sonin.mn
Гудамжаар алхаж байгаа иргэдээс та монгол бичиг мэдэх үү гэж асуувал хэд нь тийм гэж хариулах бол доо. Дүлий хүний  чихэнд шивнэдэггүй гэдэгчлэн саяхныг хүртэл хэрэгцээ шаардлага үүсээгүй тул энэ асуудлыг тэр бүр хөндөж гаргаагүй биз ээ. Миний хувьд л гэхэд бага ангийн сурагч байхдаа монгол бичгээс халширчихсан, тойрч зугтдаг тийм л хүүхэд байсан. Хариуд нь энэ хичээл дээр бусад сурагчаас хол хоцорч байлаа.
 
Хичээлдээ аль болох эрт ирээд хэн нэгнээс даалгавраа хуулахыг бодно. Хэн нэгэн Монгол бичиг гэж дуугарвал аль болох дөлнө. Заа бүр ангийн багш самбарт гараад унш, эсвэл бич гэхэд үнэндээ л яс хавталзаж, гунигт мэдрэмжид автдаг байсан.
 
Самбарт гараад хэн хаанаас ямар шифий өгөх бол гэж горьдлого тээсэн нүдээр байн байн эргэж харах нь өрөвдмөөр ч юм шиг. "Суу, муу" гээд суухыг сануулж ширээний ард байх будаг нь халцарч, ирмэг нь идэгдсэн хуучин муу навтгар сандал руу заачихсан бол тэр нь надад хамаагүй дээр байх билээ. Гэвч уншиж чадахгүйг нь мэдэх атлаа багш тийм амар суулгачихгүй. Яг энэ цаг үед бие сэтгэлээрээ багшийн мэдэлд байгаа надад тyслах гэсэн хэн нэгний амны хайрцгийг буруу тайлснаас болж, "бинго"-дож таарна. Анги тэр чигээрээ "нирхийтэл" инээлдэж, ичиж зовохын дээдийг балчир насандаа тэгж л амссан. Хичээл тарсан ч бодох бүрийд л сэтгэл хөндүүрлэнэ. Хичээлийн хуваарийг хараад монгол бичиг орох өдөр дур муутайхан салгалсаар сургyулийн зүг алхана. Гэтэл монгол бичгийн хичээл ороход ангийн багш намайг тоохоо больсон байв. Эхэндээ гайхаж байсан ч багшийн анхаарлын гадна үлдэж, ахиж олны доог болохгүй гэсэн бодол минь надад тун ч давгүй санагдсан хэрэг. Гэтэл энэ нь намайг ердөө л түр зуур тайвшруулсан болж таарав. Хэдхэн өдрийн дараа намайг багшийнхаас илүү чанга хатyу гар тосож авлаа.
 
Ингээд гэрт эмээ, сургyульд ангийн багштай хамт өргөн фронтоор дайрч А-гаас нь эхлүүллээ. Эмээгийн өдөр өдрийн даалгаврыг цаг тухайд нь хийхгүй бол маргааш хоёр дахин үржүүлж хийнэ. Бүр татгалзвал гарч тоглох чөлөөгөө хасуулна. Ингэж мухарлуулсан надад сурахаас өөр арга үлдсэнгүй.
 
Дөч гаруй жил бага ангийн тэрсхэн хүүхдүүдтэй ажилласан эмээд намайг сургах алга урвуулахын хооронд л бүтчих зүйл байсан биз. Гэхдээ хүүхдийн өөрийнх нь хичээл зүтгэл юунаас ч илүү чухал хөшүүрэг гэдгийг ойлгyулах гэж багахан зүйлээр хааж боосныг үгүйсгэх аргагүй юм. Ингээд би цаг цагаар суралцсаар үсгээ нүдэлж эхлэв. Дараа нь уншиж сурсан. Удаан хэдий ч алдаагүй уншдаг болсон байлаа. Тэгээд гоё биш ч гэлээ гаргацтай бичиж сурлаа. Ингээд багш намайг самбарт дуудах өдрийг өвч бүрэн зэвсэглэж, хуяг дуулгаа зүүн тулаанд орох гэж буй хүлэг баатар мэт шийдэмгий, бас догдлолтой хүлээв, гэвч ангийн багш Монгол бичгийн хичээл дээр дахиад хэзээ ч миний нэрийг дуудаагүй юм. Тэр өдөр ангийн багш хэн нэгнийг нэр цохон дуудсангүй өнөөдөр бүгдэд боломж олгохоор шийджээ. Самбарт гарах xүн байна уу гэхэд, бүгд л дуугаа хураацгаав. Цагийн зүү pyy харахад хичээлийн тал нь өнгөрчихсөн байсан тyл би салхийг хагалахаар шийдлээ.
 
Өмнө нь би хичээлийн цагийг ингэж хайрлаж байгаагүйдээ өөртөө ч итгэхгүй байв. Ангийн зарим хүүхэд намайг "өө өнөөх чинь, уйддаг юм уу хаашаа юм" гэсэн харцаар ширтэнэ, Их зохиолч Д.Нацагдоржийн "Миний төрсөн нутаг" шүлэг, "Гурван тооройн" үлгэрийг уншиж дуусаад багшаас онц үнэлгээ  аваад суудалдаа тухалхаар алхлаа. Хүүхэд бүрийн царайны хувирал яаж өөрчлөгдөхийг хараад алхаад л байлаа, алхаад.
 
