сонин mn

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар өнөөдөр АН-ын Үндсэн дүрмийн 3,5,6-р бүлгийн тодорхой заалтуудад оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн дэмжлээ.  Мөн АН-ын дарга С. Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр: "Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал хүнд байна. Ковидоор далимдуулсан эрх баригчдын дураараа авирлалт, хуйвалдаан газар авлаа. Тиймээс АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, эв нэгдлээ хангах шаардлагатай байна.

АН-ын даргын сунгаа болж, намын дараагийн дарга албан ёсоор сонгогдсон тохиолдолд АН-ын тамгыг дараагийн шинэ даргад  хүндэтгэлтэйгээр гардуулж өгнө.  Тэр болтол элдэв төөрөгдөл үүсгэлгүй намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг гишүүддээ уриалж байна.

 

Улсын Дээд Шүүх болон УБЕГ-д нэг л АН бүртгэлтэй, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн намын даргаар Содномзундуйн Эрдэнэ миний бие ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэв. 

 

Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар АН-ын дотоод сонгуулийн хороо болон Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.

Уг цахим хуралдаанд УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Туваан оролцож намынхаа эв нэгдлийг хангахын төлөө хамтдаа ажиллаж, намын шинэ даргадаа тамгаа хүлээлгэн өгч, нэг зүгт харж ажиллая гэсэн санал хэлсэн юм.  
 
Харин АН-ын дарга С.Эрдэнэ түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж,  намын даргын сунгааг хамтран зохион байгуулж, АН-ын үйл ажиллагааг хэвийн, нэгдмэл зохион байгуулалттайгаар, хүчтэй сөрөг хүчний байр суурьтайгаар үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн юм.