sonin.mn


"...Хавар ирлээ шүү хуүхнүүд ээ
Хачин чамин цэцгүүдээр ханагар дэлхийг гоёод..." гэдэг шиг хавар цаг хэдийнэ хаяанд ирснийг илтгэх мэт цас ханзарч цаг наашилжээ.

Урин хавартай зэрэгцээд нийслэлд нийслэлчүүдийн дийлэнхийн сэтгэлийг өвтгөсөн нэг асуудал босч ирдэг нь харшлын гаралтай өвчин. Өнөөдөр дэлхийн хүн амын 30-40 хувь нь жилд янз бүрийн шалтгаант харшлын өвчнөөр өвчилж байгаагаас 24-30 хувийг ургамлын тоосны харшил эзэлдэг байна. 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай гэж зарим судлаачид урьдчилан тооцоолжээ.

Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнсний 15-20 хувь, эм тарианы 20-25 хувь нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг тогтоосон байна.

Манай орны байгаль, цаг уурын онцлог цөлжилт, хотжилт, агаарын бохирдол, хотын ногоон байгууламж багасч, зүлэг талбайд шарилж, луулийн овгийн ургамал ихчэр ургаж байгаатай холбоотойгоор амьсгалын замын харшлын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдэж буй гэнэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжинд 219 зүйл ургамал ургаж байгаагаас хүний биед зонхилон харшил үүсгэх боломжтой зургаан овгийн есөн төрөлд хамаарах 33 зүйлийн ургамал ургадаг байна.
Хамгийм сүүлд эмч мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар сүүлийн 10 жилийн дотор Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн поллинозын тархалт 1,3 дахин нэмэгдсэн ба үусгэж байгаа шалтгааны дотор шарилж 96,2 хувь, лууль 88,8 хувийг эзэлж байсан бөгөөд эдгээр хүүхдүүдийн 68,1 хувь нь удамд нь харшлын өвчтэй хүн бий гэсэн судалгаа гарчээ.

Тэгэхээр харшилт өвчин нь удамших магадлал омдор байдаг бөгөөд эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд өвчлөх магадлал 25 хувь, хоёулаа харшилтай бол 75-80 хувиар өсдөг байна. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсын таван хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай байдаг ба хүн амын нэгээс хоёр хувь нь шарилж, луулийн цэцгийн дохиурын тоосны шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай байдаг ажээ.
УКТЗ-ийн харшлын кабинетэд сүүлийн 30 орчим жилд хийгдсэн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувийг Улаанбаатар хотын иргэд эзэлдэг бөгөөд манай улсад ургамлын тоосны харшил түүний дотор шарилж, луулийн тоосноос үүдэлтэй өвчлөл жил тутамд ихсэж анхлан үзүүлэгчдийн жилийн дундаж 350,8 байгаа ба жилд 700-1000 хүн анхлан өвчлөгч байх магадлалтйй аж.

Ургамлын тоосны харшил өвчний тохиолдол нийслэлд 73,5, төвийн бүсэд 12,3, зүүн бүсэд 5,9, өмнөд 5,2, баруун 3,1 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Дээр өгүүлсэн УКТЭ-ийн Харшлын кабинетаар сүүлийн гурван жилд 29853 хүн үйлчлүүлснээс 5070 нь ургамлын тоосны харшил өвчтэй, 1400 хүн энэ өвчний улмаас диспансерийн хяналтанд тогтмол эмчлүүлдэг гэнэ.

Анагаахын шинжлэх ухаанд ургамлын тоосны харшил өвчний төгс эмчилгээний аргыг хараахан нээгээгүй байна. Өнөөгийн байдлаар хийгдэж байгаа саармагжуулах болон шинж тэмдгийн эмчилгээ нь удаан хугацаагаар хийгддэг, зарим тохиолдолд үр дүн багатай. Ургамлын тоосны харшилт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа хэдий ч ургамлын тоосны харшилт өвчтэй хүмүүсийн болон диспансерийн хяналтанд эмчлүүлэгчдийн тоо жил бүр эрчимтэй өсч буй аж.

Ургамлын тоосны шалтгаант харшил халдваргүй улирлын чанартай, харшил төрүүлэгч тоост цөөн тооны зүйл ургамлын цэцэглэхтэй холбоотой учир урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах бүрэн бололцоотой юм байна. Тиймээс цэцэг ногоо дэлгэрэхтэй зэрэгцээд харшлын төрлийн өвчнөөс сэргийлэх арга хэмжээг мэргэжилтнүүд хийгээд хот тохижилтынхон бушуу түргэн аваасай билээ.

Б.Анар
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"