sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Өмнөд Каролина муж улсын захирагч асан Никки Хейли 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд найрамдах нам /БНН/ доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ мягмар гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдсэнээр Ерөнхийлөгч асан Дональд Трампын эхний томоохон өрсөлдөгч боллоо.
 
“Вашингтоны засаг захиргаа бидний итгэлийг удаа дараа хөсөрдүүллээ. Шинэ үеийн удирдагчид санхүүгийн хариуцлагыг дахин сэргээж, хил хязгаараа хамгаалж, улс орон, бахархал, зорилгоо бэхжүүлэх цаг нь ирээд байна” гэж Н.Хейли мэдэгджээ. Тэрбээр лхагва гарагт Өмнөд Каролинагийн Чарлстон хотоос кампанит ажлаа эхлүүлэх төлөвтэй байна.
 
Өдгөө 51 настай Н.Хейли Д.Трампын засаг захиргааны үед АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн алба хашиж байсан юм. Өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Н.Хейли сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхээр эрмэлзэж байгаа талаараа надад утсаар хэлсэн бөгөөд миний хувьд түүнд өрсөлдөх хэрэгтэй хэмээн хариулсан гэсэн байна.
 
Энэтхэг цагаачдын гэр бүлд төрсөн Н.Хейли ерөнхийлөгчийн сонгуулийн намын сунгаанд ялсан тохиолдолд БНН-аас ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй болоод зогсохгүй анхны Ази гаралтай америк хүн болно.
 
Одоогоор БНН-ын сунгаанд өрсөлдөнө гэдгээ Д.Трамп, Н.Хейли нар л албан ёсоор мэдэгдээд байгаа бөгөөд Флорида муж улсын захирагч Рон ДеСантис, дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео тэргүүтэй төлөөлөгчид нэрээ дэвшүүлж магадгүй байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг