sonin.mn
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Х ээлжийн батальон үүрэг гүйцэтгэж буй. Уг батальоны эмч, дэслэгч Ш.БҮДИЙГ  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан урьж ярилцлаа.
 
Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сониныг шимтэн уншдаг мөрдэс нэгт нөхдөдөө алс холын Африк тивээс мэндчилж, энэ өдрийн амрыг тань эрье. Миний алдрыг Шаравын Бүд гэдэг. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2013 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистрын зэрэгтэй. Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний эмнэл зүйн төвд мэдээгүйжүүлэг, цус трансфузиологи судлалын эмчээр ажилладаг. 
 
Анх онгоцноос буухад тань ямар сэтгэгдэл төрж байв? Энэ таны оролцож буй хэд дэх ажиллагаа вэ? 
 
-Би анх удаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Сурагч байхаасаа л “Цэнхэр дуулгатны эгнээнд багтаж дэлхийд данстай цэрэг болох юм сан” гэсэн гэгээхэн мөрөөдөлдөө хөтлөгдсөөр өнөөдөр зорьсондоо хүрчхээд цэргийнхээ сонинд энхийг сахиулагч бүсгүйчүүдээ төлөөлөн ярилцлагаа өгч байгаадаа туйлын их баяртай байна. 
 
БНӨСУ-д үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдаас үлгэр домог шиг олон сонин, содон яриа сонсож байсан. Мөн энэ газар, ажиллагааны талаарх телевизийн нэвтрүүлэг үзэж байсан учраас тодорхой төсөөлөлтэй хөл тавьсан. Анх онгоцноос буухад дотор давчдам бүгчим газар угтсан. Урт амьсгаа авах гэсэн ч чадаагүй. Тэр мөчид Монголын үнэртэй салхи гэж үнэхээр байдаг юм байна гэж бодогддог юм билээ. Бодит байдалтай бол хол зөрөөгүй.  
 
Өмнөд Суданд нөхцөл байдал ямар байна вэ? Танай баг ажиллагааны газар оронд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
 
-БНӨСУ-д хуурай улирал ид дундаа, хүн амын хөл хөдөлгөөн ихтэй байна. Цагийн байдал харьцангуй тогтвортой ч дэлхийг хамарсан цар тахлын үед ажиллаж байгаа тул илүү анхаарал шаардаж байна. Цэргийн багийн хувьд тус улсдаа хамгийн томд тооцогдох 100 мянга орчим хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуаран, НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах, ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хангахын сацуу байнгын байрлалаас 80 гаруй км-ийн зайд орших Маёом сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгээд хоёр сарын нүүр үзэж байна. 
Энэ хугацаанд бид НҮБ-ын цэрэг төдийгүй хүмүүнлэгийн тусламж сүүлийн 5-10 жилд хүрч очоогүй тийм газруудаар эргүүл, цувааны хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ. Үүнийг орон нутгийн иргэд төдийгүй НҮБ болон UNMISS ажиллагааны штабаас өндрөөр үнэлж байгаад баяртай байгаа.
 
Тантай хамт хэдэн эмэгтэй цэргийн албан хаагч очсон бэ? 
 
-Манай багт 53 бүсгүй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байна. Миний хувьд хамт ирсэн бүсгүйчүүдийнхээ цэргийн эрдэм, ухаанаас маш ихийг сурч, дотно сайхан найзууд болж байна. 
 
Үүрэг гүйцэтгэж байгаа газар тань бусад орны эмэгтэй цэргийн алба хаагч хэр олон байна вэ? 
 
-Ажиллагааны газар оронд олон орны бүсгүйчүүд үүрэг гүйцэтгэж байна. Харамсалтай нь цар тахалтай холбоотойгоор тэр бүр уулзаж ярилцах боломж хязгаарлагдмал байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд багийн ажиллагаа, цэргийн хэргийн мэдлэгээ илүү сайжруулж, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилтыг өмнөө тавьсан. 
 
 
 
Цэргийн хүн байхын давуу болон хэцүү тал юу вэ?
 
-Хүн бүрийн хүсээд орж чадахгүй албанд эмэгтэй хүн үүрэг гүйцэтгэх нь маш том бахархал, магадгүй бага зэрэг бардамнал байх. Төрийнхөө алтан соёмбыг тэргүүндээ залж, дүрэмт хувцсаа өмсөөд жагсаалдаа алхах нь үнэхээр сайхан. Цэрэг аав, эмч ээжийн охин хос мэргэжил, хоёр тангарагтай цэргийн бүсгүй болсондоо өөрөөрөө ихэд бахархдаг. Харин хэзээ л бол хэзээ тушаал аваад үүрэг гүйцэтгэхээр гэр бүлээ, үр хүүхдээ орхиод гарах нь ээж хүн, эхнэр хүний хувьд үнэхээр хэцүү санагддаг. 
 
Хүнд хэцүү газар оронд амьдарч байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг харахад юу бодогддог вэ? Танай багийн зүгээс хүүхэд эмэгтэйчүүд рүү чиглэсэн ямар тусламжийн ажиллагаа өрнүүлж байна вэ?
 
-Ядуу буурай орны иргэн болсон нь тэдний буруу биш ч гэлээ зарим үед үнэхээр сэтгэл шимширмээр дүр зурагтай таардаг. Амьдарч байгаа орчин нөхцөл, орон байр, хоол хүнс гээд бүгдийг бурхан мартсан гэлтэй санагддаг. Эх хүний хувьд хүүхдүүд нь бохир заваан нөхцөлд өсөж, хоол хүнсээр гачигдаж, сургуульд суралцаж чадахгүй, тэр бүү хэл 10-хан настай жаал хүү буу бариад явж байгааг харах өр өмөрмөөр байдаг. 
 
Өмнөх энхийг сахиулагчдын жишээнээс харахад эх орноо хайрлах сэтгэл илүү батаждаг шиг санагддаг. Эх орон, тусгаар тогтнолын тухай таны бодол юу вэ?
 
-Монгол хүн ямар ч айх айдасгүй, эргэлзэх зүйлгүйгээр уудам хөх тэнгэрийн дор амар амгалан аж төрж байна. Нүдээ аниад эх орноо бодоход зүйрлэмгүй тансаг мэдрэмж төрдөг. “Бид ямар их хувь заяагаар  Монголынхоо газар шороон дээрээ хүн болж төрөө вэ” гэж бодож тайтгардгаа нуух юун.
 
Эх орныхоо өглөө, үүрэг гүйцэтгэж байгаа орон хоёрынхоо өглөөг нэг харьцуулаач. Харьж очоод хамгийн түрүүнд юу хийнэ гэж төлөвлөж байна вэ?
 
-Гэртээ өглөө сэрээд хөшгөө нээхэд цэлмэг хөх тэнгэр, цэнгэг агаар, алтан шаргал наран мэлтийж, тэртээ уулсын орой суунаглан харагдах нь хэчнээн их тэнүүн уужим билээ. Хүний нутаг их л давчуу санагддаг. Монгол хүн өөрөө байгаль дэлхийтэйгээ их ойрхон амьдардаг. Гэтэл үүрэг гүйцэтгэж байгаа газар орны онцлог нь уул нурууд байдаггүй. Тиймээс Монголд очоод хамгийн эхэнд гэр бүлээрээ ууланд алхана даа. 
 
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тэмдэглэх нь. Монголд байхдаа баяраа хэрхэн тэмдэглэдэг байсан бэ? 
 
-Урьд өмнө нь шинэ жил, цагаан сар гээд олон баярыг гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Энэ удаад +50 хэмийн халуунд, олон эрчүүд дунд 50-аад эмэгтэй баяраа тэмдэглэж байгаа нь их сонин содон тохиол болж байна. Ингээд тун удахгүй тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хамтран үүрэг гүйцэтгэж буй батальоны бүсгүйчүүддээ болон Цэргийн төв эмнэлгийн хамт олондоо өргөн дэвшүүлье. Та бүгдийн үйлс өөдөө, үргэлж инээмсэглэж явахыг хүсье.
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин