sonin.mn
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
 
Энэ үеэрээ тэрээр: "МАН яагаад ийм урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэвэл үүсгэн байгуулагч нараасаа салж чадсан нам юм. Анхны долоо буюу үүсгэн байгуулагчдаа буудаж, хорлож алсан нам. Түүний дараах дарга нар нь намаа өөрийнхөө өмч гэж үздэггүй учраас тодорхой хугацаанд ажлаа хийгээд, хариуцлагаа хүлээгээд дараагийн хүндээ өгөөд явдаг. Харин манай АН одоо хүртэл үүсгэн байгуулагчдаасаа салж чадахгүй байна.
 
 
1990 онд Ардчилсан хувьсгал хийж, АН-ыг байгуулсан хүмүүс энэ намыг өөрсдийнхөө өмч гэж үздэг. Энэ намыг хэнд өгөхөө би өөрөө шийднэ гэж ярьдаг. Миний өмч учраас залуучууд үүн рүү яахаар дайрдаг юм бэ гэж ярьдаг.
 
 
Энэ бол үнэхээр хариуцлагагүй зүйл. АН-ын гишүүд, дэмжигчид энэ АН-ын ах нарыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд, дарга нар болтол нь гутлынхаа улыг цоортол явцгаасан байхгүй юу. Гэтэл эдгээр хүмүүс одоо иргэдэд бүү хэл гишүүд дундаа ямар ч нэр хүндгүй болчихсон. Гэтэл дахиад намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болно гэдэг. Та нар бидний төлөө зүтгэх ёстой гэдэг. Гэтэл намын гишүүд нь цөхрөнгөө барчихаад байна шүү дээ. Тийм учраас АН үүсгэн байгуулагч нараасаа салж, гишүүдийн нам болох ёстой. Залуучууд нэгдэх ёстой. Үүсгэн байгуулагчдыг хөөж, зайлуулах хэрэгтэй. Тэгж байж энэ нам цаашаа явна. Үүсгэн байгуулагч нар Монголын ард иргэдэд нэр хүндээ алдсан. Өчигдөр юу болов. Захын хүн орж ирээд л янз, янз болдог болсон байна шүү дээ. Ийм нэр хүндгүй нам. АН-ыг хэргээр, зохион байгуулалттай МАН-тай нийлж шившигт хутгаж байгаа үүсгэн байгуулагчид тонилох хэрэгтэй. Баярлалаа" гэв. 
 
Ч.Явуу