sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Батлан хамгаалах яам 2022 оны "Цагаан ном"-доо Умард Солонгосын дэглэм болон Зэвсэгт хүчнийг зургаан жилийн дараа дахин “дайсан” гэж тодорхойлсон тухай “Yonhap” агентлаг энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
 
“Умардууд 2022 оны 12 дугаар сард болсон эрх баригч намынхаа Төв хорооны бүгд хурлаар биднийг “гарцаагүй дайсан” гэж тодорхойлж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзалгүй цэргийн аюул занал учруулсаар байгаа тул Умард Солонгосын дэглэм ба энэ аюулыг гүйцэлдүүлэгч цэргийнхэн бидний дайснууд юм" гэж тус агентлаг уг баримт бичгийг эш татан онцолжээ.  
 
Харин Япон улсыг 2018 оноос хойш анх удаа "ойр хөрш" хэмээн тодорхойлсон байна. “БНСУ, Япон улсууд нь үнэт зүйлсээ хуваалцдаг бөгөөд Япон бол БНСУ-тай хамтын ашиг сонирхолд нийцсэн ирээдүйн харилцааг бий болгохын тулд хамтран ажиллах ёстой ойрын хөрш орон юм” гэж уг номд дурджээ. 
 
Пёньян Сөүлийг "галан далай" болгоно гэж сүрдүүлсний дараа анх 1995 онд батлан хамгаалах бодлогын уг баримт бичигт  Умард Солонгосын армийг "дайсан" гэж тодорхойлж байжээ. 
 
2004 онд хоёр Солонгосын харилцаа сайжрах хандлага ажиглагдаж байсантай холбоотойгоор энэ тодорхойлолтыг “цэргийн шууд аюул занал” гэж сольсон байна.  Харин 2010 онд БНАСАУ-ыг дахин "дайсан" гэж нэрлэж, 2016 оныг хүртэл өөрчлөөгүй байна. Сүүлд 2018, 2020 онд Умардтай эвлэрэхийг эрэлхийлж байсан Ерөнхийлөгч Мүн Жэ Иний үед уг баримт бичгээс “дайсан” гэж дурдсан хэсгийг хасжээ. “Цагаан ном” нь Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийг хоёр жил тутамд гаргадаг бөгөөд тус улсын цэргийн бодлогын талаарх мэдээллийг агуулдаг.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг