сонин mn
Украйны нутаг дэвсгэрт өрнөж буй үйл явдлыг олон улсын эрх зүйн хүрээнд тайлбарлах нь олны санааг зовоож байгаа болон эргэлзээтэй зарим зүйлсийн учрыг тайлахад дөхөм болох болов уу. Ингэхдээ аливаа геополитик, улс төрийн өнцөг байхгүй гагцхүү олон улсын эрх зүйн хэм хэмжээнд үндэслэх болно.
 
2022 оны 2 дугаар сарын 24-ны үүрээр ОХУ-ын зэвсэгт хүчин Украйны хэд хэдэн хотод агаараас хүчтэй цохилт өгч, Украйн Улсын нутаг дэвсгэрт цэргийн хүчээр түрэмгийлэн довтолсон. Хуульч хүний хувьд ОХУ зүгээс эдгээр үйлдлээ хуулийн хүрээнд хэрхэн зөвтгөж тайлбарлах бол, Украйн Улс болон бусад орнууд хэрхэн няцаах бол гэдэгт онцгой анхаарч байлаа. 
 
 
Украйнд халдсан нь олон улсын эрх зүйг зөрчсөн үү?
 
Нэг гэр бүл доторх харилцааг ч хуулиар зохицуулдаг атал нэг улс нөгөө улсаа түрэмгийлэн довтлохыг хориглосон гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох хэм хэмжээ, түрэмгийлэл үйлдэгчдийг шийтгэн цээрлүүлэх хууль цааз байдаггүй гэж үү хэмээн олон хүн эргэлзэж байж болно. Тэгвэл тийм хэм хэмжээ бий. Том жижиг ялгаагүй бие даасан тусгаар улс хоорондоо харилцахдаа баримталдаг цаасан дээр бичигдээгүй заншлын хэм хэмжээ, дэг жаяг (протокол)-оос гадна конвенц, харти, пакт, протокол, меморандум, компакт зэрэг содон нэртэй олон улсын гэрээнүүд үүргээ биелүүлж ирсэн.
 
Дэлхийн I, II дайны хөлд туйлдсан том жижиг51 орон санал нэгдсэнээр 1945 онд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ыг байгуулсан. Зөвшилцлийн дүнд НҮБ-ын дүрэм хэмээх суурь баримт бичигт 1945.6.26-ны өдөр АНУ-ын Сан франциско хотноо НҮБ-ын бага хурлын гишүүн улсууд гарын үсэг зурснаар олон улсын эрх зүйд шинэ хуудас нээсэн. Улмаар НҮБ-ын дүрэм нь 1945.10.24-ны өдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр болсон байдаг. Ингэснээр томчуудын дүрмээр тоглодог, том нь жижгээ дарладаг цаг үеийг халсан гэхэд болно. Том, жижиг, үйлдвэржсэн, цэрэгжсэн эсэх зэргээс үл хамааран тусгаар тогтносон, бие даасан улсууд олон улсын харилцаанд тэгш эрхтэй оролцож байх зарчмын суурийг тавьсан юм.
 
НҮБ-ын Дүрмийн үндсэн зарчмуудыг тодорхойлсон 2 дугаар зүйлийн 2.4-т “Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн нь олон улсын харилцаандаа аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал буюу улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэх эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж үл болно” гэж заасан байдаг. Энэ зохицуулалт байснаараа ямартай ч нэг улс нөгөө улсынхаа эсрэг дурын шалтгаанаар дайн зарлах явдал хумигдсан гэж болно. ОХУ болон Украйн Улс хоёулаа НҮБ-ын гишүүд бөгөөд уг заалтыг чанд даган мөрдөнө гэдгээ амалсан хөршүүд юм. Гэхдээ олон улсын эрх зүйд аль нэг зохицуулалтыг үл хэрэглэх “онцгой нөхцүүд” гэж бий. Тухайн хэм хэмжээ үйлчлэхгүй байр нөхцлүүд буюу англиар exception гэх зүйлийг мэддэг, гаргалгаа гаргадаг хуульчийг сайн хуульч гэж ч ярьдаг.
 
НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс зэвсэгт халдлагад өртвөл өөрийгөө бие даан буюу бусадтай хамтран хамгаалах эсхүл НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мандаттай хамтарсан ажиллагааны үед гагцхүү хүч хэрэглэхийг зөвшөөрдөг. Энэ хоёр тохиолдлоос бусад үед хүч хэрэглэхийг түрэмгийлэл гэж үзэн олон улсын харилцаанд үл зөвшөөрдөг.
 
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын эрх баригчид өөрсдийн үйлдлээ хүмүүнлэгийн үйл ажиллагаа, угсаа гарал нэг үндэстнээ хамгаалах, бие даан болон бусадтай хамтран өөрийг хамгаалж байгаа хэмээн зөвтгөж ирсэн. Энэ талаар ОХУ-ын албан ёсны байр суурийг судлан үзвэл Олон улсын эрүүгийн шүүхэд гаргасан тайлбар нь сонирхолтой санагдав. Украйн Улс Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцийг зөрчсөн хэмээн ОХУ-ын эсрэг Олон улсын эрүүгийн шүүхэд гомдол гаргаад байгаа билээ. Уг хэргийн хариуцагчийн хувьд ОХУ-ын талаас хүргүүлсэн тайлбартаа Украйнд хийж буй үйлдлээ “Донецк болон Луганск Улсуудад өөрийгөө хамгаалах явдалд хамтран оролцож байна” гэж тайлбарласан байна. Уг тайлбартаа 2 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний хэлсэн “НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан болон Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улстай байгуулсан найрамдал, харилцан туслалцаа үзүүлэх гэрээнүүдэд үндэслэн цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдвэрлэв” гэсэн үгийг иш татжээ. Түүнчлэн 2 дугаар сарын 24-ны өдөр НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа талаараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн талаараа ч дурьдсан байна. Тэгэхээр ОХУ-ын тал өөрийн явуулж буй үйл ажиллагааг Донецк Улс болон Луганск Улсын өөрийгөө хамгаалахад нь хамтарч байгаа тусгай үйл ажиллагаа тул НҮБ-ын дүрэмд нийцсэн гэж үзэж байгаа аж.
 
Салан тусгаарлах замаар тусгаар тогтнолыг олж авч болно гэж ОХУ үзэж, олон улсын хэд хэдэн кейс дурьдсан байдаг. Гэвч тусгаар тогтносон улс болсон байх нь хангалтгүй юм. Улс гүрнүүдийн эрх, үүргийн тухай 1933 оны Монтевидеогийн конвенцид заасан тусгаар улсад тавигддаг өөрийн хүн ам, нутаг дэвсгэр, төр засаг болон олон улсын харилцаанд орох чадамжтай байх шалгуурыг Донецк Улс болон Луганск Улс хангасан байлаа гэхэд тэдгээр хоёр улсад Украйны зүгээс зэвсэгт халдлагад өртсөн байх нөхцлийг яаж ч зүтгээд хангаж чадахгүй болчихоод байна. Ингэхээр бодитоор халдлагад өртөөгүй аль нэг улсыг өмөөрч, өөрийгөө хамгаалахад нь оролцоно гэдэг нь үндэслэлгүй байна. НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан өөрийгөө хамгаалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааг хууль бус түрэмгийлэл гэж үзэхээс өөр сонголт харагдахгүй байна. Украйны зүгээс Донецк, Луганскад бодитоор хүч хэрэглэсэн тухай баримт, нотолгоог ОХУ-ын хуульчид Олон Улсын шүүх дээр гаргаж тавьж чадвал асуудал өөрөөр эргэж болох юм.
 
Олон улсын шүүх
 
Дайн эхлэхтэй зэрэгцэн яригдаж эхэлдэг хамгийн халуун сэдэв бол шүүхээр гэм буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцох юм. Одоогийн байдлаар Украйны зүгээс НҮБ-ын олон улсын шүүхэд хандаж нааштай шийдвэр гаргуулаад байна. ОХУ нь Украйныг Донбас бүс нутагт уугуул орос хүмүүсийн эсрэг төрлөөр устгах гэмт хэрэг (геноцид) үйлдэж байсан хэмээн буруутган хүмүүнлэгийн ажиллагаа явуулахаас өөр аргагүй хүрсэн гэж зэвсэгт түрэмгийллээ зөвтгөснийг Олон улсын шүүхээс үндэслэлгүй гэж үзэн зэвсэгт түрэмгийллээ зогсоохыг даалгаж, Украйны талд асуудлыг урьдчилсан байдлаар шийдвэрлэжээ. 
 
