sonin.mn
АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын нарийн Бичгийн Дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр М.Тулгат: "1200 гишүүн цугласан "Онц Их хурал" болсон гэж яриад байгаа. Надад ч янз бүрийн сувгаар олонхио дагаач ээ, ихэнх нь тэнд оччихсон юм биш үү? гэсэн шахалт ирж байгаа. Үүн дээр тайлбар хийе.
 
 
1200 хүн гэдэг бол АН-ын нийт гишүүдийн 0,7 хувь. Сум, дүүргийн анхан шатны идэвхитэй гишүүд байгааг үгүйсгэхгүй. Намын үндсэн дүрмээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох талаар маш тодорхой заасан байгаа. Харин ч эсрэгээрээ эхнээсээ дүрмийн зохицуулалтаа уландаа гишгээд явчихаар энэ хурал хүчин төгөлдөр мөн юм уу? гэдэг асуудал үүсчихэж байгаа юм. Хурал зарлах процессээс эхлээд...
 
 
Сүүлийн 20-иод жилийн АН-ын зовлонгийн нэг учир шалтгаан нь улс орны хөгжлийн бодлогын талаар ялгаатай байр суурьтай хүмүүс хэтэрхий олон болсон явдал. Жишээлбэл: Оюутолгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Эрдэнэс Таван толгой, Төмөр замын бодлого, нийгмийн бодлого гэх мэт зүйл дээр намын гаргасан бодлого, лидерүүдийнхээ байр суурийг үгүйсгэдэг, тэдэн рүүгээ дайрдаг, дотроо бодлогууд дээрээ зөрчилтэй болчихсон. Гэтэл АН баруун төвийн үзэл баримтлалтай, түүнийгээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлчихсэн нам шүү дээ. Ийм нам өр зээл тэглэх, төмөр замын бүтээн байгуулалтанд цэрэг ашиглах, хууль шүүх хамаагүй гээд хуулийн шийдвэрийг дагахгүй, МАНАН гээд янз бүрийн зүйл гаргаж ирээд олон түмний тархийг угаадаг ийм хүмүүс, ийм лидерүүд, ийм хогийн сав шиг эсэн бусын юмаар дүүрээд байж болохгүй. Үүн дээр АН үзэл санааны маш тодорхой, тогтвортой байр суурь гаргах ёстой. Энэ нам дүрэмтэй байх ёстой. Дүрэмгүй зодолдоод яваад ирсний уршгаар, дотоод ардчилал муу хийсний уршгаар өнөөдөр ийм байдалд хүрсэн. АН-ын өмнөх дарга С.Эрдэнэд ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Намайг  зарим нь "С.Эрдэнийн хүн" гэдэг л дээ.
 
 
Гэхдээ АН-ын дотоод ардчилал С.Эрдэнэ, З.Энхболд, Н.Алтанхуягийн үед үнэхээр алдагдсан. Асуудлыг хүчээр, хэдэн хүн багцалж байгаад шийдэх гэдэг, цөөнхийн үгээ сонсдоггүй байдал нь АН-ыг өнөөдрийн ийм нөхцөлд хүргэчихлээ. Залуучууддаа хандаж АН-аа шинэчлэе гэж байгаа бол ул суурьтай шинэчлэл хийе.
 
 
 Тэгэхгүй бол яг л сая хэлсэн арга барил энэ удаа болсон хурлаар харагдаж байна. Хана мөргөнө. Эвгүй байдалд орно. Нэг үзэл бодол, нэг жанжин шугамтай болоё. Нэг нь юм хэлэхээр нөгөөх нь үгүйсгэдэг. Ардчиллын өнгөрсөн 30 жилийн бүх ололт амжилтыг өөрсдөө үгүйсгээд, бусдын идэш өгөөш болчихлоо. Түүнийг нь идээд явж байсан С.Ганбаатар мэтийн хүмүүс өнөөдөр АН-ын Их хурал гээд байгаа хурал дээр оччихоод орой дээр нь залагдаад явж байна гэдэг бол гутамшиг." гэв.
 
Харин АН-ын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:" Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах зорилгоор АН-д дүрмийн өөрчлөлт хийхээс эхэлж бидний маргаан эхэлсэн. Даргаа сольсны дараа нөхдүүд өөрсдөө дарга болно гээд зүтгэсэн. Өнөөдөр улс оронд үүсээд буй маш ноцтой асуудлууд байна. Тухайлбал, Оюутолгойн асуудал, төсвийн асуудал ид яригдаж байна.
 
Ийм чухал зүйлүүд дээр анхаарал тавих гэхээр нөгөө бүлэглэлүүдийн гар хөл болсон юм шиг О.Цогтгэрэлийн тал гарч ирээд намын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийж байна. Бид өнөөдөр сахилгын хороонд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч н.Ганзориг, н.Амардэлгэрт ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэх албан бичиг хүргүүлсэн.
 
Дээд шүүхээс АН-ын даргыг өөрчлөх шийдвэр гараагүй байхад хувийн сонирхлоор нөгөө талд хууль зөрчин тайлбарласан бичиг өгсөн байна лээ. Үүнийг О.Цогтгэрэлийн тал олон нийтийн өмнө нотлох баримт мэтээр харуулж байна. АН хуучин таван намын нэгдэл байсан бол одоо зүүний, барууны гэсэн хоёр чиглэлд хуваагдчихлаа. Тэр утгаараа нэн яаралтай ойлголцох шаардлагатай байна. Хэрэв ойлголцохгүй бол тэр нөхдүүдээ тусдаа нам байгуулаад явбал дэмжинэ. Харин бид АН-ын суурин дээр нь байгаа гэдэг утгаараа М.Тулгатыг өөрчлөхгүйгээр цаашаа явах бодолтой байна" хэмээсэн юм.
 
 
 
 
М.Чойжал