sonin.mn
Монгол Улсын нисэх хүчний үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь амжилттай залгамжлан үр бүтээлтэй үргэлжлүүлж буй залуу, шинэ үеийнхэн, иргэний нисэхийн салбарын хамт олон Та бүхэндээ Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ой, “Агаарын тээвэрлэгчдийн өдөр”-ийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн нисэх буудлуудын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах, агаарын замын боомтын тоог нэмэгдүүлэх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорчигч ачаа тээврийн зангилаа нисэх буудал болгон өргөжүүлэх, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд иргэний нисэхийн салбарын хүн бүрийн хүчин зүтгэл, дэмжлэг оролцоо чухал билээ. Бид шинэ цагийн хөгжил дэвшлийг авч ирэх зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж, амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна.
Эх орноо хамгаалах, энхийн цагийн бүтээн байгуулалт, ард иргэдийн зорчих хэрэгцээг хангаж, хөгжил дэвшлийг хамтдаа бүтээж ирсэн Монгол Улсын нисэхийн салбарынхандаа ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
 
 
 
Цар тахлын хүнд цаг үед дэлхий даяар эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин тээвэрлэж буй олон улс орны агаарын хөлгийг Монгол Улсын агаарын зайгаар саадгүй дамжин өнгөрөх нислэгийн аюулгүй байдал, олон улс, орон нутгийн нисэх буудлуудын байнгын бэлэн байдал, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж, таван тивээс иргэдээ татан авч ирэх, коронавируст халдварын эсрэг вакцин тээвэрлэн ирэх нислэгүүдийг амжилттай гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж, улс орныхоо, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй Та бүхэнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.
 
 
 
Монгол Улсын хөгжил дэвшлийг хамтдаа бүтээж ирсэн улсын нисэх, иргэний нисэхийн салбарын бүтээлч хамт олон Та бүхэндээ Монгол Улсад Нисэх хүчний үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлж, цаашдын их хөгжил дэвшил, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье! Хөшигийн хөндийн цэлгэр талын “Чингис хаан” олон улсын нисэх буудалдаа хөөрөх тэнгэр нь цэлмэг, мөнгөн цагаан хөлгийн буулт нь үргэлж зөөлөн байх болтугай гэж ерөөе.
 
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР