sonin.mn
ОХУ-ын Монгол Улс дахь Элчин Сайдын Яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: 
 
“Сайн байцгаана уу, хүндэт сэтгүүлчид ээ!
Сайхан шинэлсэн үү?
 
Орос-Монголын хоёр талын харилцааны цаг үеийн асуудал, мөн Оросын Холбооны Улстай холбоотой олон улсын харилцааны асуудлуудын тухай хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
 
Хоёр талын харилцааны асуудлуудаас эхэлье.
 
Он гарсаар хоёр талын олон чухал арга хэмжээ зохион байгуулагдлаа. Улаанбаатар дахь Русский Домд Оросын Гадаад хэргийн яамны харъяа МГИМО буюу Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн улс төрийн газарзүйн монгол хэл руу орчуулсан сурах бичгийн танилцуулга боллоо. Тус сурах бичгийг орчуулахад Монгол Улсын Их Сургуулийн мэргэжлийн орчуулагчдын баг ажилласан бөгөөд одоо энэ сурах бичиг янз бүрийн мэргэжлээр суралцаж буй монгол оюутнуудын хүртээл болсон.
 
Сурах бичгийн монгол орчуулгын танилцуулгад оролцохоор түүний зохиогч, улс төрийн ухааны дэд эрдэмтэн, Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн Олон улсын харилцааны орон зайн шинжилгээний төвийн захирал Игорь Окунев Оросоос Монголд ирсэн.
 
Уламжлал ёсоор манай хоёр талын хамтын ажиллагаанд бүс нутаг хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэг. Он гараад Монголын аймгуудын төлөөлөгчид ОХУ-ын бүс нутгуудад хоёр айлчал хийсэн. Нэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн төлөөлөгчид Красноярскийн хязгаарт айлчилсан. Талууд Монголоос мах импортлох, Красноярскийн компаниудын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх, хамтарсан үйлдвэрүүд байгуулах талаар ярилцав. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн аймагтаа Красноярскийн Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн салбар сургуулийг нээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Энэхүү айлчлал нь өнгөрсөн оны 6 сард Красноярск хязгаарын амбан захирагч Александр Усс Монгол Улсад айлчлах үеэр эхлүүлсэн хамтарсан ажлын үргэлжлэл байлаа.
 
Мөн хоёрдугаар сард Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Буриад улсад айлчилж, тус улсын тэргүүн А.Цыденовтой уулзсан. Талууд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хэтийн төлөв, тэр дундаа энэ чиглэлээр монгол мэргэжилтэн бэлтгэх талаар санал солилцож, ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Алтаргана” наадмын бэлтгэл ажлын талаар ярилцав.
 
Хэвлэл мэдээллийн салбарт ч хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Тухайлбал, нэгдүгээр сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Бүгд Найрамдах Буриад улсын “Буряад ТВ” үндэсний телевизийн захирал В.Раднаев нар Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, хоёрдугаар сарын эхээр буриадуудын Цагаан сар тэмдэглэх онцлогийн талаар Оросын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарсан телевизийн төсөл хэрэгжүүлэхээр МҮОНРТ-ийн уран бүтээлийн баг Буриад улсыг зорив. Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.Цыденов МҮОНРТ-ийн төлөөлөгчидтэй уулзаж, нийт монголчуудад сар шиний баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Дараа нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар ОХУ-ын Халимаг Улсын төв телевизийн удирдлагыг хүлээн авч хамтран ажиллах, хамтарсан контент бүтээх талаар ярилцав. Мөн түүнчлэн Оросын “Цахим телевиз” медиахолдинг Монголын “Star TV” телевизэд хүүхдүүдэд зориулсан Оросын орчин үеийн олон ангит хүүхэлдэйн кинонуудыг үзүүлэх эрхийг олгосон байна.
 
Саяхан Улаанбаатар дахь Русский Дом болон Монголын Хүүхдийн ордон Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан чухал үйл явдал боллоо. Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа хэлэхдээ энэ онд тус ордон 65 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ба Хүүхдийн ордоныг 1958 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд Монголд бэлэг болгон барьж байгуулсан тул санамж бичигт яг энэ онд гарын үсэг зурж байгаа нь билэг дэмбэрэлтэй явдал хэмээн онцоллоо.
 
Мөн 2-р сард Оросын Псков хотын Шинжлэх ухааны номын сангийн санаачилгаар Их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойд зориулан Оросын болон Монголын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын цахим уулзалтыг Улаанбаатар дахь Русский Домд зохион байгуулав. Энэхүү уулзалт Оросын залуучуудад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн ба тэд Монголын талаар болон Монголд үндэсний баатар Д.Сүхбаатарын дурсгалыг хэрхэн хүндэтгэдэг талаар маш их зүйлийг мэдэж авсан тухайгаа ярьсан. Монголын Засгийн газраас зарласан «Монголд зочлох жил»-ийн хүрээнд Орос-Монголын тур операторуудын форум зохион байгуулагдаж, үүнд ОХУ-ын 27 бүс нутгийн 100 гаруй аялал жуулчлалын компани, Монголын таласс 106 тур оператор компани оролцжээ. Тус арга хэмжээнд оролцсон ОХУ-ын 35 хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийнхөө платформуудаар дамжуулан Монголын аялал жуулчлалыг Оросын иргэдэд сурталчлан таниулах болно. Энэхүү өргөн цар хүрээтэй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Ойрын хугацаанд ОХУ-аас ирэх жуулчдын урсгалыг жилд 200-250 мянган хүнд хүргэх Монгол Улсын Засгийн газрын тавьсан зорилгод хүрэхэд тус форум тус дөхөм үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Бас хамгийн сүүлийн арга хэмжээнүүдээс дурдвал өчигдөр Русский Домд монголчуудын сэтгэлд эртнээс нийцсэн гэр бүлийн уламжлалт арга хэмжээ болох Масленица буюу Шар тосны баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ, үнэхээр хөгжилтэй байсан.
 
Одоо олон улсын харилцааны асуудлаар мэдээлэл өгье.
 
Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлээд энэ оны хоёрдугаар сарын 24-нд нэг жил болж байна. Орос хэлээр ярьдаг хүмүүсийг хамгаалах, манай улсын аюулгүй байдлыг хангах үүднээс одоогоос нэг жилийн өмнө тус цэргийн ажиллагааг эхлүүлэн явуулах шийдвэрийг гаргасан.
 
Найман жилийн турш Донбассын ард түмэн эх хэлээрээ ярьж, эх нутагтаа амар тайван амьдрах хүсэл эрмэлзлээсээ болж дайралт, буудлагад өртөж, хяхан хавчигдаж байсан. Тухайн үед Орос улс энэ асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд олон улсын түвшинд чадах бүхнээ хийсэн. Гэвч барууныхны Донбасст энх тайван тогтоох хүсэл эрмэлзэлтэй байгаа тухай яриа нь дипломат жүжиг байсан байна лээ.
 
Өмнөх хэвлэлийн бага хурал дээр бид барууныхан анхнаасаа Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх бодолгүй байсан, зөвхөн Украинд илүү хүчтэй болох цаг олгож, түүнд зэр зэвсэг нийлүүлж амжих гээд л тус хэлэлцээрт гарын үсэг зурсан гэдгийг Германы канцлер асан Ангела Меркель хүлээн зөвшөөрсөн тухай ярьж өгсөн. Барууны орнууд Киевийн дэглэмд тусалж, түүнийг зэвсэглэхэд 150 гаруй сая ам.доллар зарцуулаад байгаа бөгөөд дайныг үргэлжлүүлэхэд зориулсан мөнгөний урсгал буурахгүй байна. АНУ Украины нутаг дэвсгэрт биологийн нууц лабораториуд байгуулсан тухай баримтууд ил болжээ. Орос хэлийг хуулиар устгах, оросоор ярьдаг ард иргэдийн эрхийг зөрчихөд хайхрамжгүй хандаж байгаа нь барууныхан неонацизмыг дэмжиж буйг илт нотлон харуулав.
 
Украин улсыг манай хилийн дагуух тогтворгүй байдал, мөргөлдөөний голомт бүс болгохоор төлөвлөж байв. Энэ бүхнийг барууныхан олон улсын эрх зүйн хэм хэмжээг тууштай баримтлаж, Минскийн хэлэлцээрийг дагаж мөрдөж, хэрэгжүүлнэ гэсэн мэдэгдэл хийхийн зэрэгцээ хийж байсан. Тэд хууран мэхлэх энэ аргаа аль хэдийн Югослав, Ирак, Ливи, Сири улсуудад нэг бус удаа туршиж үзсэн. Тиймээс Украин дахь мөргөлдөөнийг өдөөж, хурцатгасанд Барууны элитүүд, мөн мэдээж Киевийн дэглэм буруутай юм.
 
