sonin.mn

Саяхан Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 21 - 22-ны өдрүүдэд болж, "Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх" томьёоллоор санал хураалт явуулж, МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжсэн шийдвэрийг гаргажээ. 

 

Тэрхүү шийдвэрт: “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам парламентад олонхыг бүрдүүлсэн ч сонгодог парламентад баримталдаг нийтлэг зарчимд үндэслэн сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг баримтлан Мефийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хөгжлийн томоохон тосол, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын геополитикийн эгзэгтэй цаг үед үндэсний эв нэгдлийг хангаж, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдийн төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулан хамтран ажиллах улс төрийн шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаанаар гаргасан.


Гэвч Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа парламентад суудалтай улс төрийн намын Улсын Их Хурал дахь бүлгийн нэр бүхий гишүүд "Засгийн газарт хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн удаа дараагийн үйлдлүүд болон намын анхан, дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирж байгаа санал, шүүмжлэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан Монгол Ардын Нам Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус үндэслэн "Засгийн газарт хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бие даан шинээр бүрдүүлж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй” хэмээжээ. Энэ шийдвэрт ойлгомжгүй, алдаатай, хуулийн үндэслэлгүй зүйл нилээд байна. Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа улс төрийн намын гишүүд “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г удаа дараа зөрчсөн хэмээжээ. Хэн хэн ямар зөрчил гаргасан, ямар хуулийг зөрчсөн бэ гэдгийг огт дурдаагүй байна. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр саяхан “ Манай нам гэрээг зөрчөөгүй. Гэрээг зөрчсөн гэдэг нь худал гүтгэлэг. Ганц хоёр гишүүн шүүмжлэл хэлсэн нь манай намын үзэл биш. Үүний төлөө бүхэл бүтэн намыг гүтгэж болохгүй”хэмээн мэдэгджээ. Хууль зөрчсөн бол Засгийн газрыг огцруулж болно. Харин Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн гэх худал шалтгаар Засгийн газрыг огцруулж болохгүй.


Хуулиас дээгүүр гэрээ гэж байх ёсгүй, хуулиас дээгүүр гүтгэлэг гэж байж болохгүй. Гэтэл ард түмэн ойлгохдоо “Хамтарсан Засгийн газар харин ч их зүйлийг эхлүүллээ. Мухар төмөр замыг Хятадтай холбох асуудлыг шийдлээ, 4 Мега төслийг хөдөлгөж эхэллээ.


Авилгалтай тэмцэж эхэллээ, Сэргээгдэх эрчим хүчний ажилд хөрөнгө оруулах боллоо, Эрчим хүчний асуудлыг хөдөлгөж эхэллээ, Малчдын хоршоодод зээл өгч эхэллээ... гэх мэт олон ажил хөтөлбөрүүдийг эхлүүллээ” хэмээн ойлгож байв. Ардын намын энэхүү Бага Хурал Ардчилсан намыг хамтарсан Засгаас гаргах шийдвэр гаргажээ. Алдаатай шийдвэр байна.Үндэсний эв нэгдлээс ухарсан шийдвэр байна. Хуулийн үндэслэлгүй шийдвэр байна. Учир нь аравхан сарын өмнө ард түмний сонгуулиар МАН 54.0 хувь, АН 33.3 хувь, ХҮН нам 6.3 хувийн санал авч шинэ Улсын Их Хурлыг байгуулж, Эвслийн Засгийн Газар байгуулсан . Гэтэл наймхан сарын дотор эвсэл “цүнх бэлэгний хэрэг”-ээр задарч унана гэж үү. Ард түмний сонголтыг уландаа гишгээд одоо МАН дангаараа засаг байгуулна гэдэг нь ёс зүйд нийцнэ гэж үү. Анх Ардчилсан намтай хамтарсан эвслийн Засгийн газрыг Санжийн Баяр 2008 онд байгуулаад 6 жилийн турш хөдлөхгүй гацаад байсан Оюутолгойн төслийг хөдөлгөж амжилт гаргаж байсан юм шүү.


Дэлхий дахин энэ явдлыг сайшааж “Монголчууд хоорондоо эвсэн нэгдээд овоо ш дээ” хэмээн үнэлж байсан. Одоо тэгээд эвслийн Засгийн газар байгуулсан монголчууд эвсэхээ болиод дахиад л өөр хоорондоо сөрөг хүчин энэ тэр гээд хэрэлдэж тэмцэлдээд эхлэх юм уу. Сөрөг хүчин Монголд тохирохгүй.


Яагаад гэвэл сөрөг хүчин Монголд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, төрийн төсөл хөтөлбөрийг унагаж тасалдуулаад байдаг юм. Харин эвсэл байгуулагдвал төсөл хөтөлбөр нь хэрэгжих боломжтой болдог юм. Сошл ертөнцөөр Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнийг огцруулах гэнэ гэсэн шуугиан явж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг аль нэг нам, аль нэг жагсаал цуглаан шийддэггүй юм. Улсын Их Хурал шийддэг юм. Ерөнхий сайдыг эдүгээ огцруулах нь ямар ч хуулийн үндэслэлгүй юм. Саяхан гэнэт нэг өдөр Ерөнхий сайдын хүү найз охиндоо цүнх, бөгж бэлэглэж гэнэ гээд хар хүчний явуулгаар сошл ертөнцөөр баахан шуугисан. Учир мэдэхгүй залуус улс төржиж Ерөнхий сайдыг огцруулах ухааны юм болоод явчихав. Гэтэл Монгол улсын хуулинд Ерөнхий сайдын хүү найз охиндоо бэлэг өгвөл огцрох болно гэсэн заалт огт байхгүй ш дээ. Дээр нь нэмж хэлэхэд дөнгөж байгуулагдаад наймхан сар болж байгаа, хууль зөрчөөгүй, мөрөөрөө ажиллаж байгаа хамтарсан Засгийн газрыг огцруулах гэдэг байж боломгүй явдал. Учир нь нэгд, Засгийн газар хууль зөрчөөгүй, хоёрд, Сүүлийн 34 жил Монголын Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байлаа гэсэн харамсалтай явдлыг дахин давтах гэж үү. Ингэвэл Монголын Засгийн газрын нэр хүнд олон улсын тавцан дээр дахин навс унах юм биш үү. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун -Эрдэнийг огцруулна гэдэг нь ард түмний ой ухаанд нэг л бууж өгөхгүй байна. Авлигатай тэмцлээ, Олигархиудтай тэмцлээ, Улс орноо хөгжүүлэх алхам хийлээ, Мега төслүүдээ хөдөлгөлөө гэж огцруулах гээд байгаа юм уу? Авлигатай тэмцдэг, том мега төслөө хөдөлгөдөг, эвслийн засгаа байгуулж эрвийх дэрвийгээрээ улсынхаа төлөө зүтгэж явсан Ерөнхий сайдаа ямар ч хуулийн үндэслэлгүйгээр огцруулах нь зохистой гэж үү. Дөрөвхөн жилийн өмнө Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх нэгэн эмнэлгийн их эмч нярай хүүхэдтэй эх хүнийг өвлийн хүйтэнд таавчигтай, нимгэн хувцастай чигээр нь эмнэлгээс гаргасан гээд огцорч байсан. Ерөнхий сайд ийм юмнаас болж огцордоггүй юм ш дээ. Ямар ч хуулийн үндэслэл байхгүй. Тэр үед Эрүүл мэндийн сайд нь хариуцлага алдсан эмнэлгийн даргад арга хэмжээ авч, улс даяар эмнэлгийн үйлчилгээг сайжруулах ёстой байсан. Одоо тэгээд улс даяар эмнэлгийн үйлчилгээ сайжирсан уу? Хүмүүс эдүгээ Ерөнхий сайд Оюун- Эрдэнэ рүү хамаг бурууг чихэж байна. Хамтран зүтгэгчид нь хүртэл түүнээс нүүр буруулж ямар амархан урвадаг юм бэ дээ. Ширэнгэн ойн хууль үйлчлээд эхэлсэн бололтой. Ард түмнийг ялаа гэж хэлсэн гээд л Ерөнхий сайдаа гүтгэх юм. Ерөнхий сайд “Хууль бус хөрөнгийг хураах тухай хууль санаачилж гаргасанд олигархиуд бухимдаж элдэв жагсаал цуглааныг зохион байгуулж байна. Энэхүү хуулийн төслийг эсэргүүцсэн ялаануудад бууж өгөхгүй, эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн утгатай л үгийг хэлсэн ш дээ.


Ерөнхий сайдаар Л.Оюун Эрдэнэ үлдэж хамтарсан Засгийн газраа үргэлжлүүлэн тэргүүлэх юм бол 30 жил гацсан Мега төслүүд хэрэгжиж, олигархиудын хууль бусаар булаан авсан стратегийн ордуудыг улс мэдэлдээ авч, ард түмний амьдрал сайжрах ч байсан юм бил үү.


Л.Оюун- Эрдэнийг огцруулаад дараагийн хэн нэгэн олигархийг хамгаалагч хүн Ерөнхий сайд болвол яах бол? Баларч л таараа. Дараагийн Ерөнхий сайд олигархиудын мэдэлд алдсан "Цагаан суварга", “Нарийн сухайт”, "Алтан нар", "Хармагтай", "Төгрөг нуурын орд", "Хотгор шанага", "Ухаа худаг", “Мардай”, ”Төмөртэй”, “Бороогоулд”, “Бүрэнхаан”, ”Цайрт минерал” зэрэг стратегийн ордуудаа улсынхаа мэдэлд буцаан авч чадах юм уу? Баялгийн санг баяжуулж, ард иргэдээ баян чинээлэг болгож чадах юм уу?  Харин монголын төр 2018 онд Салхитын мөнгөний ордыг олигархиудад алддагийн даваан дээр улсад буцаан авч том гавьяа байгуулсан гэдгийг мартаж болохгүй. Ковид цар тахлын үед монголын төр засаг ард түмнээ цахилгаан, дулаан, банкны ззээлээс түр чөлөөлсөн гэдгийг ч мартаж болохгүй. Ардчилсан нам болон Хүн нам Засгийн бүрэлдэхүүнд орж хамтраад 14 Мега төслөө хэрэгжүүлэх боломж байсан юм. Одоо Ардчилсан намыг Засгаас хасаад сөрөг хүчин болгоод мега төслөө хэрэгжүүлнэ гэдэг үлгэр боллоо гэсэн үг. Одоо засгаас хөөгдсөн Ардчилсан нам мега төслийг хэрэгжүүлэх бүү хэл, эсэргүүцээд тээг болох нь мэдээж шүү дээ. Засгаас хөөгдсөний хариугаа авч л таараа. Сайн шатарчин хүн 5 нүүдлийн цаадахыг хардаг. Харин МАН гурван нүүдлийн цаадахыг ч харж чадсангүй.


Одоо тэгээд хэн Монголд багширсан олон асуудлыг шийдэх юм бэ? Зуун жил шийдээгүй асуудлыг дараагийн Ерөнхий сайд шийдэх юм уу? МАН дангаараа ганцаараа шийдэж чадах юм уу.


Нүүрсний 40 их наядын хулгайн хэргийг хэн эцэслэн шийдэх юм бэ? УИХ дээр хийх ёстой байсан Нүүрсний сонсголыг МАН одоо болтол хийлгэхгүй саатуулаад байгаа юм биш үү. Аж үйлдвэржилтийг хэн хийх юм бэ?


Ард түмний амьдралын түвшинг хэн дээшлүүлэх юм бэ?


Гучин жил элгээрээ хэвтсэн эдийн засгийг хэн сайжруулах юм бэ? Нефть, гангийн үйлдвэр, химийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, экспортын баримжаатай үйлдвэрийг барих асуудлыг хэн юм шийдэх юм бэ?


5-р цахилгаан станц барих, атомын цахилгаан станц барих, ураны үйлдвэр барих асуудлыг хэн шийдэх юм бэ?


Төмөр замаа цахилгаанжуулах, хоёр салаа болгох, суман галт тэрэгний хурдны зам барих асуудлыг хэн шийдэх юм бэ?Богд хан уулын төмөр замыг хэн барих юм бэ? Метрог хэн дуусгах юм бэ?


Бууны сумаа ч үйлдвэрлэж чадахгүй батлан хамгаалах салбараа хэн дээш нь татах юм бэ? Хэн аж үйлдвэрийн парк болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах юм бэ? 


Монгол улсын дотооодын нийт бүтээгдэхүүнийг 100 тэрбум ам.долларт хүргэх, 1 хүнд ногдох ДНБ-ийг 10 000 ам.долларт хүргэх, иргэдийнхээ цалинг 3000 ам.долларт хүргэх асуудлыг хэн шийдэх юм бэ? 


Хэн ард түмний нуруун дээрхи дааж давшгүй татварыг бууруулах юм бэ? Хэн яамд, төрийн албан хаагчдын тоог цөөлөх вэ? Их Хурлын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлээд ардчилал хөгжиж, авилгал буурч, амар сайхандаа жаргана гэсэн яасан бэ? 


Монголын хүн амын 33.0 хувийг эзэлсэн ядуучуудыг хэн ядуурлаас гаргах юм бэ? 


Олигархиудын хууль бусаар булаан авсан стратегийн ордууд, хууль бусаар олсон олон тэрбум долларын хөрөнгийг хэн хураах юм бэ?


Хэн баялгийн санг баяжуулж, ард түмнээ баян чинээлэг болгох юм бэ?


Олигархиудын хамаг том хэргүүдийг хэрэгсэхгүй болгож хаацайлдаг Шүүх засаглалыг хэн шударга болгох юм бэ? 


Хэн Засгийн газрын хорин санг хоосолж тоносон хулгайчдыг шийтгэх юм бэ?


Долларын ханш өдөр бүр чангарч, төгрөг цаас болсон энэ гажиг үзэгдлийг хэн зогсоох юм бэ? Хэн Монголд олигархиуд, авилгачид, хулгайч нарыг дарж улс орноо хөгжүүлэх юм бэ? 


Эцэст нь хэлэхэд хэн, ямар засгийн газар Үндсэн хуулинд заасан “Монгол улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийг байгуулах юм бэ? 


Улс орны энэ бүх амин чухал асуудлууд одоо болтол шийдэгдээгүй 100 жил болсон нь хэний буруу вэ? Ардын намын буруу юу, ардын засгийн буруу юу, ард түмний буруу юу?


Монголчууд бид улаантны харгис дарангуйлал дор далан жил тарчилсан. Одоо тэгээд "Илжиг модон худрагандаа " гэгчээр монголчууд бид олигархиудын дарангуйлал дор олон арван жил тийчлэх юм уу? Яасан зовж бардаггүй ард түмэн бэ? Яасан засардаггүй төр вэ? Яасан дуусдаггүй хулгай, дээрэм, авилгал вэ?


Доржийн СҮХБААТАР