sonin.mn
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, ХҮН-ын нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг тэргүүтэй тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
 
Мэдээллийн үеэр ХҮН-ын нарийн бичгийн дарга П.Ганзориг: "Монгол улс вакцинжуулалтын түвшнээрээ дэлхийн тэргүүлэх улсуудын эгнээнд багтсан хэдий ч, сүүлийн өдрүүдэд халдварын тоо 1000, 2000-аас буухгүй, өсөж байгаа. Ийм эгзэгтэй цаг үед иргэдийг олноор нь цуглуулах нь Монгол Улс маань иргэдээ эрсдлээс хамгаалж, хүндрэлээс хамгаалж, эмчилж чадахгүй байх нөхцөл байдалд хүрэх магадлалтай байна. Энэ асуудал дээр ХҮНамаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараах шаардлагыг хүргүүлж байна. Нэгдүгээрт:
 
Үндэсний Их Баяр Наадмыг тэмдэглэх хугацааг хойшлуулах. Наадам зохион байгуулахаар төсөвлөсөн 10 тэрбум төгрөгөөр олон улсын эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй Файзер вакциныг худалдан авах. 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдийг нэн яаралтай вакцинжуулах шаардлагатай байна.
 
Коронавирус дэгдсэнээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сараас хойш улс орон даяар боловсролын бүх шатны байгууллагууд танхимын сургалтаа зогсоосон. Мөн хөл хорио тогтоосон. Иймд наадмыг хойшлуулж, халдварын тархалтыг хумьснаар танхимын сургалтууд хэвийн эхлэх боломж бүрдэнэ. Манай Улсын нийт хүн амын 35 хувийг эзэлж буй 0-18 насны хүүхдүүдийн халдвараар өвчлөх хувь, нас баралтын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь энэхүү шаардлагыг тавих асуудлыг зүй ёсоор хөндөж байгаа юм. Харин 07 дугаар сард хөдөө орон нутагт иргэд аялах боломжийг хумихгүй байх нь дотоодын аялал жуулчлалыг дэмжин, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болно. Хоёрдугаарт: төсвийн тодотголыг хойшлуулалгүй, судалгаа тооцоонд үндэслэн, нэн яаралтай хийх. Зайлшгүй шаардлагатай бус хөрөнгө оруулалтын төслүүдийг хойшлуулах. Заримыг нь цуцлах арга хэмжээ авах. Үр өгөөж багатай, хавтгайрсан халамжийн бодлогыг хумих. Хүүхдийн мөнгийг 100,000-аас 20,000 болгож огцом бууруулахгүй, уян хатан байдлаар, шат дарааллан бууруулах. Зорилтот бүлэг буюу орлого багатай, өдрийн шаардлагатай хүнсний хэрэгцээгээ авч чадахгүй байгаа айл өрхүүдэд түлхүү анхаарч, зарцуулах зэргээр төсвийн тодотголыг нэн яаралтай хийхийг шаардаж байна. " гэв.
Харин УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд: "Цар тахлын нөхцөл хүнд байдалд орчихлоо. Маш олон судлаачдын хэлж байгаагаар мутацлагдсан, энэтхэг хувилбар нь Монголд орж ирсэн байх магадлал 95% байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа олон судлаачидтай, тухайлбал Оном сангийн эрдэмтэд, өөр олон судлаачидтай ХҮНам хамтарч ажилладаг. Эндээс ирж байгаа мэдээлэл дээр үндэслээд үзэхэд, наадмаа хийх цаг нь биш байна. Халдварын тоо үнэхээр буурсан тохиолдолд наадмаа хийж болно. Харин яг өнөөдрийн нөхцөл байдалд наадмаа хойшлуул гэдэг шаардлагыг Засгийн Газарт тавьж байгаа. Эрдэмтэд юу гэж хэлж байна вэ? гэхээр нэг л боломж байна. Энэ нь зоригтой, шуурхай шийдээд явах хэрэгтэй. Тэр нь юу вэ? гэхээр иргэдийн дийлэнх нь "Синофарм"-ын вакцин хийлгэсэн байгаа.
 
Зарим нь 2 тун, зарим нь 1 тун. Зарим нь огт хийлгээгүй байгаа. Хийсэн нь зөв. Харин цаашаа үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор 3 дахь тунг хийгээчээ гэж байгаа юм. Энэ бол бүх судалгаагаар нотлогдоод явж байгаа. АНУ-д Файзер, Модерна гээд 2 төрлийн вакцин үр дүн сайн байна. Энэ вакциныг хийлгэсэн тохиолдолд 95% дархлаа тогтож байна гэдэг судалгаа гарчихсан. Ухань хэлбэрийн вирус хүүхдэд айхтар халддаггүй бол, энэтхэг буюу дельта вирус орж ирсэн учраас хүүхдүүд, хөгшид энэ цар тахалд өртөөд байна.
 
Үүнээс сэргийлэх ганц л арга байна. 3 дахь тунг хий. Тэр нь Файзер юм уу, Модернаг яаралтай хий гэж байгаа юм. Ердөө л энэ. Ийм байдлаар бид бодлогын зөвлөмж өгч байна. АНУ-аас маш яаралтайгаар Файзер болон Модерна вакциныг оруулж ирэх хэрэгтэй. Япон улс Модерна вакциныг үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр Япон улстай гадаад харилцааны шугамаар хандаж , энэ вакцинуудыг авах нь зүйтэй.
 
Маш яаралтай хүүхдүүддээ тарих хэрэгтэй байна. 12-оос дээш насны хүүхдүүдэд тарих боломжтой гэдэг судалгаа гарчихсан байгаа. Ердөө 2 хоногийн өмнө энэтхэг болон англи хувилбарын вируст Файзер нэг тунгаараа 33%, 2 тунгаар 88% бодитлй эсэргүүцлийг бий болгож байна гэдэг судалгааны үр дүн гарсан байна.
 
Манай судлаачдаас тийм мэдээлэл бидэнд ирсэн. Тийм учраас ЗГ гадаад харилцааны шугамаар АНУ болон Япон улстай харьцаж, Файзер, Модерна вакцинуудыг оруулж ирж, 3 дахь тунг хийх боломжыг бүрдүүлэх хэрэгтэй. Маш яаралтай хүүхдүүддээ тарих арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай. Тэгж байж хүүдүүд маань 09 сарын 01-нд танхимаар хичээллэх боломж бүрдэнэ. Үүн дээр ХҮНам өөрсдийн шугамаар дэмжиж ажиллахаа илэрхийлж байна." хэмээсэн юм.
 
 
 
 
М.Чойжал