Олон улсын эрүүгийн шүүх
 
ОХУ болон Украйн Улс Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулах тухай Ромын дүрмийн гишүүн бус орнууд учраас олон улсын эрүүгийн шүүхээс шууд маргааныг нь шийдвэрлэх боломжгүй юм. Гэвч Украйны зүгээс өөрийн нутаг дэвсгэрт өмнө нь үйлдэгдэж байсан болон одоо үйлдэгдэж буйдайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцид үйлдсэнийг мөрдөн шалгах олон улсын эрүүгийн шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрч байгаагаа албан ёсоор мэдэгдсэнийг үндэслэн хэрэг нээж шалгаж байна. Хэрэв Хүмүүнлэгийн эрх зүйн тухай Женевийн конвенцууд болон бусад олон улсын гэрээнд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол Олон улсын эрүүгийн шүүхээс хувь хүнд буюу гэм буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжтой юм. Харин ОХУ нь Эрүүгийн шүүх байгуулсан Ромын дүрмийн гишүүн бусучраас түүний үйлдсэн байж болох түрэмгийллийн гэмт хэргийг шалгах эрх мэдэл олон улсын шүүхэд байхгүй гэж үзээд байна.
 
Гэсэн хэдий ч саяхан дэлхийн хэмжээний нэр бүхий хуульч, улстөрчид нэгдсэн мэдэгдэл гаргаж, 1942 онд холбоотны улсууд дайны гэмт хэргийг шүүн хэлэлцэх Нюрнбергийн тусгай шүүхийг байгуулж байсан жишгээр Украйны эсрэг үйлдэгдсэн түрэмгийллийн гэмт хэргийг шүүн таслах эрх мэдэлтэй тусгай шүүх байгуулахыг улс орнуудад уриалж, тогтоолын төслийг хүргүүлээд байна.
 
Европын Хүний эрхийн шүүх
 
ОХУ нь Европын Хүний эрхийн конвенцийн гишүүн орны хувьд хүний эрхийг зөрчсөн тохиолдолд Хүний эрхийн шүүхээс хариуцлага хүлээлгэж болно. Уг шүүхийн дүрмийн дагуу Украйны иргэд Европын хүний эрхийн шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эрхээ зөрчигдөхөөс хамгаалуулах боломжтой.
Ямартай ч дээрх шүүхийн институтэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой түвшинд явагдаж байна. Олон улсын хэм хэмжээг амилуулах хэмжээний нөөц бололцоо тэдэнд бий эсэхийг харах үлдлээ. 
 
 
Дайнд хамтран оролцогчид
 
 
Беларус Улс ОХУ-д нутаг дэвсгэрээ ашиглуулсан, байлдааны цэрэг, техникийг нь тээвэрлэж туслалцаа үзүүлснээрээ ОХУ-ын нэгэн адил олон улсын эрх зүйг зөрчсөн гэм буруутай гэж буруутгагдаад байна.
 
Тэгвэл Украйнд хүмүүнлэгийн гэсэн нэрэн дор байлдааны зэвсэг, техник, хэрэгслээр хангаж байгаа АНУ тэргүүтэй орнууд олон улсын эрх зүйг зөрчөөгүй юу гэх зүй ёсны асуулт гарна. 
 
1928 оноос өмнө дэлхийн улс орнууд дайтагч талуудын аль нэг талд орох, тусламж үзүүлэхийг хориглодог төвийг сахих дэг журам үйлчилдэг байсан. 1928 оны 7 дугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Фрэнк Кэллогийн санаачилж, төслийг нь гаргасан, хамтран дэмжиж оролцсон Францын Гадаад хэргийн сайд нарын нэрээр нэрлэгдсэн Брианд-Кэллогийн пакт хэмээх баримт бичигт АНУ, Франц, Герман болон бусад орнууд гарын үсэг зурснаар дайныг хууль бус гэж хуульчилсан бөгөөд түүнээс хойш дэлхийн улсуудад дайн хийхийг өөрийн бодлогын хэрэгсэл болгон ашиглахыг бүрэн хорьсон билээ. Энэхүү зарчим нь 1945 онд НҮБ-ын дүрэмд дахин баталгаажиж, түгээмэл хэм хэмжээ болж өнөөдрийг хүрчээ. Нэгэнт дайн хийх хууль бус болсон тул төвийг сахих дэг журам ч мөн утгаа алдсан гэж барууны эрдэмтэд тухайлбал, олон улсын эрх зүйч Лаутерпахтын үзэл санаа өдгөө олон улсын хэм хэмжээ болсон байна. Тийм учраас Украйнд зэвсэгийн болон бусад тусламж үзүүлж байгаа орнууд нь хууль ёсны дагуу өөрийгөө хамгаалахыг Украйнд зөвшөөрч, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хамгаалж буй хэрэг гэж тодорхойлж болохоор байна. Харин тэдгээр орнууд Украйнд болж буй дайнд цэргийн хүчээ оролцуулах аваас хамтран дайтагч статустай болж, дайнд татагдан орох болно. 
 
