sonin.mn
Яруу найрагч С.Начинтай ярилцлаа.
 
“Болор цом” наадамд амжилттай оролцсонд тань баяр хүргэе. Хэд дэхь жилдээ оролцов?
 
 “Болор цом” яруу найргийн наадамд энэ жил ес дэх жилдээ оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Цагдаагийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой зэрэг түүхэн ой давхацсан өргөн дэлгэр наадам болсон.
Уран зохиолын гурван үеийн төлөөллүүд оролцсон, таван үеийн төлөөлөл шүүгчээр суусан онцлогтой наадам болж өнгөрлөө.
 
 Ямар уран бүтээлүүдээрээ оролцсон бэ?
 
Ер нь “Болор цом” наадамд яруу найрагчид тухайн жилдээ бичсэн, өөрийнхөө хувьд сайн гэж бодсон шүлгээ уншдаг. Би ч мөн өөрийн шүлгүүдээ харж, бас найрагчдынхаа уншиж буй шүлгийг сонсож байгаад тэр өдрийнхөө мэдрэмжээр зүгээр байх гэж бодсон шүлгүүдээ л уншсан.
 
Манай уншигчдад зориулаад нэг шүлгээ уншиж өгөхгүй юу?
 
“Намуун хорвоо” гэж шүлгээ уншья.
 
Сэтгэл минь хувь хуурай
Уруул минь ч мөн адил хув хуурай
Санагалзах эргэлзэх, дурсах гэгч
Угтаа мөн чанаргүй хоосон зүйл юм
 
Сансар хорвоогийн өчүүхэн тоосонцор
 Нийлж нэгдээд орчлон ертөнцийг бүтээсэн шиг
Сайхнаас сайхан төрсөн чиний
Навчис тасрах мэт эмзэг санаа алдалтыг ээ
 
Ой нэгэн хэмээр зэрэг шуугина
Ой нэгэн хэмээр зэрэг дүнсийнэ
Уулын энгэр бэлийн цас урсах нь 
Угтаа чам руу яарах миний зүүд шиг
 
Нэн торгомсгоор дээр цэлийгч тэнгэрийн 
Үүлсийг ярж бороо оруулахсан
Үсэнд чинь үнэрийг нь үүрд шингээж
Нартын дор мөрийг тань түшиж зүүрмэглэхсэн
 
Шувууд жиргэх нь 
Ер бусын тохиол учрал баярын дуудлага гэлтэй
Шуугин довтолгох он цагийн өвгөн хөх салхи
Ертөнц ивийлгэх хөхний чинь хос алтан товч гэлтэй
 
Жирэлзэн өнгөрөх цаг хугацаа
Хос тогорууны цам харайх мөч
Жирийн өгүүлэмжтэй чамд гарчигласан мөрүүд
Хайранд чинь өлгийдүүлнэ
 
Уясах мөчүүд нэг нэгээр нисэн ирж
Хүмүүний уйтгар талын гүнд шингэнэ
Угтаа чи л амьдарч буй учраас 
Хавар цаг тодоос тод оршино
 
Энгэсэг сормуусанд чинь сар шогшин мандаж
Ижий чинь залуу насаа чамаас харж уйлна
Эгчийн ёсоор охин дүүдээ толь самаа бэлэглээд
Энэ хорвоод чи хэн нэгнийг бүүвэйлэхээр гэрээсээ одно
 
Талд тэнцэж ядах нялх өвс мэт уруулд чинь 
Нар нулимсаа арчиж гол мөрдийн долгионд уусна
Там диваажин амьдралын хүрдээ салхинд эцэслүүлж
Намуун хорвоо надаас гадагшилж чамд шингэнэ
 
Энэ шүлгийнхээ түүхээс хуваалцвал?
 
Хайрын шүлэг л юм даа. Өмнө нь ном хуй дээр ч юм уу, сонин сэтгүүл дээр хэвлүүлж байгаагүй. Нилээн дээхнэ бичигдсэн шүлэг. Олонд дэлгэхгүйгээр, нандигнаад, өөртөө л хадгалж байсан юм. Гэхдээ энэ шүлгээ сайн шүлэг гэж хэлэхгүй л дээ. Сэтгэл дотроо нандигнаж хадгалдаг, тийм л шүлэг маань. Энгийн үгээр бичигдсэн, жирийн л нэг шүлэг.
 
Та яг ямар орчинд уран бүтээлээ туурвидаг вэ?
 
Өнгөрч байгаа агшин хором бүрээсээ хүн гэрэл гэгээг түүж алхах ёстой гэж боддог. Миний хувьд шүлэг бичихдээ орчиндоо анхаарал хандуулаад байхыг хүсдэггүй. Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны хэлсэнчлэн шүлэг бичнэ гэдэг нь бодол ханах цаг гэдэгтэй санал нэг байдаг. Тийм учраас их бодохын тулд их алхдаг. Сайхан хөгжим сонсож, юм бодож алхаж явахад шүлгийн санаанууд төрдөг дөө. Алхаж явахдаа л шүлгээ их боловсруулдаг. Зарим үед ямар ч зорилгогүйгээр алхах тохиолдол байна. Алхах мэдрэмж ер нь их гоё, их бодол төрүүлдэг. 
 
Сэтгэлд тань байнга байж байдаг, эргэж санахад баяр хөөр авдаг уран бүтээл бий юу?
 
Би залуу хүн. Илүү ихийг бичих хүсэл, шунал байна.
 
Өөрийгөө, өөрийнхөө шүлгийг магтах хүсэл үнэнийг хэлэхэд алга. Ийм бадаг биччихсэн шүү, ийм сайхан шүлэг биччихсэн шүү, ийм ийм мөртэй шүү гээд өөрөө өөртөө баярлаад ханаад байх хүсэл байхгүй. Тийм шүлгүүдээ бичээ ч үгүй. Харин тийм хүсэл их байна.
 
Харин миний шүлгийг уншсан уншигч юм уу? уран зохиолын багш, нэг үеийн найзуудаас маань, доод үеийн дүү нар, дээд үеийн ах нараас маань  энэ мөр чинь гэдэг юм уу, энэ шүлэг чинь их сайхан шүү гэж хэлбэл надад их том хүндэтгэл болно. Ер нь би яруу найрагч гэж хэлүүлэх ч болоогүй байх. Тийм учраас энэ асуултад хариулна гэж бодохоос дотор сэтгэлээс  инээд хүрээд байна л даа. Яагаад гэхээр би болоогүй байгаа гэдгээ мэдэж байгаа учраас. Юм ил цагаан байх хэрэгтэй.
 
Нийт хичнээн шүлэг бичсэн вэ? Багцаа бий юу?
 
 Тоолж байгаагүй ээ. Харин тоо томшгүй ихээр олон бодол боддог. Тоо томшгүй олон сайхан шүлгийн санаа олох юмсан гэж хүсэж мөрөөддөг. Шүлэг бичээд 16 жил болж байна. Ер нь хүн уран зохиолыг бараг ойлгохгүйгээр энэ хорвоо дэлхий дээрээс буцдаг ч байж магадгүй гэж боддог. Яруу найргийн мөн чанарыг ойлгох гэдэг асар  төвөгтэй, хэцүү зүйл байх гэж санадаг. Аль болох ойлгох юмсан гэж хүсэж мөрөөддөг. Ер нь уншиж байж л, бичиж байж л ойлгох байх гэж боддог. Яруу найраг, уран зохиол гэдэг их хариуцлагатай, их л нандин зүйл дээ.
 
Хэний бүтээлүүдийг унших дуртай вэ?
 
Уран зохиолыг уншиж байж л хүн ойлгоно. Сайнтай ч, муутай ч ямар ч яруу найрагч хүнд нэг сайн мөр байдаг гэж би боддог. Энэ сайн яруу найрагч учраас, энэ муу учраас гээд номыг нь ялгаад байхыг хүсдэггүй. Аль болох бүгдийг нь уншин, тухайн хүний гэрэл гэгээг олж харж, тэр хүний дотоод сэтгэл рүү өнгийхийг хичээдэг. Яруу найргийн ном голдуу уншдаг. Үргэлжилсэн үгийн бүтээл сүүлийн үед их уншдаг болсон.
Уран зохиолын шүүмж судлал гэдэг бас их нарийн зүйл. Манай уран зохиолд орчуулга үнэхээр сайхан хөгжиж, сайхан орчуулгын номууд, маш сайхан орчуулагчид гарч ирж байгаад их баярладаг. Монгол хэл  асар баялаг хэл. Монголын үе үеийн яруу найрагчдын сайхан шүлгүүдийг бүгдийг нь л цээжилье гэж боддог. Зарим нэгнийх нь сайхан сэтгэлээс ургасан бадаг зүрхэн дотор үүрд хадгалаатай үлддэг. Яаж ингэж бичсэн юм бол? Яаж илэрхийлсэн юм бол? Энэ илэрхийлэмжийг хүн яаж ингэж боддог юм бол? Ингэж бичихийн тулд маш гоё оршихуй дотор ордог байх. Өөрийгөө төгөлдөржүүлж, өөрийгөө их чагнаж чадсан нь илүү сайхан бичдэг байх л гэж боддог шүү дээ. Тэрийг нь, энийг нь гэж ялгахыг би үнэхээр хүсдэггүй. Монгол хэл яндашгүй агуу том хэл. Хүннүгийн гунигт дууллаас эхлээд үе үеийн яруу найрагчдын бичиж үлдээсэн өвийг харахад Монгол хэл маань маш их баялаг. Тэр баялаг хэлийг өөрийнхөө чадлаар үргэлжлүүлж, өөрийнхөө хэмжээнд л сайхан шүлгүүдийг Монгол яруу найрагт үлдээчих юмсан гэж хичээж явдаг. Гэхдээ чадах үгүйгээ сайн хэлж мэдэхгүй байна шүү.
 
Хичнээн ном гаргалаа?
 
“Сэтгэлийн эзэн”, “Ай” гэсэн хоёр түүвэр бий. Гар дээр нэг нэг ширхэг л үлдэж. Энэ намраас шинэ ном гаргаж магадгүй. Яг гаргана гэж хэлж мэдэхгүй, санаа бол байгаа. Шүлгүүдээ хараад, уур амьсгалыг нь бүрдүүлээд л явж байна. Яг тухайн үед шүлгээ багцлаад ном болох хэмжээнд очиход зүрх сэтгэл юу гэж шивнэх вэ? Яруу найрагч хүн бүрийн зүрх сэтгэлийн үелзэл нь өөр өөр байдаг байх. Яг багцлаад явангуут гэнэтхэн сэтгэл зүрх цаанаасаа “Үгүй ээ” гэж хэлж магадгүй шүү дээ. Долгион нь, зүрхний бичлэг нь жирийн нэг үргэлжилсэн зүйл биш шүү дээ. Нэг намсаад л, нэг өндөрсөөд л, буцаж долгилоод л. Тухайн үеийнхээ мэдрэмж, зөн сэрэхүйгээсээ л болно доо.
 
Яруу найрагчдыг сэтгэлийн хөдлөл өндөртэй хүмүүс гэдэг?
 
Хүмүүс хүмүүс тэгж хараад байдаг юм. Минийхээр харин аядуу тайван, намуухан, гаднаа долгилж байгаа, иртэй хүчтэй, салхитай хүмүүс харагдаж байгаа боловч дотроо асар намуухан хүмүүс шүү дээ. Дотоод сэтгэлийнх нь байгаль их гоё. Нарыг сар болгоод л харчихдаг, шөнө тэдний хувьд өглөө ч юм шиг санагддаг байж мэднэ. Ер нь л гаднаа их омголон дэврүүн сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс харагддаг ч, миний мэдэхээр дотоод сэтгэл рүү нь өнгийх юм бол их л намуухан, гоё, бас их л эмзэг хүмүүс байдаг.
 
Үеийн залуус, найрагчиддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
 
Би өөрөө залуу хүн.
Залуу хүмүүст хандаж үг хэлмээргүй байна аа. Гэхдээ залуу хүн гэдэг үргэлж шинэ, үргэлж өөдрөг, үргэлж бадрангуй байдаг. Энэ завшаанаа ашиглаад үеийнхээ, ид сайхан бичиж байгаа, гуч шүргээд явж байгаа найзууддаа хайртай шүү л гэж хэлье.
Хүнд ер нь нэг үе гэж байдаг. “Болор цом” наадамд үеийн сайхан найз маань түрүүлсэнд, мөн үеийн найз маань дөрөвдүгээр байрыг эзэлсэнд баяртай байгаа. Бид нэгнээ хүндэлж, нэгийгээ хурцлан, сайхан байгаа дээр нь, иртэй байгаа дээр нь, хүчтэй байгаа дээр нь нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч, баяр хүргэж, сайхан урмын үгээр мялааж сурах хэрэгтэй. Бүгдээрээ бие биедээ урам хайрлаж амьдарцгаая. Очирбатын Дашбалбар найрагч “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ, Алив сайхнаа бусдаас битгий харамла” гэж хэлсэн шүү дээ. Сайхан сэтгэлийг харамгүй бие биедээ зориулж байх юм шүү. Их утга зохиолд, утга зохиолын хөгжилд өөрсдийнхөө хэмжээгээр, чадах чинээгээрээ, шүлэг найраг, өгүүллэгээ бичиж, орчуулгаа хийж, эгшиг дуугаа өргөж, хувь нэмрээ оруулж явах сайхан зам урд маань цэлийтэл нээлттэй байна. Сайхан нөхөрлөсөн тэр нөхөрлөлөө урт удаан авч явах болтугай гэж ерөөе.
 
Миний асууж чадаагүй, таны олон нийтэд, дүү нартаа, ах эгч нартаа, шүлэг бичдэг залуустаа хандаж хэлмээр зүйл юу байна?
 
Монгол Улс маань онцгой нөхцөл байдлын горимд байна. Энэ нөхцөл байдал ганц Монгол Улсыг ч биш, дэлхий нийтийг хамарч байна. Энэ цаг үед аль болох сэтгэл зүрхээ тайван байлгаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, сайхан дуу сонсож, сайхан урлаг, утга уран зохиолыг уншиж судлан, нэг нэгэнтэйгээ хэрүүл уруулын өнгө аясаар харьцалгүй, хүн гэдэг үүднээс нь харж, юмсаас сайн сайхныг олж хараарай.  
 
Ер нь урлаг л биднийг аварна.Мөнгө биш, улс төр биш, хүн чанар ялна. Утга уран зохиол, урлаг гэдэг зүйл ялна.
 
Энэ бүгдийг нэгтгээд хэлэхэд дэлхий дээр ерөөсөө ганцхан зүйл л ялна.Байгаль өөрөө ялна. Хүн төрөлхтөн бүгдийг ялдаг гэж ярьдаг. Одоо энэ өвчнөөс болоод сөхөрч байна. Энэ бараг байгаль өөрөө өөрийгөө анагаах гэсэн том сануулга байх гэж бодож байна. Тийм учраас эх дэлхийтэйгээ, их байгальтайгаа зүй зохистой харьцацгаая. Монголын ариун дагшин газар шороог ариун дагшнаар нь, гал голомтыг эцэг өвгөд маань бидэнд яг энэ чигээр нь биш бүр сайхнаар нь авчирсан шиг, сайхнаар нь биш юм гэхэд дахиж сэндийчихгүйгээр, дахиж гол усыг нь хааж боохгүйгээр, газар доорх алт эрдэнэсийг нь авахгүйгээр хойч үедээ хүлээлгэж өгмөөр байна. Биднийг эрх баригчид биш, улс төрчид биш, гоо сайхан, урлагийн хүмүүс, эх дэлхий маань хамгаална аа. Тэгж байж урагшаа нэг алхам алхах байх.
 
Баярлалаа, таны уран бүтээлд амжилт хүсье.
 
Ярилцсан: Н.Энхдэлгэр