sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг, О.Цогтгэрэл даргатай АН, М.Тулгат даргатай АН нэгдэж буйгаа зарлан, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, АН-ын удирдлагууд болох М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Б.Ган-Очир нар оролцсон юм.
 
 
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "УИХ дахь АН-ын бүлэг, АН өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдуулж шаардлага тавьж, эрх баригчдаас хариуцлага нэхэж байна. УИХ-ын дарга, МАН-ын бүлэгт УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, үүсээд байгаа нөхцөл байдлыг авч хэлэлцэхийг шаардаж байна. Үндсэн хуулинд Засгийн эрх ард түмний гарт байж, төлөөллөөрөө дамжуулан удирдана гэж заасан байдаг.
 
 
УИХ яаралтай хуралдах ёстой болохоос амраад зугаалаад байж болохгүй.
 
 
76 гишүүн яаралтай цуглаж хуралдах хэрэгтэй байна. 300,000 орчим хүн халдвар авч, олон мянган хүн нас барж, бензин шатахуун тасраад байна. Сүүлийн 2 жил УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсангүй. Хоёрдугаарт Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлагаа хүлээ гэдэг шаардлагыг хүргүүлж байна. Урд хилээ хаалгачихсан. Хойд хөршөөсөө шатахуун авч чадахгүй байна. 30 жилийн түүхэнд хэзээ ч ийм зүйл болж байгаагүй. Асуудал гардаг хэдий ч шийдээд явж байсан.
 
 
БНХАУ-аас вакцин авч, хүн амын 60-70 хувь нь 2 дахь тунгаа хийлгэсэн байгаа боловч халдвар хэрээс хэтэрлээ. Үүнийг зохион байгуулсан Засгийн газартай хариуцлага ярих ёстой. Учир нь БНХАУ-аа авах вакцины 2 дахь тунгаа олон хоног хоцроосон. Үүнээс болоод вакцин үйлчлэхгүй байж ч болох юм. 12,13 аймагт малын гоц халдварт өвчин тархаад байхад ОХУ-аас вакцинаа авах ажлыг хийхгүй байна. Энэ байдлаар цаашдаа мал махаа экспортлож чадахгүй байдалд орох нь. 
 
 
Гуравдугаарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж, хүсэлт өгч байна. 2021 оны 03 сарын 01-нээс хойш МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэсэн. халдвар тархах нөхцөл байдлыг бий болгосон. Үүний дараа Ерөнхийлөгчийн институциэс удаа дараа шагнал тарааж, олон хүн цуглуулж халдварыг хавтгайруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэж хөдөө орон нутагт халдвар тараасан. Мөн дараа нь уул овоо тахих нэрээр халдварыг гааруулсан. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуй гэж шаардаж байна." гэв.
 
 
М.Чойжал