sonin.mn
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт гэр бүлийн харилцааныхаа асуудлыг нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд дэлгэсэн билээ. Хариуд нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам ч нийгмийн сүлжээнд тайлбар хийсэн байна. Тодруулбал тэрээр:
 
"15 жил ханилсан хань, 2 хүүхдийн маань эцэг худал түүх зохиож, гэр бүлийн хүрээнд гарсан асуудлыг олон нийтэд цацсан байгааг олж үзээд хэлэх үг олдохгүй байна.
Юун түрүүнд зөвхөн манай гэр бүлд төрснөөс өөр буруугүй 2 хүүхдээсээ уучлал хүсмээр байна. Ээж нь та нарыгаа бүх зүйлээс хамгаалж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсдэг. Гэвч чадсангүй. Уучлаарай.
 
Төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүртэл надтай хамт баярлах үед нь баярлаж, зовох үед нь зовж ирсэн эцэг, эхээсээ уучлал хүсье. Бид бусад хосын нэгэн адил алдах үедээ алдаж, баярлах үедээ баярлан амьдарч ирсэн. Гэвч өөрсдийн амьдралаа бид өөрсдөө биш Монголын Улсын шүүхээр, бидний туулсан амьдралыг мэдэхгүй олон нийтээр шүүлгэх болсондоо харамсаж байна.
 
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл хүлээлгэн сонгосон иргэд сонгогчдоосоо уучлал хүсье. Миний үндсэн ажлаас илүү гэр бүлийн асуудал, хувийн амьдрал олон нийтийн анхааралд өртөж, маргаан мэтгэлцээний бай болсондоо та бүхнээсээ уучлал хүсье.
Салалтанд эртнээс бэлдэж, гэртээ камер байрлуулж сүүлийн жилүүдэд бичлэг хийж, түүнийгээ хэзээ хаана ямар байдлаар ашиглахаа сайтар төлөвлөнө чинээ санасангүй. Та бүхний нүдэнд УИХ гишүүн гэж харагддаг боловч гэртээ очоод би хүний хань, хүүхдийн ээж. Уурлахдаа уурлаж, баярлахдаа баярлаж явдаг жирийн нэг эмэгтэй. Гэхдээ энэ бүх зүйл миний бухимдлыг зөвтгөх шалтгаан болохгүй. Яагаад ингэж уурладаг, юунд бухимддаг шалтгааныг энд бичих шаардлагагүй болов уу. Учир нь хүний хувийн амьдрал хувийнх л байх ёстой гэж боддог.
 
Наранцацралтаа чи бид хоёр маргаж болно, салж ч болно. Гэхдээ биднийг үүрд гагнасан 2 хүүхэд маань бий шүү. Нэхэмжилсэн эд зүйлийг чинь өгч болно.
 
Гэхдээ ганц л зүйл гуймаар байна. Хүүхдүүдээ бод. Тэд өсч том болж байгаа. Айлын хүүхэдтэй үерхэж найзлана, нэг өдөр гэр бүл ч болно. Тэр үед чиний энэ бүх үйлдэл, хүүхдийн маань амьдралд арилшгүй толбо болно гэдгээс хамгийн их санаа зовж байна. Тийм учраас би хувийн асуудлаа дэлгэж бичихгүй. Эрх мэдэл, эд хөрөнгө үүрдийнх биш. Үүнийг чамайг ойлгох ухамсартай хүн учраас бичиж байгаа юм шүү.
Удахгүй болох шүүх хуралд нотлох баримтаа үзүүлнэ. Түүний дараа шаардлагатай бол олон нийтэд мэдээлэл өгч болох ч хувийн амьдрал хувьдаа байх нь зөв гэж үзэж байгааг ойлгож, хүлээж авахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье." гэжээ.