Наран улсыг үзэх юм сан гэсэн бодол надад анх бүр хүүхэд байхад төрж билээ. Би тэр үед хөдөө Хэнтий аймагт дунд сургуулийн долдугаар ангид сурдаг 13 настай хүүхэд байлаа. Тэртээх далаад онд аймгийн төвийн нэгэн жижигхэн кинотеатрт японы “Зуурдын сэтгэл” хэмээх өнгөт кино үзэв. Тэр үед Монголд зөвхөн монгол, зөвлөлтийн кино л гардаг байлаа. Тэр үед хөрөнгөтөн орны кино үзэж болохгүй, номыг нь уншиж болохгүй хэмээн хатуу хориглодог байв. Энэ бол миний үзсэн анхны япон кино байв. Киноны гол дүрд японы залуу жүжигчин Комаки Курихара тоглосон байсан. Тэр япон киноны дуу маш гоё санагддаг байлаа. “Кой ва, Ваташи кой ва, Сора о сомэтэ, Морита юү...” гээд л уянгалуулж өгнө шүү дээ. Юуны тухай дуулаад байгаа юм бол, бүү мэд. Япон хэлээр ганц үг ч мэдэх биш. Тэр кино хайр дурлалын тухай сэдэвтэй кино байжээ. Би хүүхэд байсан тул сайн ойлгоогүй юм даг. Харин тэр кинонд далаад оны өндөр хөгжсөн Япон орон харагдаж байлаа.Токио хотын өндөр барилгууд, үзэмжтэй цэцэрлэг гудамж талбай, орчин үеийн загварлаг автомашинууд үнэхээр сонирхол татаж байлаа. Дараа нь Акира Курасовагийн найруулсан Тосиро Мифүнэгийн гол дүрд тоглосон орос хэл дээр “Гений дзюдо” буюу япон хэл дээрээ “Сансиро Сугато” хэмээх японы джиу житсу, каратэ болон дзюдогийн сургуулиудын хоорондох тэмцэл зөрчлийг харуулсан онц сонирхолтой киног тэрхүү жижигхэн кинотеатрт үзсэн юм даг.
Бяцхан монгол хөвгүүн би шууд л каратист болох юм сан хэмээн боддог болов. Ингээд л Япон орон хөдөөний бяцхан монгол хүүгийн хүсэл мөрөөдөл болсон доо. Үүнээс хойш би Япон орныг улам их сонирхож энэ орны тухай олон ном уншиж , олон кино үзжээ. Зөвлөлт Холбоот улсын Баку хотын их сургуульд оюутан байхдаа орос хэл дээр хэвлэгдсэн япон орны тухай ном, Ташкентийн олон улсын кино фестивалд оролцсон Япон улсын олон кино үзэж байв.Зөвлөлт Холбоот Улсад их сургуулиа төгсөөд эх орондоо төрөлх Хэнтий аймагтаа ирээд үргэлжлүүлэн орос хэл дээр гарсан японы тухай олон ном уншиж цуглуулсаар байв. Монгол хэл дээр тэр үед японы тухай бараг нэг ч ном байхгүй байв.
Коммунист үзэл суртал японы талаар мэдэж судлахыг хориглодог байлаа. Коммунистууд “Япон бол дайны хэнээтэн милитарист улс. Хүмүүс нь хүн хөнөөдөг самурайчууд. Токио хотын агаар нь үйлдвэрүүдийн утаанд хордож хүн бүр хүчилтөрөгчийн баг зүүж явдаг” хэмээн гүтгэсэн сурталчилгаа явуулдаг байлаа. Ингэж гүтгэсний үйлийн үрээр өнөө цагт монголчууд бид нийслэл хотдоо нүүрсний утаанд хордсоор байгаа юм биш биз.
Ийнхүү би Япон орныг судалсаар байгаад нэг мэдэхэд сайн дурын япон судлаач болчихсон байлаа. Гэхдээ Японд огт очоогүй, нэг ч япон хүн танидаггүй япон судлаач. Японы түүх, соёл, ёс заншил, японы уран зохиол, уран зураг, японы буддизм, шинто, бусидо, микадо, мэйзийн өөрчлөлт шинэчлэлт, 1905 оны орос японы дайн, японы азийг эзэлсэн түүх, японы самурайн түүх, японы эзэн хаадын түүх, японы тулааны урлаг каратэ, айкидо, кемпо, джиу житсу, Японы арми Пёрл Харбор руу довтолсон түүх, Мидвэйн тулаан, орчин үеийн японы гайхамшигт хөгжил... гээд зөндөө олон зүйлийг уншиж багагүй ном цуглуулжээ.
Япон орныг үзэх явдал миний бага залуу насны мөрөөдөл байжээ. Харин надад Япон орныг үзэх боломж олдоогүй л байлаа. Ажлаар явах боломж байсангүй, хувиараа явах боломж ч гарсангүй. Ийнхүү нэг мэдэхэд дөч гаруй жил өнгөрчээ. Харин одоо би ахимаг насандаа Наран улс руу явж бага насны мөрөөдлөө биелүүлэхээр хатуу шийдлээ. Япон явах аялалдаа би нэг жилийн өмнөөс бэлтгэж интернэтээр судалгаа явуулж үзэх газруудынхаа тухай урьдчилан танилцаж аяллын төлөвлөгөө хөтөлбөрөө нарийвчлан гаргаж, Токиогийн цаг агаарыг нь хүртэл судалж, хэзээ, ямар улиралд, бороогүй нартай ямар өдрүүдэд явахаа хүртэл судалж сонголоо. Би Монгол дахь Япон улсын Элчин сайдын яаманд очиж, аялах төлөвлөгөө, очих буудлын хаяг утас, визний мэдүүлгийг англи хэл дээр бичиж өгөөд 14 хоногийн визээ хүлээн авлаа. Аялалын энэхүү тэмдэглэлийн эхэнд япон орны түүхийг бага зэрэг өгүүлэх нь зүйтэй болов уу.
Наран улсын товч түүхээс
Япон орон 6852 аралаас бүрддэг. Япон орон хэрхэн үүссэн тухай японы эртний домог сударт өгүүлсэн байдаг. Эрт дээр цагт газар дэлхий өлгийнөөсөө төрж гараагүй цагт дээд Тэнгэр Изанаки,Изанами хэмээх хоёр бурханд усан бүрхүүлтэй,хэлбэргүй байсан энэ дэлхийд хуурай газар буй болгохыг тушааж гэнэ. Изанаки,Изанами хоёр бурхан жадаа далайн усанд хатгаж хүчтэй эргүүлж гэнэ. Дараа нь жадаа огцом уснаас авахад жадны үзүүрийг даган давс гоожиж далайн усанд зунгааралдан бөөгнөрч хуурай газар арлууд ийнхүү үүсчээ. Эдгээр аралд "“Оногорозима” буюу “Өөрөө бөөгнөрөн буй бологч” гэсэн нэр өгчээ.Изанаки,Изанами хоёр бурханаас анхны хүүхдүүд нь хөл гаргүй төржээ.Дараагийн Авасима хэмээх хүүхэд нь дутуу төржээ.Тэд энэхүү муу ёрын учир шалтгааныг дээд Тэнгэрээс асуухад гэр бүл болох ёслолоо буруу хийснээс болжээ гэсэн хариу өгчээ.Гэр бүл болох ёслолд эхлээд эрэгтэй нь үг хэлэх ёстой байтал эмэгтэй бурхан Изанами эхэлж үг хэлсэн нь ийм байдалд хүргэжээ. Хоёр бурхан гэр бүлийн ёслолыг эхэлж Изанаки үг хэлж дахин ёсоор нь гүйцэтгэв.Тэдний гэрлэлтээс бусад Японы арлууд үүсч Япон буй болов. Дараа нь гурван бурхан төрөв.Эхлээд галын бурхан Кагуцуми төрөв. Дараа нь Изанакийн зүүн нүдээ угаасан далайн усны дуслаас нарны бурхан Аматэрасу бурхан төржээ. ”Аматэрасу-о миками “гэдэг нь “Тэнгэрт гялалзах агуу их бурхан “гэсэн үг.
Энэхүү нарны домогт бурхан нь японы эзэн хаадын элэнц хуланц эх нь гэж хүндлэгддэг ажгуу. Изанакийн баруун нүдээ угаасан далайн усны дуслаас шөнийн сарны бурхан Цикуёми төрөв. Изанакийн хамраа угаасан далайн уснаас салхи, усны бурхан Сусаноо төрөв. Изанаки гурван хүүхдэдээ өөрийн эзэмшлээ хувааж өглөө. Ууган том охин Аматэрасу бурханд Тэнгэрийн уудмыг буюу Такомо-но-хараг өгөв. Сусаноо бурханд тэнгис далайг эзэмших эрхийг өгөв” хэмээн японы эртний “Козики” сударт бичжээ. Энэ судар 712 онд бичигдсэн юм. Японы эртний домог түүх ийнхүү японы эртний “Козики, Нихонсёки, Когосюй” судар 712-720 онд бичигдэн өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн нь дорно дахины суурин соёл иргэншлийн нэгэн гайхамшигт дурсгалт хөшөө мөнөөс мөн гэлтэй.
Манай эриний өмнө 700 онд Японыг анхны эзэн хаан Жимму Тэнно захирч байв.Нар бол япончуудын шүтдэг Бурхан юм. Эзэн хаан Тэнног Нарны бурханы удам угсаа хэмээн япончууд үздэг. М.э.ө 200 онд эртний Ямадо улсыг Жинго гэдэг хатан хаан захирч байсан гэдэг. Манай эриний 400 онд энэхүү Ямадо улс Солонгосоор дамжуулан Хятад улсаас хятадын бичиг үсэг,соёл иргэншлийн зарим зүйлийг авч байжээ. Хятадын Тан улсын үед Японд буддизм ихэд хөгжин дэлгэрч эхлэв. Манай эриний 552 онд Солонгосын Пекчегийн эзэн хаан Ямадо улсын эзэн хаанд төлөөлөгч томилж Буддагийн сэрэг дүр, Буддын ариун судруудыг илгээжээ. Ингэж Бурхан багшийн сургаал Ямадо улсад түгэж эхэлсэн аж. Энэ үеэс эхлэн Бурханы шашин японы эртний Синдо шашинтай эн зэрэгцэн өдгөө хүртэл оршиж ирсэн юм. Синдо гэдэг нь “Бурханы зам” гэсэн утгатай үг.Синдо нь Бурхан багшийн сургаал шиг хүний ёс суртахууны нарийн хэм хэмжээг заагаагүй.Харин Синдо нь “энэ ертөнцөд оршиж байгаа хүн,амьтан,өвс, ургамал,уул,ус,далай, гал, салхи,аянга, солонго, тэнгэр бүгд эзэнтэй, сүнстэй амьд ертөнц. Эдгээр есөн сая бурхадын тэргүүн нь Аматэрасу бурхан” хэмээн үздэг аж. Эртний монголчууд байгаль дэлхийгээ хайрлаж, газар ухаж болохгүй,ус гол рашааныг бохирдуулж болохгүй,уул,ус хангайдаа өргөл өргөдөг ёс заншилтай байсан. Япончууд яг ийм байдлаар байгаль дэлхийгээ хайрлаж синдогийн ёсыг баримталдаг нь монголчуудтай төстэй аж. Синдогийн бас нэг зарчим бол “Бурханыг хүндэлж,тэдний удамд үнэнч байх явдал” юм.Синдогоос японы бусидо үүссэн болов уу. Самурайн бусидогийн ёс маш нарийн зарчимтай. Япон улс самурайн бусидо ёсыг баримталсны хүчинд нэгдмэл хүчирхэг улс болсон болов уу. Энэ нь эзэн богд Чингис хааны үеийн монголчуудын нөхөрлөлийн ёсонтой төстэй.Эртний бусидо буюу эрэлхэг дайчин самурайн ёс суртахуун нь эцэг эх, эзэндээ үнэнч байх, гэр бүл, хамт олон, хот тосгоныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг, эзэн хааныхаа төлөө амиа өгөхөд бэлэн байдаг зарчим дээр тулгуурладаг. Япон хүн эзнийхээ нэр төр,өөрийнхөө нэр төр,улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, хиргүй тунгалаг байлгах зарчмыг бүх насаараа баримталдаг нь монголчуудын “нэр хугарахаар яс хугар” гэдэг зарчимтай адил ажээ.
Их Монголын Эзэн хаан Хубилайн цэргүүд 1274, 1281 онд Япон улс руу довтолсон байдаг. Тэр үед Японыг Хозёгийнхан захирч байв. Камакурагийн сёгун монголчуудын довтолгоог няцааж байв. Тэр үед Японд амьдарч байсан эрдэмт лам Нитиран тарни уншиж Япон тэнгист Камиказе буюу цунами салхи үүсгэж монголчуудын хөлөг онгоцуудыг живүүлж байсан гэдэг. Хубилай хааны явуулсан 4 монгол элчийг Японы эзэн хаан цаазаар авч байсан гэдэг. Өрнөдийн цагаан арьстанууд 1492 онд америк тивийг нээж далайг эзэгнэснээс хойш англи, испани, португалчууд ази, африкийн олон орнуудыг далайн флот хийгээд зэвсгийн хүчээр эзлэн колоничилж байсан гурван зууны туршид Япон улс хаалттай орон байсан нь тун оносон хэрэг байлаа. Япон орон гадны харь орны колоничлол, коммунизм, улаан хувьсгал гэх мэтийн бохир заваан харгис зүйлийг оруулалгүй эх орноо бат хамгаалж, ариун орон хэвээр үлдсэн юм.
Япон 19 дүгээр зуунд гэнэт үүд хаалгаа дэлхийд нээсэн. 1853 онд АНУ-ын тэнгисийн цэргийн ахмад Коммандор Перри Японд анх очиж Япон орон гадаад ертөнцөд үүд хаалгаа нээв. Хиросигэ хэмээн япон хүн харь орны хүчирхэг том хар хөлөг онгоцыг тэр үед яг байгаагаар нь зурж байв. Перри АНУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг японы Сёгунд хүргэсэн байна. Япон улс АНУ-д хоёр усан боомтоо нээж тэдний усан онгоцыг оруулахыг зөвшөөрчээ. Япон ийнхүү 230 жилийн дараа гадаад ертөнцөд үүд хаалгаа нээв.Удалгүй 1867 онд Сёгун хаан ширээнээсээ бууж 14 настай Мацухито хэмээх хөвгүүн Эзэн хааны ширээнд залрав. Ийнхүү 700 жилийн сёгуны хаанчлал дуусч, 1864-1912 он хүртэл Мэйзийн шинэ эрин үе эхлэв. Япон орон Ерөнхий сайдтай болж Парламент үүсэв. Япон улс энэ богинохон хугацаанд гайхалтай түргэн европчлогдож, азийн хоцрогдсон газар тариалангийн орноос аж үйлдвэрийн хүчирхэг капиталист гүрэн болсон юм. Япон улс Английн загвараар хоёр танхимт парламенттай болж, хууль эрх зүй, боловсрол, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэв. Япон улс орчин үеийн хүчирхэг арми, далайн флоттой болов. Япон улс өрнөдийн АНУ,Европын орнуудад шинжлэх ухаан,техникийн чиглэлээр оюутнуудаа сургахаар илгээв. Япон улс 1868-1874 он гэхэд Европ,АНУ-д нийт 550 оюутнаа сургаж, өрнөдийн АНУ, Англи, Германаас 3000 эрдэмтэн, багш, инженер, мэргэжилтнүүдийг эх орондоо урьж ажиллуулан өөрийн орны Засгийн газрын сайд нараасаа илүү цалин өгч өрнөдийн тэргүүний техник технологийн бааз суурьтай болов. 1871 оноос бүх нийтийн боловсрол олгох систем улсдаа нэвтрүүлж 1905 он гэхэд бүх япон хүүхдийн 96.0 хувь нь сургуульд хамрагдах болсон байна. 1920 он гэхэд Япон улс шинжлэх ухаан,техник технологийн салбарт АНУ, өрнөд европыг гүйцжээ. Японы арми хамгийн орчин үеийн зэвсэг техниктэй болж Япон улс орчин үеийн цэргийн хүчирхэг улс болов. Япон улс 1905 онд хүчирхэг хаант Орос улсыг дайнд ялж, удалгүй Солонгосыг эзэлж дараа нь зүүн хойд Хятадад довтлов. Япон улс хорьдугаар зууны эхэнд ихэд хүчирхэг болж 1940-өөд он гэхэд зүүн өмнөд ази тивийн ихэнхи газрыг эзэлж нөлөөгөө тогтоов. Японы нөлөө зүүн хойд азийн Манжуур, Солонгосоос эхэлж зүүн хойд Хятад,Тайвань,Хонгконг, зүүн өмнөд азийн Филлипин, Вьетнам, Малайз, Сингапур, Бирм хүртэл тэлсэн байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс ихэд түргэн хөгжиж одоо дэлхийн эдийн засгийн гурав дахь хүчирхэг гүрэн болсон байна. Аливаа улсын хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь тодорхойлдог.
Эдүгээ Наран улс нэг жилд 6.1 триллион ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 39 243 ам долларт хүрээд байна. Япон улс Мэйжийн Үндсэн хуулиа 1890 онд баталсан, 1947 онд хоёр дахь шинэ Үндсэн хуулиа баталсан азийн хамгийн ардчилалтай, эрх чөлөөтэй, хүний эрхийг дээдэлдэг орон юм. Япон улс 1956 оноос эхэлж эрс хурдтай хөгжиж эдийн засаг нь жил бүр 10.0 гаруй хувиар өсөж байлаа. Эдүгээ Япон улсын хүн ам 125.9 сая болж , гадаадын 1.6 сая хүн Японд амьдарч байна. Япон хүний дундаж наслалт 85.3 жил болжээ.Шашны хувьд япончуудын 80.0 хувь нь Синто шашин, 67.0 хувь нь Буддын шашин шүтдэг ажээ.
Орчин үед Япон улс Монголд их хэмжээний зээл тусламж өгсөн дөө. Өрнөдийн хандивлагч орнуудаас Монголд хамгийн их тусалсан нь Япон улс даа. ”Говь” ноолуурын үйлдвэрээс эхлээд Нарны зам, Нарны гүүр, Хөшигтийн шинэ нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, Жайка байгууллага, өвсний үндэс гээд яривал тоо хэмжээ нь тоолж баршгүй их зүйл болох биз. Ийнхүү миний бие Мэйзийн өөрчлөлт шинэчлэлтээс хойш яг 150 жиийн дараа Их Наран улсад аялах хувь тохиож байгаа аж. Энэхүү зуун тавин жилийн хугацаанд Япон улс колоничлол, коммунизм гэх мэтийн арван ес, хорьдугаар зууны аймшигт эмгэнэлт явдалд өртөөгүй тул 150 жил өөрийн онцлогтой замаар өөдлөн хөгжиж Эзэн хаантайгаа, Бурханы шашинтайгаа орчин үеийн техник технологитойгоо дэлхийн тэргүүн орон хэвээр хорин нэгдүгээр зуунд ороод байна. Энэхүү хөгжлийн үр дүнг өөрийн нүдээр харах болж байгаадаа би баяртай байлаа.
“Улаанбаатар – Бээжин”-гийн чиглэлд
Би аялалийн маршрут, үзэх газрын мэдээллийг интернетээс судалж, нарийн хөтөлбөр төлөвлөгөө боловсрууллаа. Очих цаг хугацаагаа нарийн судалж, нарлаг өдрүүдтэй, халуун ч биш, бороотой ч биш хаврын сүүл сар, зуны эхэн сарыг сонгов. Тавдугаар сарын эхээр явахаар төлөвлөсөн боловч яг энэ үед миний хувьд явах боломж гараагүй тул жаахан хойшилж 5-р сарын 31- ний өдөр Бээжингээс Токио руу шууд нисэхээр болов. 5-р сарын 31 нээс 6-р сарын 14 хүртэл бараг бороогүй, ихэнхи нь нартай өдрүүдтэй, агаарын температур 24 - 26 градус дулаан болох тул энэхүү тааламжтай өдрүүдийг сонголоо. Нислэгийн үнэ, буудлын үнэ хоёрыг би нэг жилийн өмнөөс судалж эхэлсэн юм. ”УБ-Токио” нисэх “МИАТ”-ын нислэгийн хоёр талын тасалбарын үнийг судалтал 1 сая 780 000 төгрөг буюу 725 ам.доллар гэж байна. МИАТ-ын өндөр үнэнд гэнэт дургүй хүрч, Интернетээр дэлхийн бусад айрланезийн үнийг судаллаа. Хамгийн хямд айрлайнез бол дэлхийд Малайз, Тайландын айрлайнез юм байна.Тайландын айрлайнезээр “Бээжин - Бангкок” нисэхэд ердөө 159 ам.доллар юм байна. Автобусны үнэ гэсэн үг. Малайзын айрлайнезаар “Бээжин-Токио” нисэхэд хоёр талдаа 280 ам доллар аж. Улаанбаатарт Тайланд, Малайзын айрлайнезийн нислэгийн хямд билетийг зардаггүй юм байна.Зөвхөн “Айр Чайна”-гийн “Бээжин -Токиогийн” билетийг хоёр талдаа 400 ам долларын үнээр “Айртранс” компани Монголд зардаг аж. Иймд би хэмнэлт гаргахаар шийдэж МИАТ-ын өндөр үнийг Бээжин-Токиогийн нисэх онгоцны 2 талын билет болон Токиод байрлах 14 хоногийн буудлын үнэ болгож хэмнэлттэй зөв ашиглахаар төлөвлөв. Өөрөөр хэлвэл би 990 000 төгрөгөөр “Бээжин –Токио”-гийн чиглэлийн хоёр талын нислэгийн билет авч, 550 000 төгрөгөөр буудлын 45 хоногийн үнийн асуудлыг шийдлээ. Нислэгийн билетийг нэг сарын өмнө захиалж авав. Буудлын 15 хоногийн үнийг Токиод очих өдрөөс 3 хоногийн өмнө Интернетээр Токио хотын байрлах буудалдаа шилжүүлэв.
2018 оны тавдугаар сарын сүүлч буюу зуны эхэн сарын өлзийтэй сайн өдөр алс холын Наран улсыг зорилоо. Миний аяллын эхний шат “УБ -Замын Үүд”, “Замын Үүд – Эрээн”, “Эрээн –Бээжин” байлаа. Нийслэл хотын галт тэрэгний буудал орох замд Бурхан багшийн дүйчин өдрийн өмнө болж буй сүсэгтэн олны жагсаалтай таарсан нь их л билигтэй учрал байлаа.”УБ - Замын Үүд”-ийн галт тэрэгний билетний үнэ 25000 төгрөг болсон байлаа. Галт тэрэг УБ - Замын Үүдийн чиглэлд 17.20 цагт хөдөллөө. Аян замд ачаа багатай гарах нь зөв байдаг юм байна лээ. Би энэхүү аялалд ердөө нэг үүргэвч, нэг зургийн аппарат, Япон улс болон Токио хотын газрын зурагтай явж байлаа.
Өмнө нь би ганцаараа Хонгконг аялахдаа хоёр том чемодан чирч ачаа маань томдоод их хаширсан хүн л дээ. Зарим хүмүүсийн ачаа чемодан галт тэрэгний ор доогуурхи багаажинд багтахгүй том байх нь их л түвэгтэй харагдана. Галт тэргэнд хамт явах зарим монгол хүн миний суудлын доогуур өөрсдийнхөө ачаагаа чихэхийг оролдож байлаа. “Энэ чинь миний ачаа хийх зориулалттай эд, та өөрийнхөө орон доогуур өөрийнхөө юмаа хийгээч” хэмээн зөрүүд монголчуудад ойлгууулахыг оролдов. Арайхийж ойлголцож байтал галт тэрэг хөдөллөө. Манай галт тэрэгний вагонд Архангай аймгаас ирсэн 11-15 насны бяцхан хуврагууд Энэтхэгийн “Сэра Же” хийдэд бурханы ном сурахаар явж байгаатай нь таарав. Эдгээр хүүхдүүдийг Энэтхэгт сурч байхад нь таван жил тутам нэг л удаа Монголд гэртээ харихыг зөвшөөрдөг ажээ. Эдгээр хүүхдүүдийг хүргэж яваа энэтхэгийн “Сэра Же” хийдэд арван жил сурч байгаа Баттулга хэмээх залуу ламтай танилцаж хууч хөөрлөө. Баттулга ламтан Энэтхэгт арван жил бурханы номд суралцаж байгаа, дахин арван жил суралцана гэж байв.Бурханы эрдэм үнэхээр агуу юмаа. Энгийн хар хүмүүс бид их, дээд сургуульд мэргэжил эзэмшихэд түргэвчилсэн сургалтаар 2.5 жил, хэвийн сургатаар 4-5 жил сурч мэргэжил эзэмшдэг. Тэгвэл Бурханы эрдэмд хориос доошгүй жил суралцдаг аж. Би эдгээр хүүхдүүдэд хандаж “Дүү нар минь. Та бүхэн Жагарын оронд бурханы номонд суралцана гэдэг их хувь заяа шүү, бурхны номонд сайн суралцаарай” хэмээн ерөөв.Замын үүд орох замдаа Баттулга ламтан бид хоёр Бурхан багшийн сургаалийн талаар нилээд хууч хөөрөв.Удалгүй шөнө болж бид унтлаа. Маргааш өглөө нь 07.30 цагт галт тэрэг Замын Үүдэд ирлээ.Бид галт тэргэнээс бууж шууд л хил давах автобус хайж эхлэв.Тэнд харин Замын Үүдээс шууд Бээжин явна гэсэн хятадын автобус байлаа.Бид энэхүү шууд Бээжин явах автобусанд 220 юань төлж Бээжин явахаар боллоо.Монголын хил давж Эрээн хотод хүрлээ. Эрээнд “Тэнгэр” хэмээх монгол хоолны ресторанд үдийн хоол зооглов. Энд үхрийн махтай гурилтай шөл 20 юань аж. Хоолны үнэ өмнөхөөсөө нэг дахин өссөн бололтой. Порц сайтай амттай монгол хоол байлаа. Бид тохилог автобусандаа сууж Бээжин хот руу өдрийн 15 цагт хөдөллөө. Автобус хурдны дардан замаар давхисаар байлаа. Эргэн тойрон өвөр монголын тал нутаг харагдана. Өвөр монголын тал нутгаа харахад, эсхүл Буриад монголын Байгал далайг харахад миний сэтгэлд гуниг төрдөг юм. Цөвүүн цагийн бэрх үед харийн гүрэнд ар, өврөөсөө тасдуулсан эх орноо санахад өөрийн эрхгүй эмгэнэл төрдөг юм. Замын хажуугаар өвөр монголын мал сүрэг бэлчинэ. Өвөр монголын тал нутаг торон хашаанд баригджээ.Тааваараа бэлчдэг мал сүрэг торонд хашигджээ. Өвөр монгол малчид хуучин байшингаа орхиж шинэ тав тухтай хаус байшинд нүүн оржээ. Гадаа нь автомашин, салхин сэнс,цахилгаан үүсгүүр харагдана. Ядуурлаас гарах хятадын төр засгийн бодлого зорилгодоо хүрч байгаа нь илт харагдана. Хятад улс сүүлийн 40 жилд 800 сая хүнийг ядуурлаас гаргасан хэмээн би нэгэн хэвлэлд уншсан санагдана.

