sonin.mn


Хүн хаана үүссэн тухай эрдэмтэд өнөөг хүртэл маргасаар байгаа. Зарим эрдэмтэн Африкаас гаралтай гэж үздэг бол нөгөө хэсэг нь Төв Азиас хүн үүссэн гэдэг. Эдгээрийн аль нь үнэнд ойр вэ гэдэг талаар шинжлэх ухааны доктор, МУИС-ийн Археологи, антропологийн багш Д.Түмэнтэй ярилцлаа.


-Төв Азийн Монгол оронд хүн үүсэн амьдарч байсан тухай эрдэмтдийн саналыг бид дунд сур­гуульд байхаа­саа сонссон. Гэтэл сүүлийн үед судлаачид Африкийн Танзани, цаашлаад Ордос, Энэтхэгт хүн үүссэн гэсэн таамаглалыг дэвшүүлэх болжээ. Мэргэжлийн хүний хувьд та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хүний үүслийн талаар дэлхий нийтээрээ нэгдсэн үзэл баримтлалтай байдаг гэж хэлж болно. Энд л хүн үүсчээ гэж дэлхий нийтийн бүх антропологич хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаар эрдэмтэд үүнийг батлах Эволюцийн онолыг судалж, хүн хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаар шинжлэх ухааны мэдээлэл цуглуулж байдаг. Ерөнхийдөө хүн үүссэн төв нь Африк юм гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Энэ бол хөдөлшгүй баримт. Энэ онол XIX зууны үеэс гарч ирсэн.



-Тэгвэл хүн үүссэн бүс нутгийн талаарх бусад онол ямар үзэл баримтлалаар гарч ирсэн юм бэ. Монгол нутагт хүн үүссэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн үе ч бий шүү дээ?

-Африк бол хүний үүс­­лийн төв гэсэн энэ онолын хажуугаар маш олон шинэ онол гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Төв Азид хүн үүссэн тухай юм. Үүнийг XIX зууны сүүлч XX зууны эхэн үед гарч ирсэн Мэтю, Осборн, Блейкийн онол гэж ярьдаг. Осборн, Мэтю нар амьтан судлаач байсан шүү дээ.

Осборн тухайн үедээ Америкийн байгалийн түү­хийн музейн захирал байж. Энэ онолыг ямар үндэс­лэлтэй гаргаж ирсэн бэ гэхээр Европ, Америкийн эртний амьтдыг харьцуулж үзэхэд амьтны аймгийнхаа хувьд адилхан байсан. Америк, Европыг холбодог бүс нутаг байх ёстой, тэр нь бол Ази тив юм гэж үзсэн. Тиймээс ч Ази тив маань эртний амьтдын бүс нутаг байгаад зогсохгүй хүний гарал үүслийг судлахад сонирхолтой төв юм гэж дүгнэсэн.



-1920-иод оны эхээр Америкийн шинжлэх ухаа­ны экспедиц Монголд хүн үүссэнийг нотлохоор ирсэн тухай түүхийн ном, сурах бичгүүдэд дурдсан байдаг. Энэ экспедиц ямар үр дүнд хүрсэн юм бол?

-Дарвины “Хувьсал, хөгжлийн онол” гараад байх үед Осборн, Блейк нар амьтад амьд байх хугацаандаа доод хөгжилтнүүдээ шахан зайлуулдаг гэсэн дүгнэлт хийсэн. Энэ үзэлд суурилан хүний гарал үүслийг судлаад, хүн төрөлхтний хамгийн ойр төрөл бол мич юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мичнүүд Африк, Зүүн Өмнөд Ази, Америкийн өмнөд хэсэгт тархан суурьшдаг байсан.

Хувьсал хөгжлийн явцад хамгийн ойр байсан амьтад нь ингэж тархаж байгаа юм бол хүний үүслийн голомт нутаг нь Төв Ази байж болно гэсэн онол дэвшүүлсэн юм. Тэр онолоо батлах үүднээс Эндрюсийн экспедиц Монголд 1922 онд орж ирсэн.



-Гэхдээ дүгнэлтээс илүү ямар нэг баримт баталгаанд түшиглэн энэ судалгааг хийсэн байх?

-Тэр үед Бээжин хотоос баруун урагшаа 60-аад километрт байдаг Чжоугянь агуйгаас эртний хүний олдвор олдсон гэнэ лээ. Энэ судалгааг Америкийн судлаач Блейк хийж байсан. Энэ ч утгаараа Хятадын нутгаас хүний өвөг дээдэс олдож байгаа бол Төв Азийг ч бас судлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Экспедицийн төв Хятадад байрлаж, эртний хүн судлах лаборатори байгуулан судал­гаагаа явуулдаг байсан юм. Ингээд эртний хүнийг эрж хайхаар Монголд ирсэн. Гэвч энэ онол батлагдаагүй. Харин 70-80 сая жилийн өмнө байсан динозавруудын дунд төрмөлийн үеийн олдвор, мөн эртний чулуун зэвсгийн бууцуудыг ил­рүүлсэн байна. Америкийн Эндрюсийн музейг үзэж харсан, тэмдэглэлийг унш­сан. Ингэхэд эртний хүний олдворуудын талаар л бичиж үлдээсэн байсан.



-Америкаас өөр улс орон Монголд хүн үүссэн тухай таамаг дэвшүүлж, судалгаа хийж байв уу?

-Франц, Шведийн экспе­дици орж ирсэн ч Монгол нутагт хүн үүссэн гэх баталгаа олж чадаагүй.



-Африкийн нутаг дэвс­гэрт хүн үүссэнийг батлах ямар олдворууд олдсон юм бол?

-Африкаас 1920-иод оны үед хүний өвөг дээдэс байж болох эртний олдворууд олдож эхэлсэн. Үнэхээр 4-5 мянган жилээс хойших үед холбогдох бүх үеийн мичин өвөг болох олдворууд маш өргөн олдсон.

Нөгөө талаас ухаант хүн үүсэн бий болох тэр үед дөрвөн том мөстлөг болсон. Энэ үед Монголын нутаг мөсөн бүрхүүлтэй байсан гэх баталгаа бий. Тэр үед дэлхийн өмнөд бүс хүн амьдрахад илүү таатай байсан. Өөрөөр хэлбэл, Африкийн Танзани, Кени зэрэг 2000 километрийг хамарсан бүс нутгаас эртний маш олон олдвор олдсон. Эдгээр олдворын хөгжлийг үндэслэж, “Африк бол хүн үүссэн өлгий нутаг” гэж баталсан юм.



-Тэгэхээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн олдворууд аль үеийнх болж таарах вэ?

-Эртний хүмүүс хэрэн тэнэж, хоол хүнс эрж хайн, аль тохиромжтой газарт амьдарч, хүнс тэжээлийн хүрэлцээ муудаад ирэхээр өөр тийшээ нүүдэллэдэг бай­сан аж. Түүний жишээ нь Баянхонгор аймгийн Ца­гаан агуйн олдворууд юм. Түүнээс гадна зөвхөн энэ агуйд биш Монголын бусад газарт ч эртний хүмүүс тодорхой хугацаанд ирж, мөн гарч байсан.

Хүн төрөлхтөн одоогоос 1.8 сая жилийн тэртээгээс хөгжиж, байгаль ертөнцөд дасан зохицож, багаж зэвсэг хийж эхэлсэн. Зэвсэг гэдэг оюун ухаантай болохын эхлэл юм. Үүнээс сая гаруй жилийн дараа чулуун зэвсэг хийдэг технологи нь боловсронгуй болсон байгаа юм. Энэ бол Ашелийн соёл. Энэ соёлыг бүтээсэн хүнийг эгц босоо явагч гэнэ.

Тэгээд цаашлаад зэвсгийн төрөл хийдэг арга техник нь илүү сайжирч, зориулалттай болж, хүн нь улам оюунлаг болж байгаа биз. Дараа нь цуулдаг технологи бий болсон бөгөөд үүнийг Мустьен соёл гэж нэрлэнэ. Энэ нь жинхэнэ ухаант хүмүүсийн үе л дээ. Ухаант хүмүүсийг газар нутгаар нь Америкт амьдардаг байсныг неандерталь, Африкт байс­ныг нь сапианс гэж нэрлэ­дэг.



-Эртний хүмүүс хэдий үед Монголд нүүдэллэж ирсэн юм бол?

-Хомоэректусын үеэс Монголд ирсэн гэж үздэг. Энэ үед жижиг бүлгүүд л нүүдэллэж байсан болохоос суурьшиж байгаагүй. Хү­ний үүслийн талаар нарийн судалгаа хийхэд барим­­­­талж байгаа үзэл, хүн суд­ла­лын шинжлэх ухааны бүтээлүүдтэй танилцаа­гүй учраас Монголд хүн үүс­сэн гэх яриа бий болсон байх. Сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдээл­лийг ашиглахгүй, сонирхлын түвшинд аливаа зүйлийг дүгнэж байгаа нь харамсалтай.

Антропологийн шинжлэх ухаанд хүн соёлыг бий болгох үндэс нь орчиндоо зохицох тэмцэл гэж үздэг. Жишээ нь, монголчууд яагаад нүүдэлчин ард түмэн болсон, Сибирийнхэн ан хийж амьдардаг, европчууд газар тариалан эрхэлж, Дундад Ази, Арабад жимс жимсгэний аж ахуй хөгжсөнөөс харахад бүс нутаг бүрийн онцлогоос шалтгаалж эдгээр ялгаа үүссэн байгаа юм. Үүнийг л манайхан соёл гэж байна. Өөрсдийгөө бусдаас илүү гэж дөвийлгөх нь утгагүй. Хамгийн гол нь юугаараа бахархах вэ гэдгээ сайн ойлгох ёстой.

-Ярилцсанд баярлалаа.


Эх сурвалж: "Өглөөний Сонин"