Сүүлийн нэг жилийн хугацаанд барууны орнууд жинхэнэ зорилгоо нуухаа больсон. Тэр нь «Орост стратегийн ялагдал хүлээлгэх» юм. Арга хэрэгслүүдийн нэг нь эдийн засгийн дайн болсон. Шинэ нөхцөлд Орос улс логистикийнхээ бүтцийг шинэчлэн байгуулж, үйлдлүүдийг нь урьдчилан таамаглах боломжтой, хариуцлагатай түншүүдтэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлэв. Орос улс цаашдаа ч эдийн засгийн гадаад харилцаагаа өргөжүүлж, логистикийн коридоруудыг байгуулах болно. Энэ оны хоёрдугаар сарын 21-нд Ерөнхийлөгч В.Путин Холбооны Хурал буюу Оросын парламентад хандсан илгээлтдээ эдийн засгийн хамтын ажиллагааны үүднээс Монгол Улс ОХУ-ын хувьд хамгийн их сонирхож байгаа түншүүдийн нэг гэж онцлон дурджээ. Эдийн засгийн шинэ нөхцөл байдалд Орос улс Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудийг сэргээн байгуулах, хөгжүүлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг сэргээн засварлаж, ажлын байруудыг шинээр бий болгож, эргээд Оросын дотоодын тэнгис болсон Азовын тэнгисийн боомтуудыг сэргээж байна. Эдгээр бүс нутгуудад Крымд хийсэн шигээ орчин үеийн шинэ замуудыг барихаар төлөвлөсөн. Нийгмийн дэд бүтцийг Украины зэвсэгт хүчин барууны зэвсгийг ашиглан галлан нураасаар байгаа ч сэргээн байгуулах ажил тасралтгүй үргэлжилсээр байна. Орост Монголын нэгэн адил эх орныхоо төлөө амьдралаа зориулсан хүмүүсийг маш их хүндэлдэг. ОХУ-д жил бүр 2-р сарын 23-нд тэмдэглэдэг Эх орноо хамгаалагчдын өдрийг тохиолдуулан Оросын Элчин сайдын яамнаас хэд хэдэн арга хэмжээ зохион байгууллаа.
 
Тухайлбал, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Жанжин штабын төлөөллийн оролцоотойгоор Улаанбаатар хот дахь маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын төрийн байгууллагуудад талархал илэрхийлье. 
 
Гэвч хэдэн өдрийн дараа нь хэсэг бүлэг өдөөн хатгагчид Жуковын хөшөөг эвдлэн сүйтгсэн мэт зургийг интернетээр тарааж, амьдрал дээр ч агуу маршалын дурсгалыг гутаан доромжилсон энэ үйлдлийг хийхийг уриалсан. Г.К.Жуков бол ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар төдийгүй БНМАУ-ын ч баатар гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Халхын голын байлдаанд байгуулсан ялалтад түүний оруулсан шийдвэрлэх хувь нэмрийг өдгөө ч та бидний хамтын түүхийн дурсгалыг нандигнан хадгалж байгаа Монгол Улсын иргэд сайн мэднэ. Г.К.Жуковын гүйцэтгэсэн үүрэг, Халхын голд болсон үйл явдлын түүхэн ач холбогдлыг сөргөөр эргэн харахыг уриалж байгаа нь энэхүү хамтын түүхийг мушгин гуйвуулах гэсэн илт оролдлого юм. Өнөөдөр иймэрхүү үйлдлүүдийн үр дагавар нь Европын зарим орны жишээн дээр тод харагдаж байна. Тэнд зөвхөн хөшөө дурсгал төдийгүй цэргийн оршуулгын газруудыг ч бас бузарладаг. Ялалтын баярт зориулсан арга хэмжээнүүд өдөөн хатгалгад өртдөг. Түүхийг хуурамчаар тайлбарлаж байгаа нь Дэлхийн 2-р дайнд ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг зориудаар харлуулж, тэр дайны үр дүнг эргэн харахыг уриалахад хүртэл хүргэж байна.
 
Нацистуудын хамсаатнууд баатрын зэрэгт өргөгдөж байгаа. Ийнхүү нөхцөл байдалд Монгол Улсын иргэд Ялалтын баярт зориулсан арга хэмжээнүүдэд үргэлж оролцож, түүхийг гуйвуулах нь хүлээн зөвшөөршгүй зүйл гэж үзэж, бидний хамтын түүхэнд Г.К.Жуковын гүйцэтгэсэн үүрэгт хүндэтгэлтэй хандаж байгаа нь Монголд дээрх байр суурь харь байна гэдгийг нотлон харуулж байна.
 
Жуковын хөшөөг эвдэлсэн гэх зориудаар худал мэдээлэл тараасан нь Монгол Улсын иргэдийн сэтгэлийг түгшээх ноцтой явдал болсныг бид тэмдэглэж байна. Энэ байдлыг юуны өмнө өндөр настай хүмүүс маш хүндээр хүлээж авсан. Улс орон даяар ахмад үеийнхнийг онцгойлон хүндэлдэг уламжлалтай Цагаан сарын баярын үед л хэсэг бүлэг өдөөн хатгагчид тэдний сэтгэл санааг үл ойшоож байгаагаа харуулсан нь тун харамсалтай” гэв.