sonin.mn
МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
МҮЭ-ийн Холбоо цалинг хангалттай нэмэх асуудлаар төр засагт байнга сануулга өгсөөр байна. Цалинг огцом нэмэхээр дагаад инфляци нэмэгдэнэ гэж улс төрчид хэлдэг. Үүнд та юу гэж хариулт өгмөөр байна?
 
Энэ асуудал үндсэндээ няцаагдсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цалин 10 хувь нэмэгдсэн бол инфляци нийлбэр дүнгээрээ 30 хувь болсон. Ямар цалин нэмснээр гурил, орон сууцны үнэ өсөөд байгаа юм уу? Тэгэхээр энэ бол улс төрчдийн зүгээр л амны уншлага болсон худал яриа. Эдийн засагчид цалин хөлс бол манай ДНБ-ий 22 хувьд байгаа гэж байна. Хөгжингүй, хөгжиж буй орнуудад бол 70 хувь байдаг. 
 
Ер нь цалин хөлсийг нэмэхгүй байгаа нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Ядуу хүмүүсийг худалдаж авахад, дарамтлахад, ажлын байраар нь барьцаалахад амархан байдаг. Гэх мэт сонин, сонин судалгаанууд бий.
 
Инфляци хэвийн юмуу бага үед цалинг 50 хувь нэмбэл инфляци өсөх магадлал байдаг. Гэтэл бид инфляциа араас нь хөөгөөд гүйцэхгүй байна шүү дээ. 1990 онд талх төгрөг хорин мөнгө байсан. Өнөөдөр “Атар” талх 2000 гарчихлаа. Үндсэндээ 2000 дахин өссөн байна. Тэр үед инженер 700 төгрөгний цалинтай байсан. Одоо дундаж цалин 1590000 гэж байна. Яг л 2000 хувиар өссөн байгаа биз. Тэгэхээр инфляциасаа давсан бодит өсөлт ерөөсөө харагдахгүй байна. Үнэ, цалин хоёр адилхан 2000 дахин өсчээ. Уул нь цалин 5 сая болчихвол Монголчуудын амьдрал бодитоор сайжирлаа гэж үзэж болохоор байгаа юм. 
 
Цалин нэмснээр инфляцид гойд нөлөөлөхгүй гэж та хэлэх гээд байна уу? 
 
Онц нөлөөлөхгүй. Тэртээ тэргүй инфляциа тавиад туучихсан. Энэ инфляцийн шалтгаан нь мөнгөний нийлүүлэлт гэхээсээ илүүтэй өөр зүйлд байна. Мөнгө бол асар үнэтэй болчихлоо шүү дээ. Монгол банкны бодлогын хүү 13 хувь байна. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүмүүсийн халаасан дахь цалин 30 хувь уначихлаа. Миний хүслээр бол цалинг дор хаяж 50 хувь нэмж байж 30 хувийн инфляциа нөхөөд араас нь 20 хувийн бодит нэмэгдэл бий болох юм байна, хүмүүсийн амьдрал бодитоор 20 сайжирна. Гэтэл манай улс төрчид 5, 10 хувь нэмчихээд цалин нэмлээ гэж яриад байдаг. Инфляциа гүйцэхгүй цалин бол үндсэндээ бодит орлогын нэмэгдэл биш. 
 
Эцсийн дүндээ Монголчууд яаж ийж байгаад л гадагшаа гарья даа л гэж мөрөөддөг болж. Маш олонзалуучууд байр, орон сууц авья, цалин ядаж байрны зээлээ төлөөд ард нь тодорхой хэмжээний мөнгө үлдэх болов уу гэдэг хүлээлт байсан нь талаар болж байна.
 
Засгийн Газарт МҮЭ-ийн Холбооноос ямар шаардлагуудыг хүргүүлж байна вэ?
 
Багцлаад хэлбэл Монголдоо сайхан ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бүх бодлогоо чиглүүлээч ээ л гэж шаардаж байна. Оюу Толгой ашиглалтанд орвол бид Катарын дараа орно, нэг хүнд ногдох ДНБ 60000 доллар болно гэж арван хэдхэн жилийн өмнө улс төрчид хэлж, улс төрийн акцуудаа хийж байсан. Харамсалтай нь өнөөдөр 3000 гаран доллар л байна шүү дээ. ДНБ-нд эзлэх цалингийн хувь хэмжээ дэндүү бага байна. Энэ нь баян, хоосны ялгаа дэндүү өндөр байгааг илэрхийлж байгаа юм. Байгалийн баялгийг цөөн хэсэг нь асар өндөр хүртэж байхад дийлэнх нь бага хүртэж байна. Тансаг зэрэглэлийн автомашины ирэх хоёр жилийн захиалга нь дуусчихсан гэж ярьж байна. Үнэтэй орон сууцнуудын үнэ улам л өндөр болоод байна. Энэ юунаас болж байна гэвэл Монголд далд эдийн засаг, авлига асар өндөр байна гэсэн үг. Тиймээс бид Засгийн Газрын авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжиж байгаа. 
 
Ерөнхий сайд манай нийт цалингийн санг нугалсан хэмжээний авлигын мөнгө гадуурэргэлдээд байна. Энэ мөнгийг зөв оруулж ирвэл хувь, хувьсгал гэхгүй дундаж цалингаа ядаж 1000 доллар, доод хэмжээг нь сая төгрөг болгох бүрэн боломж байна. Үүнийг бий болгоход олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байна гэдэг зүйлийг хэлж байсан. 
 
МҮЭ мэдээж цалинг орлогыг бүх талаар нэмэхийг дэмжинэ. Мөн гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллахгүй бол өнөөдөр манай элчин сайдууд дийлэнх нь шагналын журмаар явдаг. 
Солонгост очоод тэнд хөдөлмөрийн мөлжлөгт орж, хууль, эрх зүйн хувьд дарамтлуулж, шахуулж байгаа иргэддээ төрөөс нь нэг ч төгрөг зарцуулахгүй байна шүү дээ. Нэг цэгийн үйлчилгээ, НДШ-ийг эс тооцвол. 
Тиймээс Сингапур, Япон, Германы хөгжлийг хуулья гэвэл гадаадад хамгийн их иргэд нь ажиллаж, амьдарч, бизнес хийдэг улсын Элчин сайдынхаа яамандаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ажилчид томилдог. Үүрэг нь тэнд ажиллаж буй ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаг. 
Сая 1000 орчим залуусаас түүвэр судалгаа хийлээ. 60 гаран хувь нь ямар нэгэн боломж олдвол ойрын хугацаанд гадаад руу гармаар байна гэж хариулсан.
 
Цалинг ялгавартай нэмдэг талаар гомдол их байдаг. Хувилж нэмэх нь хэр оновчтой юм бэ?
 
Сая төрийн албан хаагчдийн цалинг нэмсэн. Тэгсэн өндөр албан тушаалтнуудынх 300-400 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Бага тушаалын ажилчдынх бага нэмэгдсэн. Тэтгэвэрийн нэмэгдэл ч бас үүнтэй холбоотой асуудлаар яригдсан. Тиймээс тодорхой мөнгөн дүн нэмэх нь хувь гэдэг хувилбарыг сонгоё гэж бид хэлж байгаа юм. 
Би яг энэ МҮЭ холбоо, Үндэсний хороон дээр ямар санал хэлсэн бэ гэвэл нийт 266 тэрбум төгрөг байгаа юм бол бүх төрийн албан хаагч нартаа сар болгон 120-150 мянган төгрөг хуваагаад өгье. Ингэвэл адилхан нэмэгдэнэ шүү дээ. Тэгээд ийм шийдэл хэлсэн чинь харамсалтай нь зөвлөлдөхгүйгээр цалингаа нэмэхдээ өндөр цалинтай нь өндрөөр, бага нь багаараа л нэмэгдсэн. Үүнд иргэд их бухимдалтай байгаа. Манай үйлчилгээний албан хаагчид хомсдолд их орсон байна. Бидний ад үзээд хувийн хэвшилд шилжүүлнэ гэж яриад байсан харуул, манаач, жижүүр, тогооч нар олдохоо байсан. Захын сургууль, цэцэрлэгт ийм байна. Яаж хувийн хэвшилд сая 500 мянгаар цалинжиж байгаа тогооч цэцэрлэгт очиж 700 мянган төгрөгөөр ажиллах вэ дээ. Алсуураа энэ чинь хүүхдийн эрх, ирээдүйг зөрчөөд байна л даа.
 
Хамгийн чадварлаг тогоочтой байх ёстой газар чинь цэцэрлэг, сургууль шүү дээ. Гэтэл тогооч олдохгүй байна.
 
Нэг хүний нөөц дээр болгоомжгүйгээр ингээд оролдчихоор маш аюултай байгаа юм. 
Дээрээс нь улс төрөөс томилогддог дарга нараас болоод ажилчид тогтворгүй байна. Энэ хүмүүс ажлын байрны дарамт маш их үзүүлдэг. Өөрийнхөө багийг бүрдүүлэх нэрийн дор мэргэжлийн ажилчдыг маш их хавчин гадуурхдаг. Үүнээс болж сонгуулийн дараа төрийн албанаас 10-20 мянган хүн ажлаасаа халагддаг судалгаа байна. Халагдсан хүмүүсийн дийлэнх нь бидний төлсөн ажилгүйдлийн даатгалын мөнгөний талаас илүүг нь аваад явчихдаг. Магадгүй 2024 онд тийм зүйл болох вий. 
Иймээс сая бид Засгийн Газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтраад ер нь төрийн албан хаагчид төрийн албандаа ажиллах ямар дур сонирхол байгаа юм гэхэд хамгийн их дургуй хүргэдэг зүйл нь ямар ч мэргэжил, боловсрол, туршлагагүй хүн өөрийнх нь толгой дээр гарч ирээд олон жил явж ирсэн яамны чухал бодлогыг самардаг, өөрчилдөг байдал байгаа юм.
Тэр хүмүүс юу их сурсан байдаг вэ гэвэл дарга зан, дарамт, шахалт гээд муу зүйлийг их сурсан байдаг.
 
