sonin.mn

Дөрвөн төрлийн багтраа өвчин (астма) байдаг. Нэгдүгээрт, харшлын гаралтай багтраа. Энэ тодорхой харшил өдөөгч хүчин зүйлээс (тэр нь тоос, ургамлын тоосонцор, амьтны үс ноос, будаг, химийн бодис г.м. байж болно) болж хөдөлдөг, Хоёрт, мэдрэл, сэтгэл санааны байдлаас болон үүсдэг багтраа. Энэ бол бидний амаргүй, стрессээр дүүрэн амьдралын үр дагавар байдаг.

 

Гуравдугаарт, гуурсны багтраа (бронхиальная астма). Салс ихээр ялгарч, уушгины гуурсан хоолойн доторх зайг багасган, агаар уушгиар чөлөөтэй зорчиход саад учруулдаг. Энэ гурван төрлийн багтрааны талаар хүмүүс нилээд дуулсан, анхны ойлголттой байдаг. Гэвч зүрхний гэгдэх багтраа бас бий. Энэ юу байдаг, түүнтэй хэрхэн тэмцэх талаар анагаах ухааны доктор, профессор В.В.Желнов ийнхүү хуучилжээ.



Владимир ЖЕЛНОВ:

Зүрхний зүүн тосгуурын агших ажиллaгaa  суларснаас уушгины судаснуудад цусны хурц зогсонги байдал үүссэнээс амьсгаа боогдож, зүрх дэлсэхийг зүрхний багтраа хэмээн нэрлэдэг. Биеийн энэ байдлыг мэргэжилтнүүд уушги хавагнаж эхлэхийн өмнөх үед хамаатуулдаг. Өвчин хэдэн минутаас (тусгай эмчилгээ шаардахгүй хөнгөн хэлбэр) хэдэн өдрөөр үргэлжилж болдог. Хүнд явцтай зүрхний багтраагийн үед өвчин хоногт хэд хэдэн удаа хөдөлж, эмчилгээг цогцоор хийж байж өвчнийг намдаах бололцоо олддог.



Сурв.: Өвчин юунаас болж хөдөлдөг вэ?

В.Ж.: Зүрхний багтраа нь бие даасан өвчин биш, харин зүрхний шигдээс (инфаркт), даралт ихсэх өвчин, зүрхний булчингийн хурц үрэвслийн үед хүндрэл маягаар үүсдэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Биеийн хүчний хэт ачаалал, хүчтэй сэтгэл хөдлөл, хэтрүүлж идэх, согтууруулах зүйлийг удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь зүрхний багтрааг өдөөх хүчин зүйлүүд мөн.

 

Өвчин гол төлөв шөнө унтаж байхад хөдөлдөг. Өвчтөн агаар дутагдсанаас болж сэрдэг. Амьсгаа боогдолтыг багасгах байрлалыг зөнгөөрөө мэдрэн орон түшиж орон дээрээ босч суугаад, амаараа хүчтэй агаар татаж эхэлдэг. Энэ үед бүх биеэр нь хүйтэн хөлс чийхарч, нүүр, уруул, хумсны толио зэрэг нь хөхөрдөг.

 

Амьсгалахад хүндрэлтэй болохын зэрэгцээ зүрх ойр ойрхон цохилж, хий ханиалгаж болно. Хэрэв ханиалгахад ягаан өнгөтэй хөөс гарна энэ нь уушгины хурд хаван үүсэж буйн шинж тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.



Сурв.: Авах арга хэмжээний талаар жаахан азнаж байгаад ярья. Харин одоо өвчний шинжүүдийн талаар арай дэлгэрүүлж тодруулмаар байна. Би зөв ойлгосон бол амьсгаадах нь зүрхний багтраагийн үндсэн шинж байх нь. Тэгтэл гуурсны багтрааны нэг үндсэн шинж мөн амьсгаа боогдох шүү дээ.

В.Ж.: Зүрхний багтраа дээр хэлсэнчлэн шөнө хөдөлдөг онцлогтой. Харин гуурсны багтраа хэзээ ч хөдөлж болно. Хоёрдугаарт, зүрхний багтрааны үед амьсгалаа гаргахад хүндрэл учирдаггүй, мөн гуурсны багтраа шиг хэржигнэх дуу гарахгүй. Үүнээс гадна гуурсны багтраа залуу хүнд, тэр бүү хэл хүүхдэд тусч болно. Харин зүрхний багтраа ихэвчлэн ахимаг насны хүмүүст, ямар нэг зүрх судасны өвчний хүндрэл маягаар илэрдэг.



Сурв.: Зүрхний багтраагийн эмийн эмчилгээний талаар ярьж өгөхгүй юу.

В.Ж.: Юун түрүүнд морфин юмуу зүрхэнд цус ирж, уушгинд цус хурахыг багасгах үйлчилгээтэй морфины уусмал юмуу өөр ямар нэг мансууруулах үйлчилгээтэй бэлдмэлийг булчинд судсанд байвал бүр сайн, хийх нь маш чухал бөгөөд өндөр үр дүнтэй. Зүрхний багтрааг зогсоох хоёр дахь арга бол лазикс (фуросемид) мэтийн шээс туулгах шингэнийг тариагаар судсанд хийх.

Өвчтөний биеийн жингээс хамаарч 100-500 мг-аар хийнэ. Гуравдугагфт, цусны даралтыг хянан байж нитратыг судсанд дуслаар хийдэг. Энэ бүлэгт хамгийн олдодтой бөгөөд үр дүнтэй хэрэгсэл бол нитроглицерин.



Сурв.: Зүрхний багтраа хөдлөхөд нэн түрүүнд авах арга хэмжээ юу вэ?

В.Ж.: Нэгдүгээрт, биед эвтэй байрлал эзэлнэ. Хоёрдугаарт, дэвэр агаарын урсгалыг бий болгох. Гуравдугаарт, цусны даралтаа хэмжинэ. Хэрэв доод даралт 100-аас дээш гарсан байвал хэлэн доороо нитроглицерин тавина. Дөрөвдүгээрт, түмпэнд халуун ус хийгээд, хөлөө шилбээ хүртэл дүрнэ. Тавдугаарт, зүрхэн тушаагаа хөнгөн илж барьж өгөхөд илүүдэхгүй.

 

Барьж эхлэхийн өмнө алган дээрээ жодоо юмуу чадарганы тос хийж, хооронд нь сайн үрж байгаад түрхвэл сайн. Зургадугаарт, зүрхний зүүн тосгуурын ажиллагааг хөнгөвчилж өгөхийн тулд дөрвөн мөчийнхөө гуравт нь юм боох хэрэгтэй. Үүнд резин, уян бинт, шилэн оймс ашиглаж болно. Хөлд цавьнаас 15 см доор, гарт мөрнөөс 10 см-ийн доор боолт хийдэг.

 

Тэгээд 10 минут тутамд аль нэг боолтыг тайлж, сул байсан мөчиндөө зүүнэ. Энэ боолтоор зөвхөн хураагуур (вены) судсыг боох зорилготой. Артерийн буюу тараагуур судсыг боож хэрхэвч болохгүй. Судсаа барьж үзэхэд артерийн судасны цохилт гарт мэдрэгдэж байх ёстой. 30-40 минут боолтуудыг авч болно. Гэхдээ нэгэн зэрэг биш (тэгвэл зүрхэн гэнэт их цус очиж ачаалалд оруулна), хооронд нь хэдэн минутын зайтай тайлна.

 

Тэгэхдээ сүүлийн энэ заалтыг хэрэглэж болохгүй гэсэн хориг заалтууд байдаг. Гар, хөлийн хавантай, венийн судас бөглөөстсөн (тромбофлебит), цус шүүрдэг арьсны эмзэгшилтэй хүнд тохирохгүй.



Сурв.: Зүрхний багтраанд ардын аргууд тус нэмэр болох уу?

В.Ж.: Гарцаагүй тустай. Миний санд зүрхний багтраатай хүмүүст амжилттай хэрэглүүлдэг цөөнгүй жор бий. Хамгийн үр дүнтэй гэж бодсоноо уншигч олонтой дуртайяа хуваалцана. Тэгэхдээ зүрхний багтраатай хүн өөрөө урьдаар архи, тамхи, кофе, аагтай өтгөн цайнаас татгалзахгүй бол эдгээр жорын аль нь ч тус нэмэр болохгүй гэдгийг хэлмээр байна. Ер нь худалдаанаас цай авч ууснаас алтанцэгцүүхэйг (зверобой) цай шиг хэрэглэх нь биед илүү нэмэртэй. 1 цайны халбага хатаасан ургамал дээр 1 стакан буцалсан час халуун ус хийж, 10 минут идээшүүлнэ. Шүүгээд зөгийн балаар амталж ууна. Үүнд уух хэмжээ, тун гээд байх юм байхгүй. Өдрийн турш хүссэн хэмжээгээрээ ууж болно.



Харин одоо эмчилгээний жорууд:  

1. Зэгсний (камыш) залуу навч, болон луульны (лебеда) навчийг жижиглээд тус бүрээс 1 хоолны халбагыг, мөн 0.5 хоолны халбага халгайн навч холино. Үүн дээрээ 1 стакан буцалсан хатуун ус хийж хучаад 2 даг идээшүүлнэ. Дараагаар нь 0.5 дайны халбага хүнсний сод нэмж хутгаад, дулаан гэрэлтэй газар 10 өдөр идээшлүүлнэ. Энэ хандаас 1 цайны халбагаар өдөрт 1 удаа юм идэхээс 30 минутын өмнө сарын турш ууна.

2. Нохойн хошууны хатаасан жимсийг урьдчилж урсгал усанд угааж, жижиглээд, 2 хоолны халбага дээр 1 стакан буцалсан халуун ус хийж, 10-12 цаг идээшүүлнэ. Шүүгээд тал стаканаар өдөрт 2 удаа (өглөө, оройд) юм идэхээс 10 минутын өмнө ууна.

3. Чихэр өвсний үндэсний ханд бэлдэнэ. 1 хоолны халбага хатааж жижиглэсэн үндсэн дээр 0.5 л ус хийж, зөөлөн гал дээр 40-45 минут чанана. Хандыг хөрөхөөр нь шүүж, дотор нь 0.5 гр барагшуун (мумиё) уусгаад, 1 стаканаар өглөөд юм идэхээс 30 минутын өмнө уудаг.

4. Босоо гичгэний (калган) үндэс, аарниг (арника), хадаасгана (золототысячник), агалиг алимны (розмарин) навч зэргээс тус бүрээс 3 гр- ыг холино. Энэ хольц дээрээ 250 мл ус хийж, 5 минут чанаад өдрийн турш ууна. Курс нь 30 өдөр. Энэ жорыг хэрэглэхийн сацуу 25 дусал бамбайн (валериана) хандыг өдөрт 3 удаа хэрэглэж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: "Ангаах арга билиг"