сонин mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар утсаар ярих үеэрээ БНАСАУ-ын өнөө өглөө явуулсан дунд зайн тусгалт баллистик пуужингийн туршилтыг эрс зэмлэн буруушаасан талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
 
 
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар дунд зайн тусгалт баллистик пуужингийн туршилт нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг илт зөрчиж, Солонгосын хойгийн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул занал учруулж байгаа талаар санал солилцсон байна.
 
 
Талууд БНАСАУ-ын явуулж буй пуужингийн туршилтуудын хариуд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тэр дундаа Пёньяны эсрэг НҮБ-ын шинэ тогтоол боловсруулах, Японтой гурван талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон гэж ГХЯ-ны хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.
 
 
Пак Жин мөн Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай утсаар ярьж, дунд зайн тусгалт баллистик пуужингийн туршилтыг эрс зэмлэн буруушаасан талаар түүний ажлын албанаас мэдээлсэн байна. БНСУ, Японы дипломатчид БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн аюул занал нь бүс нутгийн болон бүс нутгийн гаднах, ялангуяа Сөүл, Вашингтон, Токиогийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдгийг цохон тэмдэглэжээ.
 
 
Өнөө өглөө БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, БНАСАУ-ын харвасан дунд зайн тусгалт баллистик пуужин Японы дээгүүр ойролцоогоор 4500 км зайд нисэж Номхон далайд унажээ. Пёньян сүүлийн долоо хоног гаруйн хугацаанд таван удаа пуужингийн туршилт хийсэн нь сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн ноцтой өдөөн хатгалга болж байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг