sonin.mn
Ардчилсан намаас зохион байгуулж буй "Ардчиллын дархлаа" цахим зөвлөлдөх уулзалт өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны 15:00 цагт Ардчиллын өргөөний 12 давхарт болж өндөрлөлөө.
Ардчилсан нам бол хүний эрхийг дээдэлж, хувийн өмчийг хамгаалж, хуулийн засаглалыг эрхэмлэдэг, Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа нь парламентын ардчилал бөгөөд иргэдийг их удирдагчаар биш үзэл санаагаар нэгтгэдэг гэсэн үндсэн зарчимтай үзэл санааны нам билээ. Энэ ч утгаараа дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас монгол хүний дархлаа унаж буй энэ цаг үед эрх баригчдын буруу үйл ажиллагаа, эргэж буцсан будлисан шийдвэрүүд, удирдагчдын хариуцлагаас бултсан хандлагаас болж Монгол айл өрхийн эдийн засгийн дархаа унаж буйд, Монголын төрд шударга ёсны дархлаа унаж буйд, Монгол хүний эрх чөлөөний дархлаа унаж буйд, Монгол улсын тусгаар тогтнолын дархлаа хэврэгшиж буй байдалд дүгнэлт хийж, гарц шийдэл хайх зорилгоор энэ удаагийн цахим зөвлөгөөнийг зохин байгуулсан юм.
 
 
 
Өнөөдрийн зөвлөгөөнд,
 
Ардчилсан намын дарга М.Тулгат  “Ардчиллын дархлаа өчигдөр, өнөөдөр, маргааш”,
Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу “Эдийн засгийг хорлосон улс төрийн популизм”,
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ч.Өнөрбаяр “Тусгаар тогтнолын дархлаа ба ерөнхийлөгчийн институци”,
ҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Ковидын дараах “Great reset” буюу их сэтгэлгээ сэдвээр тус тус илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
 
 
Ардчилсан намын дарга М.Тулгат өөрийн илтгэлдээ “ Монголын ардчилал хариуцлагатай цаг үеийн өмнө ирээд байна. Нэг тийш хазайхад МАН-ын ноёрхсон, олигарх засаглал руу халтирч, нөгөө тийш хазайхад ерөнхийлөгчийг шүтсэн дарангуйллын дэглэм рүү унах аюул бидэнд нүүрлэж байна. Өнөөдөр Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдал бол тамга тэмдэгний маргаан биш үзэл санааны тэмцэл юм гэдгийг тодотгон хэлье. 
 
 
Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын үндэс бол парламентын ардчилал. Ардчиллын дархлаа бол эрх чөлөөтэй бие даасан иргэн, гэр бүл тэднээс бүрдэх иргэний нийгэм юм. Тэдгээрийг Ардчилсан нам хамгаалж, дархлаатай ардчиллын төлөө эрс шийдэмгий ажиллах шаардлагатай байна. Ингэхийн тулд манай нам өөрсдөө дотоод дархлаатай байх ёстой.
 
Хэн нэг даргыг дагаж гүйдэг биш өөрийн итгэл үнэмшил, үзэл сурталд үндэслэн асуудалд ханддаг гишүүд бол манай намын дархлаа юм.  Дарга төвтэй биш дүрэм төвтэй нам болох ёстой. Нам дотроо мөнгө тарааж, халамж хайр ярьдаг улс төрийн хүчин гадна талдаа барууны үзэл ярих эрх байхгүй. Ардчиллын үүх түүх, үзэл баримтлалаа гишүүдээсээ эрхлэн түгээн дэлгэрүүлэх, улс төрийн боловсрол, манлайлагчдаа бэлдэх тогтолцоо бол нь манай намын дархлаа болох учиртай. Бид арга барилаа үндсээр нь эргэж харах ёстой. Шинэ үеийнхнийг бид нээлттэй ёс зүйтэй байдлаараа угтан авч чадна. Ахмад үеэ үгүйсгэж биш үе үеийнхний идэвхтэй хэлхээ холбоог бий болгож Ардчиллаа хүчтэй болгоно зайлшгүй шаардлага бидний өмнө ирээд байна” хэмээн гишүүд дэмжигчиддээ уриалсан юм.
Зөвлөгөөнийг хааж хэлсэн үгэндээ Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон залуус  бол манай Ардчиллын нэг дархлаа юм шүү.  Ардчиллыг сүйрүүлж буй   өнөөгийн төр засгийн удирдлагуудын  аюултай үйлдлийн эсрэг бид Ардчилсан ерөнхийлөгчтэй болох ёстой, бид одоогийн хэлүүл тэмцлээ ард үлдээж ялах ёстой. Ардчилсан нам бол Ардчиллын дархлаа юм” гэлээ.
Цар тахлын дэглэмээс шалтгаалан Ардчилсан намын ҮБХ-ны болон дунд анхан шатны төлөөлөл болсон гишүүд цахимаар  холбогдож зөвлөгөөнд оролцсон бөгөөд 25-р суваг телевизийн шууд эфир болон Ардчилсан намын албан ёсны сошиал хуудсаар орон даяар иргэд дэмжигчиддээ шууд дамжуулсан юм.