Бид давхисаар шөнийн 01 цагт Бээжин хотод ирэв.Тэнд нэгэн тохилог том өрөөнд биднийг хүлээн авч амраав. Эрдэнээ хэмээх өвөр монгол залуу ар монголчуудыг хүлээн авч аятай тухлаг амрах өрөөнд хямдаар байрлуулж үйлчилдэг юм байна. Дараа өдөр нь би энд нэг хонож нэг өдөрт ердөө 30 юань төлж байв.Энэ хүлээн авах газар Бээжингийн зүүн талд нилээд алсдуу “Шингүн” хэмээн метроноос бага зэрэг зайтай оршдог юм байна. Маргааш өглөө нь би Бээжин хотын төв рүү 427 дугаартай автобусаар “Дахонгмен” рүү явлаа. Метронд ойр газар хонохоор шийдэж өмнө нь монголчуудын очдог байсан “Дахонгмен” хэмээх дүүрэгт байдаг “Ханшин” буудал дээр очлоо. Би энд дөрвөн жилийн өмнө Хонгконг явах замдаа очиж хонож байсан юм. Гэтэл тэнд бүх юм өөрчлөгджээ.Өмнө нь монголчууд энэ буудлын подвалд байдаг олон ортой том байранд 50 юаниар хонодог байсан. Одоо тэр байр үгүй болж хамгийн хямд өрөө 270 юань болсон аж. Хажууд нь бас нэг монгол буудал, мөн монгол хоолны газар байсан. Монгол хоолны газар байхгүй болсон гэнэ. “Ханшин” буудлын үүдний өрөөнд сууж байсан гартаа гар утас барьсан нэгэн хорчин өвөр монгол бүдүүн бор залуугаас би “Нөгөө өмнө нь байсан монгол буудал яасан бэ, хаана байна вэ?” хэмээн асуухад өнөөх өвөр монгол гар утсаа хараад тун завгүй тоглож байгаа бололтой дуугарч ядна. Буудлаас гарч юм зааж өгөхөөсөө залхуурч байгаа бололтой. Ийм хүнд сурталтай, залхуу хүнтэй юу ярих вэ дээ. Би шууд л өчигдөр байрласан буудал руу гаа буцлаа. Муу хорчин өвөр монгол байхад сайн хорчин өвөр монгол байдаг л юм билээ. Өчигдрийн буусан газар Гэрэлээ хэмээх хорчин өвөр монгол залуу бидэнд ихэд тусалж байв. Бээжинд их халуун өдөр байсан тул би гадагшаа гарсангүй.
Миний “Бээжин –Токио”-гийн нислэг дараагийн өглөө байсан тул би замын бөглөрөлд орж нислэгээсээ хожимдохгүйн тул урьд орой нь Бээжингийн олон улсын Шоудугийн нисэх буудал руу метрогоор явж очиж тэнд хонов. Энэ нисэх буудал Бээжин хотын төвөөс зүүн хойш 20 км-т оршиж байлаа. “Шоуду”-гийн олон улсын нисэх буудал бол дэлхийн хамгийн том орчин үеийн тохилог буудал аж. Энд өдөр шөнөгүй нислэг үргэлжилнэ.Ийм том аэрпортыг би л лав хараагүй юм байна. Шоудугийн олон улсын нисэх буудлын энэхүү “Терминал - 3” гэсэн өргөтгөлийг 2008 онд Бээжингийн олимпын өмнөхөн байгуулжээ. Энд 120 чиглэлд өдөр бүр 1100 нислэгийн рейс явагдах аж. Нэг жилд 55 сая зорчигч үйлчлүүлж 400 000 нислэг үйлддэг аж. Нисэх буудлын онгоц руу гарах хаалга нь 120 байдаг юм байна. Буудлын гадаа 7000 автомашин зогсох зогсоолтой байлаа.
Токио руу нисэх өглөө би өглөөний 07 цаг 15 минутаас эхэлж онгоцны билетээ бүртгүүлэх, ачаагаа шалгуулах ажилд орлоо. Миний нисэх ”Air China / CA / 925 дугаар нислэг” өглөөний 09.25 цагт нисэх байлаа. Хил гаалийн шалгалт нарийн нягт байв. Энд хурууны хээгээ шалгуулдаг болсон байна. Ачаагаа нарийн шалгуулав. Олон дамжлага дамжиж шалгуулсаар дугаарласаар арайхийж 9 цагийн орчим дууслаа.Одоо гарах хаалгаа олох хэрэгтэй. “Gate” буюу гарах хаалгаа дугаараар нь хайсаар оллоо. Энэ хаалгаар гарах хүмүүсийн хамт арваад минут сууж хүлээгээд онгоцондоо орлоо. Онгоцны эелдпэг залуухан хятад стюрдесса охид найрсгаар угтаж билетийг минь шалгаж суудлыг минь зааж өгөв. Би хамгийн захад цонхны дэргэд суулаа.Удалгүй яг цагтаа онгоц хөөрч Бээжин хот тээр доор харагдаж байлаа.Онгоц улам дээшилсээр үүлний дээр гарав.Онгоцны үйлчлэгч нар удалгүй тэргэнцэр дээр тавьсан олон ундаагаар дайллаа.Суудал бүр дэлгэцтэй, дуртай дуу, кино үзэх боломжтой аж.Цаг орчмын дараа үдийн зоог барилаа. Үхрийн махтай хоол авах уу? Тахианы махтай хоол авах уу? хэмээн асууж байна.Үхрийн махтай хоолыг олон саладтай хослуулан үдийн сайхан зоог барив. Манай онгоцоор яваа хүмүүсийг ажихад ихэнхи нь аялалаар яваа хятадын жуулчид ажээ. Тэдний дунд ахмад настай эмээ өвөө нар, жаахан хүүхэд хүртэл байна.Оюутан бололтой залуус олон байна.
Токио хотод
Бээжин хотоос гурван цаг орчим ниссэний дараа онгоцны радиогоор: “Японы Токио хотын Наритагийн олон улсын нисэх буудалд ойртож байна” хэмээн англи хэл дээр зарлаж байна.Удалгүй онгоц маань Наритад зөөлөн газардлаа. Цагаа хартал Бээжингийн үдийн цагаар 13 цаг 15 минут Токиогийн цагаар 12 цаг 15 минут болж байлаа. Яг гурван цаг нисээд Токиод иржээ. Бээжин, Токиогийн цагийн зөрүү нэг цаг юм байна.Цагаа ухрааж таарууллаа. Наритад тэнгэр бүүдгэрдүү, бага зэргийн шиврээ бороо орж байлаа. Миний толгойд “ Япон оронд нэг ч япон хүн танихгүй, япон хэл мэдэхгүй, хэн ч намайг онгоцны буудал дээр тосож хүлээн авахгүй, анх удаа энэ оронд ирж байгаа миний бие 14 хоног ганцаараа амжилттай аялж чадах болов уу”гэсэн эргэлзсэн бодол зурсхийнэ. Гэвч “Ямар дайны цаг үе биш, бүх юм бэлэн болсон орчин үеийн амар амгалан Япон улсад би хөтөлбөрийнхөө дагуу аялж чадах биз” хэмээн өөртөө итгэнэ. Би онгоцноосоо бууж японы хил гаалийн шалгалтанд орлоо. Гадаад паспорт болон бусад зүйлсээ шалгууллаа. Миний ганц үүргэвч гаалийн хяналтын төхөөрөмжөөр дамжин ортол дохиолол дуугарч улаан гэрэл асаад байв. Үүргэвчинд байсан шүдний оог минь гаалийн ажилтнууд автал дохиолол дуугарахаа болив. Шүдний оо авч явж болохгүй юм байна лээ. Гаалийн ажилтан япон бүсгүй надаас “Тантай хамт яваа бусад монгол жуулчин хүмүүс чинь хаана байна вэ?” хэмээн асуулаа .”Би Монголоос ганцаараа анх удаа Японд жуулчиллаар ирж байна” гэхэд тэр бүсгүй ихэд гайхаж толгойгоо сэгсэрч байв. Би цааш нь олон хонгил хоолой дамжин явсаар нэгэн том зааланд орж ирлээ. Би хотын төв “Токио станц” хүртэл явдаг “Кесей” автобусны билет хаана зардагийг асууж заалгаад нэг давхрын нэгэн цонхон дээр очиж автобусны 1000 иений үнэтэй билет авлаа.Удалгүй нэгэн хөх өнгөтэй “kesei” гэсэн бичигтэй автобус ирлээ.Би автобусанд сууж хотын төв рүү давхилаа.
Сайн байна уу. Наран улс минь. Конничива Ниппон коку. Сайн байна уу. Токио хот минь. Токио хот бол 35.5 сая хүн амтай, 13572 хавтгай дөрвөлжин км газар нутагтай дэлхийн хамгийн том хот ажээ. Тавдугаар сарын 31-ний энэ өдөр Токио орчим нов ногоорч цэцэг дэлгэрчээ. Бороо шивэрсээр байв. Зам зуур ногоон мод, барилга байгууламж үргэлжилсээр. Нэг цаг орчим автобус давхисаар Токио хотын төвд орж ирлээ.Автобусны цонхоор Токио хот гайхалтай сайхан харагдана. Тэнгэр баганадсан өндөр барилгууд, өргөн гудамж, ногоон цэцэрлэг, толь шиг дардан зам, загварлаг олон машин, шоргоолж шиг олон хүмүүс. Ингээд Япон оронд ирдэг байж.
Автобусын сүүлчийн буудал “Токио станц” дээр буулаа. Би автобуснаас буугаад хаашаа явахаа мэдэхгүй байлаа. Эргэн тойрон өндөр барилга, зам гүүр, хүмүүс, огт мэдэхгүй хот. Би Монголд байхдаа интернэтээр Токиогийн Рёгоку дүүрэгт нэгэн буудалд өрөө захиалж мөнгөө очихоосоо 3 хоногийн өмнө төлсөн. Харин тэр захиалсан буудлынхаа хүмүүсээс “Танай буудал хүртэл Метрогоор очих уу? Галт тэргээр очих уу?” гэсэн асуулттай мессеж явуулсан боловч хариу өгөөгүй юм. Одоо би өөрөө Метрогоор буудалдаа очихоор шийдэв. Замд таарах япончуудаас асуухад нэгэн Метроны буудал зааж өглөө. Би Метроны олон станц дамжиж арайхийж “Моричита” хэмээх буудал дээр буулаа. Метроноос гараад хойд зүгт 850 метр газар миний очих буудал байгаа хэмээн тооцоолж үй олон барилгын дундуур алхаад байлаа.850 метр яваад хаашаа явахаа мэдэхээ байв.Хэд хэдэн хүнээс асуулаа. Яахав нэг юм заах юм. Яваад л байлаа. Олддоггүй. Хамгийн сүүлд би Токиогийн Кобан / Цагдаагийн хэсэг / дээр очиж япон цагдаа нараас миний буудал хаана байгааг асууж япон ханз үсгээр бичсэн буудлын хаягаа үзүүлж, тэр буудлын утасны дугаарыг өгч утасдаж өгөхийг хүслээ. Тэд тэр дор нь утсаар ярьж тэднийг ирэхийг хэлсэн боловч хэн ч ирсэнгүй. Би өөрөө япон цагдаагаар сайн заалгаж аваад явлаа.Уг нь тун ойрхон иржээ.Бас л хаашаа явахаа мэдэхээ болив.Нэгэн нарийн боовны дэлгүүрийн эзэн эмээд хаягийг нь үзүүлсэн боловч нэг л сайн мэдэхгүй байв.Харин тэнд байсан дунд сургуулийн япон сурагч охиноос тэр эмээ асуухад өнөөх охин гар утсан дээрээ эрж миний хаягийг хайж оллоо.Ердөө хэдхэн метрийн зайд ирсэн байжээ. “Тэр байна” хэмээн япон охин хажуугийн хоёр гурван дэлгүүр зоогийн газрын цаана байгаа 7 давхар буудлыг заалаа.
Би ч шууд яваад очлоо. Хаяг нь мөн байна.Тэр буудлын хүлээн авах дээр англи хэлтэй хоёр япон охин сууж байна. Шууд ороод бүртгүүлж паспортоо үзүүлж төлбөрөө Монголоос гурав хоногийн өмнө урьдчилан хийсэн тухайгаа хэлж өрөөнийхөө түлхүүрийг авлаа.Сая л нэг өрөөндөө орж сэтгэл амрав. Токиод ирсэн орой бороотой байсан тул би хаашаа ч гаралгүй буудалдаа амарлаа. Их тохилог юм. Орны цагаан даавуу, хэрэгсэл нь цоо шинэ, цэвэрхэн. Ор нь өргөн, гэрэл, айр кондишн бүх юм нь сайн ажиллаж байлаа. Нойл нь их цэвэрхэн, автомат ажиллагаатай. Шүршүүр нь их цэвэрхэн, “Shampoon”, “Oil of body” гэж бичсэн хоёр том ногоон савтай бие угаах тос, шампун нь бэлэн байв. Би орой нь усанд орж сайхан амарлаа.”Маргааш өглөөнөөс эхлээд хөтөлбөрийнхөө дагуу Токиогоор аялаад байна даа” хэмээн бодсоор унтлаа.
Маргааш нь 6-р сарын 1-ний өглөө босоод буудлын цонхоор харахад Токиод нартай сайхан өдөр эхэлж байв. Төмөр замаар галт тэрэгнүүд давхилдаж хүмүүс ажилдаа яаран явж их хот нойрноос сэржээ. Би буудлын нэгдүгээр давхар руу бууж цайны өрөөнд орлоо. Тэнд цай ууж суусан нэгэн польш залуу энэ өрөөний тоног төхөөрөмжүүдийг тайлбарлаж өгөв. Энэ өрөөнд нэгэн том саванд буцалгасан халуун ус бэлэн, японы ногоон цай олон ширхэгийг тавиур дээр өрсөн байлаа.Би ногоон цай уудаг тул надад энэ япон цай ихэд тохирч байв.Энэ өрөөнд цахилгаан зуух, хөргөгч, зурагт, том ширээ, аяга таваг, сэрээ халбага бүх юм бэлэн. Жуулчид өөрсдөө хоолоо хийхэд бүх юм бэлэн байв.Шинэхэн польш найз Дагмар польшийн жирийн нэгэн ажилчин, гэхдээ өрнөдийн олон орноор аялсан, англи хэлтэй тусархуу сайн залуу байлаа.
