sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдов.
 
 
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гүйцэтгэсэн үүрэг, цагийн нөхцөл байдлын талаар илтгэв.
Монгол Улсын баг нийт найман хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.
 
Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
 
Хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж, хамтран ажиллаж байгаад БНТУ-ын холбогдох байгууллагуудын удирдлагууд Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлснийг багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр уламжлав.
Монголын ард түмний илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг  холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.
Эх орон, ард түмнийхээ өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж байгаа багийн нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ.
 
Манай улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн чиглэлээр үүрэг гүйцэтгэхдээ аюулгүй байдлаа сайтар хангаж байхыг захив. 
 
Монгол Улсын эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажиллагаа эхлээд байна.
Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим хувь нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна.