
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 17 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадад болж буй “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдлуудын улмаас нэг өдрийн өмнө орхин явна гэж Цагаан ордон даваа гарагт мэдэгджээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт даваа гаргийн орой мэдээлэхдээ, Ерөнхийлөгч Трамп өнөө орой Вашингтон руу буцна, ингэснээр олон чухал үйл хэрэгт оролцох боломжтой болно гэв. Өмнө нь Д.Трамп мягмар гаргийн орой хүртэл Канадад байхаар төлөвлөж байсан юм.
“Ерөнхийлөгч Трамп “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын үеэр өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай худалдааны томоохон хэлэлцээрт хүртэл гарын үсэг зурсан. Ихийг амжуулсан боловч Ойрх Дорнодод болж буй үйл явдлаас үүдэн Ерөнхийлөгч Трамп өнөө орой төрийн тэргүүн нартай оройн зоог барьсны дараа тэндээс явах болно” гэж К.Левитт X хуудсандаа мэдээлжээ. Д.Трамп дээд хэмжээний уулзалтад оролцсон хэдхэн цагийн хугацаанд хэдийн тодорхой хэмжээний санал зөрөлдөөн үүссэн байна.
Тухайлбал, тэрбээр Израил, Ираны хооронд хурцадмал байдлыг намжаахыг уриалсан “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын боловсруулсан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлсэн тухай энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж мэдээлжээ.
Харин уг баримт бичгийг бэлтгэж буй албаны хүмүүс эцсийн мэдэгдэлд түүний нэрийг оруулж чадна гэдэгт найдаж байна. Үүнээс хэдхэн цагийн дараа Д.Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иранчуудыг нийслэл хотоосоо “нэн даруй орхин явахыг” уриалсан аймшигт сэрэмжлүүлгийг гаргажээ.
“Хүн бүр Техраныг нэн даруй орхин явах хэрэгтэй!” гэж АНУ-ын Ерөнхийлөгч шалтгааныг нь дурдалгүйгээр “Truth Social” хуудсандаа бичсэн байна.
Тэгвэл энэхүү зурвас нь Израилтай харилцан агаарын цохилт өгсөөр байгаа Ираны төлөөлөгчдийг хэлэлцээний ширээний ард суулгах шахалтыг нэмэгдүүлэх зорилготой бололтой. Дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ Д.Трамп “ойрын хугацаанд Ирантай мөргөлдөөнийг зогсоох дипломат гэрээ байгуулж чадна” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. “Иран үндсэндээ хэлэлцээний ширээний ард байгаа бөгөөд тэд гэрээ байгуулахыг хүсэж байгаа, намайг эндээс явмагц бид ямар нэгэн зүйл хийх болно гэж бодож байна” хэмээн Д.Трамп хэлсэн боловч яг юу хийх гэж байгаагаа дурдаагүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Долоон дээрэмчин
Канад, 7 хожгорын уулзалт. Стармер - Израйл Ираны асуудал? Трамп - Оон, Макрон - Орос Украйны асуудал? Трамп - Оон, Мерц - Энэтхэг Пакистаны асуудал? Трамп - Оон, Урсула - Ноён Трамп, та яг ямар асуудал хэлэлцэх гэж ирсэн юм бэ? Трамп - Татварын тарифыг тохиролцох гэж та нар харин ирсэн биз дээ? 😆😂😜
ENE 1 TENEG ONGIROO SHAR UVGUN UURUUGUU BUUR HAAN EZEN GEED BODSON BALAI BNAAA
гаригийн гэж зөв бич!
Дэлхийд долоон одой ба нэг цасан гоо охин гэж байдаг юм ! Охин нь Орос !