sonin.mn
Туул гол нь нийтдээ 882 км урт үргэлжилдэг бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр 115 км урт урсдаг. Дээр дурдсан 115 км урт урсах Туул голын ай сав газрыг хамгийн ихээр бохирдуулдаг нь Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэд бөгөөд яг энэ хэмжээнийн газар нутаг хамгийн их бохирдолтой байдаг. 
 
Тэгвэл “Дэвшилтэт Социал Демократ клуб” болон Туул голын сав газрын захиргаанаас хамтран “Clean Up” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү төслийн хүрээнд 2022 оны 05-р сарын 14-ний өдөр “Бүх Нийтийн Их Цэвэрлэгээ” хийж байна. 
Туул голын сав газрыг хогноос нь салгах “Бүх Нийтийн Их Цэвэрлэгээ” өнөөдөр өглөө 08:30 цагт эхэллээ. Цэвэрлэгээнд оролцохоор эхний ээлжийн 1200 гаруй залуучууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд цуглан тэндээсээ цэвэрлэгээний ажлаа эхлүүлсэн. 
  
 
Тэгвэл хоёрдугаар хэсэг нь Батлан Хамгаалах Их Сургуулийн 500 гаруй сонсогч, оюутнууд байлаа. 
   
 
Туул голын эрэг орчмыг цэвэрлэж, цэнгэг усаа хамгаалсан бүх нийтийн их цэвэлэгээнд 20 автобус, ЗИЛ-130 маркын 20 машин, 40 хогны машин ажиллаж байна. 
  Оюутан залуучууд Дамбадаржаагаас-100 айл, Энхтайвны гүүрнээс-3-р цахилгаан станц, Яармагийн гүүрнээс-Сонсголонгийн гүүр, 3-р цахилгаан цахилгаан станцаас-Туул гол гол цутгах үе, Баянзүрхийн гүүрнээс-Зайсангийн гүүр гэсэн 5 чиглэлд их цэвэрлэгээний ажил хийж байна. Бүх Нийтийн Их Цэвэрлэгээний ажил өнөөдөр 20:30 цаг хүртэл үргэлжилнэ. 
 Социал демократ залуучууд хамтын үнэ цэнэ, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээндээ ийнхүү өнөөдрийн их цэвэрлэгээг хийлээ. Энэ бүхний цаана шинэ цагийн залуусын хандлага бэлэнчлэх бус өөрсдөө санаачлан хийж бүтээж, ажиллаж хөдөлмөрлөсөн цагт эрүүл, аюулгүй, тав тухтай, цэвэр орчинд амьдарч болно гэдгийг бусдад харуулж чадлаа. Тэдний хувьд энэ бол дөнгөж эхлэл. Залуус цаашид нийгмийн бүхий л асуудалд эв санаагаа нэгтгэн хамтран шийдвэрлэхийг зорьж байна.