sonin.mn

МЗЭ-ийн шагналт, зохиолч Х.Болор-Эрдэнийг “Өглөөний зочин” буландаа урилаа. Бид энэ удаа уран бүтээл, утга зохиолын талаар ярьсангүй.

Х.Болор-Эрдэнэ жил бүр гэр бүлийнхээ хамт эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялдаг уламжлалтай. Түүнийг Баянхонгор, Булган, Орхон, Дархан-Уул аймгаар аялаад, нийслэлдээ түр саатах зуур нь уулзаж, явсан газрын сонин хачнаас нь хуваалцлаа.

-Та сайхан амарч байна уу?

-Юуны өмнө энэ сайхан зуны мэндийг Монголынхоо ард түмэнд хүргэе.

Амралт их сайхан байна. Сайхан ч зун болж байна. Нэлээд хэдэн газраар аялаад ирлээ. Амралт, аяллын хөтөлбөр дуусаагүй учир удахгүй эргээд аян замдаа гарах бодолтой байна.

-Аяллаа Баянхонгор аймгаас эхэлсэн гэсэн. Та өвөг дээдсийнхээ буурийг жил бүр эргэдэг үү?

-Энэ жил л анх удаа тэр зүг рүү явлаа. Догдлон догдлон, хүлээж ядсаар сая л нэг юм зүтгэсэн дээ.

Эрж хайсан, удтал сураглаж эрэлхийлсэн өвөг дээдсийнхээ жимээр алхахад сэтгэлийн үзүүрт догдлол үүсч, олон ч зүйлийн тухай бодож, ухаарч, ойлгож явлаа.

Манай ээж, аав хоёрын дээд талынхан Баянхонгорын Баянбулагийн хоёрдугаар баг гэдэг газарт нэг голыг өгсөж, уруудан амьдарч ирсэн эртний хөршүүд юм билээ. Тэднийхээ буурь бууцыг эргэж, хонд шандыг нь олж, дээдэстээ буян ерөөл хийж яваад ирлээ.

-Сэтгэл нь их догдолсон бололтой. Хүүхэд насны сайхан дурсамж хөвөрч, уран бүтээлийн онгод хийморь дуудаж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Их догдолж байна. Аавын маань аав буюу миний өвөө, ээжийн маань ээж буюу намайг өсгөж өндийлгөсөн хайртай эмээ минь хаана төрж, өсөж, ямархан голын усаар ундаалж, ямархуу буурь бууцан дээр хүн болсныг үзэж харлаа.

Нутгийн сайхан сэтгэлт буурлуудаас тэднийхээ үүх түүхийг сонсож, бахархах, баярлах, хүндэтгэх мэдрэмжээр сэтгэлээ хөглөж яваад ирлээ. Элэнц өвөөгийн минь нэртэй хонд хүртэл байгааг харахад үгээр хэлэхийн аргагүй сайхан санагдсан шүү.

Дээд өвгөд минь хүрээ хийдэд шавилж, тэр орчимдоо буудуулж, хөнөөгдөж байсныг нь сонсож, үүх түүх, дээд үе, уламжлал, язгуур үндэс гэдгээ мэдэхийн чухлыг сайн ойлголоо.

Би эмээ, өвөө хоёроо өнгөрснөөс хойш ойд төөрсөн сармагчин мэт л сохроор эрж, сураглаж явсан байх юм. Гэтэл нутаг ус гэдэг үр хүүхэд, ач гучаа хэзээ ч мартдаггүй юм байна гэдгийг сая л ухаарав.

-Булган, Эрдэнэт, Дарханд хийсэн аяллынхаа сонин хачнаас манай уншигчдад сонирхуулаач?

-Би зүгээр л энд тэнд очиж, уул ус үзээд явах биш, тэндхийн гол мөрөн, уул хайрхнуудын домог түүхийг сонирхож явдаг хүн. Энэ ч утгаараа нэлээд олзтой, бас ухаарлын өндөр ололттой явна.

Миний нөхөр яруу найрагч Б.Эрдэнэсолонго Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн юм. Сая тэр сайхан нутгаар аялж, өвөг дээдсийнх нь өвөлжөө бууцыг эргэж тойрч, нутаг усанд нь сүсэглэж яваад ирлээ. Үнэхээр сайхан хангай гэж Булган нутгийг л хэлэх байх гэж бодож байна.

-Та эдгээр аяллаасаа ямар бодрол тээж ирэв?

-Нэг л зүйлийг хатуу ойлгосон. Биднийг элгэндээ нааж, энгэртээ тэвэрч өсгөсөн ээж, аав, эмээ, өвөө нар маань тэнгэрт одохдоо уул, усандаа хийморио үлдээж, үр ачаа захиж сануулдаг юм байна гэдэгт бүрэн итгэлээ.

Яагаад гэвэл, сайхан зорилго өвөртөлж гарсан болоод ч тэр үү, элдэв саад бэрхшээл, байгалийн хурц хатуу үзэгдлүүдтэй тааралгүй, сайхан аялаад ирлээ.

Монголчууд бид эртнээс байгалиа шүтдэг, түүнтэй салшгүй уялдаа холбоотой улс шүү дээ. Тийм болохоор байхгүй болчихсон хайртай бүхэн тэрхүү сайхан хангай, ус голуудад шингэсэн байгаа гэдэгт би үнэхээр итгэдэг. Тиймээс тэднийхээ хайраар амьсгалж, ундаалж байгаад ирсэн мэт санагдаад, сайхан байна.

-Байгалийн сайхан таны онгодыг хэр хөглөдөг вэ?

-Байгаль гэдэг хүний хөвчирч, хөглөгдөж болох бүхнийг хөглөдөг юм. Тийм ч учраас би зуны сайхан цагийг алдалгүй байгалийн сайханд гэр бүлээрээ аялахыг хичээдэг. Эргэж ирээд намрын их ачаалалдаа ороод, ажлаа хийгээд суухад ч цаанаа л өөр шүү.

Аль болох хээр хонож, хөдөөгийн ард олныхоо аж амьдрал дунд хутгалдаж, адал явдал, эрэлхийллийн замаар алхаж, гишгэж явах нь манай гэр бүлийн бас нэг аз жаргал юм даа. Энэ нь миний цусанд байдаг аялагч араншинтай холбоотой байж магад.

-Нэг явсан газартаа дахиж очдог уу?

-Нэг их олон давтаж байгаагүй юм байна. Гэхдээ дахин дахин очоод л баймаар газрууд байлгүй яах вэ. Аль болох олон хүний хөлд дарагдаагүй, онгон байгальтай зарим нэг газраар жил бүр зориуд дайрч гарах дуртай.

-Тухайлбал ямар газар вэ?

-/инээв.сурв/ Үнэндээ нэр усыг нь хамаагүй хэлмээргүй байна. Хүний хөл, чих хоёр их урт шүү дээ. Ирэх жил яваад очтол амьтны хөл дарчихсан байвал яана. Сайхан хангай минь амар амгалан байг дээ.

-Зөв зөв. Манайхан хилийн чанадад гарч амрах сонирхолтой байдаг. Харин та Монголдоо л эргэлдээд байх юм аа?

-Үнэндээ би гадаад орнуудаар аялж, тэндхийн сайн сайхныг мэдрэхээсээ илүү эх орныхоо аль сайхан болгоныг үзэж харж, мэдэрч авах хэрэгтэй гэж боддог. “Хүн ядрахаараа нутгаа, тураг ядрахаараа уулаа” гэдэг дээ. Эх орон шиг сайхан эм үнэндээ хаана ч байхгүй.

Миний Монголын малчид ямар сайхан сэтгэлтэй билээ. Миний Монголын хөдөө ямар тансаг билээ. Миний тал нутгийн салхи ямар сайхан үнэртэй билээ. Тийм сайхнаас илүүг үзсэнгүй гэж ярьдаг хүн олон бий.

-Одоо хаашаа явах гэж байгаа юм бэ?

-Өвөрхангай, Архангайн үзэсгэлэнт нутгаар явна. Очиж үзээгүй газар нэлээд бий.

-Уран бүтээлч хүнээс уран бүтээлийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хэзээнээс бичгийн ширээний ард суух гэж байна даа?

-Заримдаа би юу ч бичихгүйгээр удаан эргэлддэг. Тархиндаа бодож, зүрхэндээ сайтар боловсруулсны дараа нэг суултаар л бичих нь олонтаа. Одоо би яг л тийм үе дээрээ явж байна. Бодол санаа минь үнэхээр арвин ургацтай байгаа. Хэдийд гэдгийг хэлж мэдэхгүй ч нэг л өглөө дахин гадагшаа гарахгүйгээр сууж эхлэх нь дамжиггүй.

Эх сурвалж: "Өглөөний сонин"