sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийлээ.
Тэрбээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан орлогч Др. Курт Кэмпбэллтэй Цагаан ордонд уулзав.
 
 
Талууд Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоогоо бэхжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг хангах, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, дэвшилтэт техник, технологи, байгаль орчин, аялал жуулчлал, соёл урлагийн салбарын харилцааг өргөжүүлэх, хоёр талын улс төрийн зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцов.
 
Монгол Улс, АНУ цар тахлын хүнд хэцүү үед ойр дотно хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмдэглэж, Ковакс хөтөлбөрийн хүрээнд нэг сая гаруй тун Файзер вакцин хандивласанд талархал илэрхийлэв.
Цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улстай хамтрахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгийг Др.К.Кэмпбэлл тэмдэглэв.
Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 онд тохионо. Энэ хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа талууд нотлов.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР УУР АМЬСГАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТЭРГҮҮН ЗАХИРАЛ, ХАТАГТАЙ МЕЛАНИ НАКАГАВАТАЙ УУЛЗАВ
 
 
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Уур амьсгалын асуудал хариуцсан Тэргүүн захирал, хатагтай Мелани Накагаватай уулзлаа.
Тэрбээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, цөлжилт, хүлэмжийн хийг  бууруулах зэрэг  чиглэлээр хийж  байгаа ажлын талаар товч танилцуулав.
 
Тухайлбал 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг дурдаж, үүнд жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг зарцуулахаар төлөвлөснийг дурдав.
 
Дэлхийн бусад улс орон Монгол Улс шиг бодит алхам авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаагаа хатагтай М.Накагава илэрхийлж, уур амьсгал, эрчим хүч болон байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй АНУ-ын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тухайлбал, АНУ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын өнцгөөс харж тэргүүлэх чиглэлээ болгосныг илэрхийлж, Монгол Улстай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх чиглэлд сэргээгдэх эрчим хүч, ойн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар тэмдэглэв.
 
УЛС ТӨРИЙН ЯРИА, ХЭЛЭЛЦЭЭНИЙ ИДЭВХТЭЙ ХЭМНЭЛИЙГ ХАДГАЛАХЫН ТӨЛӨӨ БАЙДГАА  ИЛЭРХИЙЛЭВ
 
 
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх Д.Шоллэтэй уулзлаа.
Зөвлөх Д.Шоллэ Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд У.Шэрманы 2021 онд Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болсныг тэмдэглэж, АНУ хоёр талын стратегийн түншлэлийг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээний идэвхтэй хэмнэлийг хадгалахын төлөө байгааг илэрхийлэв.
 
Тамгын газрын дарга Я.Содбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёр дахь Компакт гэрээ хуваарийн дагуу хэрэгжиж, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөж байгааг тэмдэглэж, тус төсөл нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хэлэв.
 
Талууд хоёр талын улс төрийн зөвлөлдөх уулзалт харилцааны хэмнэл, чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэгт санал нэгдэж, эдийн засаг болон бусад тодорхой салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх талаар санал солилцов.
 
АНУ-ЫН КОНГРЕСС ДЭХ АМЕРИК-МОНГОЛЫН БҮЛГИЙН ХАМТРАН ДАРГАЛАГЧ ДОН ЯНГ, ХАТАГТАЙ ДИНА ТАЙТУС НАРТАЙ УУЛЗАВ
 
 
 
Уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Ил тод байдлын гэрээний хэрэгжилтийн талаар ярилцаж, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, холбогдох яриа хэлэлцээг эхлүүлэх талаар санал солилцов.
 
Тамгын газрын дарга Я.Содбаатар тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжих, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ дахь Монгол судлалыг хөгжүүлэхэд нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хуулийн төслийг АНУ-ын Конгрессоор батлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
 
АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах, энэ хүрээнд АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпораци зэрэг байгууллагатай хамтран ажиллах боломж болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.