sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Европын Холбоо, Их Британи “Brexit”-ийн дараа Умард Ирландын асуудлаар удаан үргэлжилсэн худалдааны маргаанаа шийдвэрлэх тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар даваа гарагт хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн байна. 
 
Их Британийн Засгийн газрын тэргүүний онцлон тэмдэглэснээр, “Brexit”-ийн  дараа  Умард Ирландын хил, гаалийн асуудлыг зохицуулж байсан Умард Ирландын асуудлаарх анхны протоколыг өөрчлөхөөр болжээ. Ингэснээр Ирландын тэнгист хил хязгааргүй, саадгүй, чөлөөт худалдаа явуулах боломжтой болно гэж улстөрч хэлээд уг баримт бичиг нь Их Британи, ЕХ-ны харилцаанд шинэ бүлэг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
2020 оны “Brexit”-ийн тухай гэрээний нэмэлт баримт бичиг болох Умард Ирландын протокол нь энэхүү удаан хугацаагаар үргэлжилж буй маргааны гол сэдэв болж байв. Уг протоколоор Их Британийн муж болох Умард Ирланд болон ЕХ-ны гишүүн Ирланд хоорондын худалдааг зохицуулдаг. Ирландын арал дээр хатуу хяналттай хил үүсэж, хэдэн арван жилийн турш үргэлжилсэн Умард Ирландын мөргөлдөөнийг дахин эхлэхээс сэргийлэх зорилгоор уг баримт бичгийг зохих хүрээнд өөрчилнө.
 
Гол төлөв протестантуудаас бүрдсэн Британийн талыг баримтлагч Умард Ирландын Холбоотнуудын намынхан (DUP) ба католикууд дийлэнхийг нь бүрдүүлдэг Умард Ирландыг Бүгд Найрамдах Ирланд Улстай нэгтгэх чиг хандлагыг баримтлагч нарын хооронд шинэ зөрчил тэмцэл өрнөх вий гэсэн болгоомжлол үүсэж байжээ.
 
 
Их Британид бүх нийтийн санал асуулга явуулж ЕХ-ноос гараад гурван жил болж байна. Энэ маргаанаас болж Лондон, Брюсселийн хоорондын харилцаа чамгүй хурцдаж байсан билээ.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг