сонин mn
МоАХ, АН-ын ахмад гишүүн Д.Бямбаатай ярилцлаа.
 
АН-д болж байгаа үйл явдлын тухай асуултаас яриагаа эхлэе. УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр хоёр хэсэг болсон нам нэгдлээ гэж байсан боловч өнөөдөр дахиад л талцчихсан, тэр бүү хэл УИХ дахь АН-ын бүлэг нь хоёр хуваагдчихлаа. АН-ын ахмад гишүүний хувьд энэ талаар таны байр суурийг сонсоё?
 
1990 онд тэмцэл хөдөлгөөн өрнөн, олон намын тогтолцоо бий болж, социалист засаглалаас ардчилсан засаглал руу бүрэн шилжсэн. Энэ бол дэлхийн жишиг дагасан зөв өөрчлөлт шинэчлэл байсан. Байсан гэхийн учир нь олон нам төрөн гарч, зарим намууд нь эвлэлдэн нэгдэж, хоёр туйлт засаглал руу 2010 оныг хүртэл явсан гэж хэлж болно.
Өнөөдөр яагаад хямралт байдал руу орчихов гэхээр 1990 онд дутуу хийгдсэн нэг зүйл бий. Тэр нь тухайн үед ОХУ шиг Үндсэн хуульдаа тусгаад бүх улстөрийн намуудыг татан буулгаад, дахин шинээр бүртгүүлэх эрхийг нь өгчихсөн бол үзэл  суртал, итгэл үнэмшил, намын чиг баримжаагаараа зөв голдиролдоо орох байсан юм.
 
70 жил оршин тогтносон МАХН-ыг тэр чигээр нь үлдээсэн учраас ардчилал төгс болж чадаагүй.
 
1990 оны үед хийсэн өөрчлөлт дутуу байснаас болж 30 жилийн турш Монголын улс төр хямралын байдалтай явж, өнөөдөр дампуурлын ирмэг дээр ирээд байна. АН-ыг зориудаар хувааж, хууль зөрчсөн тодорхой бүлэглэлийг хэргээр нь барьцаалж, улстөрийн олиггүй биеэ үнэлэгч болгож хувиргалаа. АН-ын сүүлийн жилүүдийн хямрал С.Эрдэнэ гэдэг хүнтэй холбоотой нь тод харагдаж байна. Энэ хүн Б.Ундармаа зэрэг хүмүүстэй нийлээд нийгмийн даатгалын маш их мөнгийг зувчуулчихсан. Үүнд нь МАН-ын С.Чинзориг, У.Хүрэлсүх ч тодорхой хэмжээгээр оролцсон. Хэрэв хайх юм бол бүх баримтууд нь байгаа шүү дээ. Тэгэхээр үүний цаана аль аль нь холбогддог. Үүнийгээ хаацайлахын тулд би АН-ыг ахлая гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тамга дахин хийлгэсэн. Үүгээрээ АН-ыг хоёр хуваасан. Хэрэв С.Эрдэнэ ёсзүйтэй, зөв хүн байсан бол анх тамгаа өгснөөрөө намын шинэ удирдлагад, шинэ залуучуудад халаагаа өгөх байсан юм. Гэтэл халаагаа өгч чадахгүй эргэж буцсанаас болоод одоогоор хэдэн ч сонгуульд оролцоод ялагдав. Цаашид ч ялагдана. Монголын улстөрд хоёр дахь том хүчнээ дарж авснаар яг юу болов? Хажуу талдаа сөрөг хүчингүй, шүүмжлэлгүй, бүх эрх мэдэл төвлөрчихөөр төрийн хямрал болдог гэдгийг харуулж байна. Хэдий хүртэл ингэж явах юм? Гадны орнуудад улбар шар, ягаан гэх мэт янз бүрээр нэрлэсэн өнгөт хувьсгал гараад байна. Алдаж хямарсан цаг үед ард түмэн нь л хохирдог юм. 1990 онд би Удирдлагын академийн багш байхдаа ардчилсан хөдөлгөөнд идэвхтэй оролцсон. ЭМЯ, БОЯ, Хөдөлмөрийн яам гээд төрийн байгууллагуудад мэргэжилтнээс удирдах алба хүртэл 36 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Сүүлийн 10-аад жил нэг талыг барьсан улстөр хийгээгүй. Ерөнхий рамаар нь л харж, хаанаа алдав? Хаана онов гэж явсан.
 
Магадгүй 3 жилийн өмнө шударга тав гэж нэрлэгдэж явсан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн тэмцлийг үнэхээр 60 тэрбумын схемийн эсрэг, луйврийн засаглалын эсрэг, МАН өөрөө албан тушаал наймаалдаг хямрал руу орчихсон байгааг эдгээр залуучууд эсэргүүцэж байна гэж ойлгож явсан. Гэтэл өнөөдөр нөгөө тавын маань 3 болох Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар албан тушаал дээр оччихсон. Нөгөө хоёр нь буюу Ж.Батзандан, Лу.Болд нь ШИНЭ нам гэж байгуулаад явсан. Талбай дээр анх ярьж байсан ард түмнээ илүү сайхан нөхцөлд амьдруулна гэсэн уриа лоозон нь байхгүй болчихсон. Х.Нямбаатар хуулийн засаглалыг толгойлоод хоёр Засгийн Газар дамжсан атлаа энэ хүний удирдлаганд байгаа тогтолцоо бүр хүчирхийллийн шинжтэй болчихлоо. Тэмцсэн хүн бүрийг барьж хорьдог боллоо. МУГЖ С.Жавхлан яагаад тэмцэв гэхээр шударга ёсны дуу хоолой болж гарч ирэх хүн улам цөөрөөд байна. Ийм хүмүүс цөөрөхийн хэрээр нийгэм илүү ихийг алдана. Тээврийн жолооч нараас эхлээд олон мянган хүн хохироод эхэллээ.
Хил гаалийг хааж зохиомол хомсдол үүсгэлээ. 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл Хятадуудад Монголд байнга оршин суух эрх олгоно гэсэн хууль санаачилсан асуудал дээр ард түмэн сохор дүлий биш учраас шүүмжлэл үүсгэж байна. Бид өнөөдөр ямар нөхцөл байдалд байгаагаа бодитоор харах хэрэгтэй.
Өнөөдөр Монголд төрийн зөв бодлого үнэхээр байхгүй болчихож. Шинээр мэндэлж байгаа хүүхдүүдийн хүйсийн харьцаа 50*50 орчим байдаг ч том болоод, нас хөгшрөх тусам эрчүүд нь багасч, эмэгтэйчүүд нь үлддэг. Мөн ид насны эрчүүдийн олонхи нь гадны улсад амьдралын эрхээр явж ажиллаж байна. Олон зуун мянган хүн гадаадад гарч ажиллаж байна. Магадгүй тэдний 80 хувь нь эрчүүд байгаа. Нөхөн үржихүйн насны сайхан эрчүүд хань ижлээ орхиод гадаадад гарчихсан. Энд орлогогүй, гиеүрсэн, амьдрал ахуй нь тэнцвэрт бус байдалд байгаа эмэгтэйчүүд дээр 50,000 ам.доллартай тоо томшгүй олон Хятад хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхээр юу болох вэ? Энэ бол цэвэр Хятаджих бодлого. 20 жилийн дараа би нар үзэхгүй ч залуу үеийн та нар харахад эрэгтэй эмэгтэй хүйсийн харьцаа зохиомлоор алдагдчихсан энэ үед олон мянган Хятадуудыг оруулж ирэх гэж зүтгээд байвал Монгол Хятадад уусна. Би үүнийг харахгүй ч миний хүүхдүүд хагас Хятад стильтэй байх орон зай руу гулсаж байна. Үүнд их харамсаж байгаа учраас С.Жавхлангийн тэмцлийг дэмжиж байгаа.
 
Нөгөө талаасаа Засгийн Газар үнэхээр муу ажиллаж байна. Муу ажиллаж байгаагийн том жишээ нь Эрүүл Мэндийн Яам. Энэ хүмүүс “Ковид-19”-г цар тахал гээд буруу орчуулчихсан. Тахал гэдэг огт өөр ойлголт. Гэтэл энэ бол хурдан тархацтай, уушги, зүрхний өвчныг хүндрүүлдэг, цус өтгөрдөг ханиадны нэг төрөл. Бодит судалгаагаар огт вакцин хийлгээгүй хүмүүс энэ өвчнийг хөнгөн тусаад эдгээд байна. Тэгээд өөрт нь биологийн дархлаа тогтоод байна. Хүүхдүүд маань ээж аав нарын дэргэд хөнгөн тусаж байна. Хүүхдүүдийн өвчлөл бараг 20 хувь хүрэхгүй байна. Хөнгөхөн тусаад, буцаж эдгээд дархлаа тогтчихож байна. Үүнийг харахгүйгээр одоо хүүхдэд вакцин тарина гэнэ. Гэтэл өнгөрсөн 3 сараас хойш вакцин тарьснаар өвчлөл эрс ихэссэн. Би ЭМЯ-нд Статистик, хөрөнгө оруулалт хариуцсан газрын даргаар ажиллаж байсан. Аливаа үйл ажиллагаа бол өөрөө уншигддаг зүйл шүү дээ. Гэтэл араас нь үхэл дагаад нэмэгдчихлээ. Өдөрт 19 хүн нас барж байна. Энэ нь юу хэлээд байна вэ? гэхээр вакциныг нэг тун, хоёр тун, гурван тун гээд хийлгээд, гурав дахь тун хийлгэсэн хүмүүс улам хүндэрч байна. 2 тун хийлгэсэн хүмүүс хүндрээд, амь насаа алдаад эхэлж байна. Вакцин хийхээр, ялангуяа Вероселл вакцин хийлгэхээр эрүүл саруул байна гээд байсан. Гэтэл үнэндээ бид гурван саяуулаа Хятад вакцины туршилтын талбар болоод дэлхийд Монгол хүн өөрсдийн биеэр туршсан гээд эдийн засгаа томоор нь авч явж байгаа, хүчирхэг эдийн засагтай Хятад улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлийг л дэмжээд байна. Өнөөдөр эдийн засаг ярьж байгаа, хөдөлмөрлөж буй байтугай хөдөлмөрлөх гэж байгаа ч хүн алга. Хорио цээр л ярьж байна. Нөгөө талд нь Хөдөлмөрийн Сайдын маань ярьж байгаа зүйл байгаа онохгүй байна. Хүн хөдөлмөрлөж, орлого олж байж л амьдралаа авч явна уу гэхээс гэртээ суугаад, халамжаар тэтгүүлээд улс орон оршин тогтнохгүй. Тийм ч учраас АНУ, БНХАУ, Япон, ОХУ бүгд арай өөр тактик хэрэглээд байна шүү дээ. Бүх зүйлийг хялбаршуулчихсан, эдийн засаг нь нээлттэй, ажил төрөл нь хэвийн явагдаж байна. Монголд харин Ковидын хуулиар бүх эрх мэдлийг төрийн гарын үсэг зурдаг хүмүүст өгчихлөө. Д.Сарангэрэлийн сүүлд дэлгэсэн зүйлийг хараарай. Нэг хүнийг эмчилсэн зардал гэхэд л аймшигтай өндөр дүн байгаа. 8 сая гээд байсан чинь хүндэвтэр хүнийг 30 гаруй сая төгрөгөөр эмчилсэн гээд тайлан гаргачихсан байна. 30 гаруй сая төгрөгөөр нэг хүнийг эмчилсэн гэхэд хэн итгэх юм бэ? Өнөөдөр эмнэлгийн ор олдохгүй, хүнд өвдсөн хүмүүс гэртээ байна шүү дээ. Ийм сонин системийн гажуудлын цаана зөвхөн мөнгө үрээд байна. Төр хяналтгүй болчихлоо. Байгаа жаахан мөнгө, зээл тусламжаа ковидын хуулиар баруун солгойгүй зардаг болчихлоо, үүнийг нь шүүмжилдэг, тэмцсэн хүмүүсийг барьж хорьдог цагдаатай болчихлоо. Ковидын үед цагдаагийн орон тоог дэндүү нэмсэн. Тэр тэлсэн орон тоог ажилтай байлгахын тулд үүдээ нээсэн байгууллага, үйлчилгээний газруудаар нөгөө цагдаа нар нь вакцины хоёр тунгийн бичиг шалгаад явж байна шүү дээ. Ингээд Монгол Улсад эдийн засаг нь эрүүл бус, хөдөлмөрлөдөггүй болоод, нийгэм нь цагдаагийн дарангуйлалд, эрх мэдэлтэй цөөнх нь баяжсан тэнцвэргүй засаглал бий болчихлоо. 
 
Ирэх сард АН-ын эв нэгдлийн их хурал болохоор тов гарсан. Энэ хурлаар АН нэгдэж чадах болов уу? эсвэл тодорхой үр дүнд хүрэлгүй хоёр нам болж хуваагдах зүг рүүгээ явах болов уу? Таны таамаглал?
 
Эерэг сайн үр дүн хүлээж байгаа гэж хэлэхэд хэцүү. Бидний үеийнхэн энэ улс төрөөс холдчих ёстой байгаа юм. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Да.Ганболд гээд миний сайхан найзууд бүгдээрээ энэ улстөрөөс хол байцгаа л даа. Залуу үедээ АН-аа өгөх ёстой. Гэтэл өнөөдрийн луйврын механизмаараа өөрсдийн хүмүүсээ тавих гээд, санал хураалтаа будлиулах гээд хуваагдаад тэмцэж байна. Үүн дээр ахиад л мөнгөний тоглолт болно. Жижиг сонгууль ч бай, том сонгууль ч бай мөнгөөр л тоглодог болчихлоо. Хэн хаа байгаа Ховдын сонгогчийн зардлыг төлж авчрах юм бэ? Мөнгө төлсөн нь хөгжмөө захиална гэдэг юм л болно. Эв нэгдлийн их хурал гэдгээс нэг их өндөр үр дүн хүлээхгүй байна. Гэхдээ бантан хутгаад байгаа С.Эрдэнэ гэх мэт хүмүүс нь зайлаад өгөх болов уу? гэж горьдоод байна. Ядаж 30 хувийн амжилт гарвал цаашаа явчих юм биш байгаа гэж бодож байна. Өөр илүү сайн үр дүн олж харахгүй байна.
 
Хоёр хуваагдаад байгаа талын нэг дээр нь С.Эрдэнэ байгаа нь маш том гамшиг. Ардчилсан Намын жирийн гишүүд бүгд дургүй байгаа. Гэтэл нөгөө талд нь гай шиг О.Цогтгэрэл оччих юм. Увсын залуу. Д.Дорлигжавын маань эгчийн хүүхэд. Улстөрд заавал нутгийн хаялагтай бүлэглэлийн юм орж ирээд байдаг заваан зүйл байна. МАН-д оройгүй залагдаж байгаа Ц.Нямдорж бас л Увс нутгийнх. Тэр нутагт л хүний шилдгүүд байдаг гэдэгт би итгэдэггүй. Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт шилдгүүд байгаа. Зөвхөн тэдний урдуур яаж юм бүү мэд, гэнэтхэн пуужингийн хурдаар нэг Увсын хүн гараад суучихдаг. Тэгээд дандаа орой дээрээс нь залах гэж оролддог. Өнөөдрийн А тал, Б тал хоёулан дээр нь дандаа хасах оноонууд цуглачихсан учраас тамга эзэмшиж байгаа нөхдөөс юу ч хүсээд нэмэргүй. Шинээр хоёр дахь нам байгуулна гэх юм бол аль ч үгүй болно. Ядаж, АН-аас  30 шижигнэсэн залуу гарч ирээд Их хурлаа удирдах хүч болчихвол хаашаа юм гэхээс. Түүнээс О.Цогтгэрэл, С.Эрдэнэ хоёроос юу ч хүлээгээд нэмэргүй. Цаана нь тохируулгатай хүмүүс нь баадуудаад сууж байгаа. 
 
Та Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой хүнийг сургуулийн захирлаар томилох гээд байгаа тухай ярилцлага эхлэхийн өмнө цухас дурьдсан. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?
 
Л.Энх-Амгалан манай Хөвсгөл нутгаас УИХ-ын гишүүн болоод олон жил боллоо. Одоо Засгийн Газрын удирдах албан тушаал дээр байна. Би Л.Энх-Амгалангийн хоёр зүйлд сэтгэл дундуур байна. Анх Ардчилсан холбоо үүсэж байх үед Л.Энх-Амгалан Ленинградаас ирж үг хэлж, цогтой тэмцэж явсан. Би ахтай нь их дотно үерхдэг байлаа. Эхлээд их зөв хүн шиг уншигддаг байсан. Лувсанцэрэн гуайн хүүхдүүд гайгүй дээ гэж боддог байлаа. Гэтэл яваандаа хэлбэрдээд эхэлсэн. Хэлбэрдэж эхлээд сүүлийн үед хөдөлмөрийн салбарын бодлого нь МСҮТ-үүдийг устгах чиглэл рүү тууштай явчихлаа. Өмнө нь ТМС гэж нэрлэдэг байсан, одоо МСҮТ гээд байгаа маань ажиллах хүчний тогтолцоог бий болгодог. Байшин барилга, зам гүүр, бүтээн байгуулалтыг бид хийхгүй шүү дээ. Үүнийг мэргэшсэн ажилчид босгодог. Ажиллах хүчин хэдий чинээ сайн байна, тэр улс орон үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж чаддаг. Сүүлийн 10 жилийн дотор буюу Я.Санжмятавыг сайд байх үед Оюутолгойн хэлэлцээр дээр бид үндэсний ажиллах хүч бий болгоно. Гаднаас ажиллах хүч авахгүй гэсэн юм. Нөгөө тал буулт хийж зөвшөөрсөн учраас Оюутолгойгоос санхүүжилт гаргуулж, 14,000 орчим залуучуудыг сургасан.
 
Дархан, Эрдэнэт, Говьсүмбэр, Улаанбаатарт байсан МСҮТ-ийг хуваагаад хүнээ бэлтгэсэн юм. Тэр хүмүүсийн талаас илүү нь өнөөдөр Оюутолгойн ажиллах хүчний цөмийг бүрдүүлж байна. Үлдсэн нь уул уурхайн бусад салбарт ажиллаж байгаа. Тодорхой хэсэг нь барилгын салбарт, төмөр замд ч ажиллаж байна. Тэгэхээр ажиллах хүчний тогтолцоог бэхжүүлнэ гэдэг өөрөө агуу зүйл байдаг юм. Монголын цэнхэр дуулгатнуудыг ачийг хариулж АНУ-ын “Мянганы Сорилын Сан” төсөл хэрэгжүүлэхдээ МСҮТ-үүдийг бэхжүүлнэ гэж 10 гаруй МСҮТ-ийн тоног төхөөрөмж, барилга, сурах орчинг сайжруулсан. Би өөрөө энэ салбарт ажиллаж байсан хүний хувиар ярьж байна л даа. Ингээд өнөөдөр хүний нүдэнд хор орохоор сайхан тохижуулчихсан тоног төхөөрөмж, машин техник, байр сав  бий болчихлоо. Л.Энх-Амгалан МСҮТ-үүдийг нийлүүлнэ, хотоос гаргана гэж яриад байгаагийн цаана энэ байр савыг нь суллаад, олигархи ах дүү, найз нөхөддөө тарааж өгөх гэсэн МАН-ын ээлжит луйвар байна. Үр дүнд нь одоо байгаа 40 гаруй МСҮТ устах юм байна. Намайг хөдөлмөрийн салбарт 36 жил ажиллахад МСҮТ-үүд 4 удаа хэлмэгдэлд өртсөн. Гэхдээ буцаж сэргээд овоо бэхжсэн үед нь А.Ариунзаяа сайд юу ч хийж чадалгүй, Л.Энх-Амгаланд дөрлүүлчихсэн, он гарангуут БШУЯ-нд шилжүүлээд, бусад сургуулиудтай нийлүүлнэ гэж яриад байна. Монголд дээд сургууль цөөдөөгүй. Харин ч энэ хэрэгтэй хэрэггүй диплом хүнийг алаад байна. Энэ дотор үнэн нь ч байна. Хуурамч, зохиомол диплом ч байна. Худалдаад авчихсан диплом ч бий. Би одоо тэр худалдаад авчихсан дипломын талаар ярих гэж байна.
 
 
 
Л.Энх-Амгалан хөдөлмөрийн салбарыг устгах гэж байгаатай нь би хэзээ ч санал нийлэхгүй. Хоёрдугаарт, Л.Энх-Амгалан өөрөө боловсрол, боловсролын чанарын тухай ярих ёстой сайд байж сургууль огт төгсөөгүй, цүнх баригч, МАН-ын сонгууль хавиар гүйсэн сонин этгээдүүдийг дэмжсэн үйлдэл хийгээд байх юм.
 
 
 
Нэг талд сайхан юм яриад, нөгөө талд яагаад луйвар хийгээд байгаа юм бэ? Миний гартаа бариад сууж байгаа баримтууд бол Монгол-Солонгосын Политехникийн коллеж буюу миний хэлсэн 40 гаруй МСҮТ-ийн нэг нь. Энэ Коллежийн захирлаар өөрийнх нь сонгуулийн менежер гээд түүхий эдийн ченж болох Хүрэлбаатар овогтой Цэгмид гэж нөхрийг тавьсан. Гэтэл энэ хүн нь маш болхи, бүдүүлэг хүн. Энэ хүн сургуульд огт сураагүй. ХААДСургуульд ороод хөөгдчихсөн юм байна гэдгийг нь олоод тогтоочихсон.
Эрүүгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгээд, хавтаст хэргийн дугаартай, Төрийн албаны зөвлөл, Хөдөлмөрийн сайдад яллагдагчаар татах саналтай прокурорын газарт хүргүүллээ гэсэн байгаа юм. Үндсэндээ энэ хүний бүхий л булхай нь тогтоогдсон. Дараа нь Барилгын ТМС төгссөн гэж ярьдаг. Гэтэл тэнд огт элсээ ч үгүй байгаа юм. Тэр сургуульд элсээгүй, сураагүйг нь нотолчихсон баримтууд байдаг. Ингээд бүх зүйл нотлогдчихоод байхад Л.Энх-Амгалан А.Ариунзаяаг амар заяа үзүүлдэггүй. Х.Цэгмидийг захирал болгож өг гээд шахаад байдаг. А.Ариунзаяа сайд дээр ороод хэллээ. Та яаж байгаа юм бэ? Одоо ажиллаж байгаа захирал нь дажгүй л ажиллаад байна. Гэтэл заавал ийм боловсролгүй, сургууль төгсөөгүй хүн оруулж яах гээд байгаа юм бэ? гэхэд Л.Энх-Амгалан намайг шахаад, өдөр шөнөгүй утасдаад энэ хүнийг захирлаар тавь гээд байна гэж надад хэлсэн. Архив шүүж үзээд энэ Х.Цэгмид гэж хүн Барилгын ТМС-д элсэн орсон, суралцсан ,төгссөн баримт огт байхгүй байна гээд, мөн цагдаагаас та хамт сурсан нэг оюутнаа авчраад мэдүүлэг өгүүлээч гэсэн чинь би нэг ч оюутан танихгүй гэсэн байгаа юм. Тэгвэл ядаж ганц багш ямар хичээл зааж байсан гэдгийг хэлээдхээч гэсэн удсан учраас би мартчихаж гэсэн гэнэ. Гэтэл энэ хүн 2004 онд БНСУ-д ажиллаж байсан. Харин өнөөдөр сонгуулийн менежер байснаараа, Л.Энх-Амгалангийн лоббигоор сургууль, коллежийн захирал болох гэж зүтгэж байгаа нь өөрөө ичгэвтэр юм. Ийм хүмүүс маш олон байна. Төрийн албаны зөвлөл шалгалт хийгээд ирэхээр МАН-ын цүнх баригч хүүхдүүд тэнцэхгүй болчихоод байхаар нь Ковидын хууль дотор ковидын үед хэн нэгэн дэвшихээр бол шууд томилсугай гээд, энэ хууль хүртэл хууль бус дипломыг хамгаалах хэрэгсэл болчихож.
 
 
 
Энэ бүхнийг ярьж байгаа учир нь Л.Энх-Амгалан чи өөрөө Монголын боловсролын тогтолцоог шинэчлэх гээд байгаа бол залуу үед битгий ингэж ямар нэг диплом худалдаад авчихаар ямар ч дарга болж болно гэсэн жишиг тогтоогооч ээ. Чиний хийж байгаа увайгүй үйлдэл чинь огт сурах шаардлагагүй, хичээл таслаад байж болно. Дараа нь диплом худалдаж авч, багш нарт хахууль өгөөд болчихно гэдэг тогтолцоогоор Монгол залуу үеийг сөнөөж байна. Тийм учраас Л.Энх-Амгалан чи Боловсролын сайдаас огцорчихсон нь дээр дээ.
 
 
 
Хоёрдугаарт энэ Засгийн Газрын хамгийн том худалч нь Л.Оюун-Эрдэнэ. Дараагийнх нь Л.Энх-Амгалан болж байна. Энэ хэдэн сайд нар чинь тэнэгтэж дууслаа. Энэ Засгийн газар түүхэнд байгаагүй хамгийн сул дорой, чадваргүй засаг бүрдчихэж. Дээрээс нь хэдэн эмэгтэй УИХ-ын гишүүд яаж байгаа юм бэ? Хууль санаачилж гарын үсэг зурчихаад би мэдэхгүй байсан гэж зугтаад. П.Анужинг үнэхээр гайхаж байна. УИХ-ын гишүүн байтугай албан тушаалтан хүний хариуцлага гэж байдаг юм. Тэр хариуцлагыг л та нараас нэхэх ёстой. УИХ-ын эрхэм гишүүдээ та нар 50,000 ам.доллараар Хятадуудыг Монголд дүүргэнэ гэж бодож байгаа бол ард түмэн зөвшөөрөхгүй дээ. Та нарыг ч гэсэн тойрог тойрог дээр нь санал асуулга явуулаад эргүүлж татмаар байгаа юм. Ийм бусармаг, төрөө худалдсан, ард түмнээ худалдсан Засаг Монголд хэрэггүй. Л.Энх-Амгалангийн энэ асуудлуудыг АТГ-д өгсөн. Шалгаад эхэлчихлээ.
 
Хан-Уул дүүргийн прокурорын тогтоолыг нь задлаад энэ Х.Цэгмид гэж хүнийг сургууль төгсөөгүй юм байна гэдгийг нь тогтоолоо. Үнэн юм үнэнээрээ сайхан шүү дээ. Энэ хүн өөр ажил хийг. Болно. Монгол улсад амьдрах өчнөөн боломж байна. Харин сургуулийн захирал болох гэж байгаа бол өөрөө ядаж дээд сургууль төгс. Ядаж МСҮТ төгс. Тийм биз дээ? 45 хоногийн курс төгсөөгүй хүн захирал болно гээд яваад байгаа нь эмгэнэл биз дээ? Үүнийг л хэлэх гэж би танайд хандсан юм.  
 
 
 
 
 
 
 
 
Ярилцсан: М.Чойжал