sonin.mn
“Намрын ногоон өдрүүд”  нийслэлийн гудамж талбайг чимж, хүмүүсийг  ургацын далайд  умбуулан налайж байна. Энэ давалгаан дунд анх хашаагаа чимэх  гэж мод, цэцэг ургуулж эхлээд хүнсний ногоо, хүлэмжийн бяцхан аж ахуй хөгжүүлж, түүнийгээ бусдад зааж, сургаж яваа Дашдондогийн  Оюуннэмэх хэмээх  эмэгтэйг олж уулзсан юм. Түүний “Амьдралын тойрог”-оор хамтдаа аялцгаая.
 
“Айл болгоныг хашаандаа сайхан амьдраасай”  гэж  мөрөөддөг     
 
Аав, ээж, дүү нарын хамт.
 
Хотын унаган охин, Хан-Уул дүүрэгт төрж өсч, тэндээ л  ажиллаж амьдарч ногоочин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, багш хэмээн дуудуулж яваа Д.Оюуннэмэх 1975 онд 52 дугаар сургуулийн наймдугаар ангийг, 1985 онд VI арван жилийг дүүргэж,  Дарханы политехникийн дээд сургуулийн дулааны инженерийн ангийг   онц дүнтэй төгссөн инженер мэргэжилтэй  хүн юм. 1990-ээд оны эхээр оюутны ширээний араас гарч  Багануур дүүрэгт хуваарилагдан   дөрвөн жил мэргэжлээрээ ажиллаад, төрж өссөн нийслэлдээ Орон сууцны конторт ирж ажиллажээ. 2007 оноос хувиараа хөдөлмөр эрхэлсэн  тэрбээр 2017 онд гавьяаны амралтаа авч  мод цэцэг, хүнсний ногоо тарих өөрийн дуртай ажилдаа шуудран оржээ.
Тэрбээр  “Айл болгоныг хашаандаа сайхан амьдраасай”  гэж боддог гэгээн  мөрөөдөлтэй, түүнийгээ өөрийн биеэр харуулж яваа үлгэр жишээ  хөдөлмөрч бүсгүй юм. Д.Оюуннэмэх  2007 онд өндөр настай аав ээжийгээ агаарт гаргаж байя,  зуслангийн хашаатай болъё хэмээн  “Шувуун фабрик”  орчимд  зарах хашаа байгааг дуулаад  очиж үзжээ. Тэр хашаа нь Хөдөлмөрийн баатар Н.Дэнсмаа гуайн хүүхдүүдийн хашаа байсан бөгөөд санаанд нь ч нийцэж  худалдаж авчээ. Нэгэнт хашаатай болсных хөдөлмөрлөхгүйгээр зүгээр сууж болохгүй хэмээн бодох болж, нөгөө талаас хашаагаа чимж мод, цэцэг  тарих санаа төрснөөр    2010 онд худаг гаргажээ. 10 жил  болоход  мод, цэцэг ургуулаад зогсохгүй хүнсний ногооноос зөвхөн төмс, манжин тарьдаг байснаа   2017 оноос нарийн ногоо тарьж үзэхээр шийдэж  бяцхан хүлэмж барьтал  намар нь арвин ургац  авав.  2018 оноос  гурван улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэхэд ногоочдыг дэмждэг  “Каритас” ТББ-ын туслалцааг авч хамтран ажиллах болжээ. ТББ нь тухайн үеийн ханшаар 2-3 сая төгрөгийн үнэлгээ бүхий хүлэмж барьж өгөх,  үүний  50 хувийг нь ногоочид хувиасаа гаргах болж хоёр талаасаа хамтран ажилласан нь үр дүнтэй ажил болсон байна. Ингэснээр ургацын ашиг   нэмэгдэж,  ногоочид одоо ч хүлэмжээ ашигласаар  байгаа аж.
 
Л.Оюуннэмэх жимсний  мод тарих  ажлыг  чацарганаар  эхлүүлж, дараа нь 50 ширхэг үхрийн нүд, 100 ширхэг бөөрөлзөнө, нохойн хошуу, мойл  гэх мэтээр бага багаар нэмсээр өдгөө таван төрлийн   400 гаруй модтой болжээ. Үүн дээр хайлаас, улиас 100 орчим бий. Мод тарихад гол нь усалгаа, арчилгаа чухал бол модны нүх  хоорондын зайг тааруулахаас эхлээд уншиж судлах зүйл их байдаг. Мод тарих хүний амьдралын хамгийн сайхан үйлс. Зулзган мөчир тарихад хэдэн жилийн дараа өөрөөс өндөр болж, нэг мэдэхэд өтгөн саглагар  мөчрүүд нь найгаж байдаг. Өчнөөн жилийн дараа үр хүүхдүүд нь “Миний ээж аав тарьсан юм” гээд бахархаж байдаг болохоор дурсгалтай. Монголчууд ном бичих, байшин барих,  мод тарихыг  насны буян гэж ярьдаг байсан. Түүний дотроос хүн  мод тарих буянтай ажлаас  хол байж  ер болохгүй хэмээн  тэрбээр ярьж байна.
 
Хашаандаа жимсний  мод тарих болсноор тэднийх  дэлгүүрээс чимсний чанамал авахаа больж, өрхийн үйлдвэрлэл эхлүүлсэн байна. Хавар ногоогоо тарьж, зун нь арчилж, хавар ургацаа хурааж,  бүтээгдэхүүнээ хийх тул завгүй. Ер нь ногоочид ургацаа хураагаад өөрсдөө зараад сууж чаддаггүй. Иймд ченжүүд хямд өртгөөр бөөндөж аваад цааш үнэтэй зардаг. Уг нь төр зөв менежмент хийж, ногоочдыг бүсчилсэн бодлогоор дэмждэг, эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг, эргээд  бүтээгдэхүүнийг нь авч  худалдан борлуулах зэргээр  эргэх холбоог  бий болговол өргөн боломж бий. Ногоочдын хувьд зээлд хамрагдах боломж бага, авлаа гэхэд байгалийн  болзолгүй гамшигт өртөх, мөндөрт цохиулах зэрэг эрсдэлтэй. Даатгалд хамрагдах бас л боломжгүй. Тариа ногоо, гахай, тахианы аж ахуй эрсдэлтэй учраас даатгалд хамруулдаггүй байна. Иймд ногоочид бүхнийг бор зүрхээрээ зохицуулж, эрсдэл гарахад  өөрсдийн дуртай ажлыг хийж байгаа учраас даваад гарах  тэнхээ суусан хүмүүс байдаг ажээ. Түүний зэрэгцээ өвөл гэртээ  зүгээр  суухгүй, мод бут тарих, арчлах, хүнсний ногоо тарихад юу анхаарах вэ гэхчлэн уншиж судална. Өвөл хоёрдугаар сараас эхлэн гэрээрээ  үрсэлгээ хийнэ. Зөвхөн ногоо тарих бус ногоочдын тархийг цэнэглэхэд   “Каритас” ТББ-ын  өвлийн сургалтууд үр өгөөжөө өгсөн бөгөөд Д.Оюуннэмэх тэдний сургалтад тасралтгүй явсаар сургагч багш болж, 2019 оноос  “Хашаандаа сайхан амьдаръя”, “Үр, үрсэлгээний групп”-ийн идэвхтэн гишүүдэд  хичээл заадаг болжээ.“Би өөрөө л  хашаандаа  сайхан амьдрах бус бусдыг хашаандаа сайхан амьдраасай” гэж боддог. Энэ хүсэл минь бараг биелж байна”  хэмээн тэрбээр өнөөдөр сэтгэл дүүрэн ярьж сууна.
 
“Зорилгоо зөв  төлөвлөж байж  амжилтад хүрнэ”
 
 
 