Өглөөний цайгаа ууж дуусгаад би үүргэвчээ хөнгөлөөд дотор нь зөвхөн зургийн аппарат,газрын зургаа хийгээд метрогоор хотын төв рүү явахаар шийдэж буудлаас гарлаа.Токио ч үнэхээр сүрдмээр том хот байлаа. Огт мэдэхгүй, очиж үзээгүй, нэг ч хүн танихгүй харийн том хотод ганцаар аялна гэдэг эхний өдөр хэцүү санагддаг юм. Харийн хотын метрогоор эхлээд яваад сурчихвал бүх юм гарт ордог доо. Токиод Метро болон Хурдны галт тэрэг гэсэн хоёр том тээврийн хэрэгсэл ихэд хөгжжээ. Алинаар нь явах вэ гэдгээ би сайн мэдэхгүй л байв. Ямар ч байсан эхлээд Метрогоор төөрөлгүй явж сурна хэмээн бодлоо. Энэ хотод бүх юм автоматчлагдсан байв. Эхлээд “Passmo” хэмээх метро, автобус, галт тэрэг,таксигаар чөлөөтэй зорчих тээврийн хэрэгслэлийн карт 1000 иенээр худалдаж аваад 3000 иенээр цэнэглээд явахад бэлэн боллоо.Метроны билет авахад метронд байрлуулсан автомат машинд мөнгөө хийгээд билетээ авна.Хэрэв та юм уумаар байвал гудамжинд энд тэндгүй суурилуулсан хүйтэн ундаа төрөл төрлөөр нь байрлуулсан автомат машинд мөнгөө хийж юу дуртайгаа ууна. Би 180 иенээр “Оранж” хэмээх нимбэгний шар ундаа авч уудаг болов. Амт нь их сайхан юм. Би Метрогоор дамжин явсаар “Токио станц” дээр буулаа. Метроны гол хаалгаар гараад харсан чинь өндөр сайхан барилгуудтай, саруул уудам талбайтай, цэцэрлэг модтой Токиогийн төв хэсэгт гараад ирчихсэн зогсож байлаа. Ямар сайхан барилга,талбай, гудамж, цэцэрлэг вэ. Би шууд л аппаратаа гаргаж зураг авах ажилдаа орлоо.Баруун зүг явсаар “Imperial Palace” хэмээх “Эзэн хааны цэцэрлэгт хүрээлэн” дээр очлоо. Гэвч тэр хүрээлэн хаалттай байлаа. Өнөөдөр амралттай гэсэн бичиг байв. Эргэж буцаад хотын төвөөр баахан явж зураг авав. “Marunouchi” хэмээх хотын төвөөр нилээд явав.
Хэсэг явсны дараа “Ginza” хаана байдаг вэ?, Гинза хүртэл эндээс хэдэн метр алхах вэ? хэмээн замд тааралдсан япон хүүхдүүдээс асуулаа. Дунд сургуулийн охид миний асуултад зөв хариулах гэж бөөн юм болов. Би нэг метрийг тайлбарлаж 2 алхахад нэг метр болно хэмээн өөрийн биеэр алхаж үзүүлэв. Эндээс Гинза хүртэлхи замын урт хэдэн метр гэдгийг хэлэх хүүхэд олдсонгүй. Техник хэт хөгжсөн газарт нүдэн баримжаа гэдэг зүйл алга байлаа. Эдгээр япон хүүхдүүд тэнд явж байсан насанд хүрсэн 2 япон эмэгтэйгээс асуулаа.Нэг япон бүсгүй нилээд удтал гар утсан дээрээ судалж байгаад “Гинза эндээс өмнө зүгт 800 метрт байна” гэж зааж өгөв. Би заасан зүгт алхаж явсаар Гинза хүрлээ. Япон хүнд 800 метр, 1 км гэдэг хол зай бололтой. Бүгд л метрогоор ийм ойрхон зайд явах аж. Надад 1 км бүү хэл, 5 км алхах юу ч биш байв. Гинза бол японы худалдааны том төв ажээ. Голдуу хувцас, хоолны том үйлчилгээний барилгууд байлаа.Ганц хоёр худалдааны том төвд орж үзлээ. Бүх бараа нь дэлхийн брэнд. Брэнд хувцас, “Сейко” цагны үнэ 50 000 иенээс дээш үнэтэй, зарим нь 100 000 иений үнэтэй байх аж. Өндөр үнэтэй эд зүйлс надад сонин биш байлаа. Би нүд эрээлжилсэн Гинзагаас амархан уйдаж, үдээс хойш шууд электрон барааны худалдааны төв “Akihabara” руу явлаа. Тэнд нүд эрээлжилмээр толгой эргэмээр олон электрон бараааны дунд орчихов. Тэнд нилээд явж байгаад сонирхол буурав. Нэг сандал дээр сууж хэсэг амраад “За даа, миний өнөөдрийн аялал игээд дуусав бололтой” хэмээн бодоод Акибарагаас гарч Рёгоку орж буудалдаа буцлаа.Метрогоор яваад байсан тул их л олон станц дамжиж Рёгоку дээр буудалдаа очив.Орой нь жижигхэн зоог хоолны өрөөндөө сууж зооглоод өрөөндөө орж унтлаа. Манай буудлын өрөөнд АНУ, Британи, Францаас ирсэн хэдэн жуулчин залуучууд байсан. Бүгд соёлтой, чимээ гаргахгүй, чанга ярихгүй, тамхи татахгүй, архи уухгүй, ямар нэгэн хулгай гарахгүй, хэн нэгэндээ ямар нэгэн саад болохгүй амар амгалан байв. Өрнөдийн залуучууд соёлтой юм аа.
Дараа өдрийн өглөө би 09 цагт сэрэв.Өглөөний цайгаа уугаад өнөөдөр ер нь хол явахгүй, зөвхөн энэ миний амьдарч байгаа Рёгоку дүүргийг сайн мэдэхээр шийдэв. Ойр зуур алхлаа.Манай буудлын баруун хойхно сумогийн алдартай ордон” Riogoku Kokugikan” харагдана.Сумо энэ дүүрэгт их нөлөөтэй бололтой.Энэ 6-р сар бол сумо барилдахгүй өнждөг сар юм байна. Би ч ямар сумо сонирхох биш. Харин японы каратэ, айкидо, кемпо, дзю –дог бол сонирхоно шүү. Би амьдарч байгаа буудлын хүлээн авах дээр сууж буй англи хэлний орчуулагч Ясүй гэгч япон залуугаар буудлын ойр хавьд ямар газар байдгийг заалгаж аваад явлаа. Эхлээд том жижиг дэлгүүр, супер маркет, хүнсний жижиг дэлгүүрүүд, зоогийн газрууд, салон, аптек зэрэг газруудыг мэдэж авав. Манай буудлын бараг хажууд “”Хэакун” буюу 100 иений нэгэн дэлгүүр байсан нь азтай хэрэг байв. Энд хямд, чанартай зуун иений үнэтэй бүх бараа байлаа. Манай буудлаас 150 метрт “Рёгоку” төмөр замын буудал байв.Үүнийг би мэдэлгүй буудлаа олох гэж метрогоор баахан дамжин явж нилээд будилж их цаг алдаж явснаа ойлгов.Эндээс хотын төв, зах руу газар дээгүүр хурдны галт тэргээр дуртай газраа маш хурдан хүрдэг юм байна.Газар доогуур эндээс меторогоор явах нь түвэгтэй, олон станц дамждаг нилээд цаг алддаг юм байна.
Токиогийн Метроны ажилтнууд бүгд англи хэл мэддэг, их эелдэг хүмүүс байв. Асуусан бүгдийг англиар хариулж тусалж байлаа. Метроны бүх хаяг, метроноос гарах үед хаашаа гарах, ямар байгууламж аль зүгт байгааг англи хэл дээр тодорхой биччихсэн байсан тул төөрөхийн зовлон алга байлаа. Сумогийн ордны баруун талд Рёгоку гэдэг сайхан цэцэрлэг харагдана.Энд нов ногоон модод, алаглан ургасан цэцэг, гүүр, нуур цөөрөм, амрах сандал бүх юм байна. Энд би нэг хэсэг сууж сайхан амарлаа.Токиогийн нэг онцлог бол энэ хотод хүмүүс тухтай амрах боломжтой уужим, нов ногоон цэцэрлэгүүдтэй байдаг юм билээ.Үдээр нэгэн хоолны газар орж японы “Рамён” хэмээх гоймонтой шөл зооглов. Японд би энэ шөлийг идэж сурсан даа. Европ хоолоо санавал Рёгокуд манай буудлаас холгүй нэгэн “Макдональдс”-т очиж шарсан шаржигнуур төмс, гамбургераа зооглож, сүүтэй кофе уудаг байв.Үнэ нь 450 - 900 иен. Японд ирсэн юм чинь, япон хоол заавал идэж сурах хэрэгтэй хэмээн бодож байв. Япон хоол цэвэрхэн, цагаан будаа болон шарсан тахианы мах нь амттай юм билээ. Бэлэн хоол нь хямд, үнэ нь 170- 370 иен байв. Сайн чанартай “Рамён” шөл 600-1000 иений үнэтэй байв.
Миний амьдарч байгаа Рёгоку дүүрэг нилээд шигүү барьсан барилгуудтай, олон дэлгүүр үйлчилгээний газруудтай,олон зочид буудлуудтай, цэцэрлэгтэй, сумогийн ордонтой, галт тэрэгний буудал, метротой... юм юмтай л сайхан газар байлаа.Эндээс “Акихабара”, “Үено”, “Токио станц” явахад дөхөм аж. Энэ өдөр би манай буудлаас холгүй орших “Улаанбаатар” хэмээх нэртэй монгол хоолны рестораныг эрсээр яваад олов. Рёгокийн гудамжинд орших олон хаягтай дэлгүүр зоогийн газруудын дунд латинаар “Ulanbaatar” хэмээн бичсэн хаягтай монгол хоолны ресторан ихэд содон харагдана. Энэ рестораны дотор нь оров. Шатаар өгсөөд зоогийн газар орлоо. Дотор нь нэгэн махлагдуу бүсгүй зогсоно.Энэ лав монгол зоогийн газрын эзэн мөн байх гэж би бодлоо.
“Та сайн байна уу?” хэмээн намайг монголоор мэндлэхэд нөгөө бүсгүй нилээд гайхснаа “Сайн, та сайн байна уу? гээд “Та монгол хүн юм уу? Таныг би япон хүн гэж бодлоо” гэв. Би ч Наран улсад ганцаараа аялж яваагаа хэлж “Би энд холгүй буудал байгаа, Наран улсыг хоёр долоо хоног үзнэ дээ” гэлээ. Энхтуяа миний аялах маршрутын тухай сонсоод “Та сайн хөтөлбөр гаргажээ.Энэ төлөвлөгөөнд чинь арван таван жил Японд амьдарсан миний очиж үзээгүй газар хүртэл орчихсон байна. Ер нь ингэж ганцаараа Японд олон хоног аялахаар ирсэн монгол хүнтэй анх удаа таарч байгаа юм байна” гэв. Энхтуяатай зоогийн газрынх нь талаар жаахан ярилаа. Тэр бээр 10 жилийн өмнө энэ монгол хоолны рестораныг өөрөөө санаачилж нээн ажиллуулж эхэлжээ. Хүү нь Токиод сумод барилдаж байсан Өнөржаргал хэмээх залуу юм байна. Одоо хүү нь болон бэр, хамаатнууд нь энд монгол хоолны ресторандаа хамт ажиллаж байгаа ажээ. Би хонины махтай гурилтай шөл болон сүүтэй цай авч уулаа.
Энхтуяа : “Манай хоолны хонины мах нь австрали хонины мах. Мах нь монгол хониныхоос арай сулавтар байдаг юм” гэлээ.Идэж зүэхэд яг л монгол хоол шиг амтагдаж байв.Тэгж байтал баахан япон зочид ирж Энхтуяагийн ажил өрнөж эхэллээ. Зангиа зүүсэн нэгэн япон албан хаагч залуу ажлын газрын хамт ажилладаг хүмүүсээ энд урьж монгол хоол, пивоор дайлж байгаа ажээ. Зочид анх удаа монгол хуушуур, бууз идээд “Хархорин” хэмээх монгол пиво ууугаад монгол зоогийг ихэд сонирхон шуугилдаж байлаа. Би ч монгол хоолоо идээд сэтгэл хангалуун эндээс гарлаа.Гадаа шөнө болж Токио хот гэрлэн рекламандаа умбажээ. Би буудалдаа ирж амарлаа.
Аяллын дөрөв дэх өглөө би шууд л “Токио станц” төв буудал руу галт тэргээр Рёгоку станцаас гарлаа. Хурдны галт тэрэг Рёгокугаас баруун тийш жаахан яваад Сумида хэмээх том мөрөний гүүрэн дээгүүр гарч явсаар Акихабарад очно. Дараа нь тэнд галт тэргэнд дамжин сууж Токио станцад буулаа. Токио станцын төв хаалгаар нь гараад иртэл Токио хотын төвд ирчихсэн олон өндөр байшин, нов ногоон байгууламжийн дэргэд зогсож байлаа. Төв талбай нь цэвэрхэн, хүмүүс цөөн байлаа.Тэнд хэд хэдэн зураг аваад би баруун тийш алхлаа. Баруун талд маш том цэцэрлэг харагдаж байлаа. Тэр бол миний өнөөдөр очихыг зорьсон “Imperial Palace” буюу Эзэн хааны цэцэрлэг байлаа. Би явсаар Эзэн хааны цэцэрлэгийн үүдэнд очиж билет авч орлоо. Маш том үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг байв. Тэнд модод нов ногоороо харагдаж, зүлэг ногоо, цэцэгнүүд нь өнгө засчээ. Нилээд алхсаар амрах газар гарч ирнэ. Тэнд сууж амраад дахиад явна. Токиогийн төвд тэнгэр баганадсан өндөр барилгуудын дунд ийм өргөн уудам, амар амгалан цэцэрлэг байх нь гайхалтай. Энд олон зууны турш Наран улсын Микадо буюу Эзэн хаан заларч байжээ. Япончууд ухаантай хүмүүс тул Эзэн хаанаа олон мянган жилийн турш хүндлэн биширч Эзэн хаан ч ард түмнийхээ төлөө зүтгэсээр ард түмнийхээ Эцэг нь болж чаджээ. Үдээс өмнө би энд сайхан амраад үдээс хойш Shibuya- Шибуяаг зорилоо. Дэлхийн хамгийн олон хүн хөлхөлддөг алдарт уулзвар дээр очиж сонирхлоо. Хачико нохойн хөшөө байдаг энэхүү уулзвар газар Токио хотын хамгийн олон хүн зорчдог уулзвар юм. Шибуяа бол хамгийн сүүлийн үеийн барилга, дэлгүүр, дүүрэн реклам зар сурталчилгаа ихтэй олон жуулчин холхисон хөл үймээнтэй газар ажээ. Энд Хятад, Вьетнам, Филиппин,Өрнөдөөс ирсэн жуулчид их байлаа.Ганц хоёр том дэлгүүрээр орлоо. Хамгийн сүүлийн үеийн электрон бараа эдгээр дэлгүүрт дүүрчээ. Дэлгүүрүүдэд хятад, вьетнам залуус олноор ажиллах аж. Эргэн тойрон хятад, вьетнам үгс сонсогдоно.Энд би дөрвөн цаг орчим байж байгаад буудалдаа буцлаа.
Аяллын тав дахь өглөө би шууд л “Аsakusa” явлаа. “Асакусабаши” буудал дээр буутал бум бужигнаж түм түжигнэсэн дэлгүүр, зах ярайсан том газар харагдлаа. Олон хүмүүсийн урсгалыг дагаад жаахан явтал нэгэн том буддын сүм харагдаж байлаа.Энэ сүм бол манай эриний 628 онд байгуулагдсан “Сенсожи” сүм аж. Сүмийн хаалган дээр олон хүмүүс зогсоно.Сүмийн үүдэнд би хэдэн зураг аваад дотогш хаалгаар орлоо. Ороод хартал нэг нарийн гудамжны хоёр талаар үй түмэн дэлгүүр лангуу ярайн харагдана. Хэдэн зуун жижиг дэлгүүр байлаа. Гудамжны эцэст хойно нь нэгэн том буддын сүм харагдах аж. Маш олон бэлэг дурсгалын зүйлсийн дэлгүүр хөврөнө.Эндээс би нэгэн жижиг алтадсан юм шиг будда, алтадсан юм шиг гялалзсан буддын сүм авлаа. Нилээд яваад нэгэн жижиг дэлгүүрээс япон самурайн жижигхэн сэлэм , сэлэмний хуй авлаа. Явсаар гудамжны эцэст орших буддын нэгэн том сүмд орлоо.Лам нар ном хурж байна. Хүмүүс зул хүж өргөн мөнгө зоос өргөл болгож мэргэ төлөг хийлгэж байх аж. Би мэргэ төлөгт итгэдэггүй, зөвхөн Буддад итгэдэг сүсэгтэн тул Бурхан багшдаа залбираад цааш явлаа.Энд японы үндэсний кимоно өмссөн япон бололтой бүсгүйчүүд явж байгаатай таарч зураг авлаа.Гэвч эдгээр кимоно өмссөн бүсгүйчүүд япон биш, хятад бүсгүйчүүд байлаа.Тэд бүгд л хятадаар ярих аж. Япон бүсгүйчүүд үндэсний кимоно өмсөхөө больсон бололтой.Энд би нэгэн сонин үзэгдэл үзэж яаран зургийг нь авав. Асакуса дээр буддын сүмийн үүдэнд япон үндэсний кимоно өмссөн барби хүүхэлдэй мэт өрнөдийн цагаан арьст бүсгүй, түүнээс холгүй буддын шавь хувцас өмссөн буддын хувраг хар арьстан залуутай таарлаа. Асакуса их сайхан ариун дагшин газар байна. Энд би 16 цаг хүртэл байв. Дахин ирмээр газар байна даа хэмээн бодов. Би удалгүй буудалдаа буцлаа.
Аяллын зургаа дахь өглөө нарлаг сайхан өдөр байлаа. Би шууд “UENO” явлаа. Рёгокугаас Акихабара хүртэл галт тэргээр яваад тэнд шугам сольж UENO хүртэл явлаа. Галт тэргэний буудлаас бууж хартал маш том цэцэрлэг бүхий газар байлаа. Энэ парк 1873 онд анх байгуулагджээ. Цэцэрлэгээр явж байгаад нэг сайхан цэлгэр талбай гудамжтай газраар орлоо. Гудамжны эцэст нэг том хоёр давхар гоёмсог барилга харагдлаа. Энэ юун барилга вэ? хэмээн япон хүмүүсээс асуухад “Энэ бол Токогийн Үндэсний музей” гэлээ. Миний үзэх газрын төлөвлөгөөнд орсон музей мөн байлаа.Энэ музейг үзэх гэж гадаад дотоодын олон хүн ирж байлаа.Энд ирж байгаа японы сургуулийн сурагчид маш их дэг журамтай байв. Тэд ижилхэн форм хувцастай, хоёр эгнээгээр жагсаж яваа нь ихэд хөөрхөн харагдав. Тэргүүнд нь тугаа мандуулсан ангийн ахлагч явна. Музейн гадаа ирээд бүгд явган суучих юм. Багш нь тэдэнд яаж музей үзэхийг зааж хэлж буй бололтой. Би музейн тасалбар худалдаж авлаа. 690 иений үнэтэй байв. Музейд миний анхаарлыг хамгийн их татсан зүйл бол алтан Будда байлаа. Манай эриний долдугаар зуунд эртний хятадын Тан улсын эзэн хаанаас Наран улсын эзэн хаанд хүргүүлж бэлэглэсэн босоо хүний хэмжээтэй алтан Будда музейн бүдэг гэрэлд сүндэрлэн зогсож байлаа. Би ихэд биширч Буддагийн өмнө гурван эрдэнэд аврал одуулж залбирлаа. Будда харанхуйн дундаас над руу харж инээмсэглэх шиг боллоо. Миний Бурханд итгэх итгэл улам хүчтэй болов.
Бурхан багшийн цаглашгүй их энэрэхүй боди сэтгэл нь нь цаг хугацаа хийгээд огторгуйгаас үлэмж их ажээ. Дараа нь би музейд байрлуулсан эртний самурайн эд зүйлс, элдэв ваар сав, түүхэн эд зүйлсийг үзлээ. Наран улс хоёр мянган жилийн турш түүх соёлоо хадгалан үлдээж өдий хүргэж чадсан агуу соёлтой хүмүүс юм байна. Эртний соёл, шашинаа мянга мянган жилийн турш чандлан хадгалан үлдээж хойч үедээ өвлүүлж чаджээ.
Музейгээс гараад би нэгэн урт гудамжийг туулж олон хүн цугларсан газар очлоо. Очоод хартал “UENO ZOO” гэсэн том бичээс бүхий хаалга харагдаж байлаа. Энд зоопарк байдаг юм байна. 800 иен төлөөд зоопаркт орлоо. Хамгийн түрүүнд хүмүүс нэг газар руу бөөнөөрөө яваад байв.Очоод хартал панда харах гэж бөөн дугаар болж байв. Модон дээр мөчрөөр тоглон эрхэлж буй пандаг харлаа.Үнэхээр хөөрхөн амьтан аж. Хүмүүс зураг дарж пандаг ихэд энхрийлнэ. Дараа нь хойд туйлын цагаан баавгай харлаа.Эргэн тойрон цагаан цас мөс буй мэт орчинд цагаан баавгай усан хүрхрээний дэргэд зогсоно. Энэ халуун газар хөөрхий цагаан баавгай их л бүгчимдэж халууцсан байдалтай харагдах аж. Дараа нь бар, хүрэн баавгай, шувууд, баахан сармагчингууд үзлээ. UENO-д өөр олон музей байдаг юм байна.Энэ газрыг бүрэн үзэхэд нэг өдөр хүрэлцэхгүй аж. Би ч энэ хоёр газраа үзээд үдээс хойш буудал руугаа буцлаа.
Аяллын долоо дахь өглөө би “Shinjuku” үзэхээр явлаа. Шинжүкү буудал бол Токиог тойрсон галт тэрэгний том тойргийн нөгөө баруун талд оршдог юм байна. Би Рёгокугаас галт тэргээр явж Акихабарад очоод тэнд шугам сольж Шинжүкүд нилээд олон буудал явж хүрлээ. Шинжүкү буудалд буугаад хартал маш олон барилга, дэлгүүр сүндэрлэсэн газар байлаа. Бороотой өдөр байсан тул би шүхрээ бариад алхаад байлаа.Тэнд орших “Марио” хэмээх олон давхар сүрлэг худалдааны төвд оров. Тэнд дэлхийн брэнд бүтээгдэхүүн овоолоостой байв. Японы алдартай “Seiko” бугуйн цаг 60 000 иений үнэтэй байв. Монгол төгрөгөөр 1 сая 320 000 төгрөг гэсэн үг. Тэндээс би “Харажүкү” руу метрогоор явлаа. Энд хамгийн том “Хиакун” буюу Зуун иений дэлгүүр байдаг. Метрогоос буугаад “Takeshita Dori” гудамжаар дооошоо уруудаад явж байтал удалгүй “DAISO” гэсэн 3 давхар дэлгүүр харагдлаа.Энэ бол миний сонирхсон зуун иений хамгийн том дэлгүүр юм. Тэнд үнэхээр үнэ нь хямд, чанар нь сайн бараанууд дүүрэн байлаа.Эндээс би гэр бүл, найз нөхөддөө зориулж бэлэг сэлт худалдан авлаа.Үдийн хоолоо тэндэхийн нэгэн Макдональдсад орж зооглолоо. Миний гол ажил бүтсэн тул би үдээс хойш буудалдаа буцлаа. Орой нь буудлаас холгүй орших “Улаанбаатар” хэмээх монгол хоолны ресторанд орж монгол хоолоо идэж, сүүтэй цай уув. Үнэ нь 1080 иен буюу 24 000 төгрөг болж байв. Монгол хоолоо идэж гэртээ бэлэг дурсгалын зүйлээ авсан би сэтгэл хангалуун буудалдаа ирж унтлаа. Буудалд хамт нэг өрөөнд байсан Англи,Францаас ирсэн жуулчид ямар ч чимээ шуугиан гаргахгүй, архи дарс уухгүй,тамхи татахгүй, дэмий чалчиж чанга ярихгүй, амар тайван, соёлтой байх нь үнэхээр сайхан байв.
Аяллын найм дахь өдөр би “Odaiba” явлаа. Токио хотын өмнөд зүгт хиймэл арал дээр оршдог энэ газар руу нилээн олон буудал дамжин явлаа. Далай дээгүүр галт тэргээр явж байлаа.Бидний суусан галт тэрэг ердийн биш, цахилгаанаар явдаг хамгийн орчин үеийн жижигхэн тохилог галт тэрэг байв. Өндөр гүүрэн дээр тавьсан нарийхан төмөр замаар явсаар байв. Эцсийн буудал дээр буухад эргэн тойрон далай цэлэлзэн харагдаж өндөр сүрлэг барилгууд ярайна. Би хамгийн түрүүнд далайн эрэг дээр очиж Америкийн эрх чөлөөний хөшөөний дэргэд баахан зураг авав. Энд Америкад байдаг эрх чөлөөний хөшөөг яг л дууриалгаж хийжээ. Энэхүү эрх чөлөөний хөшөөг францчууд Токиод бэлэглэсэн юм гэнэ лээ. Дараа нь би Шинжлэх ухаан инновацийн музей үзлээ. Энэ бол дэлхийн үүсэл хөгжил, газар зүй, биологи, аж үйлдвэр, шинжлэх ухаан, генетикийн хөгжлийг үзүүлж таниулсан гайхалтай музей байлаа. Дараа нь би тэр барилгаас гарч хойшоо алхлаа. Нилээд явсны эцэст миний үзэх гэсэн алдарт “Mega web Toyota” байлаа. Энд дэлхийн хамгийн сүүлийн үеийн автомашины загварууд нүд гялбам харагдана. Цагаан гантиган шалан дээр үйлдвэрээс дөнгөж гарсан, будаг нь ханхалсан цоо шинэ автомашинууд ярайн үзэгдэнэ. Автомашины хажууд эелдэг япон бүсгүйчүүд нүд дүүрэн инээмсэглэлээр угтаж хамгийн сүүлийн үеийн загвараа танилцуулна.Үзмэрийн эхэнд хамгийн сүүлийн үед үйлдвэрлэсэн цоо шинэ “Ланд Круйзер” автомашинаа тавьжээ. Нөгөө танк шиг том Ланд чинь танигдахын аргагүй цоо шинэ гоёмсог загвартай болчихжээ.Бусад загварууд нь улам сайжирчээ. Суудлын седан машинууд өнгө үзэмж, техникийн үзүүлэлтүүд нь улам сайжирчээ. Машины өнгийг улам гайхалтай болгожээ.Гайхмаар гүн цэнхэр ногоон өнгөтэй автомашин хүмүүсийн анхаарлыг татна. Би шинэхэн автомашины бүхээгт сууж доторхийг нь сайтар ажиглаж харлаа. Хэлэх шүүмжлэх зүйл огт алга. Япончууд автомашиныг урлагийн бүтээл мэт төгс болгож чаджээ. Автомашинд шимтсэн би баахан зураг авлаа. Япон бүсгүйчүүд ганцаарчилсан аялал хийж буй надад зураг авахад ихэд тусалж байв. Ганцаар аялал хийгээд явж байхад өөрийхөө зургийг авахад ихэд хэцүү болдог.Харин япон бүсгүйчүүд эелдэгээр хандаж надад зураг авч өгч байлаа. Автомашины алдарт “Toyota” компани дэлхийн автомашины ноён оргил болж чаджээ. Япончуудын сэтгэлгээний цар хүрээ, ажилч хичээнгүй, арвич хямгач байдал, шинийг бүтээгч, шургуу дайчин чанар, өнгө үзэмж, гоо сайхан бүхэн энэхүү автомашинд шингэсэн байлаа. Орой нь би 18 цагт буудалдаа буцан ирэв. Буудалдаа ирээд шууд усанд орлоо.Японы буудлууд ихэд цэвэрхэн, 00 өрөө нь бүр цэвэрхэн байдаг юм. Шүршүүр нь их сайн ажилладаг, халуун хүйтэн ус тасрахгүй байнга байдаг, бие угаах тос саван, үс угаах шампунаар дүүрэн хангасан байдаг. ОО өрөөний тухай яривал бараг домог болно. Бүх юм нь автомат. Хүн хүндээр бие засахад хамгийн тохитой нөхцөл бүрдүүлжээ. Бие засаад дуусахад автомат төхөрөөмж чамайг усаар угааж хатааж сайхан үнэртэй болгоно. Буудлын халуун устай шүршүүрт гадаадын жуулчид өдөр бүр орох аж. Буудлын япон үйлчлэгчид ОО өрөө, угаагуурын өрөө болон буудлын унтлагын өрөөг өдөрт 2 удаа маш сайн цэвэрлэдэг юм билээ.Цэвэрхэн, амар тайван орчинд сайхан амрах орчинг бүрдүүлж чаджээ.
