сонин mn

Гэрийн ойролцоох сүлжээ дэлгүүрээр орлоо. Үүдэнд нь халуун хэмжигч барьсан нэг эмэгтэй зогсож байна. Надаас халуунаа шалгуулахыг хүсэж, дараа нь QR код уншуулж дотогшоо нэвтрэх шаардлагатайг санууллаа. Би ч хэлснийг хийгээд сагс авахаар явав. Харин миний ард зогсож байсан өндөр настан ухаалаг утсаа сайн хэрэглэж мэдэхгүй учраас дэлгүүрийн ажилтны тавьсан шаардлагын дагуу бүртгэлээ өөрөө бичихээр боллоо. Хөгшин бээлийгээ шалавхан тайлж, бал аван хувийн мэдээллээ бичих юм. Миний ажигласнаар тэр хүн 52 дугаарт мэдээллээ үлдээв. Түүний дараа ч хувийн мэдээллээ үлдээхээр хоёр, гурван хүн зогсож харагдлаа. Бүгд л өндөр настны хэрэглэсэн балаар мэдээллээ бичих бөгөөд зарим нь бичихдээ нүдний шилэндээ хүрч байсан юм. Хэрвээ эдгээр хүний нэг нь коронавирусийн халдвартай бол тухайн үед мэдээллээ бичсэн хүн бүр хавьталд орж, эрсдэлтэй бүлэг болохоор байв. Одоо бараг бүх газраас дээрх дүр зургийг харж болно. Ганц дэлгүүр хоршоо бус зарим албан байгууллага ч үүнд анхаарах шаардлагатай байгаа юм.

 

 

Эрсдэл маш өндөр байгаа онцгой энэ цаг үед хүмүүсээр мэдээллийг нь бичүүлэхийн оронд тусгай нэг хүнийг томилон бүртгүүлжүүлэх ажлыг хариуцуулах эсвэл зөвхөн QR кодоор нэвтрэх шаардлага тавих хэрэгтэй байна. Одоо цагт ухаалаг утасгүй хүн гэж бараг үгүй. Тиймээс гэр бүлийн хүмүүс өндөр настан, хүүхэд залуустаа анхаарал хандуулж QR код уншуулах аргыг зааж өгөх хэрэгтэй.

 

 

Энэ бүхэн хэний ч мэдэх, чадах энгийн мэт үйлдэл боловч бидний хэрэгжүүлэхгүй байгаа алдаатай дадал зуршлын нэг болоод байна. Тиймээс өөрийн болон бусдын төлөө УОК, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг ягштал дагаж мөрдмөөр байна.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин