сонин mn
С.Зориг амьд байсан бол 60 ч хүрээгүй байх байж шүү дээ. Дөнгөж 36хан насандаа алуулжээ. Энэ хэргийн талаар олон ч хүний яриаг сонсож байлаа. Маш дотнын нэг хүний нь яриаг сонсоод бие цаанаасаа арзайн, ёстой нэг шар үс босож билээ. Биеийнхээ энэ реакцийг мэдрээд би өөрөө маш их гайхсан. Тэгээд жинхэнэ үнэнийг цаанаасаа ингэж мэдрүүлдэг юм болов уу гэж бодож байлаа. 
Үүнийг надад ярьсан бүсгүй С.Зоригтой дотно найз. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын дотно харилцаа биш, зүгээр л найзууд. Тэр өдөр Тэрэлжид томоохон арга хэмжээ зохиогоод тэндээ хонох ёстой байжээ.
 
 
 
Амралтын өрөөнд байж байтал гэнэт царай нь зэвхий цайсан нэг нөхөр давхин орж ирээд “Хүүе та нар радио сонсов уу? Зориг алуулчихлаа гээд хөгжим яваад байна шүү дээ” гэв. Тэр үед гар утас одоогийнх шиг элбэг байсан биш, ЗГ хуралдаж байж, хүн цохивол үхчихмээр хүнд, бүдүүн хар Нокиаг ерөнхий сайд М.Энхсайханд авч өгөөд удаагүй байсан цаг. Хот руу хэл авалцах гэж бөөн юм болж  байж энэ мэдээ үнэн болохыг мэдэж, хүмүүс тэндээ хонолгүй Улаанбаатар руу хөдөлцгөөжээ. 
 
 
 
Энэ түүхийг надад яригч бүсгүй гэрээрээ орж хувцсаа солиод үүр цайгаад удаагүй, өглөөний 6 цагийн хавьцаа С.Зоригийн гэрт явж оржээ. Аймшигт гэмт хэрэг гараад бүтэн арван цаг ч болоогүй тул ямар гээч нүд хальтрам нөхцөл байдал дунд явж орохоо төсөөлж чадахгүй гэрт нь орсон бүсгүйн нүд орой дээрээ гарч гайхжээ. Гэрийнхээ ханын цаасыг /обойг/ тэр чигээр нь сольчихсон байв. Өдөр бүр шахам гэрээр нь орж гарч, өглөөний цайгаа олон удаа тэр гэрт уусан найз нь бүр гайхаж хоцроод “Булгаан, чи яаж... Гэмт хэргийн ул мөрийг ингэж болдог юм уу?!” гэтэл “Харин тиймээ, найз нөхөд нь ирэх юм чинь гэж бодоод л сольчихлоо” гэжээ. “Урьд орой нь гэмт хэрэг болсон, өглөө үүрээр ирэхэд обой сольсон! Барилгын материалын дэлгүүр, ханын цаас, цавуу, наах хүн... үхлийн хажуугаар ийм юм байж болдог л юм байх даа...” Үнэхээр их гайхсан ч ийм яриаг үргэлжлүүлэлтэй биш дээ, гэрийн даамлын ажилдаа шаргуу орж явчихжээ. 
Хүн үхчихсэн... Бөөн уй гашуу... Обой солих тухай санаа төрөх! Сонин шүү! 
Найзынхаа хөшөөг хийх учиртай, гадаадад элчин сайдын яаманд ажиллаж байсан уран барималч найз Б.Дэнзэн нь гадаадаас ярьж оршуулахаас өмнө, болж өгвөл цогцос нь хөрж хөшихөөс өмнө  биеийн бодат хэмжээг шарилаас нь авах хэрэгтэйг хэлжээ. Бүтэн биеэс хэмжээ авах мэргэжлийн нарийн ажлыг гүйцэтгэхээр Урчуудын эвлэлийн хоёр барималч иржээ. Гэрийн даамлаар ажиллах болсон мөнөөх бүсгүй газар руу явж найзтайгаа салах ёс хийх боломжгүй тул шарил хадгалах газар найзтайгаа салах ёс хийе гэж бодоод хоёр барималчийн хамт морг руу явж оров. Мөн л өөрийн эрхгүй нулимс нь садарч гарсан гэдэг. Нүүр, биеийг нь тэр чигээр нь хутгаар сийчээд сийчээд хаячихсан байх нь тэр. “Бид Зоригийг ингэж алсан” гэж гарч ирээд, яаж алснаа видео бичлэг хийж үзүүлээд байгаа үзүүлэн тоглолттой огт таарахгүй байгаа биз...?!
 
 
 
Харин хоёр барималч юу ч болоогүй мэт биеийн өндөр, толгойн тойрог, хөлийн ул, тэр байтугай хурууны үеийн хэмжээ... юу ч үлдээлгүй нарийн нягт хэмжин, сэтгэл хөдлөлгүй ажлаа хийж байлаа. Бүсгүйд найзын нь юу ч үгүй сийчүүлсэн нүүр одоо ч харагдаж, энэ хэргийн талаар асуудал яригдах бүр шарх нь сэдэрдэг. 
 
 
 
Бүсгүй энэ бүхнийг цагдаа, тагнуулд нэгд нэггүй мэдээлсэн. Одоо С.Зоригийн хэргийг нууцаас гаргавал хамгийн түрүүнд миний мэдүүлэг бүрэн бүтнээрээ байгаа эсэхийг шалгаж үзнэ гэж байна лээ. Ажил явдал хоёр тусдаа газар болсон, нэг хэсэг нь Булганыд харин нөгөө нь Доржпалам гуайнд. 5000 төгрөг цуглуулсан хэсэг нөхөд гэрийн даамал руу утастаж “Цуглуулсан мөнгөө хаана, хэнд нь өгөх болж байна аа? гэж учрыг нь олохгүй асууж байсан гэдэг. Бас оршуулаагүй байхад нь “Зориг” сангийн дүрмийг захиалгаар бичүүлчихсэн байсан гэдэг шүү. Үнэхээр хачирхалтай!  
Бүүр ч аймаар юм зөндөө л сонссон, ямар ч байсан баримт гэрчтэй нь бичиж үлдээнэ дээ...
 
 
УИХ-ын гишүүн асан Г.Уянга