sonin.mn
Эхчүүдийн эхлүүлсэн хүнлэг ёсны тэмцлийг улс төр болгон хувиргасан Женкогийн талын АН-ынхан Засгийн газрыг огцруулахаас аргагүй байдалд тулган шаардалт үзүүлсэн бололтой. Эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан үе үеийн Ерөнхийлөгчдийн түүхэнд Х.Баттулга гэдэг хүн шиг ард түмнээ эвдрэлцүүлсэн бохир улс төр хийж байгаагүй.
 
Харин энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон хүний өш хонзонгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Засгийн газраа огцруулахаас аргагүй байдалд хүргэлээ. Цар тахлын энэ хүнд хэцүү үед улс төрийн тогтворгүй байдал үүсгэснээр өнөөдөр Засгийн газаргүй, УОК-ын удирдлагагүй, Эрүүл мэндийн салбартаа толгойгүй, Халдвартын эмнэлэг нь эзэнгүй байдалд орчихлоо. Эхчүүд, олон түмэн үүнийг хүсээгүй. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, Засгийн газраа огцруулах шийдвэр гаргасан. Энэ нь Монголын улс төрд хариуцлагын шинэ жишгийг тогтоож, ард түмэнд хүндэтгэлтэй хандлаа. Харин дараагийн Засгийн газрыг хэн тэргүүлэх, хэн хэн аль салбарыг удирдах, тэртусмаа цар тахлын онцгой үед шинээр байгуулагдаж байгаа гэх утгаараа УОК-ыг удирдах Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад МАН ч, ард түмэн ч онцгой анхаарал хандуулах нь тодорхой болоод байна. Магадгүй У.Хүрэлсүхийн Засгийн газарт цар тахалтай нүүр тулан ажиллаж байсан сайд нарыг улируулан ч томилох нөхцөл үүсч болзошгүй юм. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улс төрд хариуцлагын жишгийг тогтоогоод огцорлоо.
 
Одоо дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулж, онцгой байдлын үед ажиллах туршлагатай, ачаалал дааж ажиллаж чаддаг шинэ сайд нар хэн байхыг хүлээх л үлдлээ дээ.