sonin.mn
Оросын аялал, байгаль, газар-зүйн тухай сэтгүүлүүдэд Ира Жара нэрээр нийтлэлээ хэвлүүлдэг сэтгүүлч бүсгүйн Монгол орноор аялсан тэмдэглэлээс хөрвүүллээ. 
Монгол Улсыг Чингис хааны төрсөн нутаг гэдгийг олон хүн мэддэг атлаа газрын зураг дээр шууд зааж чаддаггүй нь гайхмаар зүйл биш юм. Монголоор аялаад ирэхэд хүмүүс “Монголд яаж хүрэв”, “Тэнд юу хийв", “Харсан зүйлсээ яриач” гэж асууж байлаа. Багын найзынхаа Улаанбаатарт очсон бичлэгийг олон нийтийн сүлжээнээс хараад Монголоор аялахаар шийдсэн. Би Москвагаас Эрхүү хүрч аяллын багийнхантайгаа нэгдэн Монголыг зорилоо. Бидний суусан онгоц Улаанбаатарт өглөө эрт газардав. Манай багийнхан хотын хамгийн сайн зочид буудлуудын нэгд амраад орой нь говийг зорьсон юм. Өндөр барилга, шуугиантай хотоос холдоход жижиг суурин газрууд, сийрэг ургамал бүхий төгсгөлгүй тал нутаг угтлаа. Есдүгээр сарын сүүлчээр тал нутгийн агаарын хэм ихэвчлэн +18 градус хүртэл хэлбэлзэж, хүчтэй салхилдаг аж. Азаар биднийг аялахад агаарын хэм +25 дулаан, цаг агаар тогтуун байсан юм. Бидний хоносон анхны газар Хөгнө Хан уул байлаа.
 
 
 
Уулын бэлд туйлын нам гүм бөгөөд бид их хотын хөдөлгөөнийг мартав. Энэ үед тайван амгалан дунд би Монголд байгаагаа мэдэрсэн.
 
 
Тэнгэрт одод гялалзсан Монголын шөнө үгээр хэлшгүй сайхан. Өглөө нь бид Өвгөн хийдийг үзэж сонирхов. Манай аяллын зорилго бол Монгол элсэнд хүрэх. Олон хүн “цөл” гэдэг үгийг усгүй, төгсгөлгүй элсэн манхнаар төсөөлдөг. Монголын говь бол дэлхийн гурав дахь том цөл боловч газар нутаг нутгийн хувьд бидний төсөөлснөөс ондоо.  Ингээд бид 2000 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий Монголын хамгийн том элсэн манханд ирлээ. Элсэн уул яг л тэнгистэй адилхан долгионтон угтав. Элсний гадаргуу нь халуун ч хөлөө гүнзгий шигтгэхэд сэрүү татаж байлаа. Энэ сайхан газраас холдмооргүй байсан ч давчуу төлөвлөгөөндөө баригдан хөдөллөө. Орхон голын хөндийд (энэ бол Монголын хамгийн том голуудын нэг) ирэхэд нар жаргах дөхөж байв. Хархорин хотын туурь бол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар. Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг Туркменистаны Каракум цөл, ижил нэртэй чихэртэй андуурч болохгүй. Хархорумыг Чингис хаан 1220 онд байгуулжээ. Өнөөдөр Хархорумын балгас Эрдэнэ Зуу хийдийн хажууд байрладаг. Энд археологийн малтлагыг хэсэгчлэн явуулж байгаа бөгөөд өнөөг хүртэл оршин тогтносон хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Бид Хархорумаас Бага газрын чулууг зорих байсан ч гэнэтийн өөрчлөлт гарч Улаанбаатарыг зорилоо. Хотод ирээд шүршүүрт орж, зочид буудалд цэвэрхэн цагаан хэрэглэлд унтахдаа соёл иргэншилд хүчээр эргэж ирэх мэт таагүй мэдрэмж төрж байсан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Фото Ира Жара(с)
Дмитрий Кадочников (с)
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин