sonin.mn
- Хүн хөгширдөггүй юм байна
- Нас бол зүгээр л цифр тоо
 
Хэдэн сарын өмнө жолооны үнэмлэхээ сунгуулахаар суугаа хотынхоо тээврийн бүртгэлийн газарт ирэв. Урьдчилж цаг аваагүй байсан учир багагүй хүлээсний эцэст миний ээлж ирж, дуудсан цонх руу очлоо. Бүртгэлийн ажилтан харааны зузаан шилтэй, хөдөлгөөн удаантай боловч няхуур, чамбайдуу байрын нас тогтсон ах байв. 
Тэрээр миний бичиг баримтыг их л хянамгай үзэж, компьютерт үсэг нэг бүрчлэн тулгаж оруулна. Түүнийг ажиглатал үл ялиг сандарсан мэт санагдсан тул тайвшруулах гээд ойр зуур энгийн яриа өрнүүлэв. Гэтэл яасан гээч. Тэрээр 73 настай гэх бөгөөд тэр өдөр түүний ажлын эхний өдөр байж таарлаа. 
Үнэхээр их гайхсан ч түүнээс илүүтэй бахархалтай санагдсан. Гаднаас нь анх хараад хэн ч 73-тай гэхээргүй, би ч бас тэгж бодсон, тиймдээ ч бахархсан.
 
Хэрэв Монголд байсан бол 73 настай хүнийг төрийн байгууллагад шинэ ажилтнаар авах байсан болов уу гэх хариулт нь нэн тодорхой асуултыг өөрөөсөө асуугаад өнгөрч билээ. 
 
Дэлхийн II дайны дараа Америкийн төрөлт, хүн ам огцом нэмэгдсэнээр тухайн үед төрсөн хүмүүс одоо цагт тэтгэврийн насан дээр ирээд байгаа. Хэдийгээр хүн амд эзлэх ахмад настны тоо өндөр ч ажил олгогчдын зүгээс ахмад ажилтнуудаа тэтгэвэрт гарахыг огт шаарддаггүй нь энэ улсын нэг онцлог.
Нэг ёсондоо тухайн ажлыг хэвийн гүйцэтгэж чадаж байгаа л бол ажлаа хүссэн хугацаа хүртлээ үргэлжлүүлэх боломжийг олгодог. Сүүлийн үед компаниуд настай хүмүүсийг илүүтэй ажилд авах хандлагатай болсон, АНУ-д. Учир нь нас тогтсон хүмүүс ажил, амьдралын арвин туршлагатайгаас гадна тогтвор суурьшилтай, бас үнэнч ажилладаг гэж үздэг аж. Манайхны хэлдэгээр хөгшин ахмад хүмүүс нь АНУ-д бол шуналаа аль хэдийнэ дарчихсан улс.
Харин залуу мэргэжилтнүүдийн хувьд аливаа ажилд 2-3 жил болоод шинэ зүйлд өөрийгөө сорих, үргэлжлүүлэн суралцах, хөгжих ёстой гэж үздэг тул нэг ажлын байран дээр удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах нь ховор аж.  
 
Түүнчлэн ахимаг насны хүмүүс тодорхой ажлын байрууд дээр үнэ цэнэ үүсгэх нь бий. Тухайлбал хамгийн үнэтэй ресторануудад гол төлөв настай зөөгч нар ажилладаг. Жишээ нь 30 жил нэг л зөөгчөөр, нэг л ресторанаар үйлчлүүлсэн тэрбумтнуудтай таарах нь захын практик. Би  ч тэгж таарч сонирхож гайхаж, бас бахдаж явлаа. 
 
Мөн агаарын тээврийн компаниуд, өндөр зэрэглэлийн зочид буудал, казино, төрийн үйлчилгээний байгууллагуудад ахимаг насны ажилтнуудыг олноор нь харах нь бий. Төрийн алба руу нь ороод үзэхэд л олон жишээ татаж болно. Жо Байден гэхэд л 80 шүргэж явна. Улс төрийг нь аваад үз л дээ. Ердийн статистик судалгаа. АНУ-ын Конгрессын гишүүдийн дундаж нас–57,  Сенатчдын дундаж нас – 62.2, Төрийн албан хаагч, гүйцэтгэх ажилтнуудын дундаж нас–49, гадаадад суугаа Элчин сайд нарынх нь дундаж нас–59 гээд л явж өгнө. Энэчлэн хууль шүүхийн байгууллагын удирдах ажилтны дундаж нас, дипломатчдынх нь дундаж нас гээд бичээд байвал Америкийн тэргүүн туршлага зөндөө дөө, зөндөө.
 
Түр азнаад Монгол руугаа татаж авчран ярья. Ахмад, ахимаг настнуудыг ажиллуулна гэдэг энэ хандлага манай Монголд яг эсрэгээрээ гэхэд болно. Ажлын заруудыг харахад гол төлөв 45-аас доош насны гэж насны хязгаар заах бөгөөд хүйс, гадаад үзэмж зэргээр ялгаварлан тэгш бус байдал үүсгэдэг. 
 
Миний бие гадаадад амьдардаг олон хүнээс Монголдоо очоод юу хийх талаар асуухад тэд ирээдүйнхээ талаар их л итгэл муутай байдаг нь анзаарагдсан. 
Магадгүй эх орондоо очоод ажлын байр байгаа эсэх, түүнд тэнцэх эсэхдээ эргэлздэг байх. Харин дээрхийн нэгэн адил 73 настай хүнийг ч ажилд авдаг нийгэмтэй бол эх оронд минь ажилгүй хүн гэж огт үгүй байх байсан даа гэсэн цайлган мөрөөдөл дотроо тээж явна даа…
 
Н.Болортуяа (Лос Анжелес)