Аялалын ес дэх өдөр би төлөвлөснийхөө дагуу японы эртний засгийн газар байрлаж байсан үзэсгэлэнт “Kamakura” явахаар зэхлээ.Энэ өдөр нарлаг сайхан өдөр байлаа. Өглөөнийхөө цайгаа буудалдаа уулаа. Өглөөний цайн дээр буудалд танилцсан польш залуу Дагмартай жаахан хууч хөөрөв.Гучаад насны польш залуу эр өөрийгөө жирийн ажилчин хүн, ямар нэгэн дээд сургууль төгсөөгүй гэж байна.Орос хэл мэдэх үү? гэж би асуулаа.”Мэдэхгүй” гэж байна. Харин Дагмар англиар маш сайн ярьж байв. Тэр өрнөдийн Норвеги улсад нэгэн зочид буудалд ажилладаг ажээ. Өрнөд европын хэд хэдэн орон, азийн хэд хэдэн орноор явчихсан туршлагатай аялагч байлаа. Аав нь Пальшид фабрикт ажиллаж байсан, ээж нь гэрийн ажилтай, нэг эгчтэй,одоо эгч маань их хөгширсөн, 2 хүүхэдтэй гэж байна. Эгч чинь хэдэн настай юм бэ? гэхэд 40 нас хүрч байгаа гэлээ. Би түүнд “40 нас бол хөгшин нас биш, харьцангуй залуу нас” гэлээ.Хуучин зүүн европын экс коммунист орны залуус эдүгээ огт өөр болж бараг бүгд л англи хэлтэй, өрнөдийн соёлтой залуус болжээ.
Би тээврийн пасмо электрон картаа цэнэглэж галт тэрэгний Рёгоку буудал дээр очиж тэндээсээ зүүн тийш явж Кинчүжи буудал руу явж тэнд шугам сольж цаашаа галт тэргээр 1 цаг 30 минут явж “Кита Камакура” буудал дээр очлоо.Энд буугаад харахад эргэн ойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн нов ногоон битүү шигүү ойтой сайхан газар байв.Ойн дунд хэд хэдэн буддын эртний сүм сүндэрлэн харагдана.Жаахан яваад нэгэн сайхан буддын сүм харагдлаа.Тэнд очоод дээшээ харахад эгц өндөр ууланд ургасан нов ногоон ой нь тэнгэрт ургасан цэцэрлэг мэт үзэсгэлэнтэй харагдана. Энэ ариун дагшин газар буддын 176 сүм хийд оршдог бөгөөд 1183 -1333 онуудад Наран улсын нийслэл болж байжээ. Энэ газар “Engakuji” хэмээх эртний буддын сүм оршдог. Энэ буддын сүмийг Хубилай хааны монгол цэргүүд болон Наран улсын эзэн хааны цэргүүдийн хооронд болсон тулаанд амь үрэгдсэн япон, монголын дайчдын дурсгалд зориулж найман зууны тэртээ босгожээ. Япон хүний дайснаа хүртэл хүндэтгэдэг ёс нь гайхалтай санагдлаа.
Би Камакурад очоод гайхсан зүйл их байв. Наран улс 1185-1333 онуудад улсынхаа эртний нийслэл байсан ариун дагшин газраа одоо хүртэл 900 жилийн турш яг хэвээр нь хадгалан үлдээж чаджээ. Энэ ариун дагшин газар буддын хоёр зуу шахам сүм хийд байгуулж өдий хүртэл эрхэмлэн үндэсний шашин соёлоо нандигнан хадгалж чаджээ.Энэ ариун дагшин газрын үзэсгэлэн гоог хараад би ихэд бишрэв. Бас нэг гайхшруулсан зүйл бол Камакурагийн цэцэрлэгт ургасан цэцэгнүүд нь тал газрын цэцэгтэй огт адилгүй цэв цэнхэр эсхүл цав цагаан бөмбөрцөг мэт бөөрөнхий хэлбэртэй цэцэгс алаглан ургасан байлаа. Ариун диваажнгийн оронд ирчихсэн юм биш байгаа гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Аяа, ариун Япон орон минь. Ямар их танил газар вэ. Арай энд би урьд насандаа Камакурагийн буддын сүмд нь бясалгал хийж байсан ч юм билүү. Бурхан өршөө. Олон өндөр настай япон хүмүүс болон гадаадын олон жуулчид Камакурагийн уул руу нэгэн нарийхан зассан замаар цуваад яваад байлаа. Би тэднийг дагаж явсаар нилээд олон буддын сүм хийд үзлээ.Энд ууланд орших олон сүмүүдийг үзсээр явтал 17 цаг болов. Уулнаас буутал тэнд галт тэрэгний буудал харагдаж байлаа.Хүмүүс галт тэрэгний буудалд очиж Токио руу буцаж байв. Миний өнөөдрийн энэ аялал Камакурагийн зөвхөн нэгдүгээр хэсгийн аялал байжээ. Камакурагийн хоёрдугаар хэсгийн аялал нь шинээр билет аваад бүр цаашаа уул болон далайн эрэг хүртэл явах аялал байв.Би нэгэнт орой болж байгаа тул амжихгүй юм байна хэмээн бодоод хотын төв рүү буцлаа. Диваажингийн орон Камакурад дахин ирэх юм байна шүү гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө.
Орой нь буудалдаа буцан ирж монгол хоолны ресторандаа очиж монгол гурилтай шөл, хуушуур,сүүтэй цай авч зооглолоо. Үнэ нь 1300 иен буюу 29000 төгрөг болж байлаа. Ер нь Японд би нэг өдөрт замын зардал, хоолонд 2000 иен, юм худалдан авах болон бусад зардалд 2000 иен буюу нийт 4000 иен зарцуулж байлаа.14 хоногт нийт 100 000 иен зарцуулах юм байна гэсэн миний Монголд тооцоо энд Японд ирээд үзэхэд яг таарч байлаа.
Аяллын арав дахь өглөө би Токио хотоос 108 км орших далайн эрэг дээрхи Атами хот руу явахаар шийдэв. Буудалдаа өглөөний цай уухаар доод давхарт бууж хүлээн авах ресепшн япон залууд “Би одоо өглөөний цайгаа уугаад Атами хот явна.Токио галт тэрэгний төв буудлаас Атами хот хүртэл яаж явахаа би мэднэ. Харин Атамид очоод галт тэрэгний буудлаас далайн эрэг дээрхи Атами хотын “Gold Beach” хүртэл хэдэн метр зайтай вэ, эсхүл хэдэн минут алхах вэ? гэж асуухад нөгөөх япон залуу нилээд төвөгшөөж: “Би мэдэхгүй, Би зөвхөн Токио хотыг л мэднэ” гэж байна. Би түүнд: “Алс холын Монгол нутгаас би японы Токио болон бусад хотыг судлаад ирээд аялаад болж байхад Япон улсын иргэн Та энүүхэнд оршдог Атами хотыг мэдэхгүй гэж үү? Би өглөөний цайгаа уугаад гараад ирэхэд Та интернетээс Атами хоын галт тэрэгний буудлаас далайн эрэг хүртэл хэдэн км байдгийг судлаад мэдчихсэн байгаарай” хэмээн хэлэв. Цайгаа уугаад гараад иртэл нөгөө япон залуу “Атами хотын галт тэрэгний буудлаас далайн эрэг хүртэл 15 минут алхах зайтай гэж байна. “Аригато- баярлалаа” гэж хэлээд би буудлаасаа яаран гарч Атами хотыг зүглэлээ. Зарим япон залуус японы нийгэмд бүх юм нь бэлэн тул нялцгар шантрамхай зантай байдаг бололтой. Анх би хэдхэн хоногийн өмнө Токиод буугаад энэ буудлаа мэдэхгүй, ойрхон ирээд олохгүй баахан хайж байгаад энд оршдог цагдаагийн Кобан цэг дээр очоод төөрөөд явж байгаагаа энэ буудлынханд цагдаагаар утасдуулаад хэл сураг өгч “Намайг ирж авна уу, би буудлаа олохгүй төөрөөд байна” гэхэд очих буудлын хүлээн авах ресепшн хоёр япон охины нэг нь ч ирж аваагүй юм даг. Би өөрөө эрж бэдэрсээр нилээд цаг алдаж очсон доо. Бусад япон буудлын ажилтнууд ийм тохиолдолд тэр дороо ирж зочноо аваад явдаг гэсэн. Иймэрхүү бүдүүлэг зүйл Японд бас байдаг л юм байна. Атами хот явах энэ өдөр нар шарсан бөгчим халуун өдөр байлаа.Цаг агаар нэмэх 30 градусаас дээш байгаа бололтой. Маргааш бороотой өдөр болох тул би өнөөдөр амжиж далайн эрэг үзэхээр шийдэв.Өглөө нь тээврийн пасмо картаа 2000 иенээр цэнэглэж аваад “Токио станц” дээр очлоо. Тэнд Атами явах шугамаа олж Атами явах шугаманд зогсож байсан галт тэргэнд шууд л суучихлаа. Хэдхэн минут зогсож байгаад галт тэрэг хөдөллөө. Их л хурдан явж байлаа. Билет шалгагч ирлээ.Би пасмо картаа үзүүлтэл мөнгө чинь хүрэхгүй байна гэлээ. Билет нь 1900 иен байх ёстой доо хэмээн бодож байтал биш болоод явчихлаа.Нийт 3400 иен төлөв.Би энгийн галт тэрэг бус, хурдны “Шинкансен” галт тэргэнд суусан бололтой. Миний анх интернетээс авсан мэдээллээр би 1 цаг 50 минут яваад Атами хүрэх ёстой байв. Галт тэрэгний цонхоор харахад битүү ой мод ,хотууд, цахилгааны өндөр шугамууд, далай мэлтэлзэн харагдана. Уулуудыг нүхэлсэн хэд хэдэн том туннелээр галт тэрэг маань гарлаа. Далайд тулсан өндөр уулнууд дундуур явж байлаа.Галт тэрэгний буудлуудын зогсоолын нэрийг англиар бус японоор зарлаад байлаа.Нэг цаг явсны эцэст галт тэрэг нэгэн хотын зогсоол дээр зогслоо. Би Атами хүрэх болоогүй баймаар юм, өмнө нь японоор дараагийн буудал Атами гээд байх шиг байсан даа хэмээн бодлоо.Галт тэргэнд суусан ихэнхи хүмүүс буучихлаа.Цөөхөн хүн сууж үлдээд байтал нилээд хэдэн залуус ирж суулаа.Би гэнэт энэ арай Атами биш байгаа гэж бодоод ард суусан нэг япон хүнээс асуутал энэ буудал Атами мөн гэж байна.Би яаран ухасхийж буулаа. Буумагц галт тэрэг хөдлөн Токио руу буцлаа. Золтой л би мэдэлгүй эргээд Токио руу буцаад явчихсангүй.Намайг энэ хотод буухад үдийн 12 цаг болж нар толгой дээрээс шарж ихэд халуун өдөр болж байлаа.Би дахиад л шинэ хотод огт танихгүй газар хүрч ирлээ. 30 000 хүн амтай жижигхэн хот байлаа. Буугаад хартал байгалийн сайхан орчинд өндөр уулан дунд орших нэгэн жижигхэн хотод ирчихсэн зогсож байв. За, одоо би хаашаа явах вэ? хэмээн бодов. Ямар ч байсан зүүн зүгт далай байх ёстой хэмээн бодоод үүргэвчээ үүрч эгц өндөр уулан дунд байрласан галт тэрэгний буудлаас зүүн зүгт олон өндөр барилгуудын дундуур доошоо уруудаж эхэллээ. Нилээд хэдэн өндөр барилга өнгөрөөд их далайн ус цэлэлзэн үзэгдэв. Алхсаар л байв.
Удалгүй би далайн эргийн алтан элс гялалзсан сайхан газар хүрлээ. Далайн эрэг дээр цөөхөн хүмүүс усанд орж байв. Би их халууцсаныг хэлэх үү, шууд л усан орж сэрүүцлээ. Номхон далайн шорвог амт мэдрэгдэж далайн зөөлөн ус намайг бүрхлээ. Саяхан л Токиогийн бүгчим агаартай том хотод түг түмэн хүний дунд таваргаж явсан би гэнэт орчноо өөрчилж нам гүмхэн газар далайн эрэг дээр торгон элсэн дээр тарвалзаж байгаа нь зүүд мэт санагдах аж. Би аппаратаа шүүрэн авч Номхон далайн зураг аваад л байв.Тал нутгийн хүнд зах хязгааргүй цэлэлзэх далай тун сонин байлаа.Япон залуус далай дээгүүр амархан хөмөрчихмөөр хавтгай жижиг завирхуу модон зүйл дээр сууж сэлүүрдэж байв. Далайн эрэг дээр хүүхэд залуус нилээд олон болж нэмэгдэв. Хажууд хоёр хөөрхөн жижиг орос охид усанд орж оросоор шулганалдана.Эх нь хажууд нь оросоор тэдэнд анхааруулга өгнө.Тэгснээ тэр орос бүсгүй япончуудтай япон хэлээр дуржигнатал ярих аж. Би алс холын Японы энэ жижигхэн хотод юун орос байдаг билээ? хэмээн гайхаж “Та Орос орноос ирсэн үү?” хэмээн оросоор асуув.Тэр бээр “Оросын Камчаткагаас ирсэн, Японы Токио хотод 10 жил амьдарч байна гэлээ.Та олон орноор аялсан уу? гэж намайг асуухад тэр орос бүсгүй “Би азийн Солонгос, Япон, Тайландад аялж байсан, харин Тайландын Паттаяа жуулчны хотыг манай оросууд олноор очиж бохирдуулсан байдаг. Харин Тайландын Пукет хот бол цэвэрхэн гайхалтай хот шүү.Тийшээ аялаарай” хэмээн надад зөвлөж байв. Саша хэмээх энэ орос бүсгүй арван жилийн өмнө өмнөд солонгосын нэгэн бизнесмен эртэй амьдралаа холбож нөхөрт гараад хүүхэд төрүүлж одоо энэ Япон оронд сэтгэл хангалуун амьдарч байгаа юм байна. Хүний амьдрал гэж сонин юм.Оросын бөглүү Камчаткийн нэгэн тосгоноос гарч эдүгээ японы Токио хотод амьдралаа төвхнүүлнэ гэдэг ховор тохиол байх шүү. Би Атамид 17 цаг хүртэл далайн эрэг дээр байлаа.Би буцахдаа далайн эргээс эгц замаар дээшээ өгсөж алхсаар төмөр замын Атами буудал дээрээ ирлээ. Тэндээс хурдны галт тэргэнд сууж оройн 19 цагт Токиод ирлээ.Буудалдаа очлоо.Удалгүй би халуун шарсан тахианы нэг жижиг мах, япон цагаан будаа бүхий бэлэн хоолыг хажууд байрладаг “Family Mart” хүнсний дэлгүүрээс авч буудлынхаа хоолны өрөөнд зоог барилаа. Оройн нь усанд орж сайхан амарч унтлаа.