Ингээд суудалдаа суухад багш "Та нар түүнээс суралцаарай, муу сурлагатай хүүхэд гэж байдаггүй, идэвхгүй хүүхэд л бий" гэж хэлэв. Энэ удаад би намайг дооглож, инээд ханиадам болцгоосон учир мэдэхгүй хүүхдүүд бус жам ёсны учралаас тойрч зугтдаг өөрийгөө ялсан мэт санагдаж байв. Ингэж монгол бичигтэй дотно бөгөөд дурлаж танилцсан юм.
 
Yнэхээр босоо бичигтэй, босоо түүхтэй ард түмэн гэвэл бид, Зүгээр ч нэг хичээл заачихгүй, зурлага татлага бүрийг аж ахуй, түүх соёлын гүн агуулга дагадаг, Нэг нүдэлчихвэл монгол бичиг урамтай л даа, чимээгүйхэн өөртөө алга ташаад л баймаар. Хуруугаа эвэршиж, балын ором гартал бичнэ, Гэтэл гар ер өвдөхгүй суръя гэсэн хүнийг цаанаас нь нэг хийсвэр зүйл хөшүүрэгддэг юм болов уу даа. Бидний босоо бичиг бол Tүүx соёлын асар их өв уламжлалыг агуулсан, монгол хэлний онцлогт гаргууд зохицсон, маш боловсронгүй бичиг гэдгийг эмээ минь хэлж байлаа. Харин тийн ч олон xүн монгол бичгээ сайтар "нүдлээгүй" нь хуучин нийгмийн "толбо" хаа саагүй наалдсантай холбоотой байдаг байх, 1940-өөд оны дунд үеэс хөгжлийн зорилттой уялдахгүй гэдэг шалтгаанаар Монгол бичгийг хэрэглээнээс халж байсан гэдэг. Бидний өвөг дээдэс олсон бичиг үсэг зохиосон ч буурал түүхийг 1000 жил бичилцсэн нь яалт ч үгүй монгол бичиг. Цаг цагийн салхинд туугдалгүй ёстой л торойж үлдсэн гэлтэй. Энэ бичгээр дамжуулж дэлхийн соёл иргэншилд бидний оруулсан хувь нэмэр нөр их байлтай. 1980-аад оны сүүлчээс бид хөгжлийн өөр зам сонгосноор сэтгэлгээний хувьд ч бүрэн задарч, үндэсний ухамсар сэргэж эхэлсэн. Энэ үеэс учир мэдэх хүмүүсийн амнаас ганц нэг үг цухуйж, сүүлдээ үндэснийхээ бичиг соёлыг сэргээн дэлгэрүүлэх ажлыг шамдан эхэлж, цар хүрээ нь өргөссөөр бүх нийтээр сурах хөдөлгөөн өрнөсөн юм. Ийнхүү төр, засгийн чихэнд хүрсэн.
 
 
Монгол Улс төрийн албан хэргээ Монгол бичгээр хөтлөн явуулах тухай Улсын бага хурлын тогтоол гарч үүнийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын их хурлаас 1995 онд анх монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг баталжээ. Гэвч энэ хугацаанд бид нийтээрээ урагшилж, нэг шугамд ирж чадаагүй Монгол бичиг шинэ үеийн залууст тохирохгүй гэдэг үзэл бодлын цаана маш жижигхэн эрх ашиг л хөндөгддөг.
 
 
Утга төгөлдөр гэвэл монгол бичгийг л хэлнэ. Монгол бичгийн бичлэг, дуудлага хоёр нь зөрүүтэй сурахад хэцүү гэдэг нь багахан бэрхшээлээс дөлсөн шалтаг төдий зүйл. Яагаад гэхээр, энэ шинэ зүйл биш. Түр мартагдсан соёл. Сурахаа хүрвэл монгол хүний ген нь таатай хүлээж авна. Сурахаас адгаж, хойш суугаад байвал маргаашийн нар дуусахгүйг та мэднэ. Аргаа олохгүй байвал нэг өөр, харин сэтгэл төвшрөхгүй байвал бас л өөр хэрэг Монголыг монголоор нь авч үлдэх дархлаа бол соёл, уламжлал, түүх энэ бүгд монгол бичигт буй. Хосгүй сайхан, баян тансаг монгол хэлний ундарга ч бий. Их эрдэмтэн Бямбын Ринчен гуай хэлэхдээ ''Монгол бичгээ сэргээгээд төрийн бичиг болчихвол Монгол түмний маань мандалд хэрэгтэй, учиртай юм сан" гэснийг нэг санах. Угаасаа "2025 оноос Монгол бичгийг кирилл бичигтэй хослуулан хэрэглэх''-ээр хуульчилсан шүү. Гарцгүйгээр хаалга тогшоод ирлээ гэсэн ү.г Монгол xүн хэзээ байтлаа зориод ирсэн гийчнийг буцаадаг байлаа даа. Бодоцгооно биз. 
 
 
 
Дэслэгч Ц.Энх-Оргил 
Эх сурвалж: “Соёмбо” сонин