Олон улсын эрх зүйгээр зохицуулах шаардлагатай асуудлууд
 
Украйнд болж буй үйл явдлын эргэн тойронд олон улсын эрх зүйн зохицуулалт нь цаг үетэйгээ нийцэж байгаа эсэхийг сорьсон олон үйл явдал болж байна.Тухайлбал, Афганистан, Ирак болон Сирид болж байсан шиг гадаадын хөлсний болон сайн дурын цэргүүд олноор оролцож байна. Хэдийгээр энэ нь олон улсын эрх зүйн шинэ үзэгдэл биш боловч тэдгээрийг олон улсын зүгээс дэмжиж байгаа нь нэн шинэ алхам байв. Тухайлбал, Их Британийн Гадаад хэргийн сайд өөрийн иргэдээ Украйны төлөө тулалдахыг уриалсан бол ХБНГУ-ын удирдлага Украйны төлөө эвсэлд оролцож тулалдсан тохилдолд эрүүгийн болон бусад хариуцлага хүлээлгэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Ингэснээр хүмүүнлэгийн эрх зүйд бас нэгэн шинэ асуулт нээж орхилоо.
Түүнчлэн кибер дайны гэх элементүүдийг цаашид олон улсын эрх зүйд хэрхэн зохицуулах талаар олон шинэ кейс гарлаа. АНУ зэрэг орнууд Украйны нутаг дэвсгэрт цэргээ оруулж, тулалдаагүй боловч, компьютерийн цаана хэдэн зуугаараа суугаад байлдаж байгаа нь тодорхой болсон. Сайн ч тулалдлаа. Энэ тохиолдолд тэдгээр кибер хамтрагчдыг дайны хамтрагч, хамтран дайтагч гэж үзэх эсэх талаар зохицуулалт зайлшгүй шаардлагатай болох нь.
 
 
Монгол Улсад үзүүлэх үр нөлөө
 
Нөхцөл байдлыг олон улсад мөрдөгдөж буй хэм хэмжээний хүрээнд авч үзэхэд Украйны нутаг дэвсгэрт дэлхийн олон орнууд өөрсдийн төлөөлөл, цахим сүлжээ, зэвсэг техник, мөнгө санхүү болон эдийн засгийн хориг хэмжээ зэрэг олон арга хэрэгслээр дамжуулан оролцож байгаа болон дайны нөлөө тусаагүй улс орон үлдээгүй зэрэг үйл явдал, баримт нь дэлхийн хэмжээний дайн өрнөж байгааг нотолж байна.
 
Гуравдагч улс орнууд ялангуяа манайх шиг жижиг орнууд олон улсын эрх зүйг сайтар судлан ойлгож, ягштал баримталдаг байвал зохино. Учир нь биднийг аль нэг улс, эвсэл бус харин олон улсын зарчим, хэм хэмжээ хамгаалахыг Украйны жишээнээс бид бэлэхнээ харлаа. Украйны тал олон улсын хэм хэмжээний хүрээнд ажилласнаар олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг бүрэн хүлээж, хүнд үеийг даваад гарсан гэхэд хилсдэхгүй биз ээ. 
 
Нөгөө талаар, ОХУ-ын Ерөнхийлөгч энэ оны 2 дугаар сарын 21-ний өдөр хэлсэн үгэндээ “Украйн Улс бол бидний хөрш төдий орон биш. Бидний түүх, соёл, оюун санааны орон зайн хэсэг учраас Украйны хүн ам, газар нутаг нь ч Оросынх юм” гэж хэлсэн нь XIX зууны эхээр яригдаж байсан нармай монголын гэх үзэл санаатай агаар нэгэн буй нь анхаарал татаж байгаа юм. Гэвч энэ мэт үндэслэл нь дэлхийн шинэ дэг журам үйлчилж буй XXI зуунд эрх зүйн болон улс төрийн дэмжлэг авах нь эргэлзээтэй юм. 
 
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1-т “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гэж үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ” гэж, 3.2-т “үндэсний язгуур ашиг сонирхолд Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж тус тус зааснаас харахад Украйнд өрнөж буй үйл явдлаас улбаатайгаар манай улсын эдийн засгийн тогтвортой байдал тодорхой түвшин алдагдаад байгаа учраас Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлжээ гэж дүгнэж болохоор байна. Мөн хуульд зааснаар энэ цаг үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, Украйн дахь нөхцөл байдалтай холбоотой аливаа бодлого, шийдвэрийг нэг институтэд зангидах учиртай. Тухайн ажлын хэсгээс манай бүх шатны байгууллагуудын шийдвэр, ялангуяа олон улсын гэрээ, хэлэлцээр Украйн дахь нөхцөл байдалтай холбоотойгоор үндэсний аюулгүй байдлыг хөндөхгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна.
 
НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаас Украйны асуудлаар баталсан тогтоолуудад манай улс Алжир, Ангол тэргүүтэй 30 гаруй оронтой адил түдгэлзсэн санал өгсөн. Гэвч нэгэнт олонхийн саналаар батлагдсан тухайн тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхэд оролцохгүй, хэрэгжүүлэхгүй гэх эрх НҮБ-ын гишүүд орнуудад байхгүй. Тэгээд ч манай улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа “энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ”, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдлыг баталгаажуулах асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолуудын үзэл санааг хэрэгжүүлэх чиглэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана” гэж заасан нь олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэрийг хүндэтгэн үзэхээр өөр аргагүй байдалд оруулах болов уу. 
 
Цаашид нөхцөл байдлаас хамаарч гуйвж дайвсан ядмаг арга хэмжээ, байр суурь бус олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой, ухаалаг бодлого, төлөвлөгөөтэй байж гэмээнэ Монгол Улс улс төрийн болон эдийн засгийн аюулгүй байдлаа баталгаажуулж чадна.
 
Нийтлэлч: П.БАЯР, /Хууль зүйн ухааны доктор, JSD/
 
 
 
Ашигласан эх сурвалж:
 
UN Charter;
 
The Rome Statute of ICC;
 
Geneva Conventions and additional protocols;
 
International Law Commission, Draft Articles on Responsibility of States for Internationally Wrongful Acts, November 2001;
 
Un.org, icc-cpi.int, echr.coe.int. 
 
EJIL:Talk! Ukraine Files ICJ Claim against Russia, Marko Milanovic, February 27, 2022;
 
The New York Times, The Roots of the Ukraine War: How the Crisis Developed, March 2, 2022;
 
Allegations of Genocide under the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (Ukraine v. Russian Federation), Public Sitting, 7 March 2022;
 
Lawfare, The ICC Investigates the Situation in Ukraine: Jurisdiction and Potential Implications, Jaime Lopez, Brady Worthington, March 10, 2022;
 
UN News, General Assembly resolution demands end to Russian offensive in Ukraine, March 2, 2022;
 
Vox, Russia’s war in Ukraine, explained, March 6, 2022;
 
Malik, at rsilpak.org;
 
Christopher J. Borgen, Law, Rhetoric, Strategy: Russia and Self-Determination Before and After Crimea 91 International Law Studies 216 (2015);
 
Opinio Juris, More Than Rhetoric? International Criminal Justice, Crime Semantics and the Role of the ICC in the Ukraine Conflict, Carsten Stahn, February 25, 2022;
 
The New York Times, Arming Ukraine: 17,000 Anti-Tank Weapons in 6 Days and a Clandestine Cybercorps, March 6, 2022;
 
Lawfare, Foreign Fighters in Ukraine? Evaluating the Benefits and Risks, Daniel Byman, March 2, 2022;
 
EJIL:Talk! At War: When Do States Supporting Ukraine or Russia become Parties to the Conflict and What Would that Mean? Alexander Wentker, March 14, 2022.