sonin.mn
Сүүлийн үед намайг: “Чи муу хөлсний бичээч ганцхан Сү-гийн офшорыг ухаад Баттулгынхаа оффшор, төмөр зам хоёрыг ухсангүй”, “Адгийн муу хоёр нүүртэй новш”, “Чи тийм л мундаг судлаач юм бол Баттулгынхаа офшорыг ухаад бичээч”, “Чадахгүй ш дээ, чи муу шаар” гэж бараг жил шахам харааж байна. Үүнийг Сү туучий болон МАН-ынхан хийж байгааг би дэндүү сайн мэднэ. Арга нь нарийн бөгөөд зэвүүн. Түймрийн өөдөөс зурвас татаж гал унтраадагтай яг адил. Сү туучийн талынхан адилхан англи бичигтэй цаас, адилхан баримт үзүүлээд загнаад хэрэлдээд байхаар үүнд нь хариулах тун хэцүү. Манай олон нийт ч толгой нь эргэж гүйцэв. Зүйрлэвэл: “Адилдаа адил, годилдоо годил адилхан хулгайч ш дээ, еэ еэ, бөө вөө…” Ингээд эдгээр ноцтой асуудал хүүхэд нохойн тоглоом болж хувирав. Одоо энэ талаар бичиж хариу өгөх цаг болсон гэж бодож байна…
 
Дэлхийн офшорын товч түүх
 
Дашрамд оффшор, офшор гэж бүх дэлхий даяараа хоёр янз бичдэг учраас монгол хүний “залхуу” зангаар цаашдаа “офшор” гэж байхаар шийдэв.
Энэ талаар ярих хүмүүс “эрт урьдын цагт” гээд википедиагаас авсан үүх түүх яриад эхэлдэг. Эдүгээ офшорын “эрт урьдын” түүх гадаадын болон монголын сайтуудад пиг дүүрэн байгаа. Гэвч энэ нь монгол баагийд тун залхуутай, ядаргаатай ажил юм. 
Офшорыг татвараас зугтсан баагийнууд 1950-иад онд бий болгожээ. Эхэндээ гэм халгүй мэт, хор хохирол нь ноцтой аюул учруулахааргүй байж. Ингээд “мэдсэн ч биш, мэдээгүй ч биш” яваад байж. Энэ чинь АНУ болон Баруунд үүссэн “эд” байгаа юм. Тэгтэл 1990-ээд оноос ЗХУ болон социалист систем задарснаар бултуулж, зугтаалгаж, дураараа идэж ууж болох сул чөлөөтэй мөнгө, хөрөнгө “хязгааргүй” их хэмжээгээр гарч иржээ. Ингээд Баруун, Зүүний хулгайч нар нэгдэж нийлэх үйл явц жам ёсоороо болжээ. Тодруулбал, Барууны татвараас зугтдаг “уламжлалт” баагийнууд, социалист системийн эд баялгийг хууль бусаар өмчлөх гэсэн “шинэ” баагийнууд нийлж байгаад нөгөө офшорын нянг чинь коронавирус болтол нь өсгөөд, сүүлдээ энэ нь цар тахал болж, дэлхийн эдийн засагт аюул занал учруулж эхэлжээ.
Дэлхий дахин аль дивангалавын 1950-иад онд үүссэн оффшорын асуудлыг хэзээ хойно дөнгөж саяхнаас ярьж шуугиж эхэлжээ. Хамгийн эхлээд 1989 онд Парижад болсон Их Наймын уулзалтаар Мөнгө угаахын эсрэг Санхүүгийн Бүлэг буюу монголчуудын “хар жагсаалт гаргадаг” гэдгээр нь сайн мэдэх FATF-ыг байгуулжээ. Гэвч FATF эхэн үедээ өөрийнхөө дотоод дахь мөнгө угаалтыг илүү анхаарч, оффшорын мөнгө угаалтыг сул анхаарч байжээ. Харин одоо бол өөр болсон шүү.   
Улмаар 2012 онд Их 20-ийн уулзалт дээр энэ асуудлыг анх удаа албан ёсоор тавьжээ. Улмаар 2013 оноос эхлэн Эдийн засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн Байгууллага (OECD) Татварын баазыг угаах, татвар авахаас ашиг зугтуулахтай тэмцэх төлөвлөгөө боловсруулж санал нэгтэй баталжээ.
 
Офшор ил болж эхлэв
 
Нэгэнт олон улсад тэмцэж эхэлсэн болохоор энэ ажлыг хийх байгууллага, хүмүүс тэр дороо гараад ирж. 2013 онд офшорт бүртгэлтэй компанийн эздийг илчилсэн мэдээлэл гарч эхлэв. Энэ нь зоригтон бол эдүгээ Британийн шоронд ял эдэлж буй Wikileaks сайт, түүнийг үндэслэгч Жулиан Ассанж билээ. Энэ дуулиант хэрэг дэлхий дахинаа “Wikileaks–Offshore_Leaks” гэж алдаршсан билээ.
 
 
 
Ассанж баагий 140 орны 130.000 хувь хүн, 120.000 “шуудангийн хайрцаг-фирм” буюу офшор компанийн нэрсийг зарлаад хаяжээ. Дэлхий дахин хэр их ялзарснаа анх удаа мэдэж бөөн дуулиан шуугиан дэгдсэнийг монголчууд бид мэднэ.
 
 
 
Үүний дараа 2016.04.03-нд “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Холбоо” байгууллага офшорт данстай 11.5 сая баримтыг илчлээд хаях нь тэр. Эдгээр баримтыг Панамын “Mossack Fonseca” компанийн мэдээллээс авсан тул “Панамын баримт бичиг” гэж алдаршжээ. Энэ баримт ил болсны дараагаас том улс төрийн завааруулах, замхруулах тоглолт эхэлжээ. Бие биенээ “офшорчин” гэж зарлах явдал моод болов. Үүнд: В.Путин, Ши Цинпин, Порошенко, Эрдоган г.м. холбогдохгүй хүн бараг алга болов. Хэрэв энэ хөөсийг хасвал Панамын баримт маш олон гэмт этгээдийг илрүүлж, офшортой хийх дэлхий дахины тэмцлийг эхлүүлж чаджээ.
Үүнээс хойш олон улсын түвшинд ч, тухайлсан орны түвшинд ч офшортой тэмцэх ажил идэвхижиж, офшорын эсрэг “үй түмэн” байгууллага бий болжээ. Эдгээр байгууллагын жагсаалтыг нетээс хайхад хялбархан олдоно.
 
Монгол офшор 
 
Монголчууд Панамын баримт гарсан 2016 он хүртэл офшорын тухай мэдэх нь бүү хэл, офшор гэдэг үгийг ч сонсоогүй явж ирсэн нь хөдөлшгүй баримт юм. Манайхан Викилаксын мэдээллээр нэг хэсэг шуугисан боловч түүний улс төрийн талыг илүү сонирхоод офшорын талыг нь үлдээчихсэн юм.
Харин 2016 оны Панамын баримтаар анхаарч эхлэв. Учир нь тэнд монгол баагийнуудын нэр гараад ирэх нь тэр. 1 биш, 2 биш, 10 биш, бүхэл бүтэн 49 хулгайч офшорч баагийн нэр дурайтал гараад ирэхээр чинь анхаарч л таараа…
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн таарсныг хэлэх үү, монголын улс төрчид бие биенээ ёстойгоосоо балбаж эхлэв. Ухаан санаагаа солиортол балбалдав. Мэдээж монголын онцлог нөлөөлж офшорын асуудал марзан бөгөөд заваан хэлбэрт оров. Учир юу гэвэл өөрийнхөө офшорчныг “хасчихаад” нөгөө нөгөө намын офшорчныг газар дор ортол балбах хөдөлгөөн өрнөв. Захиалгат болон захиалгагүй клип, нэвтрүүлэг тоогоо алдав. Монголчууд аливаа юмыг “уран сайхны” хэлбэрт оруулахдаа гарамгай учраас дуу, шүлэг хүртэл гаргав. Одоо жүжиг, дуурь, балет гурав л л үлдэж байна…
Энэ ч яах аргагүй монгол зан байгаа юм. Сүүлдээ дургүйгээ хүрсэн улс төрчийг оффорчин гэж зарлан баалах бүх нийтийн уралдаан эхлэв. Нэг удаа “манай муу” Г.Уянгыг хүртэл офшорчин болгочихсон ч байх шиг. Үйлтэй амьтан шүү. Харин А.Баатархуяг бид хоёр сохор азаар “эсэн мэнд” үлдсэн юм…
“МАН бол 20, 30, 40, 50, 60 офшорчинтой, тэгэхэд манай АН бол ердөө л 2, 3, 4, 5, 6 офшорчинтой.” Өөдөөс нь: “Үгүй ээ. АН, МАН хоёр “яг тэнцүү” тооны офшорчинтой” г.м.
Гачлантай нь энэ тоо байнга өөрчлөгдөнө, хэн нь хэнийгээ, хэзээ “алах” гэж байгаагаас хамаараад офшорчдын “нэрсийн жагсаалт” байнга хөдөлнө. Үүнийг дагалдуулаад ТББ, хөдөлгөөнүүдийг турхирч жагсаал, цуглаан, өргөх бичигтээ хүрнэ. Би л лав тоог нь алдаж. Энэ тэнэг бөгөөд марзан үзэгдэл одоо ч үргэлжилсээр…
Сүүлдээ намайг “үхснээ хийгээд зүгээр суугаад байгаам”, “энийг ч ух, тэрийг ч илчил” гэж загнах болов. Зарим нь бүр “нэрсийн жагсаалт” барьчихсан над дээр зорьж ирнэ. “Чи, энэ хэдийг л нэг сайн ухаад өгөөч” гэж “захиална” шүү дээ…
 
 
Хаашаа юм, хэн нэгэн “тэмцэгч” баагийн “тушаал”, “захиалгын” дагуу би гол ажлыг нь хийж,  илчилсний дараа мань тэмцэгч баагий миний бэлэн материалыг барьчихаад офшорчидтой үзэж тарах юм гэнэ. Хуцваа л байна. Энийг нь хийхгүй болохоор намайг харааж зүхэж эхэлнэ. “Оффорчдыг хаацайлсан”, “алагчилж үзсэн” г.м…      
 
Офшорын монгол ойлголт
 
Татвараас зугтсан монгол баагий офшор бүсэд данс нээж, хамаг мөнгөө тэндээ аваачаад хав дарчихдаг гэж олон монгол “ойлгодог.” Ийм тэнэг юм гэж байхгүй л дээ…
Мөнгөө эргэлдүүлж, байнгын ашиг олж байх нь аль ч үндэстний хөрөнгөтний гол бөгөөд мөнхийн зорилт, төрөлх араншин байдаг.
Офшор байгууллагууд дараах үндсэн хэлбэртэй: офшоркомпани, офшор банк, офшор траст буюу итгэмжилсэн өмч, офшор даатгалын компани, трансфер (өмчийг зувчуулах) үнэ бүрдүүлэх зэрэг байдаг. Удаа нь эдгээр байгууллагууд луйврын үй түмэн бүдүүвч (схем) ашигладаг. Барилгын, үйлдвэрийн, тээврийн, үйлчилгээ үзүүлэх, хагас жилийн зээл, роялтийн төлбөр, шинэ үйлдвэр бүртгүүлэх, 100% урьдчилж төлөх, офшор компаниар дамжуулан түүхий эд нийлүүлэх луйвар зэрэг үй түмэн бүдүүвч, заль мэхтэй. Харин энэндээ тулаад ирэхээр үйлтэйгээрээ би л судална уу гэхээс офшортой “тэмцэгчид” шагайж харах ч үгүй. “Тэмцэл” хийх жигтэйхэн дуртай атлаа хамаг ажлаа надаар хийлгүүлэх гэж зүтгэнэ…  
 
Монголын офшорын эсрэг тэмцэл хийгээд түүний эсрэг тэмцэл      
 
Монголчууд оффшорын талаар Панамын баримт гарсны дараа буюу 2016 оны 4-р сараас мэдэж эхэлсэн гэдгийг дээр дурдсан. Үүнд манайхан ихэд цочирдож, үймэн бужигнаж эхэлсэн нь сонгуулийн үр дүн яаж ч эргүүлж мэдэх аюул нүүрлэв. Ингээд нүглийн нүдийг гурилаар хуурахаар шийдэв. Ард түмэнд болохоор “Офшорын эсрэг хууль” гэсэн жигтэйхэн сүртэй нэр ярьж сүржигнэнэ. Нидэр дээрээ: “Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ нь 2017.04.13 байлаа.
 
 
 
Яаж завхруулсан нь үнэн шог. Панамын баримтад ил тод зарлагдсан нэр бүхий 49 баагийг шалгахын оронд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 38,9 мянган төрийн албан хаагчийг шалгахаар болж, мөн тэднийг офшорт данс нээхийг хориглож, хэрэв офшорт мөнгө нуусан бол 30 хоногийн дотор АТГ-т мэдээлэх тухай хууль юм. Би эхлээд “толгой нь хамуурсан тэнэг лаларууд” гэж бодож байсан боловч энэ нь офшорын заль мэхээ нуун далдлах арчаагаа алдсан новшийн арга байжээ…
 
 
 
 
Нэр ус нь ил тод 49 баагийн оронд төрийн албаны 38,9 мянган албан хаагчийг бүгдийг нь шалгахаар болж офшортой тэмцэх асуудал нохойн замаар оров. МАН офшортой тэмцэхгүй гэдгээ энэ новшийн хуулиараа бүрэн баталгаажуулсан юм. Ард иргэд “ашгүй дээ, офшорын эсрэг хууль баталчихаж” гэхээс өөр анзаарч байгаа хэн ч байсангүй. Харин судлаач хүн бол мэдээж анзаарна, анхаарна. Энэ заваан хуулиас хойш би офшорын луйвар бол бүхэлдээ МАН-ын мөнгө юм байна гэдэг ажлын таамаглал (прогноз) дэвшүүлж, шалгаж эхэлсэн маань удалгүй зөвдсөн юм…
Ингээд УИХ-ын сонгуулиар офшороор нэг сайн зодолдож, хулхи хууль гаргаж аваад санаа амрав. УИХ-ын сонгуулийн дараа офшорын асуудал намжиж, таг чиг болов. Энэ ч угаасаа ойлгомжтой…
 
Х.Баттулгын тэмцэл
 
Үүнээс жил орчмын дараа буюу 2017 оноос Х.Баттулга офшорын асуудлыг хөндөн тавьж “офшорын мөнгийг оруулж ирнэ” гэв. Үүнийг олон хүн сонгуулийн пиар гэж ойлгосон нь мэдээж.
Гэвч үгүй юм. Офшорын мөнгийг оруулж ирэх гэж Х.Баттулга шиг олон жил хичээн зүтгэсэн төрийн зүтгэлтэн байхгүй гэдгийг би бүх баримтаар нотолж чадна.
2017.07.20-нд буюу Ерөнхийлөгч болсныхоо “маргааш” АНУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Замдал Галтыг хүлээн авч офшор бүсэд байгаа Монголын мөнгөн хэрэгслийг буцааж авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.   
2017.07.25. Х. Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргав.   
2019.07.29. Х.Баттулга АНУ айлчлалынхаа явцад Д.Трамптай уулзсанаас гадна АНУ-ын Ерөнхий Прокурор Вилльям Барр болон хууль тогтоох байгууллагын төлөөлөгчтэй уулзаж оффшорын асуудлыг хөндөж нааштай хариу авав. Чингэхдээ МУ-ын прокурорыг дагуулан явж, нэн тодорхой тохиролцоонд хүрэв. 
Тэр алдарт тохиролцоо энэ байна: АНУ-ын тал НҮБ-ын Авилгын эсрэг тэмцэх Конвенцийн дагуу офшорт мөнгөн хөрөнгөө нуусан Монголын иргэдийн талаар болон Монголын эдийн засагт америкийн “бохир мөнгө”-өөр хийсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө оруулалтын талаарх бүх мэдээллийг ямар ч хүнд сурталгүй, аливаа саад тотгоргүй өгөх үүрэг хүлээнэ.
 
Х.Баттулга улмаар УИХ, ЗГ-т 5-6 удаа хэлж шаардаж уриалга гаргаж, иргэдэд энэ талаар цуцалтгүй ярьж, тайлбарлаж  уриалав. Ярилцлага, сурвалжлага, тайлбар тоогоо алдсан.
Ганц хүн үүнээс илүү юу хийх ёстой юм ?! Өөрөө офшорт баахан мөнгө нуучихаад энэ хөрөнгийг маань хураагаад өгөөд гэж гадаад, дотоодгүй олон жил давхидаг, байн байн уриалдаг тэнэг хүн гэж байдаг юм уу ?! Би бол хорвоо ертөнцөд байхгүй гэж бодож байна…
 
Өөдөөс нь МАН-ын засаг төр
 
Монголын засаг төр өөдөөс нь юу гэсэн гэж санана. Мартчихсан бол сануулаад өгье:
Г.Занданшатар: Авилгын эсрэг хууль гаргачихсан. Энэ чиглэлээр ажиллаж байна.
У.Хүрэлсүх: Би шалгах ёстой хүмүүсээ шалгаж, гэмт хэрэгтэй тэмцэнэ.
Офшорын эсрэг тэмцлийн “анти” тэмцлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар манлайлан удирдах болов:  
Ч.Хүрэлбаатар: Офшороос ганц ч төгрөг орж ирээгүй, Шалгаад үзсэн ч болно. Ерөнхийлөгч худлаа сүржигнэж байна.   
Х.Нямбаатар: Хувийн өмчид хамаагүй халдаж болохгүй, ХОМ-ийн маягтыг шинэчилнэ. ҮХ-д заасан хүний эрхийн асуудал гэж бий. Офшортой холбоотой асуудалд хязгаарлалт тогтоохгүй бол болохгүй байгаа.
 
 
 
Эдгээр хоосон чалчаа яриаг нийлүүлбэл МАН-ын төр засаг офшор болон авилгатай тэмцэхгүй гэж ил тод хэлжээ гэх гарцаагүй дүгнэлт гарна. Ийм новшийн төр засгаас юу ч хүлээх хэрэггүй…
 
 
 
Баттулгын “офшор” болон Сү туучийн офшор
 
Одоо гол зүйл рүүгээ оръё. Харин алинаас нь эхэлдэг юм бил ээ ?! Бүх хүн сонирхоод байгаа болохоор Жонхуугаасаа эхэлье…
2017 оны үеэр Х.Баттулгын офшорын асуудал мандав. “Пүхх, пахх”, “Яг л ийм байж таарна”, “Өөдгүй новш”, өөр юу юу ч билээ, “муу” Жонхууг балбаж өгөв. Тэр мэдээлэл дараах агуулгатай:
 
 
 
“Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд 1.0 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр бүртгүүлсэн “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн талаарх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө Сингапурын Засгийн газрын албан ёсны бүртгэлийн байгууллагын сайтад байршсаныг ил ол болгосон. Тэгвэл түүнтэй холбоотой өөр хэд хэдэн оффшор компанийн талаар мэдээлэл уг цахим хуудаст байна. Тодруулбал, эдгээр мэдээлэл нь Сингапурын Засгийн газрын бүртгэлийн байгууллагын http://www.acra.gov.sg цахим хуудаст нийтэд нээлттэй байна.” 
 
 
 
Энэ мэдээлэл 2017 оны үеээс гарч, өсөж хөөсөрч томорсоор одоо болтол үргэлжилж байна. Зөвхөн өнгө зүс нь өөрчлөгдөж байгаа. Ингээд Сергей Михалковын “Ялаа яагаад заан болсон бэ ?” гэдэг хүүхдийн зохиол шиг юм болов. Энэ бол Сү туучийн аргаа барсан, арчаагүй, бузар гүтгэлгээс өөр зүйл биш юм. 
Үнэнээ хэлэхэд би ч гэсэн Женког чамгүй хардаж байв. Ингээд би үүнийг ухаж үзсэн, ухах ухахдаа судлаачийн няхуур зангаар их удаан ухсан. Гэвч юу ч гарсангүй. Энийгээ хэлээд хаясан чинь “худлаа шаагаад л…”, “яг харагдаач…”, “Жонхуугаа өмөөрөх гэж ядчих юм, муу шаар чинь…” Өөр юу ч билээ, нетээр дүүрэн хараал, зүхэл, шаардлага байгаа юм чинь би юугаа нэмэхэв дээ…
Тогтож хайрла, Эрхэмүүд ээ. Сингапурын офшор бүс гэж дэлхийд байдаггүй юм. Тодруулбал, олон улсад зарласан 50 орчим офшор бүс, манайд зарласан 42 улсын жагсаалтад Сингапурын офшор бүс гэж ор тас байхгүй. Өөрөөр хэлбэл Сингапур офшор бүс биш. Тэгээд ч энд дурсан сайт нь Сингапурын ЗГ-ийн аж ахуйн нэгжийг бүртгэсэн жирийн, хэн бүхэнд нээлттэй сайт. Би офшорт нуусан мөнгө хөрөнгө, түүний эздийг хайж байгаа болохоос дэлхийн энд тэндээс “бүх” монголчуудын эд хөрөнгийг бүртгэх, ил болгох үүрэг надад байхгүй, тэгээд ч энэ бол ганц хүний хүчрэх ажил биш…     
Судлаач миний дэргэд оффшор бүсэд бүртгэлтэй нь тов тодорхой 49 баагийн хэрэг бэв бэлэн байгааг гүйцэд судлаагүй хэвтэж офшоргүй бүсээс монголын мөнгийг хайж явах ёстой юу ?! Лай л байна. Би ямар нисдэг бор морь, нисдэггүй бор морь хоёрыг солиод алчихдаг Болдоггүй бор өвгөн байгаа биш…  
Хэн нэгний өмнө Сү туучийн офшор бүсэд байгаа нь ил болсон 57.1 сая $ буюу 159.8 тэрбум төгрөгийн гэмт хэрэг, нөгөө талд нь Х.Баттулгын офшор бус улсад байгаа 1 сая $-ийн хэрэг байгаа гэж саная. Эрүүл ухаантай хүн бол мэдээж Сү туучийн хэргийг ухаж таарна. Харин судлаач Ганаа бол ухаж болохгүй юм гэнэ. Хуц, солиор, балайр…
 
 
 
Ингээд л би Х.Баттулгыг цааш нь ухаагүй юм. Байхгүй юмыг зохиож ярих эрх надад байхгүй. Одоо ойлгомжтой гэж санана. Дуртай юм бол өөрсдөө ухаад юм олж долоогоорой. Ёстой  харагдаач…
 
 
 
Харин Сү туучийн гэмт хэрэг тов тодорхой. Үүнийг надаас гадна Б.Отгон, Л.Мөнхбаясгалан, Г.Уянга, А.Баатархуяг, Б.Бундхорол нарын бусад олон хүн ямар ч хөдөлбөргүй баримтаар илчилсэн. Гэтэл бүгдээрээ “хөлсний бичээч”, “гүтгэгч” нэр зүүчихэв. Үнэхээр тэгж их гүтгүүлээд байгаа юм бол тэр шүүхдээ өг л дөө. Бидэнд шүүхэд авч очоод үзүүлэх хангалттай баримт байгаа…
Харин Сү туучийд ямар ч баримт байхгүй. Яахав, “Сингапурынхаа баримтыг” аваад шүүхэд өгч болно ш дээ. Ингэвэл дэлхий дахинд болон Монголд шоолуулж шившгээ хутгахаас өөр ямар ч үр дүнд хүрэхгүй…
Бид л Сү туучийн мөнгө гэж яриад байгаа болохоос үнэн хэрэг дээрээ энэ нь МАН-ын удирдагч 49 баагийн офшорт нуусан асар их мөнгө юм. Энэ бол монголын ард түмний өмч гэдэг нь эргэлзээгүй.      
“Хэрэв офшороос миний гэсэн мөнгө олдог юм бол тэрийгээ Та нар авчраад өөрсдөө хуваагаад аваарай.”  Хэрэв санаж байвал энэ үгийг Х.Баттулга бүх ард түмний өмнө ТВ-ээр ам бардам хэлсэн юм. Харин Сү туучийн амнаас ийм үг гарахыг хүлээж горьдсоны хэрэггүй. Учир нь тэр ингэж ам бардам хэлж чадахгүй. Учир нь тэр сонгодог офшорчин, иймээс гэмт хэрэгтэн…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
 
2021 оны 04 дүгээр сарын 14.