйдэг хүн чинь хойшоо алдаад байхаар өгсүүрт нь мөлхөөд, урууд нь савж унаад л, савж унаад л явдаг юм байна. Хурдтай цанан дээр дахиад цоо шинээр сурч байгаа юм шиг болсон. Бараг cap унаж босож байж гайгүй болсон. Тэгээд Өвөрхангайн Бат-Өлзий суманд болсон улсын аваргын тэмцээнээс өөрийнхөө хоёр зайд алт, багаараа мөнгөн медаль авсан даа.

-Өсвөрийн аваргын тэмцээн хэдэн насны ангиллаар болдог юм бэ?

-13-14, 15-16, 17-18 нас гэсэн гурван ангиллаар ойрын болон холын зай, багийн буухай тэмцээн гэсэн гурван төрлөөр явагддаг. Би хамгийн сүүлд 2002 онд Увс аймгийн Баруунтуруун суманд очиж, өсвөрийн ахлах насанд уралдсан. Тэгэхэд өсвөрийн уралдаанаас тав, зургаан удаа аварга болчихсон байсан. Тэр тэмцээнээс буцаж ирэхэд багш хотод насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хандгайтад болох нь, оролцуулна гэхээр нь "за" гээд л очсон. Тэр тэмцээнд анх удаа Төв аймгаас биш "Замчин" клубын өмнөөс уралдсан. Тэрийгээ ч бас сүүлд нь мэдсэн. Д.Дорж багш намайг сайн уралдаарай гээд тэмцээний өмнө захиад байсан нь тийм учиртай байсан юм билээ. Тэр тэмцээнд Б.Энхээ эгч тасархай түрүүлсэн. Солт-Лейкийн олимпод яваад ирсэн байсныг хэлэх үү, Энхээ эгчийн өмссөн зүүсэн, нүдний шил, гутал хувцас үнэхээр гоё. Би 17-той хүүхэд юм чинь, хажууд нь матийсан юм явсаар байгаад гуравдугаар байранд орсон. Анх насанд хүрэгчдээс тэгж хүрэл медаль авч бөөн баяр болсон. Тэр тэмцээн бол миний амьдралын хамгийн дурсгалтай бас хамгийн их өгөөжтэй тэмцээн байсан.

-Бусад тэмцээнээс юугаараа тийм онцлог байсан гэж...?

-Тэр тэмцээн дээр эхний өдөр уралдчихаад хоёр дахь өдөр нь уралдах болоход хоёр танихгүй хүн намайг "Сайн уралдаарай" гээд л гap хөлөнд массаж хийж өгөөд л халамжлаад байсан. Уралдаад ороод ирэхэд нөгөө хоёр хүн "Миний дүү сайн байна. Баяр хүргэе!" гээд нэг нь "Чи миний цэрэг шүү" гээд. Би ямар учиртайг нь ч мэддэггүй. Нэг сиймхийгээр нь Л.Дорж багшаас энэ юун хүмүүс бэ гэсэн чинь "Чамайг ажилд авах гэж байгаа юм" гэлээ. Дунд сургуулийн хүүхдийг ямар ажилд авдаг юм бол гээд гайхаад л өнгөрсөн. Тэгсэн нөгөө хүн "Нэг дэх өдөр вокзалын баруун талд саарал байшин байгаа. Миний дүү Ням-Осор дарга гээд асуугаад ороод ирээрэй" гээд явчихлаа. Тэр өдөр нь олон хоног тэмцээн хэсээд явчихсан хүн чинь гэр рүүгээ яарч байсан ч хүн намайг ирээрэй гээд байсан юм чинь гээд вокзал дээр ирээд хайсаар яваад арай гэж өнөө саарал байшинг олж, захын хаалганаас Ням-Осор гэж хүн байна уу гэж асууж явсаар Д.Ням-Осор даргатай уулзаж байлаа. Тэгж би анх төмөр замын тамирчин болсон юм. Төмөр замын тамирчин болсноор Л.Дорж багшийн шавь болсон. Л.Дорж багшийн шавь болсноор шигшээ багийн тамирчин болж байгаа юм. Л.Дорж багш минь намайг дэлхийн дэвжээнд, бүр олимпийн дэвжээнд хөтөлж хүргэсэн хүн дээ.

-Анхны олимпийн эрхийн даваа өндөр байв уу?

-Сорилт тэмцээн уралдаануудад ороод эхэлсэн. Эгч нарыг гүйцэж түрүүлээд л, цомын тэмцээнд орж түрүүлж гадагшаа тэмцээн уралдаанд явах эрхээ олж авсан. Тэгээд олимпийн эрх авах дэлхийн аварга, олон улсын тэмцээн уралдаанд оролцож явсаар 2006 оны олимпийн эрхийг сайн мэдэхгүй явж байгаад л авчихсан. Анх дэлхийн аваргын тэмцээнд орохын тулд багш, Х.Хаш-Эрдэнэ бид гурав Австриар хоёр cap гаран явж, олон тэмцээн уралдаанд оролцсон. Хамгийн сүүлд дэлхийн аваргад орсон. Хамгийн анхны дэлхийн аваргын тэмцээн их сүрдмээр санагдаж байсан. Дэлхийн аваргад орсны дараа Л.Дорж багш "Миний хоёр хүүхэд олимпод орох эрх авчихлаа" гээд бидний өмнөөс  баярлаад л... Хашаа бид хоёр болохоор багш юу яриад байгаа юм бол гээд гайхаад сууж байсан. Багш бид хоёрыг олимпод оруулахыг зорьж байж л дээ. Тэрийгээ бид хоёрт тодорхой хэлээгүй. Бид хоёр ч тэр талаар төсөөлөөгүй явсан болохоор олимпийн эрх авчихаад баярлахаас илүүтэй гайхаад байхгүй юу. Багш маань бор зүрхээрээ зүтгээд энд тэндээс хэдэн төгрөг олоод биднийг тэмцээн уралдаанд авч яваад байсны цаана олимпийн эрх авах том зорилго байсан юм билээ.

-Анх удаа олимпод оролцсон үеийн сэтгэгдэл ямар байв?

-Олимп эхлэхээс гурван сарын өмнөөс л биднийг улсаас цалинжуулж эхэлсэн. Зунжин Дархан, Эрдэнэт орох замд л гурван хар юм бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл таслахгүй ш дээ. Олимпод явахад Замын хоёрдугаар анги сарын цалингаар шагнаж байлаа. Харин намайг олимпод явсны дараа миний сурч байсан "Мөнх-Ану" гадаад хэлний дээд сургуульд дээр "ТВ5" телевизийнхэн очоод танай оюутан олимпод явсан гээд бөөн юм болгоод сурвалжлага хийгээд манай сургуулийн захирал миний гуравдугаар курсын төлбөрийг 100 хувь хөнгөлсөн. Бас ээжийг "ТВ5" телевизийнхэн гэрээс нь авчраад шууд ярилцлагад оруулсан байсан. Энд тэгж бужигнаж байхад би тэнд юу ч мэдэхгүй л явж байсан. 2006 оны олимпоор төрийн далбаагаа Хаш-Эрдэнэ маань барьсан. Хаш-Эрдэнэ төрийн далбаа барина болоо, одоогийнх шиг хэн барих вэ? гэх сонгон шалгаруулалт гэж байхгүй байсан. Олимпийн нээлт дээр "Монгол" гээд зарлуулаад ороход өөрийн эрхгүй сэтгэл огшоод ирдэг юм билээ.

-2010 оны Ванкуверийн олимпоор та төрийн далбаагаа барьсан?

-Тэгсэн. Гэхдээ Ванкуверийн олимпийн эрх надад маш их үнээр олдсон шүү. Сэтгэлд их ч тодоор үлдсэн дээ.

-Яагаад их үнээр олдсон гэж...

-2009 оны дэлхийн аваргын тэмцээнд орж байж, олимпийн эрх авах байсан. Гэтэл дэлхийн аваргын тэмцээн болохоос 20 гаруйхан хоногийн өмнө Хандгайтад бэлтгэл хийж байгаад хөлөө хугалчихсан. Хөлийнхөө шилбэний савхан ясыг хугалаад, шагайгаа мултлаад, хөлөө эргүүлчихсэн учраас шөрмөс нь бондойгоод гараад ирэхгүй юу. Тэгээд намайг "пара"-гийн тамирчин явуулахгүй гээд бөөн юм болсон. Би болохоор үр хүүхэд, гэр бүлээ орхиод олимпод орохын төлөө гурван жил бэлдсэн, дэлхийн аваргын тэмцээнд заавал явна гээд зүтгэсэн,

-Үнэхээр тамирчин хүнд гэмтэл бэртэл хамгийн хүнд тусдаг байхаа?

-Бүхэл бүтэн гурван жилийн хөдөлмөр зүтгэл унаад босоод ирэхэд л салхинд хийсчих шиг санагдсан шүү. Би ингээд л хөлгүй болчихлоо гэж бодохоор гол харлаад... Хүмүүс над руу утсаар ярихгүй байгаа юм шиг, би ерөөсөө гээгдээд байгаа шиг санагдаад маш хэцүү. Уйлаад л ...Хөл боолттой гишгэж, босч чаддаггүй. Тэгээд тэмцээнд явна гэхээр солиотой юм уу, тэнэг юмуу гээд хүн болгонд загнуулна. Хажуугаар нь Дорж багшийг минь ийм хөлтэй хүн тэмцээнд авч явах гэлээ гээд загнана. Олимпийн хорооны эмч намайг Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл, манайхан гэрээтэй гээд явууллаа. Тэгээд эмчилгээ хариуцсан захирал Мөнхбат гэдэг хүн дээр очсон. Намайг шууд хагалгаанд оруулна гэв. Хэрвээ хагалгаанд орчихвол би бүр хөл дээрээ босохгүй гэдгээ мэдэж байсан учраас би хагалгаанд орохгүй, таныг ямар нэгэн асуудалд оруулахгүй, өөрийгөө хариуцна. Та намайг явуулчихаач дээ гээд гуйлаа. Тэгсэн нөгөө эмч "Чи чинь юу яриад байгаа юм бэ? Спортоор явсаар байгаа ийм тэнэг болчихсон юмуу. Ийм хөлтэй байж цанаар гулгана, гулгах гулгахдаа дэлхийн аваргад орно гээд байх юм" гэснээ "Миний дүү одоо сэтгэл санаагаа зас" гэлээ. Би бүр уйлаад гуйлаа. Тэгж тэгж нөгөө эмч "За яахав чи өөрөө болно гэж байгаа бол би чамд авдаг шохой хийж өгье" гээд урдуураа задгай шохой тавьж өгсөн. Өдөр нь авчихдаг, шөнө нь хийчихдэг. Шатны өөдөө өгсөхөд зүгээр, тэгш зам дээр удаан ч гэсэн явж болдог. Шатны уруу бууж чадахгүй тийм хөлтэй явсан даа. Цанатай сонгомол биш тэших техникээр явдаг болохоор шагайгаар хөдлөхгүй болмоор санагдсан. Би дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргах нь гол биш гараанаас гараад барианд орчих юм бол олимпийн эрх авчих байсан болохоор үнэхээр зүтгэсэн. Бусад оноогоо цуглуулчихсан байсан л даа.  Олимпийн хороон дээр очсон чинь явуулахгүй гээд болдоггүй. Л.Дорж багшийг их ч загнасан даа. Миний өмнөөс загнуулаад л яваад байсан. Тэгээд бүр болохгүй болохоор нь Р.Раш даргад хэллээ. Р.Раш дарга Монголын цанын холбооны ерөнхийлөгч шүү дээ. Р.Раш дарга "За яахав, чи уралдана гэж юу байхав. Чи очоод энэ хэддээ хэлмэрч хийгээд ир" гэсэн. Тэгээд дахиад очсон чинь "Чамайг явуулахгүй ээ, авч хэлэлцэнэ гэж байснаа Р.Раш дарга хэлсэн учраас чи өргөдөл бич. Хэрвээ тэмцээнд яваад, гараанаас гарахгүйгээр буцаж ирэх юм бол явсан зардлаа өөрөө төлнө гэж бич" гэв. Тэгээд яахав багштайгаа хоёулаа өргөдлөө бичээд гарын үсгээ зураад өгсөн дөө. Тэр үед бид хоёрт 5-6 сая төгрөг гэдэг их мөнгө байсан.

-Маш эрсдэлтэй алхам хийж дээ?

-Очоод хоёр зайд уралдах байсан нэгэнд л орсон. Уралдахаас өмнө замаа үзэх ёстой. Удаан алхсаар 1.4 км зам үзсэн. Тэгээд тэмцээнд орсон. Допингийн шинжилгээгээр гарахгүй найман цагийн үйлчилгээтэй өвчин намдаах эмийг арав арван минутын зайтай 5-6 ширхэгийг уусан байхаа. Явж байхад өвдөөд байгаа юм шиг санагдаад л... Өвдөлтдөө зовиурлаад уначих вий гэж их айсан. Уначих л юм бол хугархайгаараа салаад унана шүү дээ. Хөлөө янгинатал нь боож аваад, гарахаасаа өмнө 50 гр архи татчихсан. Би сандрахаараа дуу аялдаг. Тийм үед ямар ч хамаагүй дуу аманд ороод ирнэ. Тэгээд дуугаа аялаад л гараад явчихсан. Уналгүй явсаар барианд орсон доо. Барианд ороход 100 метр дутуу байхад л дотроо "Би чадчихлаа шүү дээ" гэж бодохоор л хоёр нүднээс нулимс урсчихсан. Тэр үед хүмүүс гайхсан байх. Түрүүлээгүй байж юундаа уйлаад байдаг байнаа гэж. Үнэндээ тэр үед би өөрийн эрхгүй дотроо "чадлаа" гэж чангаас чанга хашгирсан. Багш минь ч намайг хараад "Миний охин чадлаа" гээд л хашгираад бариа руу гүйж байсан даа. Тэгээд барианд орж ирэхэд 90-д орж ирсэн байсан. Хугархай хөлтэй байж бас ч ардаа долоо найман хүнтэй.

-Тамирчны ялалт хямдхан олдоогүй гээд дуунд гардаг шиг л хатуу даваа давж дээ?

- Турины олимпод ороход хүүхэдгүй байсан болохоор гайгүй байсан. Ванкуверийн олимпийн бэлтгэлд бол хүүхдээ таван сартайд нь орхиод л бэлтгэлд гарч байсан. Гадагшаа тэмцээнд явах гээд гарахад хүү минь салхин цэцэг тусчихсан халуураад үлдэж билээ. Тэгээд хоёр сарын дараа хүүхдээ эрээн цоохроор төсөөлөөд ирэхэд хүүхэд маань зүв зүгээр болчихсон байсан. /инээв/ Тамирчин хүний амьдрал ер нь ийм байдаг шүү дээ.



-Тэгж их том эрсдлийг өөртөө болоод ар гэртээ үүрүүлж зүтгэсний хэрэг гарсан байхаа? Би таны төрийн далбаагаа бариад олимпийн  нээлтэд орж байгаа зургийг хараад тэгж бодлоо. Бас их сайхан Монгол дээлтэй үнэхээр содон.

-Үнэхээр хамгийн их үнээр олдсон хамгийн их сэтгэлд үлдсэн олимп байсан. Тэр дээлийг эгч минь оёж өгсөн. Төрийн далбаагаа бариад алхаж явахад сэтгэл хөөрөөд стадионы дөрвөн талд нь байрлуулсан том дэлгэцээр өөрийгөө хараад алхаж байсан. 5-6-хан секунд ч гэсэн дэлхий даяар зөвхөн би гарч байгаа гэж бодоход чинь бахархах баярлах сэтгэл эрхгүй төрж, тугаа улам дээш нь өргөөд л... Тэр үед төрж байсан сэтгэгдлийг юу гэж хэлмээр юм бэ дээ. Их л сайхан сэтгэл огшсон мартамгүй үе байсан даа.

-Таны ярихыг сонсоод миний ч сэтгэл огшчихлоо. Гайхалтай гэж хэлэхээс өөр үг орж ирэхгүй байна. Ингэхэд олимпийн дэвжээ гэдэг хамгийн шалгуур өндөртэй хамгийн хатуу нь биз?

 -Олимп хүн төрөлхтний их наадам гэдгээрээ зэрэглэл, нэр хүндээр хамгийн өндөр нь. Гэхдээ дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээн бол уралдах зам, үзүүлэлтээрээ илүү хатуу байдаг шүү.

-Яг одоо уншигчдынхаа өмнөөс таны ар талыг дааж яваа ханьд чинь баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Тамирчин гэргийтэй байна гэдэг эр хүнээс их тэвчээр, их ууч сэтгэл, их хайр халамж шаардах бололтой юмаа даа?

-Яг үнэн. Бид хоёр долдугаар ангиасаа үерхсэн нэг ангийн хоёр. Намайг анх улсын аваргаас медаль авч байхад л надтай үерхэж байсан. Тийм ч учраас хань минь намайг их ойлгодог, дэмждэг. Би жилийн 365 хоногийн 300 хоногт бэлтгэлтэй, 65 хоногт нь ирэн очин байдаг хүн шүү дээ /инээв/. Миний хань "Чамайг би мундаг тамирчин болчихсон байхад чинь хайрлаагүй. Хоёр салаа гэзэгтэй ангийн охин байхад чинь хайрлаж байсан" гэдэг юм. Бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байна" Хоёр хүүхэдтэй, том нь хоёрдугаар ангид сурдаг, бага нь хоёр ой хүрч байна. Миний ханийг Цэнд-Аюушийн Ариунжаргал гэдэг. Одоо Оюутолгойд оператороор ажилладаг.