Д.Оюуннэмэх зургаан хүүхэдтэй айлын ууган охин. Олон дүү нараа хөтөлж өсгөсөн том эгч. Аав Я.Дашдондог нь МУИС-ийн суурь математикийн ангийг төгсч,  Нийслэлийн 15, 16 дугаар сургуульд насаараа багшилсан бол  ээж  Дөлгөөн нь  Улаанбаатар цахилгаан сүлжээ компанийн лабораторид  ажиллаж байгаад гавьяаны амралтад гарчээ. Хань Н.Ганбаатар нь цахилгааны инженер мэргэжилтэй, тэд  дөрвөн хүү, нэг охинтой өнөр бүл юм.
Манай нийтлэлийн баатрыг хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ мэргэжлээрээ ажиллаж, бас хувьд гарч ногоо тарих зэргээр аж ахуй эрхлэхэд хань  болон аав, ээж  нь хамгийн сайн туслагч, хамтран зүтгэгчид  байж дэмжсээр   иржээ. Усалгаа, арчилгаа гээд мод, ногоо тарих ганц хүний амжуулах ажил биш багийн хөдөлмөр  юм. Гэр бүлээрээ хөдөлж байж тэр бүхний ард гарна. Хамгийн гол нь ойр дотныхон нь  бүгдээрээ ногоо тарих сонирхолтой байна гэдэг том дэмжлэг юм  Хэрэв ойлгодоггүй, туслаж дэмждэггүй байсан бол   амжилтад яахан хүрэх билээ. Тиймээс нийтлэлийн баатар маань “Сэтгэлтэй, зүтгэлтэй хүнийг газар ээж шагнадаг юм” хэмээн  хэлэх дуртай. Мөн  “Зорилготой хүн зогсдоггүй юм. Харин зорилгоо багаас нь их рүү зөв төлөвлөж байж амжилтад хүрдэг” хэмээн шавь нарыгаа сургана.  Энэ үлгэр жишээг тэд өөрсдийн амьдралаар харуулж, туршлагаараа  нотолж яваа болохоор ингэж хэлэхээс  ч аргагүй биз. Анх хоосон хашаа худалдаж авсан бол  худаг гарган ногоо тарьж, 400 гаруй модтой болж, хувийн аж ахуйгаа болгоод байх хэмжээний  өвөл, зуны хүлэмж бүхий бяцхан аж ахуй эрхэлж, 8х12-ийн харьцаатай товхийсэн байшин, автомашины гарааж  бариад сайхан амьдарч байгаа тэрбээр “Хүний хүсэл мөрөөдөл барагдахгүй” гээд шинэ зүйлүүд туршиж байгаагаа үзүүлсэн юм. Тэр нь  хүмүүсийн тэр бүр тариад байдаггүй буурцагт ургамал, чинжүү, шош, вандуй \горох\ -ыг туршилтаар тарьж буй  хүлэмжийнх нь нэгээхэн хэсэг байв. Вандуй, шошийг хүүхдүүд идэх дуртай  байгаа нь  анзаарагдаж байгаа гэнэ. Д.Оюуннэмэх өвлийн улиралд гэртээ суухдаа хавар юу тарихаа төлөвлөж, гэртээ үрсэлгээгээ хийнэ. Хавар дөрөвдүгээр сард талбай руугаа аваачиж суулгана.
 
 
 
Аливааг багаас нь эхэлж төлөвлөхгүй бол гэнэт том зүйл мөрөөдөж, эсвэл гэнэт том мөнгө олж юм хийнэ гэвэл бүтэхгүй хэмээн тэр  хэлсэн юм.
 
 
 
Сургагч багш болсноор шавь нартаа юуг анхааруулах вэ, ямар шат дараалалтайгаар сургалт явуулах вэ, ийм зүйл асуувал юуг нь онцолж хэлж өгөх вэ гэхчлэн уншиж судалж, эрэл хайгуул хийсээр өөрөө ч хамтдаа суралцаж урагшилж байгаа хэмээн тэрбээр ярьсан.
 
“Хашаандаа сайхан амьдрах ухаан”-ы  мастер багш 
 
Хань Н.Ганбаатарын хамт.Ээж Дөлгөөний хамт.
 
 
Өнөөдөр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, хөдөө сумдад түүнээс ногоо тарих тухай, хашаандаа сайхан амьдрах талаар  номын дуу сонссон шавь нар олон бий. Хавар болохоор тэдэндээ тарих үрийг нь явуулахдаа  заавар зөвлөгөөг нь бичсэн урт захидлын хамт илгээнэ. Хашаандаа ногоо тарих сургалт авах гэсэн айл өрхүүд ч түүнд бас урилга, заллага ирүүлнэ. Харин залуучууд мод бут тарих, хүнсний ногоо тарьж, түүнийгээ арчилж ургуулах зорилтот  сургалтад тун хойрго ханддаг гэнэ.  Магадгүй хүмүүс  40 нэлээн гарч байж ойлгож ухаардаг ч байж мэдэх юм.  Насаа яваад ирэхээр  байгальдаа ойртож, яваандаа уусан шингэдэг нь амьдралынх нь бичигдээгүй нэгэн өгөгдөл ч байж мэдэх. Тэгээд ч тэр үү  “Ийм сургалт хийнэ шүү, идэвхтэй оролцоорой” гээд зарлахад их төлөв 40-өөс дээш насныхан, ахмадууд  голдуу  ирдэг гэсэн. Гэтэл Д.Оюуннэмэх багш хашаандаа сайхан амьдрах энгийн аргуудаас эхлээд хүнсний ногоогоо өөрийн гараар тарьж, арчилж ургуулж арвин ургац  авах, эко  хүнс хэрэглэж эрүүл байх   боломжуудыг зааж сургадаг.  Нэг  ёсондоо “Хашаандаа   сайхан амьдрах урлаг”-ийг өөрсдөө бий болгох арга, аргачлалыг нь толгойд нь хийж өгнө.  20 мянган төгрөг төлөөд энэ  сургалтад хамрагдсан хүн харихдаа амьдрах ухааны, хүнсний ногоо тарих онол, практик хосолсон мэдлэг олж аваад зогсохгүй дээр нь жимсний модны үрсэлгээ бэлгэнд аваад буцдаг болохоор үр өгөөжтэй. Нөгөө талаас монголчууд ажилсаг хэдий ч айл өрхүүд 07 га газраа олж авч чадахгүй байгаа тал бий. Хэрэв айл, өрхүүдийг  “Хашаа” төсөлд хамруулж, нийтлэг стандартыг хэвшүүлбэл, 40 –өөс дээш насныхны сүүлийн сарын цалин, орлогыг  хашаатай болоход нь зориулж дэмжлэг болговол,  хотын өнгө үзэмжид сайн нөлөөтэй төдийгүй иргэд  хүнсний ногоогоо тариад өрхийн аж ахуй хөгжүүлэх, төрөөс ажлын байр нэхэхгүй  байх, утаа, түгжрэлийг бууруулах, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Социализмын үед хүүхэд, багачууд “Хөдөлмөр” зусланд амрангаа хөдөлмөрлөх дадалд суралцдаг,  үнээ сааж, цагаан идээ борлуулах аргад суралцаж, төмс, хүнсний ногоо тарих, хураах ажлын дөртэй болдог байсан. Орчин цагт үүнийг сэргээх хэрэгтэй байна. Тэгвэл хүүхдүүд багаасаа төмс, хүнсний ногоо тарьж сурна, сургуулиа төгсч амьдрал дээр гараад түүнийгээ хэрэгжүүлэх дөртэй болчихсон байна. Манайд  10 хүүхэд ирлээ гэхэд, би тэднийг  14 хоног хооллож ундлаад, ногоо тарих сургалт хийж болохоор. Өрх бүр гэрээсээ нэг хүнийг энэ чиглэлээр сургамаар байгаа юм. Сурахаас гадна тухайн хүнд ногоо тарьж сурах юм сан  сэтгэл, зүтгэл бас хэрэгтэй.
 
 
 
Өөрийн тарьж байгааг бусдынхтай харьцуулж харж, юу нь болж, бас болохгүй байгааг судалдаг байх учиртай. Сүүлийн жилүүдэд хавар орой эхэлж, намар урт болж байна. Иймд байгаль, дэлхийгээ ойлгож мэдрэх нь чухал.
 
 
 
Энэ бүхнийг хослуулахгүйгээр  үр дүнд бас хүрэхгүй. Гэтэл ийм сонирхолтой, сэтгэл зүтгэл гаргах  хүүхэд, залуус даанч цөөхөн байх юм  хэмээн Д.Оюуннэмэх өгүүлж байлаа.
“Шувуун фабрик” орчимд ийнхүү  ногоон  ертөнцийг байгуулж, химийн бордоогүй эрүүл хүнсний ногоо тарьж,  бусдад  үлгэр жишээ болж, хашаан дахь худгаасаа ойр орчмын арав орчим айлын усны хэрэгцээг залгуулж яваа түүнийг “Хашаандаа сайхан амьдрах ухааны  мастер багш”  хэмээвэл зохилтой. Гэвч  тэрбээр  “Хүнсний ногооны  томоохон аж ахуй эрхэлж хэдэн тонноор нь ургац хурааж  амжилттай яваа  ажилсаг, хөдөлмөрч олон сайхан хүн бий. Миний хийж байгаа бол тэдний дэргэд өчүүхэн юм. Би  дүүрэг, нийслэлийн аварга ногоочноор хэдэнтээ тодорч тэдэн  шиг амжилт гаргасан хүн биш. Харин  зуны цагт зав чөлөөгөөрөө  жимсний мод, хүнсний ногоо тарьж, түүндээ урамшиж  яваа жирийн  сонирхогч,  сургагч багш төдий. Зөвхөн Шувуун фабрик орчмын VII хэсэгтээ л   танигдсан нэгэн  гэхэд болно. Яахан мастер багш, мундаг ногоочин байх билээ” хэмээн  даруухан өгүүлсэн юм. Гэсэн ч “Хашаатай байхад түүн дотор бүгдийг бий болгож болно” хэмээн ярих,  ярьснаа  үлгэр жишээ болгон хэрэгжүүлж, бусдад туршлагаа харамгүй хуваалцаж, сайхан амьдрахад уриалж, шавь нартаа хүндлэгдсэн түүнийг мастер багш  гэж нэрлэмээр. Өөрийн эрхгүй ийм сэтгэл төрж, энэ үг аман дээр гарч ирж байлаа. “Хүний хүсэл мөржөөдөл хөдөлмөрийн үр шимээр биелдэг. Сэтгэлтэй, зүтгэлтэй  хүнийг газар ээж  шагнадаг юм” гэсэн түүний үгээр нийтлэлээ жаргаая. Айл бүхэн хашаандаа аз жаргалтай, сайхан амьдраасай.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин