sonin.mn
12-р сарын 2-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-д хийсэн гурван хоногийн айлчлалаа өндөрлүүлсэн. Эвлэрүүлэн зуучлахдаа сайн гэгддэг Эммануэль Макроны  энэ удаа АНУ-ыг зорьсны гол зорилго нь АНУ-ын "Инфляцийг бууруулах хуулийн төсөл"-өөс Европын компаниудыг чөлөөлөх явдал байв. Гэвч тэрээр зорилгодоо хүрч чадалгүй буцлаа.
 
"Хамгийн хуучин" холбоотон Францаа АНУ туйлын ихээр хүндэтгэн хүлээн авсан хэдий ч тансаг хүлээн авалт, халуун гар барилт нь хоёр талын санал зөрөлдөөнийг халхалж чадсангүй.  
 
Эммануэль Макрон энэ удаа АНУ-д төрийн айлчлал гэхээсээ илүүтэй шударга ёс тогтоох зорилготой байсан юм. Энэ оны 8-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Инфляцийг бууруулах хуулийн төсөл"-д гарын үсэг зуржээ. Ингэснээр АНУ-ын Засгийн газар нь цахилгаан хөдөлгүүрт авто машин, баттерей зэрэг холбогдох дагалдах хэрэгсэл, технологи зэрэг АНУ-д үйлдвэрлэсэн ногоон үйлдвэрлэлд өндөр татаас олгох гэнэ.  Уг хуулийн төсөл нь инфляцийг бууруулж, алдагдлыг багасгах зорилготой хэмээн АНУ мэдэгдсэн боловч үүгээр дамжин дотоодын болон гадаадад байгаа аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн баазыг АНУ-д шилжүүлэхийг урамшуулж байгаа үйлдэл юм. Мөн чанартаа Европын аж үйлдвэрийг хохироож, АНУ-ын аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэн өгч буй явдал хэмээн шинжээчид дүгнэж байна.
 
Энэ талаар АНУ нь Европоос уучлалт гуйх шаардлагагүй боловч “бага хэмжээ”-ний тохируулалт хийх боломжтой хэмээн Жо Байден мэдэгдэв. Гэхдээ бодитой авч хэрэгжүүлэх бодлогын талаар тодорхойлсонгүй. Эдийн засгийн ашиг сонирхлын асуудлаар АНУ хэзээд зөвхөн хувиа  боддог гэдгийг Европчууд ойлгох ёстой хэмээн Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. ОХУ Украины мөргөлдөөнөөс хойш АНУ-ыг дагаж, ОХУ-д олонтаа хориг тавьсныхаа уршгаар Европчууд ноцтой эрчим хүчний хямралд өртөж буй. Холбоотон хэмээх АНУ нь харин үндэслэлгүйгээр үнээ өсгөж, дундаас нь ашиг олж суугаа аж.
 
Давхар давхар хямралд өртсөн Европчуудад үйлдвэрлэл, ажлын байр, хөрөнгөө АНУ уруу алдах том аюул нүүрлэж байна.
 
Жо Байдений Засгийн газар 500 мянган ам.доллар зарцуулж, анхны хүлээн авалтаа  Эммануэль Макронд зориулсан нь тайвшруулахаас гадна өөгшүүлэх зорилготой юм. ОХУ- Украины асуудлаар Европчуудтай хамтрахыг АНУ хүсдэг.
АНУ нь Европчуудыг жинхэнэ холбоотноо болгож хардаг уу эсвэл гамшгаас аврах халхавч, ноёрхлоо хамгаалах гишгүүр, АНУ-ын эрх ашгийн төлөө төлбөр тооцоог нь хийгч болгож байна уу гэдэг асуулт Европчуудын өмнө тавигдаж байна.
 
Наянтайгийн Далантай