Аяллын арван нэг дэхь өглөө босоод цаг агаар харсан чинь Токиод тэнгэр бүрхэж шиврээ бороо орж байлаа.Би буудлаас гарч шүхэр бариад Регоку орчмоор буудлаасаа холгүй жаахан явлаа.Буудлаас холгүй байрлах Макдональдад үдийн зоог барив. Ганц хоёр дэлгүүрээр ороод буудалдаа буцлаа.Өнөөдөр бороотой өдөр байсан тул би буудалдаа амарлаа.
Аяллын арван хоёр дахь өдөр Токиод бороо үргэлжлэн орлоо. Би энэ өдөр шүхэр бариад Акихабара орж тэнд бороон дундуур дэлгүүрүүдээр явж эрүүл мэндийн зориулалттай нэгэн аппарат хайж эрлээ.Би хамгийн сүүлийн үеийн даралтны аппарат хайсан юм. Нилээд явсны эцэст нэгэн дэлгүүрт тэр аппарат байж байна. Тэрхүү аппаратыг 6000 иенээр худалдаж авлаа.Токиод том жижиг дэлгүүрүүдээр явахад ихэнхи нь хятад, вьетнам худалдагчид ажиллаж байлаа.Токио хотын жижиг дунд үйлдвэр, бүх барааны худалдаа болон хоолны зах зээлийг хятад, вьетнамчууд эзэлсэн юм байна шүү. Япон дахь энэ үзэгдэл сайн уу, муу юу? гэдгийг японы олон нийт яаж дүгнэдэг юм бол? Энэ үзэгдэл надад лав таалагдаагүй. Япончууд дэлгүүр, хоолны зах зээлээ хятад, вьетнамчуудад алдах нь зөв гэж үү?
Аяллын арван гурав дахь өдөр Токиод бүрхэг өдөр байсан ч бороо зогслоо.Энэ өдөр би Шинжүкү явлаа. Токио хотын захиргааны барилга болох 45 давхар обсерватори дээр гарч Токио хотыг өндрөөс харахаар шийдлээ. Би Шинжүкү буудал дээр буугаад гараад хартал бараг хажууд баруун хойхно 45 давхар обсерватори барилга харагдаж байлаа. Харин тийшээ очих нь асуудал байлаа. Ойрхон мөртлөө газар доогуур олон туннель дамжаад алхаад л байлаа. Метроны буудлаар дамжиж газар доогуур их явах юм билээ.Тэгж тэгж л нэг гарцаар гараад иртэл нөгөө өндөр барилгынхаа яг хажууд нь гарч ирэв. Одоо обсерваторийн хаалгаа олох хэрэг гарлаа.Нэгэн япон бүсгүйгээс Обсерваторид аль хаалгаар орох вэ, эндээс хаашаа явах вэ? гэж асуулаа.Нөгөө япон бүсгүй энүүхэн урд энэ том байшингийн урдуур нь зүүн тийш тойрно гэж байна. Урагшаа явж байтал нөгөө япон бүсгүй араас гэнэт гүйж ирээд надаас уучлал гуйж: “Би танд зам буруу заачихжээ.Та одоо хойшоо жаахан яваад зүүн тийш эргээд орно” гэлээ. Хойшоо жаахан яваад нэгэн том байшингийн өмнө байсан баахан олон хятад жуулчны дэргэд очоод эд нар тийшээ обсерватори явж л таараа хэмээн бодоод хажууд нь зогслоо. Гэтэл нөгөө япон бүсгүй дахин гүйж ирээд “Та арай буруу газар байна. Одоо чанх урагшаа яваад хаалгаар орно” гээд намайг дагуулаад явлаа. Би энэ япон бүсгүйн хүнд туслах гэсэн чин сэтгэлийг ихэд биширч билээ. Би түүнд “Та их сайхан сэтгэлтэй, жинхэнэ сайн япон леди юм байна. Би алс холын Монгол орноос аялан явж байна. Ядаж таны нэрийг мэдье” гэлээ. Нөгөө ажил хэрэгч хослол өмссөн, тусархуу турьхан япон залуу бүсгүй маань “Намайг Мария Мацухиро гэдэг” гэлээ. Очих газрын яг хаалганы дэргэд хүргэж өгсөн япон бүсгүйд би баярласнаа дахин дахин хэллээ. Би япон хүмүүсийн эелдэг найрсаг занг Токиод ихэд мэдэрч байлаа.Хэнээс ч юм асуухад ихэд анхаарч хүнд тус хүргэхдээ их баяртай байдаг хүмүүс юм билээ.Япон хүмүүс өндөр боловсролтой, англи хэлтэй, эгэл даруу, эелдэг найрсаг, их тэвчээртэй, зөв төлөвшсөн хүмүүс байлаа. Эвдрээгүй хүмүүс гэж эд нарыг л хэлэх байх. Япон орон мянга мянган жилийн түүх, соёл шашин, зан заншлаа хадгалж орчин үеийн хөгжлийн өндөрлөгт гарсан ч гэсэн япон хүн гэдэг нандин чанараа алдаагүй юм байна хэмээн бодлоо. Эзэн хаантайгаа, Бурханы шашинтайгаа хамт байсан цагт, төр засаг нь зөв бодлого явуулж түүнийгээ хэрэгжүүлж чадсан цагт улс орон, ард түмэн эв нэгдэлтэй, ёс зүйтэй, сайн сайхан аж төрж амьдардаг юм байна гэдгийг ойлголоо. Би цахилгаан шатаар хэдхэн хоромд Токио хотын захиргааны барилга обсерваторид 45 давхарт гарчихлаа. Зааланд гадаадын жуулчид дүүрэн байлаа.Ихэнхи нь Хятад улсаас ирсэн жуулчид байлаа.45 давхрын өндөр дээрээс Токио хотыг харахад гайхалтай. Токио хот алган дээр юм шиг харагдана.Би баахан зураг авав. Өөрийн зургаа авхуулахаар хятад бололтой нэгэн авгайгаас гуйлаа. Тэр хятад авгай надад тусалж зураг авч өгөв. Би тэднээс “Та бүхэн хятадын аль хотоос ирсэн бэ?” гэхэд тэдгээр аялагчид хятадын Гуанжоу, Шанхайгаас ирсэн гэж байлаа. Хятадын Бээжингээс гадна Тянжин, Шанхай, Гуандун, Хонгконг хотоос Токио хүртэл шууд нислэгтэй тул хятадын жуулчид Токиод олноор ирдэг юм байна. Хятад хүчирхэгжиж дэлхийг бүрхэж байгаа юм байна шүү.Токио хотын гудамжинд би ганц ч монгол хүнтэй тааралдахгүй байсан шүү. Аргагүй монголчууд бид цөөхүүлээ юм байна.
Аяллын арван дөрөв дэх өдөр. Би буудалдаа өглөөний цай уугаад үдээс хойш нутаг буцах бэлтгэлээ хийлээ.Орныхоо хөнжлийн даавуу,орны даавуу,дэрний даавууг эвхэж хураагаад ор шүүгээгээ цэгцэллээ. Нэг үүргэвч, нэг барьдаг даавуун цүнхэнд өөрийн бүх зүйлээ эмхэлж хийгээд явахад бэлэн боллоо. Фото аппаратаа шалгаж үзэхэд би Японд ирээд 1000 фото зураг авчээ. Буудлын ресепшинд өрөөний түлхүүр, цахилгаан утасны европ розеткийг хүлээлгэн өглөө. Буудлын япон ресепшинд “”Соёонара-Баяртай” хэмээн хэлээд буудлаасаа гарлаа. Жаахан алхаад Рёгоку төмөр замын буудал дээрээ ирэв. Рёгоку буудлаас галт тэргээр ганц буудал явж Кинчичо буудал дээр ирлээ. Энд би бууж шугам солилоо.Энэ Кинчичо буудлаас галт тэрэг Нарита нисэх онгоцны буудал руу шууд явдаг ажээ. Цаг тутам эндээс тусгай хурдны галт тэрэг явдаг юм байна. Өглөөний 10 цаг 28 минутад Нарита явах галт тэрэг ирлээ. Би үүргэвчээ авч галт тэргэнд суулаа. Галт тэрэг 1 цаг 30 минут давхиад Нарита нисэх онгоцны буудлын “Терминал -1“ дээр ирлээ. Би ачаагаа бүртгүүлж нислэгийн тийзээ баталгаажуулж авлаа. Миний нислэг “China Air lines CA – 926” үдийн 15 цагт Бээжин хот нисэх байснаа гэнэт 17 цаг хүртэл хойшлогдов. Гэтэл 17 цаг болмогц дахин хойшлуулж шөнийн 22 цагт нисэх болдог байгаа. Шөнийн нислэг ер нь нилээд ядаргаатай юм билээ.Шөнөжин ниснэ.Онгоцноос буугаад хил, гааль, шалгалт гээд дахин шөнөжингөө 2-3 цагийн ажил гарна. Шөнө нойргүй өнгөрнө. Тэгсээр нэг юм өглөө болно. Нарита дээр байхад тэр өдөр 17 цагт монголын “МИАТ” онгоц “Токио- Улаанбаатар”-ын чиглэлд нисэх гэж байлаа. Гэтэл монголын тэр нисэх онгоц яг 17 цагт нисэх гэтэл нэг монгол зорчигч алга болоод бөөн юм болов. Монголын онгоц тэр өдөр 14 цагт УБ нисэх байснаа хойшлогдож 17 цагт нисэх болжээ.Энэ хооронд нэг монгол зорчигч Токиогийн тэр том нисэх буудал дээр хаашаа ч юм бэ тэнэж яваад эргэж онгоц руу гарах хаалгаа олохгүй онгоцноосоо хоцорсон бололтой. Наритагийн буудал нисэх онгоц руу орох зуу гаруй хаалгатай. Бодвол тэр монгол өөрийн хаалгаа орхиж ийш тийш дэмий тэнэж яваад эргээд буцах гэтэл энэ олон хаалганаас өөрийн хаалгыг олохгүй будилсан байх л даа. Аягүй бол англи хэлгүй л байсан байх. Манай “Токио Бээжин”нислэгийн Бээжин явах хаалганы дэргэд буудлын япон үйлчлэгч бүсгүй “Улаанбаатар, Монгол, МИАТ” гэсэн англи үсэг бичсэн самбар бариад гүйн ирж “Монголын Улаанбаатар хот руу нисэх монгол хүн байна уу” гээд нөгөө алга болсон монгол хүнийг эрээд явж байна лээ. Наритаг хөл дээрээ босгосон тэр монгол зорчигч хариуцлагагүй л хүн байж дээ. Хаалган дээрээ онгоцоо хүлээгээд хоёр гуравхан цаг сууж чадсангүй дээ, хөөрхий.
Нутаг буцлаа
Бидний нисэх онгоц шөнийн 22 цагт агаарт хөөрөв. Үзэсгэлэнт Токио хот минь баяртай, Агуу Наран улс минь ахин уулзатлаа баяртай. Онгоц дотор Япон улсын тухай бодол миний толгойд хөвөрнө. Агуу Наран улсыг хагас сарын дотор үзэж дуусахгүй юм байна. Хагас сар биш, хагас жилийн дотор үзэж дуусгах юм байна хэмээн ойлголоо. Дэлхийд оршиж байгаа улс орон, хүмүүсийн соёлын ялгаа ямар их байна вэ . Японы ямар ч хотод очсон хотын цэвэр цэмцгэр байдал , хүмүүсийн эелдэг харилцаа нь их сайхан байлаа. Японд хулгай, дээрэм, архидалт согтуурал, ядуурал огт алга. Японд дэлгүүрт ороод юм худалдан авсны дараа япон худалдагч хариулт мөнгө нэг иенийг хүртэл заавал өгч, мөнгийг хүндэтгэж хоёр гараараа хариулт мөнгийг кассны баримттай хамт ихэд эрхэмлэн өгч "манай дэлгүүрээр дахин ирж үйлчлүүлээрэй" хэмээн эелдэг инээмсэглэн хэлнэ. Гэтэл хятадын Бээжин хотод нэгэн жижиг дэлгүүрт орж оранж ундаа авч мөнгөө өгөхөд хятад худалдагч авгай хариулт 50 мо огт өгөхгүй, хээв нэг үл тоомсорлон зогсоно. Хятадууд хэрэлдэж буй мэт чанга дуугаар өөр хоорондоо ярина. Японд юм асуухад хүн бүр англиар эелдэгээр хариу зөөлөн хэлнэ. Хятадад орос, англи хэл ойлгохгүй, юм асуухад хариу өгөхөөс ихэд төвөгшөөнө. Гэхдээ бүх хятад ийм биш л дээ. Зарим англи хэлтэй сайн хятад байдаг л даа. 1868 оны Мэйжийн өөрчлөлт шинэчлэлтээс хойш Япон улс гадаадын колончилол, коммунизм, улаан хувьсгал гэх мэтийн харгис эмгэнэлт явдалд өртөөгүй ажээ. Ийнхүү агуу Япон орон 150 жилийн турш өөрийнхөө онцлогтой замаар өөдлөн хөгжиж өндөр хөгжлийн оргилд хүрч чаджээ. Япончуудын 90 шахам хувь нь будда - шинтогийн шашнаа хослуулан шүтдэг ажээ. Энэ нь надад сайхан санагдав. Эдүгээ 126 сая япон хүн бүгд амар тайван, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч байна. Японд ядуу, согтуу, гуйлгачин, ажилгүй, хулгайч хүн алга. Япончууд эх орноо хөгжүүлж хүчирхэг улс болгож чаджээ. Би япончуудын хүрсэн амжилтанд баярлаж явлаа. Яагаад гэвэл Наран улс нэгэн зууны өмнө азид анх Өрнөдтэй өрсөлдөж өндөр хөгжилтэй хүчирхэг улс болж чадсан шүү дээ.
Японд харин хоёр гурван сөрөг зүйл ажиглагдлаа. Япон улс ная, ерээд онуудад олон үйлдвэрээ Хятадад байгуулжээ.Эдүгээ Япон улс Вьетнам, Филиппинд олон үйлдвэрээ байгуулсаар байна.Японы лицензээр Хятадад үйлдвэрлэв гэсэн үй олон хямд бараа Япон төдийгүй дэлхийг бүрхээд байна. За энэ ч яахав. Харин тэдгээр япон – хятад болон япон-вьетнамын хамтарсан үйлдвэрийн ажилчид болон үй олон азийн цагаачид эдүгээ Японыг дүүргээд байна.Гудамжинд явахад болон дэлгүүр зоогийн газрын ажилтнууд бүгд хятад, вьетнамчууд байна.Солонгосчууд нилээн олон байдаг ч гэсэн японжоод бараг мэдэгдэхгүй болжээ. Эдүгээ өрнөд Германд африк, арабын цагаачдыг хэдэн саяар нь хүлээн аваад юу болов.Өрнөд эдүгээ цагаачдын гэмт хэрэг,шашны мөргөлдөөн гардаг аюултай орон болоод байна.Тэхлээр Япон улс гадаадын цагаачдын бодлогоо эргэж харах цаг болжээ. Бас нэг сөрөг зүйл ажиглагдлаа. Япон хүмүүс бүгд метронд явсан ч, галт тэргэнд явсан ч, автобусаар явсан ч, онгоцоор явсан ч гар утсаа тасралтгүй ширтсээр дэлгэцийн донд автжээ. Нийгэм нь их стресст оржээ.Өдөр шөнөгүй мөнгөний төлөө үхэн хатан ажиллах аж. Японд сүүлийн арван жилд цалин нь нэмэгдээгүй гэж сонссон юм байна. Тэнд бүтээгдэхүүн хэт их үйлдвэрлэснээс болж илүүдэлд орж бараандаа дарагдсан нийгэм болжээ. Японы дэлгүүрт Хятад, Вьетнам, Өрнөдөөс ирсэн жуулчид л голдуу худалдан авалт хийдэг аж. Япон хүмүүс ажлын ачаалалаас болж ихэд ядардаг бололтой. Метронд болон галт тэргэнд хүмүүс унтсаар зүүрмэглэсээр явах аж. Мөнгөгүй бол тэнд сөнөх нийгэм байна лээ. Бүх юм өнгө мөнгөнөөс хамаарна гэхлээр утгагүй ч юм шиг. Гэхдээ Япон орон бол замбуутивийн гайхамшиг юм байна. Эзэн хаантайгаа, Бурханы шашинтайгаа, шинто шашинтайгаа, бусидогийн зарчимтайгаа эртний соёл, ёс заншлаа орчин үеийн технологи, өндөр хөгжилтэйгөө уялдуулж хослуулсан гайхалтай супер улс ажээ. Би Наран улсыг үзэх юм сан гэсэн бага насны мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байлаа. Онгоцны цонхоор харахад эхлээд Токио хотын шөнийн гэрэл шөнийн тэнгэрт гялалзах одод мэт анивчиж байснаа удалгүй онгоц үүлэн дунд ороход юу ч харагдахгүй болов. Бараг дөрвөн цаг нисээд шөнийн 02 цагт онгоц маань Бээжин хотын Шоуду олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Гааль амарчихсан байв. Гаалийг хүлээж бараг хоёр цаг гаруй зогсов. Дугаарласан олон гадаад хүмүүс ганц хоёрхон гаалийн ажилтанаар үйлчлүүлэх гэж бараг гурван цаг болов. Өдийд шөний хоёр цагт монгол хүн Бээжингийн энэ нисэх буудал дээр бараг байхгүй биз дээ хэмээн бодож байсан чинь гэнэт энд тэндээс нилээд олон монгол хүмүүс гарч ирээд чанга чанга ярьж дугаарлан зогсож байлаа. Ганц хоёр хүнтэй таарч хаашаа явж байгааг нь асуухад Америк л гэнэ, Канад л гэнэ, Австрали л гэнэ. Манайхан гадаадад олноороо явдаг болжээ. Бээжин бол монголчуудын гадаадад гарах гарц болсон аж. Бээжин хотоос дэлхийн аль ч өнцөгт нисээд хүрч байна. Шөнийн 03 цагт хил гаалийн шалгалтаа дуусгаад арайхийж чөлөөтэй болов.Би ачаагаа эрж нилээд юм болов. Эргэлдсэн олон ачаан дотор ганц хөх цүнх минь харагдахгүй байв. Энд тэндгүй эргэлдсэн ачаанууд. Сүүлдээ олохоо байгаад гаалийн нэг ажилтнаас асуулаа. Ирсэн онгоцныхоо дугаарыг хэллээ. Таны ачаа 44 тоот ачааны эргэлт дээр байгаа гэв. Очсон чинь нэг ч ачаа алга, эргэлт зогссон байлаа.Орчны байдлыг хараад байсан чинь нэг газар хэсэг ачааг бөөгнөрүүлээд эгнүүлээд тавьчихсан байна. Очоод хартал миний хөх цүнх тэр олон ачаануудын дотор байж байна.Очоод шууд л цүнхээ авлаа.Тэнд ямар ч харуул хамгаалалт алга. Хятадын онгоцны буудал дээр хулгай байдаггүй нь сайхан юм даа. Цүнх үүргэвч хоёроо тэргэнцэр дээр тавиад тэргээ түрж хоноглох газар эрэв. Харанхуй шөнө хаашаа ч явах юм билээ. Өглөө болтол Шоудугийн онгоцны буудал дээр хонохоор шийдлээ. Эрж явсаар буудлын нэг буланд аятайхан урт сандал олж тэнд хэвтэж жаахан зүүрмэглэв.Өглөө 6 цагаас эхлэн онгоцны буудлын хөдөлгөөн эхэллээ. Би яаран босч ачаагаа авч тэргэнцэр дээр тавиад буудлаас гадагш гарч хажууд байгаа автобусны буудал дээр очиж 30 юаниар билет авч Бээжин хотын зүүн дүүрэг явлаа. Автобусны цонхоор харахад Бээжин хот ихэд хөгжжээ. Өндөр барилгууд, өргөн гудамж, нов ногоон цэцэрлэг дурайн үзэгдэнэ. Би явсаар Бээжин хотын зүүн дүүргийн автобусны эцсийн буудал дээр буулаа. Дахиад л одоо хаашаа явах вэ? гэсэн асуулт өөртөө тавина. Нэгэн байгууллага дээр орж утсаар нь ярихыг хүслээ.Энд англиар ярьдаг нэг ч хүн алга. Утасдлаа. Монголчуудыг хүлээн авдаг буудлын өвөр монгол залуу Гэрлээ маань утсаа авч байна. Би түүнд Бээжингийн зүүн талд Фүзинминь хэмээх дүүрэгт автобусны сүүлчийн буудал дээр ирснээ хэлээд энэ хятад хүнд намайг хаашаа явахыг хэлж таксинд суулгахыг хүслээ.Тэр байгууллагын нэгэн өндөр хятад залуу намайг хаашаа явахыг хятад таксины жолоочид хэлж би Бээжингийн зүүн захад орших монголчуудыг хүлээн авдаг буудал руугаа явлаа. Нилээд явсны эцэст миний мэддэг газар харагдлаа. Таксины жолоочид замын хөлс 32 юань төлж буулаа. Бээжин хотын алслагдсан хотын холын замын тээврийн автобусны төв вокзал дээр өвөр монгол залуу Гэрэл маань намайг угтан авч буудалдаа орж санаа амарлаа. Огт хүн танихгүй гадаад улсад 14 хоног аялаад танидаг өвөр монгол хүнээ харах сэтгэлд өег сайхан байлаа. Бээжинд 36 градус хүрсэн халуун өдөр байв. Би буудлаас гарсангүй. Урьд шөнө шөнийн нислэгтэй бараг унтаж чадаагүй тул нилээд ядарсан би энд шууд унтлаа. Хажууд Бээжинд Польш улсын виз хүлээсэн монголчууд хөзөр тоглож чанга чанга ярих аж. Орой нь 19 цагт би шууд “Бээжин-Замын -Үүд”-ийн автобусаар Эрээн рүү хөдөллөө. Бээжингээс Замын- Үүд хүрэх энэ автобусын үнэ 220 юань байв.
Нутгийн зүг замд гарч сэтгэл минь эх орны зүг яарч байлаа. Японд бүтэн 14 хоног монголоор ч ярихгүй, монгол хүнтэй бараг таарахгүй, загас шиг дуугүй явна гэдэг бас л сонин шүү. Бээжингийн автобус шөнөжин явж үүрээр Эрээн хот руу дөхөж ирэв. Автобус түр зогслоо. Бид автобуснаас буухад говь нутагт наран мандаж монголын нутаг алсад харагдана. Саяхан л харь нутагт далайн чийглэг бөгчим уур амьсгалд явж байсан миний бие яг одоо монголын үнэртэй салхинд хацраа илбүүлэн цээж дүүрэн амьсгалж зогсох нь юутай сайхан. Манай автобус Эрээнд өглөө 06 цагт ирлээ. Өглөө 08 цагт монгол хоолны ресторан нээгдэнгүүт би тэнд монгол үхрийн махтай гурилтай хоолоо идэж сүүтэй цайгаа ууж санаа амрав. 15 хоног монгол хоолоо зооглоогүй хүн чинь монгол хоолоо их санажээ. Үд болмогц Эрээн хотын шинэ, хуучин зээлээр жаахан явж үлдсэн хэдэн юанаа зарцуулж цүнхээ түнтийлгэв. Үдээс хойш 14 цагт Замын- Үүдийн хил гаалиар гарч эх орондоо ирлээ. Би Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний билетээ авч тэр өдрийн 17 цагт Улаанбаатар хот руу хөдөллөө. Дараа өдрийн өглөөний 08 цагт нийслэл Улаанбаатар хотдоо буцан ирлээ. Миний хамгийн хямд зардлаар Японд 14 хоног аялах ганцаарчилсан аялал ийнхүү амжилттай өндөрлөлөө. Дэлхийд ганцхан Монгол минь сайн байна уу. Монголоо би саначихжээ.
Алсын далайн дунд харагдах
Агуу Наран улс минь
Аядуу даруухан хүнлэг зантай
Андын журамт япон түмэн минь
Амар амгалан, аз жаргалыг хүсье
Ахин уулзахын ерөөл тавья.
Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар
Япон улс, Токио хот. 2018.05.31 - 2018.06.13
Сэтгэгдэл0
KK Solongos yasan lkkkkk.Yasan What up dude.What dude dude what happpened to you.I dont care any japan korean china or white or black .Iam ok being pure genetic mongol and always being mongpol
Эрхэм хүндэт Доржийн Сүхбаатар танд талархаж байна шүү
украйны дараа орос хятад хоёр япон руу довтлох байхоо
Япон улс дэлхийг хамгийн их бохирдуулагч орнуудын нэг гэдэг нь үнэн. Японд 1970 оноос аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр агаарын бохирдол ихэссэн. Энэ Сүхбаатар гэж хүн үргэлж социализмыг харлуулах гээд байх юм.
Маш сонирхолтой тэмдэглэл байна. Баярлалаа.
Солонгос, Хятад, Монгол, Оросын Сибирийг эзлэн авах Японы эзэн хаадын гэрээслэл одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа шүү. Чухам иймээс л Япон одоо хүртэл эзэн хаантай байдаг гэдгийг мэддгэгүй яасан тэнэг малнууд вэ? Хумсаа нуусан эзлэн түрэмгийлэгч Японы үхэн хатан магтаад л, яасан тэнэг малнууд вэ?
Maybe yagaad yoponchuud genet even haantai bolchihvoo urchin bii earn haand yag yu boloo kkk
Aзизовын зулбасагаа чи зүгээр юм уншчиж чадахгүй яацсан зулбасага вээ..
Manai Mongol hyn ter dyndaa aylaliin hyn hamgiin tyryynd yapon sig tom gyrend ehleed juulchidiin tyreesiin gazar tobchoog ni olj tendeesee gazariin zyrag olj abaad aylaliinhaa zyg chigeen olohod ikhe amar baidagaas ehleed hynii charai harahgyi amar yabah bolno,yahab,yapon angli heleer ene gazariin zyragnyyd baij l taaraa,Syhbaatar setgyylch bol zoriud adal yabdaltaltai zam songoj yu yzsen harsanaa tymen olondoo sonordyylahiin tyld ene saihan temdeglegeeg bichsen baina,Bi beer 2007 ond yapon orond Tokiog zebhen yzsen bas l neg zochid byydald doloo honood byzaj baib.ter byydal jijighen yne hyamdtai bas yydnii hargalzah hyngyi byh yum ni abtomataar ajilladag garah orohod saadgyi tiim negen byydal baidag.harin ganzaaraa gadagsaa alhaad yabhad Tokiogiin haagyyr ch yabhad gol ni Metro ni zygeer yum bilee!!!gehdee nadad ter yed Mongoliin elchingiin hyn ye ye masinaaraa tysaldag gol gol gazar aylahad yzyylej taniuldag baisan ni olz yum!gehdee bi beer ganzaaraa ene setgyyl ch sig ikhe alhadag b
Сайхан бичжээ, очиж байсан дүүргүүд нүдэнд харагдах шиг боллоо.
setgyylch Syhbaatar chi negee absan zyragn,yydaasaa nileediig oryylsan bol aytaihan sanagdab.alibaa yzeegyi haraagyi hymyyst bol zyrag nileed nyeden barimjaa tanilzyylga boldog biz ee!!!amjilt hysye!
Балай нуршуу юмыг нь хурдхан гүйлгэж унших аядав. Сэтгүүлч гэхэд ямар сонирхолгүй, муу бичдэг юм бэ? Сайжраач ээ.
Зохиогч энэ тэмдэглэлийг их сонирхолтой бичжээ. Чи ганц өгүүлбэр зөв бичиж чадах уу. Чи бусдыг шүүмжилдэг хэн юм бэ.
masz ix taaiagdiaa.
Юү гэж социалиүмын үед хөрөнгөтөний кино,ном зохиол хориотой байсан гэж худалаа бичдэг юм бэ, эхэ сэтгүүлч нэртэй танд л хориотой байсан юм байгаа биз. Өөрөө ном зохиоь уншдаггүй нөхөр байжээ
Соцын үед ганцхан Зөвлөлт улсыг магтдаг, АНУ,Япон зэрэг орныг империалист дайсан улс хэмээн үздэг байсан. Хүйтэн дайны үед хөрөнгөтөн орны бүх номы зохиолыг хориглодог байсан нь үнэн ш дээ.
Xuuxed shig xarsan uzsen bux zuilee toochij bichsen baina kkk
Сайхан бичжээ,би залуудаа японыг магтдаг гэж матуулж нахя - нд бүртгэгдэж байсан хүн, одоо эрх чөлөөт монголд амьд яваа дээрээ японд нэг очоод үзэх юм байна
Nice retard