sonin.mn


Энэ удаагийн дугаартаа хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг дуучин Нара буюу М.Нарантуяатай ярилцлаа.

-Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ түр хөндийрлөө. Хэзээ эргэн ирэх гэж байна вэ?

-Намайг дэмждэг, миний дуунуудыг сонсдог сонсогчид маань шинэ уран бүтээлээ хийгээч, хүлээж байна шүү гэх үгсийг харамгүй хэлж байна. Сүүлийн үед яагаад уран бүтээлийн ажлаа түр хойш тавиад байгааг хүмүүс гадарлаж, ойлгож байгаа байх /инээв/.

-Тэгэлгүй яахав. Ээж болоод удаагүй байна шүү дээ. Эмэгтэй хүн эх хүн болохоороо ээжийгээ илүү их ойлгодог гэдэг. Таны хувьд?

-Аав, ээж минь биднийг өсгөх гэж, сайн хүн болгох гэж ямар их тэвчээр гаргасан гэдгийг би сайн мэднэ. Яг өөрөө ээж болсныхоо дараа ээжийгээ ямар их тэвчээртэй юм бэ гэж бахархах сэтгэл төрсөн. Миний ээж чинь таван хүүхэд төрүүлж, өсгөсөн хүн. Ямар агуу хайр вэ л гэж бодогддог юм байна.

-Хүүгээ анх харахад ямар мадрэмж торж байв?

-Естой гайхамшигтай. Миний амьдралдаа хийсэн хамгийн том, хамгийн эөв, гайхамшигтай бүтээл. Өөрөөрөө бахархах бахархал минь.

-Хүүдээ хэн гэж нэр хайрлав?

-Хүүгийнхээ төрсөн өдөр судрыг харж байгаад л нэр өглөө. Бас ирээдуйн билгэдэл, өөрийнхөө үзэл бодолтой ч нийцүүлсэн түвд нэр өгсөн. Нэрээ сонгочихоод лам багшаасаа асуухад их сайхан нэр байна гэсэн. Бас будаанд шигшихэд ч энэ нэр нь гарч ирсэн.

-Нара Японд сургууль төгссөн. Бас үүнтэй нь холбоотойгоор “сургууль төгссөн, төгсөөгүй" гээд янз бүрийн л явган яриа гарч байдаг. Яг ямар сургуулийг төгссөн юм бэ?

-Би 2003-2007 онд Япон улсын Токиогийн хөгжмийн сургуульд суралцаж төгссөн. Энэ сургууль маань 50 жилийн түүхтэй, маш олон салбар сургуулиудтай, орчин үеийн хөгжмийн сургууль. Америкийн зарим их сургуулиудтай хамтын ажиллагаатай сургууль л даа. Америкийн хөгжмийн мундаг мэргэжилтнүүдийг зөвлөх багшаар урьж ажиллуулдаг. Японы маш олон алдартай дуучид, жүжигчид манай сургуулийг төгссөн. Би хувьдаа энэ сургуулийг төгссөндөө маш их бахархдаг. Сургуулийнхаа анхны монгол оюутан байлаа.

Миний дараа дууны инженерийн ангийг монгол залуу төгссөн. Харин Гурав дахь монгол оюутан нь миний төрсөн дүү Болороо байлаа. Би гоцлол дуулаач мэргэжлээр төгссөн. Японд суралцсанаараа зөвхөн дуу дуулахыг сураагүй ээ. Тэр улсын соёлд их, бага хэмжээгээр суралцаж байгаад л ирсэн. Өнөөдрийн өдий дайтай явж байгаа минь тэр бүгдтэй холбоотой.

-“Зөрлөг”, “Цахирмаа” зэрэг хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд залуу насны дүрээ мөнхлөөд амжлаа. Ямар боломж, тохиолдлоор эдгээр уран бүтээлүүдэд ажиллав?

-Ээж минь жүжигчин хүн болохоор би жүжиг, кинотой их ойр өссөн гэхэд болно. Ээжээс минь заяасан жаахан ч болов авъяас надад байдаг болов уу. Дээр нь оюутан байхдаа зөвхөн дуулах ур зүйгээс гадна уран бүтээлчийн жүжиглэх уран чадварын хичээл үздэг байлаа. Тэр маань жаахан нэмэр болсон байх. Би өөрөө ч тайз, дэлгэцийн урлагт дуртай, хайртай.

Аль болох өөрийгөө шинэ зүйлд сорих, үзээд алдахыг хүсдэг байлаа. Анх “Хувилгааны эрэлд” гээд телевизийн олон ангит кинонд санамсаргүй тохиолдлоор сонгогдож ажилласан. Их сонирхолтой байсан. Ганцаараа уран бүтээл хийхээс тэс өөр шүү дээ. Кино гэдэг баг, хамт олны хамтын ажил байдаг. Дараа нь “Зөрлөг” кинонд ажилласан. “Цахирмаа” бол Монголдоо л анхны гэж хэлж болохоор компьютер график маш их ашигласан, асtion төрлийн кино шүү дээ. Надад эргээд бодоход дурсгалтай, сайхан санагддаг юм.

-Ер нь дэлгэцийн уран бүтээлд ажиллах санал хэр ирдэг вэ?

-Сүүлийн үед, ялангуяа хүүгээ төрүүлэхээс өмнө олон санал ирсэн. Гэхдээ ихэвчлэн эротик маягийн дүрийн санал байсан л даа. Тийм ч болохоор татгалзсаар ирсэн. Гэр бүлийн амьдралд зориод, үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан хүн шүү дээ. Цаашдаа ямар нэгэн байдлаар намайг өөр өнцгөөс харуулах киноны санал ирвэл дуртайяа хүлээн авна.

-Ээжийнхээ тухай яриач. Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байсан байх аа?

-Тиймээ. Миний ээж Эрдэнэчимэг гэж хүн бий. Хүүхэд байхдаа ээжийгээ дагаж хүүхэд залуучуудын театрт байнга ирдэг байлаа. Олон сайхан жүжигчдийн нүүр будахыг хараад ам руу нь орчих шахаад л байж байдаг байлаа. Театрын будгаар хүүхэлдэйгээ будчихдаг, өөрийгөө ч сэмхэн будаад загнуулдаг охин байлаа.

-Дунд сургуулийн сурагч байхдаа бүжиглэдэг байсан болохоор бүжигчин биш дуучин мэргэжлийг сонгоход нь гайхах хүмүүс олон байсан биз?

-Болох зүйл болдгоороо л болдог. Би энэ үгэнд их итгэдэг. Дунд сургуульд байхдаа Америк, Герман руу явж сургуульд суръя гээд хөөцөлдөхөд бүтээгүй л дээ. Тэгсэн хэрнээ яагаад ч юм Япон руу явах болоход ар араасаа хаалга нээгдээд л явж байлаа. Ер нь манай гэр бүл, хамаатнууд дунд урлагийн хүмүүс олон бий. Тэр бүхэн энэ сонголтыг хийхэд нөлөөлсөн. Найзууд, эргэн тойрны хүмүүс маань намайг бүжигчин л болно гэж боддог байсан юм шиг байна лээ. Хүн бүрийн дотор нууцхан мөрөөдөл байдаг шүү дээ. Миний хувьд тэр нь жүжигчин юмуу дуучин болох байсан юм /инээв/.
 
-Шар хэвлэлүүдээр Японд амьдарч байх үеийнх нь тухай нэлээдгүй шуугисан?

-Тийм шүү. Их хөгжилтэй. Би ямар сайндаа л хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо өөрийнхөө сургууль төгссөн дипломыг, төгсөлтийнхөө дурсгалын цомгийг үзүүлж байлаа /инээв/. Японд бааранд ажиллаж байсан гэхээр л зөвхөн тэнд ажиллаад сургуульд сураагүй юм шигээр ярьцгааж байсан. Гол зорилго маань сурах байсан хэдий ч сурахынхаа хажуугаар би өдөр тутмынхаа хэрэглээний мөнгийг олох хэрэгтэй шүү дээ. Тийм ч болохоор хэд хэдэн ажил хийж үзсэн юм. Тэр дотор баарны ажил ч байсан, хоолны газрын ажил ч байлаа.

-Шулуухан яриатай болохоор ингэж “олзлогдоод” байна уу. Одоо бүр дөжирчихсөн үү?

-Ширээний хүүхэн байсан ч гэж хэлүүлсэн шүү дээ. Би тэгэж хэлэгдэхээс айж эмээдэггүй. Яахав дээ, би амьдрахын төлөө сурахынхаа хажуугаар ажиллаж байсан л биз. Дуучин болоод долоо найман жил болчихож. Энэ хооронд хэлэх хэлэхгүйгээр л хэлүүллээ. Тэглээ гээд би муу яваад, дорддог бол дордохоороо л нэг боллоо. Гэхдээ тэгдэггүй юм байна. Хувь хүний өөрийн үзэл бодол, зөв байдал, зөв санаа сэтгэл чухал байдаг юм байна. Энэ бүхнээ алдаагүй цагт би бусдын худал ярьж, бичдэг шиг болохгүй ээ.

-Нарагийн дуунууд их цоглог хэмнэлтэй, эрч хүчтэй дуунууд байдаг. Харин одоо ээж болсны дараа хийгдэх шинэ уран бүтээлүүдийн өнгө аяс өөрчлөгдөх болов уу?

-Өөрчлөгдөхгүйээ. Би өөрчлөхийг ч хүсэхгүй байна. Эмэгтэй хүн бүрийн туулаад л гардаг байгалийн жамаараа хүүхэдтэй боллоо. Тэглээ гээд миний үзэл бодол, зан характер, уран бүтээлийн стиль имиж өөрчлөгдөхгүй.

-Уран бүтээлийн гараагаа эхлэхдээ стилисттэй байв уу. Их өвөрмөц имижтэйгээр гарч ирсэн?

-Би өөрийгөө их зоригтойгоор шинэ дүр төрх бий болгож чадсан болов уу гэж боддог. Тэрэнд ямар нэгэн зөвлөгч, стилистийн оролцоо байгаагүй. Би өөрөө Японд сурч байхдаа стиль имижээ бүрдүүлж, уран бүтээлийн өнгө төрхөө тодорхойлсон. Одоо хэр нь надад тийм зөвлөгөө өгдөг хүн байдаггүй. Харин би өөрөө хүмүүст зөвлөгөө өгдөг болоод байна /инээв/.

-Саяхан “Нара шинэ жилээр дуулж биш, нүүр будалт хийж халтуур хийлээ” гэсэн мэдээ сайтуудаар гарсан байсан?

-Тийм мэдээ бас гарчихаж уу. / инээв/ Тэгсэн тэгсэн. Зөвхөн энэ жил ч биш, сүүлийн дөрвөн жил нүүр будалтын ажил хийж байна. Уг нь 2010 онд Японд нүүр хувиргалтын чиглэлээр сурахаар очсон. Суралцаж байгаад нөгөө сүрхий цунамигийн үеэр төгсч чадалгүй хүрээд ирсэн юм. Төгссөн бол мэргэжлийн тайз, дэлгэцийн нүүр хувиргагч болох байлаа. Яахав уран бүтээлч хүний хувьд, би өөрөө энэ зүйлд сонирхолтой, хоббитойгийн хувьд сурсан. Маш олон бүсгүйчүүдийг баярт нь сэтгэл хангалуун явуулж чадсан шүү.

-Нэгэнт энэ зүйлдээ дуртай, ажилладаг л юм чинь өөрийн гэсэн салонтой болчихвол яасан юм бэ?

-Харин тиймээ. Өөрийн гэсэн салонтой болчих юмсан гэж бодоод л байна. Гэхдээ хэзээ вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тодорхой хэмжээний цаг хугацаа, санхүүгийн боломж хэрэгтэй байх.

-Хүүгээ төрүүлсний дараа маш хурдан урьдын галбиртаа орсон. Нэлээдгүй жин хаясан харагдаж байна. Энэ нууцаасаа хуваалцаач?

-Би хүүгээ долоон сар хүртэл нь ямар ч нэмэлт хоолонд оруулалгүйгээр хөхөөр нь хооллосон. Миний хүү саяхан арван сар хүрлээ. Хүүгээ долоон сар хүрэхэд би 86 кг жинтэй байсан. Одоо 64 кг. Маш их тэсвэр тэвчээр гаргалаа. Фитнесс, зөв хооллолтын үр дүнд эргээд хэвийн жиндээ хүрлээ. Мэр сэр тураах массажинд орсноо нуухгүй ээ. Ид шидийн юм шиг шидтэн гарч ирээд дохиураар дохичихсон юм биш шүү дээ. Өдөр болгоны минь хичээл зүтгэлийн үр дүн. Хоолны хувьд давс, чихрийн хэрэглээгээ хорьсон. Би өөрөө талханд их дуртай. Хааяа шинэхэн талханд бүдэрснийг эс тооцвол амжилттай шүү /инээв/. Одоо дахиад арван кг хасна гээд л гүрийж байна.

-Нарагийн нүүр будалт, арьс арчилгаа, үс засалт яах аргагүй бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг. Тэр болгон үнэтэй салоноор үйлчлүүлэх боломж байдаггүй байх. Хэрхэн арчилдаг вэ?

-Уулзсан бүсгүйчүүд асуудаг л юм. Би их энгийн аргаар л арчилдаг шүү дээ. Гэрийн нөхцөлд маскаа тавьчихна. Үсэндээ тэжээлийн тос түрхээд бигнэчихнэ. Хааяа нэг мэргэжлийн салоноор үйлчлүүлэлгүй яахав. Гэхдээ байнга тэгэж явах боломж тэр бүх байхгүй шүү дээ.

-Эргээд уран бүтээлдээ хэзээ орох вэ. Бас шинэ цомог гаргах төлөвлөгөө байгаа байх?

-Хүү минь арай л бага байна. Тийм учраас энэ оны эхний хагасыг хүүдээ л зориулмаар байна. Харин оны сүүл хагасаас уран бүтээлдээ орох санаатай байна даа. Цомог ч төлөвлөж байна. Гэхдээ яг хэдийд гэдгийг хэлэхэд арай эрт байна.

А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"