sonin.mn
Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын Социологи сэтгэл зүйн бэлтгэлийн ахлах офицер, хошууч Э.Ганбаяр, амьсгал нь түр саатаж ухаангүй болсон хүүд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь аварсан тухай мэдээлэл сүүлийн хэд хоног сошиал орчинд түгсэн юм. Цэргийн алба хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн түүний сэтгэгдлийг уншигч та бүхэнд хүргэж байна.
 
-Юун түрүүн танд эрдэнэт хүний алтан амь аварч иргэний болоод цэргийн алба хаагчийн үүргээ биелүүлсэнд баяр хүргэе. Тухайн өдөр ямар үйл явдал болсон талаар яриач?
 
-Баярлалаа. Тавдугаар сарын 01-ний өдөр орон даяар цэрэг халах үйл ажиллагаа явагдаж байсан юм. Манай тусгай салбар ч мөн хугацаат цэргийн алба хаагчдаа бэлтгэлээр халж, миний бие албаа үлгэр жишээ хаасан цэргүүдийн ар гэрт нь биечлэн очиж талархал илэрхийлэх, яриа ярилцлага авах зорилгоор албаны нэг хүний хамт явж байсан юм. Тэр үедээ нэг айлын орцны гадна хүлээж байтал хажуу орцны үүдэнд нэг хүү ухаангүй байдалтай, хэсэг хүүхдүүд тойрон зогссон байхыг харсан.
 
Би ч ухаан алдсаныг нь мэдэж шуурхайлан анхны тусламж үзүүлэхээр очсон. Улмаар тэр хүүд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хиймэл амьсгал хийхэд ухаан орсон.
 
Ухаан орсон хэдий ч үе үе амьсгал нь зогсож ухаан алдаж байсан юм. Тэр бүрд нь яаралтай тусламж үзүүлж түргэн тусламж дуудан 40 гаруй минут болсон. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэж ойролцоох өрхийн эмнэлгээс эмч нарыг дуудуулсан. Улмаар эмч нартай хамтран өрхийн эмнэлэгт хүргэж өгсөн үйл явдал болсон доо. Миний хувьд өөрөөс шалтгаалах бүхий л анхан шатны тусламж үзүүлсэн гэж бодож байна.
 
-Одоогоор хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ. Ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан уу?
 
-Тухайн өдрийн орой гэртээ харих замдаа хүүгийн эмээтэй ярьсан. Ар гэрийнхэн нь хүүтэйгээ уулзсан гэдгээ хэлж, надад маш их талархаж байгаагаа илэрхийлсэн. Түүнээс хойш холбогдоогүй л байна. Ямар ч байсан эмнэлгийн байгууллагад хүргэсэн учир хүүгийн бие тэнхэрсэн гэж найдаж байна.
 
-Тухайн үйл явдал болсон талаар цахим орчинд нийтлэгдсэн байсан Энэ нь таны амьдрал хэрхэн яах нөлөөлсөн бэ?
 
-Тэр өдрийн үйл явдал маш олон мэдээллийн сайт, сошиал орчинд тавигдсан байсан. Намайг таньдаг олон хүмүүс холбогдож баяр хүргэн ажилд маань амжилт хүссэн. Баярын сэтгэгдлүүд одоо ч үргэлжилсээр байгаа. Сошиал орчинд тавигдсан мэдээллийн доор маш олон эерэг сэтгэгдлүүд байгааг хараад их баярласан. Сэтгүүлчид ч цөөнгүй холбогдсон. Зарим нь гэрт маань хүртэл ирж ярилцлага авсан.
 
-Яаралтай тусламж үзүүлэх шаардлага гарахад хүмүүс хэрхэн хандах ёстой гэж боддог вэ?
 
-Хэнд ч юу ч тохиолдож болно. Тиймээс эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь очоод туслах сэтгэлтэй байх хэрэгтэй л гэж боддог. Миний асуудал биш гээд өнгөрөх хүмүүс ч байдаг юм билээ.
 
-Та Хилийн цэргийн дээд сургуулийг хэдэн онд ямар мэргэжлээр төгсөв. Өөрийнхөө тухай ярихгүй юу?
 
-Би 1986 онд Дундговь аймагт төрсөн. 2008 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Цэргийн сэтгэл судлаач, эрх зүйч мэргэжлээр төгсөж Хилийн цэргийн 0131 дүгээр ангид томилогдон ажилласан.
 
Тус ангид 2008-2021 он хүртэл ажиллахдаа заставын орлогч, заставын дарга, биеийн тамирын офицер, шуурхай жижүүр, дотоод хяналтын ахлах офицерын албан тушаалд ажиллаж байсан. Улмаар 2022 онд Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн албаны Нохой сургалтын төвийн сургагч багш албан тушаалд томилогдсон.
 
Дараа нь мөн онд Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбар байгуулагдаж албаны нохой сургалт бүрэлдэхүүнээрээ шилжихэд уг тусгай салбарт ирж ажиллах болсон. Одоогоор Хилийн цэргийн 0267 дугаар салбарт Социологи сэтгэл зүйн бэлтгэлийн ахлах офицерын албан тушаал хашиж байна.
 
 
Дэслэгч: О.Түвшинжаргал
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин