sonin.mn
Нүүрсний хулгайн хэрэг нэлээд өргөжих шинжтэй. Мөрдөгчид, прокурорууд ч нүүрс тойрсон хулгайн хэргүүдийг лавхан барьж авсан бололтой. Гэхдээ энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий маш олон эрхэм нэр холбогддог. Тэгэхээр хууль шүүхийн байгууллагынхан “сайн дур”-аараараа биш ч дарамт шахалтын улмаас хэргийг “царцаах” магадлалтай.
Үүнтэй холбоотой болов уу даа, УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсний хулгайгаар нийтийн сонсгол зарлаж, нээлттэй хэлэлцэх гэж буй аж. Энэ мэдээллийг УИХ-ын Түр хорооны дарга Г.Ганболд өгчээ.
Гэхдээ хэн хэн гэдэг гишүүн нийтийн сонсгол зарлахаар болсон тухай мэдээлэл алга. Нийтийн сонсголын хуулиараа УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 19 гишүүн байхад л нийтийн сонсгол явах учиртай. Өөрөөр хэлбэл, нийтийн сонсгол зарлах гишүүдийн тоо хуулийн босго давахгүй байж мэдэх юм.
 
Учир нь улс төрийн нөлөө бүхий олон хүн нүүрсний хулгайтай холбоотой. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн бараг тал нь нүүрснээс ямар нэг байдлаар мөнгө олдог. Тэд нүүрсний гэрээнээс гадна нүүрсний тээвэр, ачиж буулгах талбай гээд шат дамжлага бүрээс нь ашиг унагана.
 
Тийм болохоор нүүрсний хулгай хийдэг гишүүд нь уг үйл ажиллагаанд оролцдоггүй  нэг нэг гишүүнтэй учраа олоход л нүүрсний хулгайгаар нийтийн сонсгол хийх санаачилга лөөлөө болно. Хамгийн гол нь нүүрснийхэн гэдэг асар их мөнгөтэй, нам дамжсан маш том бүлэглэл байдаг.
 
Харин энэ том бүлэглэлийн санал, шахалтуудыг давж гараад нийтийн сонсгол зарлах аваас тэд гарцаагүй эх оронч гишүүд болно. Хэрэв ийм тооны гишүүд олдохгүй бол иргэн, иргэний нийгмийн байгууллагууд нийтийн сонсголыг “захиалах” эрхийг хуульд бас байдаг юм байна. Тэгэхээр гишүүд чадахгүй бол иргэд энэ санаачилгыг гартаа авч болно гэсэн үг.
 
Ер нь бол бид Нийтийн сонсголын хууль гарснаас хойш байсгээд л нийтийн сонсгол хийдэг болсон. 60 тэрбум, Хөгжлийн банк гээд олон удаа хийж байв. Тэр байтугай Б.Хурцын асуудлаар хүртэл нийтийн сонгол явуулсан байдаг. Нэг үгээр хэлбэл, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн том, жижиг олон асуудлыг ингэж нээлттэй хэлэлцжээ. Тэгвэл нүүрсний хулгай гэдэг нь нийтийн эрх ашгийг хөндсөн маш том хэрэг юм. Засгийн газар гурван долоо хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний хулгайн хэрэг өндрөө авсан. Хууль хяналтынхан ч эргэлт буцалтгүй мөрдөн шалгаж, хэрэг нээж эхэлсэн. Гэвч Монгол даяараа “ба бэ”-гүй мэддэг болсон хэргүүд тэгсгээд сураг  чимээ нь алдарч, алга болдог. Хэдэн жилийн өмнө ЖДҮ-гийн хэрэг тэгсэн. Одоо Хөгжлийн банкны хэрэг хачин нам гүм болчихоод л байна. Нүүрсний хулгайн хэргийг тийм байдлаар замхруулж болохгүй. Тэр хөшүүрэг нь нийтийн сонсгол болоод байгаа юм.
 
Түүнчлэн нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл олон нийтэд тийм ч хангалттай очихгүй байна.
 
Ийм шалтаг шалтгааны улмаас нийтийн сонсгол зохион байгуулж, энэ талаарх ажлыг хариуцсан бүх хүнийг оролцуулах хэрэгтэй байгаа юм. УИХ, Засгийн газрын удирдлагууд, АТГ, ЦЕГ, ТЕГ, прокурор, шүүхийнхэн, гаалийнхан, хилийн цэргийнхэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, Б.Батбилэг, Д.Ариунболд, Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргал, С зөвшөөрлийн хэргээс салдаггүй АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон, нүүрсэн мөргөцөг, бусад асуудлаар энэ хулгайд нэр холбогдоод явдаг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, нүүрсний тээврээс мөнгө олдог гишүүд, Тавантолгойн IPO-д оролцож байсан төр, хувийн хэвшлийнхэн гээд энэ нүүрстэй холбоотой бүх хүнийг авчирч суулгаж байгаад хэлэлцэх учиртай юм. Дүнд нь бид нүүрсээ дор хаяж ойрын арван жилийн турш дундын хулгайгүйгээр Хятад руу зөөж борлуулахад эдийн засаг тун эвтэйхэн болно.
 
Далд эдийн засаг гэгддэг бүртгэлгүй асар их хэмжээний мөнгөн урсгал оффшорыг зорьж, хулгайн замаар гадагшаа гарах бус монголчуудын нийтийн сан хөмрөгт ордог болох юм.
 
 
Б.ДАМДИН-ОЧИР
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин