sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас нэг жилийн өмнө албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаа талаар тус банкнаас мэдээлжээ. Уг албыг дөрвөн жил гаруйн турш хашсан Д.Малпасс Дэлхийн банкны санхүүгийн жил дуусах зургаадугаар сарын 30-ны өдөр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
 
“Дэлхийн хөгжлийн тэргүүлэх байгууллагын тэргүүнээр ажиллах нь асар их нэр төрийн хэрэг байлаа. Хөгжиж буй орнууд урьд хожид байгаагүй хямралтай тулгарах мөчид Дэлхийн банк хурдтай, өргөн цар хүрээтэй, шинэлэг, үр нөлөөтэй хариу арга хэмжээ авсанд миний бие бахархаж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
 
Д.Малпасс дөрвөн жил үүрэг гүйцэтгэсэндээ “харамсахгүй” байгаагаа пүрэв гарагт “CNN” телевизийн сэтгүүлч Жулиа Чаттерлитай ярилцах үеэрээ илэрхийлээд, "бид бүхэн миний хүсэж зорьж байсан олон зүйлд хүрсэн" хэмээн цохон тэмдэглэжээ. Дэлхийн 187 улс орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн банк ядуурлыг бууруулах чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг. Тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд АНУ тэргүүнийг томилдог уламжлалтай бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Д.Малпассыг 2019 онд Дэлхийн банкны даргаар таван жилийн хугацаатай томилсон билээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг