Төв аймгийн Батсүмбэр сумын гуравдугаар багийн нутаг, Баянголын аманд байрлах Ахмадын улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай манай сонины сэтгүүлчид танилцаад ирлээ. Бидний замд авто зам тавих их ажил өрнөж, тоос шороо тоймгүй босч байсан юм.
Зам зуураа асрамжийн газрын ахмадуудын талаар өөр хоорондоо яриа өрнүүлэхэд “Асарч хамгаалах ямар ч хүнгүй өндөр настай хүмүүс байдаг”, “Үр хүүхдүүд нь яахаараа аав, ээжийгээ ийм газарт өгдөг байна аа”, “Тэд өөр хоорондоо гэр бүл болдог гэнэ лээ” гэх мэтээр өөр өөрсдийнхөө төсөөллөөр ярьж байлаа.
Улсын асрамжийн газар нь 1924 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Улаанбаатар хотод “Махан дов” хэмээх газар анх байгуулагдаж, 1956 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байрлаж байжээ.
Харин 1967 онд Сайд нарын зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянголын ам хэмээх газар нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарснаар одоогийн энэ нутагт суурьшжээ. Засаг төр солигдсоноор уг газрын нэр нь ч өөрчлөгдсөн аж.
Тодруулбал “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв” гэсэн хаягийг төв хаалган дээрээ байрлуулж, төрийн далбаа, байгууллагынхаа тугийг өндрөөс өндөрт мандуулжээ.
Тус асрамжийн газрын хашаан доторх ногоо төө орчим ургасан байх бөгөөд биеийн тамирын дасгал хөдөлгөөний тоног төхөөрөмжийг ахмадуудад зориулан байрлуулжээ.
Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг энэхүү асрамжийн газарт дунджаар 130-150 хүн хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Харин өнөөдрийн байдлаар 103 хүн асруулж байгааг тус газрын Гадаад харилцаа, архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Д.Гантулга хэлсэн юм.
Биднийг очих үеэд “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-ийн хамт олон маш олон зочинтой, ид бужигналдаж байв. Учир нь “Хобби” бүрэн дунд сургуулийн багш, сурагчид азай буурлуудад урлагийн тоглолтоо үзүүлж, гарын бэлгээ тарааж байгаа нь энэ аж.
Ер нь буяны үйлд мордсон хүн бүхэн хүүхэд, ахмадын асрамжийн газруудад дөрөө мулталж хандив өгөх, жаргал зовлонгоос нь хуваалцдаг гэдгийг ахмадууд хэлж байсан юм.
“Хобби” сургуулийн хамт олон энд хоёр дахь жилдээ ирээд байгаа нь энэ гэнэ. Тус сургуулийн нийгмийн ажилтан Ж.Майцэцэг “Асрамжийн төв дэх ахмадуудыг баярлуулах, тэдэнд нэг өдрийн аз жаргал бэлэглэх энэ санаачилгыг манай сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Д.Оюунцэцэг гаргасан.
Бид өмнө нь жил алгасахгүй ирдэг байсан. Харин 2-3 жил тасарчихаад өнгөрсөн жилээс тогтмол ирэхээр болоод байна. Энэ санаачилгыг эцэг эхчүүд, багш, сурагчид маань ч маш сайхан хүлээж авдаг.
Манай хамт олон сайн үйлсийн аяныг гурван долоо хоног сургууль дээрээ өрнүүлээд хуримтлагдсан мөнгөөрөө ахмадуудад хэрэгтэй оймс, цамц, эм тариа, вакус, сүүлийн үеийн ном зэрэг шаардлагатай зүйлсийг нь авч ирэхийг хичээлээ. Энэ жилийн хувьд дөрвөн сая 40 мянган төгрөг цугларсан” гэв.
Энэхүү асрамжийн төвд ирэх гэж 2-3 жил хөөцөлдсөн ахмадууд байхад, гэр бүлийнхээ гишүүдийг зуурдаар алдсан, өөрөө тахир дутуу, хүний гарт орсон хүн ч олон байдаг юм байна. Ингээд зарим өндөр настнуудтай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
Асрамжийн төвд ирэх гэж гурван жил хөөцөлдсөн
Өндөр настан Ц.Данзанаа
-Та сайхан зусч байна уу. Бие тэнхээ давгүй л биз дээ?
-Сайхан, сайн явцгааж ирсэн үү. Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 2 болж байна. Усан могой жил учраас монголчуудын хувьд хур бороо элбэгтэй, сайхан зун болох байх гэж бодож сууна. Өнөөдөр “Хобби” сургуулийн хүүхдүүд ирж, бид нэг өдрийг дуу хууртай, сайхан өнгөрөөж байна. Ер нь өвлийн хүйтэнд ч гэсэн хүмүүс биднийг зориод ирдэг.
-Нас хэд хүрч байна вэ?
-1942 онд төрсөн. Одоо 71 настай.
-Энд ирээд хэдэн жил болж байна вэ?
-Өвөө нь энд иргээд жил гаруй болж байна. 2012 оны тавдугаар сарын 8-нд ирсэн. Одоо эндхийн “хуучин цэрэг” болчихоод байна. Надаас хойш олон хүн ирсэн.
-Яагаад энд ирэх болсон талаараа ярьж болох уу?
-Бололгүй яах вэ. Хөгшин хонины насгүй болсон надад нууж хаагаад байх юу байх билээ. Ганц хүн гал болдоггүй гэдэг. Энэ насандаа эхнэр авч үзсэнгүй. Баянхонгор аймагт ээжийнхээ төрсөн эгчийг асарч байгаад эгч маань өөд болоод орь ганцаараа үлдсэн. Тэгээд л энд ирье гэж шийдсэн.
-Энд асруулж буй өндөр настнууд мөнгө төлдөг үү?
-Тэтгэврийнхээ 30 хувийг өгдөг.
-Залуудаа ямар ажил хийдэг байсан бэ?
-Баянхонгор аймагтаа улсын байгууллагад 20 гаруй жил ажилласан. Ардчилсан хувьсгал ялсны дараа уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдврийн энерги цехэд ажиллаж байгаад 2001 онд тэтгэвэрт гараад нутаг буцсан.
Дараа нь 2006 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд шилжин ирээд хэсэг амьдарсан. Энэ асрамжийн газарт ирэх гэж гурван жил хөөцөлдсөнийг эцэст ирээд амьдарч байна даа.
Сэргээн засалтын үндэсний төвийнхөн надад портез хийж өгнө гэсэн
“Хобби” сургуулийн багш сурагчид тоглолтоо сонирхуулсны дараа асрамжийн төвийн өндөр настнуудын дунд дуу шүлгийн тэмцээн зохион байгуулсан юм. Энэхүү уралдаанд амжилттай оролцсон Б.Баярмагнайтай ярилцлаа.
-Та их сайхан дуулдаг юм байна. Залуу байхдаа соёл урлагийн байгууллагад ажиллаж байсан уу?
-Залуудаа дуу дуулах гэж оролддог байсан. 1990 онд Дарханаас Улаанбаатар хотод ирсэн. Санзайн тээвэрчдийн амралтад соёл, олон түмний ажил хийдэг байсан.
-Асрамжийн газарт ирээд хэр удав?
-Гурван жил болж байна.
-Яагаад энд ирэх болов?
-2010 оны өвөл дөрвөн мөчөө хөлдөөчихөөд хоёр гар, нэг хөлийнхөө хуруунуудыг тайруулсан. Тэгээд л өөрийгөө авч явах ямар ч чадваргүй болж, хүний гарт орчихоод энд ирсэн юм.
-Таныг асрах төрсөн ах дүү, хүүхэд байхгүй юм уу?
-Төрсөн ганц ах маань Налайхад байдаг. Хоёр нүд нь юм харахгүй, бас л хүний гарт байдаг юм. Нэг төрсөн дүү маань Нарантуул зах дээр наймаа хийдэг. Бас талийгаач ахын маань хүүхдүүдээс эхлээд ах дүү нар олуулаа.
-Эхнэр авч байсан уу. Хүүхэд бий юу?
-Эхнэр авч байсан. Дарханаас ирэхдээ өрх тусгаарласан. Нэг хүүхдийн сураг гардаг юм. Даанч олж уулзаж чадахгүй байсаар өдий хүрлээ.
-Ах дүү нар олуулаа гэж байна. Тэд тань дээр ирж байна уу?
-Ирж чаддаггүй юм. Би харин дулаан цагаар сарын чөлөө аваад ах дүү нар дээрээ очдог юм бил үү гэж бодож сууна.
-Одоо өрөөндөө хэдүүлээ байна вэ. Танд тусалдаг хүн байна уу?
-Өрөөндөө хоёулаа байдаг. Надтай хамт амьдардаг хүн хараагүй. Би хөл, гаргүй. Тэгээд бие биедээ туслаад л байж байна даа. Нөгөөх маань гадагшаа гарах шаардлагатай бол би дагуулж явна. Тэр зурагтаа асааж, би харна. Харин энэ маань сонсох жишээтэйгээр бие биедээ хань болоод л байна.
-Таны хоёр гарт портез хийх боломжтой юм биш үү?
-Болно гэсэн. Хэд хоногийн өмнө Сэргээн засалтын үндэсний төвөөс хүн ирж миний гар, хөлний хэмжээг аваад явсан. Удахгүй портезтой болох байх гэж бодож байна.
Хүний амьдралын хамгийн хэцүү зүйл нь зуурдын хагацал
Ахмад настан Д.Мөнгөннавч
-Өнөөдөр “Хобби” сургуулийн сурагч багш нар ирж, та бүхэнд урлагийн тоглолт үзүүлж гарын бэлгээ тарааж байна. Сэтгэгдэл ямар байна даа?
-Маш сайхан байна. (гээд уйлав) Эгч нь хоёр нүд харахгүй ч гэсэн хэн юу өгүүлж байгааг сэтгэл зүрхээрээ мэдрээд маш сайхан байна. Энд орчин нөхцөл, ахуй хангамж сайтай.
Дээрээс нь бараг өдөр болгон буяны үйл хийх гэж хүмүүс ирэх юм. Их сайхан байна. Ахмадууд биднийг хүндэлж, сайхан дуу, хөгжим сонсгож байгаа хүүхэд багачууддаа баярлалаа.
-Таны хараа яагаад ингэж муудав?
-Эгч нь Политехникийн дээд сургуулийг сантехник, дулааны инженер мэргэжлээр төгссөн. Үйлдвэрлэлийн осолд ороод хоёр нүд маань хараагүй болчихсон юм.
-Ер нь энд асарч хандах хүнгүй хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настан байдаг бололтой?
-Тийм ээ. Би 2004 онд сайхан хань, хоёр хүүхдээ автын ослоор алдсан. Ингээд намайг харж хандах хүн үлдээгүй учраас Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нийгмийн ажилтанд хандаж, энд хүргэгдэж ирсэн. Би та нарыг хараад хоёр хүүхдээ маш их бодож байна. Хүнд тохиодог хамгийн хэцүү зүйл бол зуурдын хагацал байдаг юм байна. /уйлав/
-Энд ирээд хэр удаж байна вэ?
-Хоёр сар гаруй хугацаа болж байна. Ганцаараа байснаас хамаагүй сайхан юм. Ядаж цаг үргэлж бурхан болсон хэдийгээ бодоод байхгүй. Өөр хоорондоо хууч хөөрөн инээж хөхрөлдөөд аятайхан байна.
-Та нүдний эмчилгээ хаана хийлгэж байсан бэ. Хараа орох боломж бий юу?
-БНХАУ-ын Хөх хотод хийлгэж байсан. Харамсалтай нь хараа орох боломжгүй гэсэн. “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-д аж төрж буй ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хаягдал материалаар гар урлалын бүтээл урлахын зэрэгцээ “Болжмор”, “Мазаалай” зэрэг зургаан бүлэгт хуваагдан нийгмийн ажилд идэвхтэй оролцдог гэнэ.
Өглөө бүрийг мэдээллийн цагаар эхэлж, бүлгийн дарга, ширээний дарга, давхрын дарга, гэрэл хариуцсан дарга гэх мэтээр нэгнээ томилж, урамшуулж, дэгтэй, зохион байгуулалттай ажиллаж, амьдардаг аж.
Ахмадуудын ая тухтай байдлыг хангахын төлөө ажиллаж байна
Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Гадаад харилцаа, архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Д.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар танайд хэчнээн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлж байна вэ?
-Хуульд зааснаар асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай ахмад настан буюу 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авахаар заасан байдаг ч асруулж байгаа иргэдийн 45 орчим хувь нь сэтгэцийн өөрчлөлт, оюуны хомсдолтой хүмүүс байдаг.
Гурван давхартаа сувилгааны тасагтай, байнгын асаргаа шаарддаг хэвтрийн 22 хүн бий. 40-өөс доош насны 20 гаруй хүн байгаа. Оюуны хомсдолтой хүмүүсийг авах нь хэдийгээр хууль зөрчсөн үйлдэл ч харж хандах хүнгүй, цаашлаад хүний амь настай холбоотой асуудал учраас авахаас өөр аргагүйд хүрдэг. Өнөөдрийн байдлаар 59 эрэгтэй, 44 эмэгтэй, нийт 103 хүн байна.
-Өрөөний хүртээмж ямар байна вэ?
-Манай төв нийт 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нэг өрөөнд хоёр хүн байдаг. Ганцаараа байх боломжтой хүмүүсийг тусд нь байлгадаг.
-Үйлчилгээний хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Угаагч, үйлчлэгч, асрагч, сувилагч гээд нийт 52 хүн ажиллаж, 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна. Манай байгууллагын удирдлагууд энд үйлчлүүлж байгаа нийт иргэдийнхээ амгалан тайван байдал, эрүүл цэвэр байхад нь зориулж олон ажил хийж байгаа.
Тухайлбал саяхан нийтийн халуун ус байгууллаа. Улсын асрамжийн газар нэрийг өөрчилж, Ахмадын асрамж, хөгжлийн төв болгон өөрчилснөөр энд байгаа иргэдийг зөвхөн асарч тойглоод байх биш, өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн.
-Энд сэтгэцийн болон өөр өвчлөлтэй хүн олон байна. Хүндрэл их гардаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Ихэвчлэн сэтгэцийн гажигтай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгааг та бүхэн харж байгаа байх.
Бид ахмадуудын өрөөгөөр орж үзлээ. Нэг өрөөнд хоёр хүн байдаг бөгөөд өрөөнөөсөө гарч чадахгүй хүмүүст асрагч нь хоол цай зөөдөг аж. Үйлчлүүлэгчид өөр өөрийн гэсэн ахуйн хэрэглээний шүүгээтэй, хувцасны жижиг шкафтай байгаа нь харагдсан.
Энд үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь өөрийн төрсөн ах, дүү, үр хүүхдүүдээ зуурдаар алдсан хүмүүс байх бөгөөд энд бүх юм нь ойр, асаргаа сайтай учраас сэтгэл санаа тайван, ая тухтай байгаагаа бидэнд дуулгаж байв. Зарим нь миний хийж чадах ажил дуу дуулах гээд ардын дуу, уртын дуу аялж өгч байлаа.
Ач хүүгээ бодоод эндээс гармаар л байна
Залуу халуун насаа улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулсан олон ахмад энэ төвд насан эцэслэж байгааг тус төвийн удирдлагууд хэлж байсан. Одоо ч гэсэн дээд боловсрол эзэмшсэн, олон жил төрийн байгууллагад ажиллаж байсан хэд хэдэн хөгшин байдаг бөгөөд тэдгээрийн нэг болох Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газарт Хэлтсийн дарга, эрхлэгчээр ажиллаж байсан н.Хоролсүрэн гуайтай ярилцсан юм.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай, мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нарын удирдлага доор хамт ажиллаж байсан тухайгаа ч бидэнд хуучилсан юм.
-Таныг төрийн байгууллагад олон жил ажилласан гэх юм. Хаана, ямар мэргэжил эзэмшсэн, юу хийж явснаа сонирхуулаач?
-Энд ирээд хоёр жил гаруй болж байна. Нас сүүдэр 74 хүрсэн. Эмээ нь Завхан аймгийн уугуул хүн. Зургаан настай байхдаа эцгээ алдаж Улаанбаатар хотод ирээд найман нас хүрч, нэгдүгээр 10-н жилд ороод улмаар сургуулиа амжилттай төгсөж, ЗХУ-д стандартчиллын чиглэлээр сургуульд явсан.
Сургуулиа төгсөж иргээд Стандартчилал хэмжил зүйн үндэсний газарт 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Би хэмжүүрийн мэргэжлийн анхны мэргэжилтэн болсондоо их баяртай явдаг.
Өөрөөр хэлбэл 1956 онд Монгол Улс анхныхаа хэмжүүрийн мэргэжилтнийг бэлтгэх гэж хоёр хүн хойд хөрш рүү явуулсны нэг нь би. Бас ажиллаж байх хугацаандаа МУИС-ийг 1970-аад оны үед эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн.
-Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газарт ямар албан тушаал хашиж байсан бэ?
-Намайг сургууль төгсөөд ирж байхад манай байгууллага Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газар гэж байсан. Олон “Х”-тэй байгууллага байгаа биз.
Тухайн үед намайг лабораторийн эрхлэгчээр ажиллуулж байгаад нэг жилийн дараа хэлтсийн дарга болгосон. 16 жил хэлтсийн дарга хийж байгаад 1975 онд манай байгууллага Үнэ, стандартын үндэсний хороо болсон.
Тухайн үед манай даргаар Ерөнхий сайд агсан П.Жасрай гуай ажиллаж байсан юм. Тэгээд 1976 онд Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад /СЭВ/ ажиллуулахаар явуулсан.
Харин 1982 онд буцаад байгууллагадаа ирэхэд П.Жасрай дарга маань томроод, тушаал дэвшээд явчихсан байлаа. Оронд нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн манай даргаар ажиллаж байсан юм.
Д.Бямбасүрэн дарга “Төлөвлөгөөний хэлтсийн даргын ажил хий” гэж надад тулгаж байсан нь санаанаас гардаггүй юм. Харин эмээ нь төлөвлөгөөний хэлтсийн даргын ажлаасаа татгалзаж хэмжүүрийн чиглэлээр ажиллах хүсэлтээ хэлээд Стандартын хүрээлэнд секторын эрхлэгч хийж байгаад л тэтгэвэртэй гарсан.
-Гадаад дотоодын их сургуулиар мэргэжил эзэмшиж төрийн албанд олон жил ажилласан тань шиг хүмүүс энэ байгууллагаар үйлчлүүлэх тохиолдол бишгүй гардаг бололтой. Яагаад энд ирэх болов?
-1960-аад онд сургуулиа төгсөж ирэхдээ сайхан ханьтай болж, гурван хүү төрүүлсэн. Хөгшин маань Сангийн яамны нэр дээр Ленинградад дээд сургууль төгссөн. Ханьтайгаа 40 гаруй жил амьдраад 2000 онд хагацал үзсэн дээ.
Социализмын үед би байр өгөөч гэж байгууллагынхаа удирдлагуудад нэг ч удаа санал тавьж байгаагүй. Харин нөхөрт маань Сангийн яамнаас гурван өрөө байр өгсөн. Тэнд л манайх амьдардаг байлаа. Хүүхдүүд маань ОХУ-д ажиллаж байхад дунд сургуулиа төгсөөд, тэндээ дээд боловсрол эзэмшихээр үлдсэн юм.
Тэгээд өвгөн маань нас эцэслэхдээ гал голомтоо бага хүүдээ өгнө гээд байраа өгсөн. Хүү маань бид хоёрт оронд нь нэг өрөө байр авч өгсөн. Хамгийн харамсалтай нь миний дунд хүү 2006 онд Францад, том хүү 2009 онд Австрид ажиллаж байгаад өвчний улмаас нас барсан.
Тэр цагаас хойш би гэдэг хүн сэтгэл санаагаар унаж, ядуурах байдалтай болж ирсэн. Том хүүгийн маань хүү надтай хамт өссөн юм. Ач хүүгээ сургуульд оруулах гэж өөрсдийнхөө амьдарч байсан байрыг зараад түрээсийн байранд амьдарч байгаад ач хүүгээ Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгсгөсөн.
Ингээд байр түрээслэхэд тэтгэврийн хэдэн төгрөг маань хаанаа ч хүрэлцэхээ больж, энд ирэхээс өөр аргагүй болсон. Ач хүү маань уг нь олон улсын худалдаа, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, англи, орос хэлний тодорхой мэдлэгтэй ч мэргэжлийнхээ ажлыг хийхгүй, энд тэнд хамгаалагч хийгээд л явж байна даа.
-Бага хүүгийндээ байж болдоггүй юм уу?
-Бага хүү маань Герман улсад амьдарч байгаа. Эмээ нь хоёр хүүгээ алдсан учраас бага хүүдээ “Ээждээ битгий хоргод. Өөрийнхөө л амьдралыг бод” гэж хэлсэн.
-Таны бие маш сайн байна. Цаашид энд л амьдраад байх уу?
-Одоо эмээгийнх зорилго гэвэл ач хүүгээ л орох оронтой болгочихмоор байна. Хүү маань “Эмээ, та гараад ир. Хоёулаа амьдаръя” гэдэг. Өөрөө амьдрал мэдэхгүй, орох оронгүй хүн шүү дээ.
Эмээ нь өөрийгөө бодоод байвал энд л баймаар байна. Манай төвийн үйлчилгээ улам сайжирч байгааг хэлэх нь зүйтэй байх. Ач хүүгээ бодохоор гармаар л байгаа юм. Одоо нийслэлээс хэрэгжүүлэх гээд байгаа “Ахмадын орон сууц” хөтөлбөрт их найдаж байгаа. Тэр хөтөлбөрийг хэрэгжиж эхлэхээр хөөцөлдөх санаатай байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Бямбасурэн гуай энэ Хоролсурэн гуайг ядаж ганц ерее байртай болгох талаар ярьж хеерж егдеггуй юм байх даа,монголын хегжилд хувь нэмрээ оруулсан буянтай хегшин байна ш дээ
omhii buriadad tiim sanaa baihguil dee. Iim saihan mergejiltei hun ingeed asramjiiin gazar amidrah gej, uneheer haramsaltai baina
Hunii zovlon olon yanz. Buuraluud mini zaluust heregtei zuil baival sonin tuuhee bichij baigaarai.
Бямбасурэн гуай энэ Хоролсурэн гуайг ядаж ганц ерее байртай болгох талаар ярьж хеерж егдеггуй юм байх даа,монголын хегжилд хувь нэмрээ оруулсан буянтай хегшин байна ш дээ