сонин mn
1992 онд Шинэ Үндсэн Хуулийг баталсан АИХ-ын депутатууд Монголын ард түмэнд хандан нээлттэй ил захидал илгээжээ.Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монголын ард түмэнд илгээх захидал
 
“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” болон"... олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулах, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах зэрэг ажлын хэсгүүд байгуулах тухай” УИХ-ын болон Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолууд гарч, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажил албан ёсоор эхэллээ. 2022 оны 6 сарын 18-26-ны хооронд УИХ-ын гишүүд сонгогдсон тойргууддаа ажиллан ард иргэд, сонгогчид та бүгдийн санаа бодлыг “тандан судлах” нэрээр Монгол Улсын Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг сонгогчид ард иргэд “дэмжиж, хүсэж” байна гэсэн санал цуглуулахаар явж байна.
 
 
Үндсэн хуулиа дээдлэн сахиж, чанд мөрдөн ажиллаагүй, зөвхөн еөрсдийн нам, бүлэглэлийн явцуу эрх ашгийг ард иргэд, улсын эрх ашгаас дээгүүр тавьж ирсэн, үе үеийн төр засгийн удирдлагуудын алдаатай бодлогын улмаас Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засагт бий болсон бүх гажуудлыг Үндсэн хуулиас болсон мэтээр тайлбарлаж, УИХ хүссэн үедээ үндсэн хуулинд өөрсдийн дураар өөрчлөлт оруулдаг гаж үзэгдэл хэвшил боллоо. 
 
“Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаар оршин тогтнохуйн эрх зүйн үндэс, Монгол Улсын Их Хурлын онцгой чухал үүрэг мөн” гэсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн заалтыг болон “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн заалтыг УИХ болон УИХ-ийн гишүүд умартаж, яаж төр засгийн эрхэнд удаан байх вэ, өөрсдийн эрх мэдлээ яаж нэмэгдүүлэх вэ гэсэн атгаг санаагаар Үндсэн хуулинд хандаж байгааг ард иргэд та бүхэндээ сонордуулан, сонор соргог байж, Ардчилсан үндсэн хуулиа болон Үндсэн хуульт байгууллаа хамгаалахыг уриалж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг санаачлагч болон дэмжигч УИХ-ын гишүүд УИХ-д нэг нам хэт олонхи байгаа энэ үед Үндсэн хуулинд еөрчлөлт оруулах таатай боломж гэж ил цагаан мэдэгдэх боллоо. Энэ нь өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн өөрчлөлтийг олонхиор хүч түрэн батлуулах хүслээ шууд илэрхийлж байгаа хэрэг юм. Энэ нь сонгуулийн холимог тогтолцоотой болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллаж болох, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох гэх мэт зөвхөн УИХ, УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байгаагаас харагдаж байна.
 
2000, 2019 онуудад УИХ-д нэг нам (МАН) 62-72 буюу хэт олон суудалтай байхад Монгол Улсын Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтүүд нийгэмд ямар нөлөө үзүүлснийг та бид мэднэ,
 
Үндсэн хуулинд ийм өөрчлөлтүүд оруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлд заасан “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэсэн заалтыг зөрчин, Үндсэн хуулийн аргаар хийсэн “төрийн эргэлт" болох болно гэдгийг анхааруулж байна. 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болоод хоёрхон жил болж байхад УИХ-ын гишүүд дахин Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж түүнийг нь Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ дэмжин тогтоол гаргаж байгаа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй”, З.З-ын “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш уг асуудлаар найман жилийн дотор нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно“, 5.4.2-ын “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан байж болохгүй;”, 6.2-ын "Улсын Их Хурал хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төсөлгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болохгүй“ гэсэн заалтуудыг зөрчиж байгаа бөгөөд уг хуулийн 1.2-т заасны дагуу энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдэл Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эрх ашгийн үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн зарим улс төрийн намууд болон эрх баригчдын бусармаг үйл ажиллагааг Монголын ард түмэн таслан зогсоож чадна гэдэгт итгэж. найдаж байна.
 
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
 
Монгоп Улсын Үндсэн хуулийг батлалцсан, (1990-1992он) Ардын Их Хурлын депутатууд:
 
Л.Дашням, Ж.Гомбожав, Л.Цог, Р.Хатанбаатар, Н.Батбаяр, Л.Пүрэвдорж, Д.Ламжав, Н.Пүрэвдорж, Г.Дэндэв, Д.Мандах, М.Шийрэв, А.Далхжав, Л.Пүрэвгял, М.Жадамбаа, С.Лхагвасүрэн, Я.Пүрэвдорж, Н.Бат-Очир, Б.Авирмэд, Б.Дэмбэрэл, Л.Амарсанаа, Л.Ишдорж, Б.Мижид, Ч.Гомбосүрэн, Ц.Дэмид, С.Билэгсайхан, Г.Бөхчулуун, Ц.Бямба-Очир, С.Батмөнх, Н.Сампилноров, Д.Банзрагч, Т.Төмөрбаатар. Ч.Чинбат, С.Пүрэвдорж, З.Адъяа, Д.Моондой, М.Лхагвасүрэн, Б.Нямдорж, Д.Батбаяр, Ө.Ганхуяг, Р.Батсүх, Б.Мөнгөн, Д.Найдан, Ү.Цэдэнбал, Д.Пүрэвдорж, Ш.Лхагва, Д.Чилхаажав, Ц.Ганбаяр, Н.Ганбямба, Ж.Оросоо, Д.Рэнцэннацаг, Д.Тогооч нар.