sonin.mn
РОМ. /Reuters/. Италийн сөрөг хүчний Ардчилсан намын шинэ даргаар Элли Шлейн сонгогдлоо. Ням гарагт болсон намын дотоод сонгуулийн урьдчилсан дүнгээр Э.Шлейн 53.8 хувийн санал, түүний өрсөлдөгч, Эмилия-Романья мужийн захирагч Стефано Стефано Боначчини 46.2 хувийн санал авчээ. Сонгуульд намын нэг сая гаруй дэмжигч оролцсон гэж "La Repubblica" сонин мэдээлжээ. 
 
Эмилия-Романья мужийн захирагч С.Боначчини өмнөх хэсгийн санал хураалтаар дөрвөн өрсөлдөгчөө ялж, Э.Шлейн хоёрдугаарт орсон байна. Ийнхүү тэд намын даргын дотоод сонгуульд нэр дэвшигчээр гарч иржээ. С.Боначчини ялагдлаа хүлээн зөвшөөрч, намаа шинэчлэхэд Э.Шлейнтэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
 
Ардчилсан намын өмнөх дарга бөгөөд Ерөнхий сайд асан Энрико Летта өнгөрсөн оны есдүгээр сарын 25-нд болсон парламентийн сонгуульд ялагдсаны дараа огцорчээ. Э.Шлейн нь Швейцар улсад төрсөн, 37 настай бөгөөд аав нь еврей гаралтай Америкийн улс төр судлаач, ээж нь Италийн улс төрчийн охин бөгөөд багш мэргэжилтэй. Тэрбээр анх 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагийн сонгуулийн штабт сайн дурын үндсэн дээр ажиллаж улс төрийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2014 онд Европын парламентад Италийн Ардыилсан намаас сонгогдож байжээ.
 
Түүний нам дотор туулсан зам тийм ч амар байгаагүй. Намын нарийн бичгийн дарга Маттео Ренцитэй санал зөрөлдсөний улмаас намаасаа хэсэг хугацаанд хөндийрсөн байна. Дараа нь Э.Шлейн бүс нутгийн засгийн газарт С.Боначчинигийн орлогчоор ажиллаж байсан бөгөөд сүүлд болсон сонгуулиар парламентад сонгогджээ.
 
Э.Шлейн нь намын даргаар сонгогдсоноор дэмжигчдээ алдаж буй Ардчилсан намыг шинэчилж, Италид барууны үзэл баримтлал улам бүр өсөн нэмэгдэж буй энэ үед зүүний төвч үзлийг сэргээх сорилт тулгарч байна гэж шинжээчид үзэж байна. Италийн Ардчилсан нам нь 2007 онд байгуулагдсан бөгөөд албан ёсоор 2013-2022 онд засгийн эрхийг барьж байсан авч дангаар бус сөрөг хүчнийхэнтэй хамтарсан эвслийн засгийн газрыг удирдаж байжээ.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг