sonin.mn

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын талаар иргэд саналаа хэлсээр ирсэн. Гэтэл иргэдийн саналыг хэр сонсож, үйл ажиллагаандаа тусгаж буй нь тэр бүр мэдрэгддэггүй. Тухайн үед болсон доорх хэлэлцүүлэгт ахмадууд голдуу иргэд ирж өөрөө өөрийнхөө санал, шүүмжийг сонсоод гарна лээ. Учир нь тэнд төрийн байгууллагын ил тод байдлын талаар ярилцаж байгаа ч тэнд төрийн байгууллагын төлөөлөл ховор харагдсан. Энэ мэт аливаа асуудалд нэр төдийхөн хандаж иргэдийнхээ үгийг хайхрамжгүй өнгөрөөхгүй, ажил үйлсдээ тусгаж ажиллахыг хүсье.  


Төрийн байгууллагуудын ил тод байдлыг иргэний танхимаар хэлэлцүүлж байгаа нь их зөв асуудал. Олон нийттэй харилцах албаны тайлан, иргэдийн санал, мэдээллийг сонслоо. Хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэдийг харахад өөрсдөө санал тавьсан хүмүүс байна.

Гэтэл яг сонсох ёстой төрийн байгууллагын удирдлага, ажилчид нь сонссонгүй. Учир нь иргэдийн саналыг төрийн байгууллагын ажилтнуудад сонсгож байж төрийн байгууллагын ил тод байдал ямар байгаад дүгнэлт хийж юу нь болж, юу нь болохгүй байгаагаа сонсох ёстой. Гэтэл тэгсэнгүй. Ер нь төрийн байгууллагын ил тод байдал бол төсвийн ил тод байдал юм. Аймаг орны ажил ч, айл гэрийн амьдрал ч бүгд мөнгө санхүүгээс шалтгаалдаг. Төсөвлөгдсөн мөнгө төгрөг нь орж байна уу үгүй юу, хэнд, юунд зарцуулагдаж байна вэ, орох ёстой орлого нь орж байгаа эсэх, иргэдэд ил тод байх ёстой. Санхүүгийн ил тод байдлыг гурав ангилж үздэг.  Нэгдүгээрт аймаг, сумын ИТХ-ын ил тод байдал. Аймгийн хэдий хэмжээний хөрөнгийг юунд зарцуулахаар яаж батлав. Жилд нэг удаа батлаад хууль мэт болчихож байгаа шүү дээ. Жишээ нь иргэдээс гарсан санал асуулгаар гарсан хийгдэх ажлын хөрөнгө оруулалтын  жагсаалтын эрэмбэ дараа нь зөв эсэх, аль багаас хэний гаргасан санал орсон энэ бүгдийг ИТХ-аас бүгдийг ил тод тайлбартайгаар мэдээлэх ёстой.

Хоёрдугаарт  захиран зарцуулж байгаа төрийн сангууд ямар мөнгийг юунд хэзээ зарцуулав, сум, байгууллагуудад яаж хувиарлав, хөрнгө оруулалтуудыг яаж санхүүжүүлэв гэх зэрэг мэдээллийг иргэд мэдэж байх учиртай. Гуравдугаарт аймаг, сумуудад олон сангууд байгаа. Эдгээр сангуудын хөрөнгийн зарцуулалт яаж явж байна.  Жишээ нь малжуулах санг хэдэн малтай хэнийд хэдэн малын мөнгө өгч вэ гэдгийг иргэд мэдэж байх ёстой. Энэ бүгдийг ил тод байлгах үүднээс хөндлөгийн байгууллагуудаар үүрэг хариуцлагыг нь тодорхой гэрээгээр хариуцуулаад мэдээллийг нь олон нийтэд сонин хэвлэлээр түгээх нь зүйтэй.  


Гэхдээ ил тод байдал гэхээр ажилчдынхаа утас, хаягийг гадаа үүдэндээ наагаад, самбарт хэдэн тоо тавьснаар ил тод байдлыг хангачихгүй. Түүнээс гадна мэдээллийг вэбсайтад тавьсан гэж байна. Залуучууд голдуу интернетэд орж байгаа. Дундаас дээш насны иргэд тэр бүр цахим ертөнцөд нэвтрэх боломжгүй. Тиймээс телевиз, радио, сониноор дамжуулан тайлбартайгаар хүргэх хэрэгтэй. Аливаа хийж, хийгдэж байгаа ажил, хөрөнгө оруулалтыг иргэдэд маш нарийн тайлбартайгаар “энэ нь ингээд болсон, тэр нь тэгээд тийм зүйлээс шалтгаалан болохгүй байна” гэх зэргээр мэдээлвэл буруу зөрүү ойлголтоос ангид байж иргэд зөв мэдээллээр хангагдаж, төрийн үйл ажиллагаа ил тод байж чадна.


Ж.САЙНЖАРГАЛ

 

Эх сурвалж: "Монгол говь" сонин