-Сайн хань бурханы бэлэг юм гэдэг. Та азтай бүсгүй юм аа?

-Баярлалаа. Миний хань олон таван юм ярьдаггүй. Гэхдээ "Хайраараа чи намайг ивээж, би ханиараа бахархана" гэж хэлдэг. Яаж байгаа юм гэхээр би чамаараа бахархаж байгаа юм гэж хэлдэг. Ханьдаа үнэхээр их баярлаж явдаг.

-Тун удахгүй гэгээн Валентины өдөр тохионо. Түүний өмнө танай ийм сайхан гэр бүлийн тухай, сайхан хайрын тухай ярилцсандаа олзуурхаж байна. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье. Тэгээд танд сүүлийн асуултыг үлдээе?

-Маш их баярлалаа. Юуны өмнө, Ж.Борхүү даргатай Замын хоёрдугаар ангийн хамт олондоо, багш нартаа баярлалаа гэж хэлье. Мөн Л.Лхагвасүрэн мастертай 21 дүгээр хэсгийн хамт олондоо баярлаж явдгаа хэлье. Намайг хамгийн анх ажилчнаар авч өдий зэрэгт хүрэх замыг минь нээж өгсөн Д.Ням-Осор даргадаа, Цанын холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Р.Раш дарга гээд олон хүнд баярлаж явдгаа танай сониноор дамжуулан уламжилъя. Замын хоёрдугаар ангид 2002 оноос хойш есөн жил "замчин" гэдэг орон тоон дээр тамирчнаар ажиллалаа. 2011 оноос хойш Соёл олон түмний эрхлэгч, биеийн тамирын арга зүйчээр ажиллаж байна. Одоо хүмүүсээ өөрийнхөө дуртай зүйл рүү их уруу татаж байгаа. Хүмүүсийг эрүүл байлгах талаас нь.

-Танд хэр уруу татагдаж байна даа?

-Манайхан одоо ойлгож байгаа. Эхлээд нэг их ойлгохгүй байсан. Хүн эрүүл амьдралын хэв маяг, эрүүл сэтгэхүйтэй байхад ажлын эрч хүч, шинэ санаа гэдэг өөрөө ороод ирнэ гэж би ойлгодог ш дээ. Хүнийг ажлаар дараад байх тусам тэр хүн өмнөхөө яаж дуусгах вэ гэж бодохоос илүүг бодохгүй гэж ойлгодог. Тийм ч учраас би ажлынхныгаа гимнастик хийлгэдэг. Тэмцээн уралдаан зохион байгуулахыг боддог. Аль болох архи, тамхинаас холуур спортлог, эрүүл амьдралын хэв маягтай байлгахыг хичээдэг. Өглөө ажил эхлэхээс өмнө 15 минут л дасгал хийчихэд тэр өдөртөө хангалттай шүү дээ. Манай Замын хоёрдугаар ангийнхан хашаандаа хөгжимтэй ч хөгжимгүй ч дасгалаа хийдэг.  Энүүхэн Эрээнд л хятадууд хөгжим тавиад нийтээрээ дасгал хийж байна шүү дээ. Түүн шиг бид яагаад хийж болохгүй гэж. Хөгжим тавиад өглөө болгон арван хүн дасгал хийхэд хүмүүс cap л гайхна биз дээ. Тэгээд аяндаа бүгдээрээ дасгал хийнэ шүү дээ.

-Тантай санал нэг байна. "Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана" гэсэн үг  байдаг шүү дээ. Ингэхэд таны дуртай улирлыг асуугаад хэрэггүй биз дээ?

-Өвөл хамгийн цэнгэг агаартай улирал. Улаанбаатар л утаатай байгаа болохоос. Өвлийн ойн үнэр ямар гоё гэж санана. Шинэхэн цасан дээр ойж байгаа нарны туяа үнэхээр гоё харагддаг. Миний хувьд стрессээ тайлах хамгийн тайван орчин өндөр уулын оройд гараад юмуу, өвлийн ойд чив чимээгүйд нэг их сайхан санаа алдаад, эсвэл нэг сайн хашгирахад л сэтгэл цэлмэчихдэг. Цас орж байхад заримдаа би цас хаанаас орж байгааг хармаар санагдаад тэнгэр рүү хардаг. Хязгаар нь харагддаггүй. Өвөл л хамгийн сайхан улирал шүү.


Б.Гүнжлхам

Эх сурвалж: “Ганзам” сонин