Сүүлийн жишээ гэхэд 1 дүгээр төрөх дээр яагаад осол, эндэгдэл их гараад байна гэхээр ойлгомжтой шүү дээ. Эмч нар нь шууд хэлж байна лээ. Мэргэжлийн боловсон хүчнийх нь 30 хувийг цэрэг, цагдаагаар айлгаад явуулчихаар тэр байгууллагад эрсдэл гарах магадлал 30 хувь өснө гэсэн үг. Олон нийт юу гэж хараад байна гэвэл тэр мундаг хариуцлага тооцдог даргыг хөөгөөд явуулчихсан чинь алдаа гараад эхэллээ гэж байгаа байхгүй юу.
Гэтэл мэргэжлийн төрөх эмнэлэг дээр цэрэг, цагдаа нарыг өөрийнхөө багийг бүрдүүлнэ гэдэг зорилгоор аваачсан юм билээ. Үүний цаана юу нуугддаг вэ гэхээр нийлж байгаад тендер авдаг, төсвийн хулгай хийдэг, өөрийг нь томилсон улс төрч нарт мөнгө барьж гүйдэг. Ер нь бүх шатны хурган дарга нарыг шалгах хэрэгтэй. Манай төмөр замынхан мэдэгдсэн, хэлтсийн нэг дарга 7 тэрбум төгрөг сэйфэндээ хийгээд байж байна гэж байхгүй ээ. Дээр, доор нь зөндөө хүмүүс байгаа. Манай хууль, хяналт, авлигатай тэмцэх газрын зарим албан хаагч нар холбоотой, ах дүү нар, хамаарал бүхий этгээд гэдэг нь ил болчихоод байна. 
 
Бие биендээ барьцаалагдаад байдаггүй, жижиг жараахай нараар хөөцөлдөөд байна. Хоёр жилийн өмнө нэг сургуулийн багш хүүхэд “арын хаалга”-аар оруулсныхаа төлөө 200-300 мянган төгрөг авсан хэргээр шүүхээс ял сонссон байдаг. Өөр ямар ч хэрэг сонсогдоогүй байсан. Тиймээс би АТГ-т хэлмээр байдаг, Богд ууланд давхиад очиход авлигалын бүх юм ил тод байгаа шүү дээ. Хамгийн хямд нь гэхэд л 2, 3 тэрбумын хауснуудыг зүгээр нэг төрийн албан хаагчид аваад сууж байдаг. Үүдэндээ Лексус 570, Ланд 300 зогсоочихсон. Шинэ жил, Цагаан сараар гэр бүлээрээ гадаадад хэдэн долоо хоног, сараар амьдардаг, өмсөж зүүж байгаа зүйлс гээд л энэ бүгд угаасаа ил тод байсан. Бэлэн нүдэн дээр нь авлигал ингээд гүйгээд байхад харсан ч хараагүй мэт байна гэдэг нэг талаараа бол хууль, хяналтын байгууллагууд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. 
 
Төрд цалин нэмэх мөнгө байгаа юу?
 
Би бол байгаа гэж хэлж байгаа. Сүүлд Ерөнхий сайдтай уулзаж энэ шаардлагыг тавьсан. Ерөнхий Сайд манай үйлдвэрчний эвлэлийн сонгуультнуудтай ирж уулзахдаа хэлсэн, 12 их наяд төгрөгийн авлига, хээл хахуулийн далд эдийн засаг байна. Энэ бол улсын төсөвт буй цалин хөлсний санг бараг 4 дахин нугалах хэмжээний мөнгө. Тиймээс авлигаас орж ирсэн мөнгийг цалин хөлс нэмэхэд зарцуулах бодолтой байна гэдэг зүйлээ хэлсэн. Мэдээж яг одоо байгаа төсөв дээр бол мөнгө байхгүй.Энэ жил 266 тэрбум байсан. Түүнийг хуваахдаа харин шударга бусаар хуваачихлаа л гэж хэлье. 
 
Та НДШ-ийг өвлүүлдэг больё гэлээ. Олон хүн НДШ-ийнхээ үр шимийг хүртэж чадахгүй нас барж байна. Тэгвэл тодорхой хувийг нь ядаж үр хүүхдүүд нь хүртдэг байя гэсэн санаа юу?
 
Статистик харвал нас барж буй эрэгтэйчүүдийн 50 хувь нь 16-59 насныхан байна гэж. Тэгэхээр авч чадахгүйгээр нас барсан бол ар гэрт нь өвлүүлье. Ар гэрт нь хэдэн хүүхдүүд нь, эмэгтэйчүүд голдуу ядарч л үлдэнэ шүү дээ. Ямар ч гэсэн хуулин дээр туссан. Гэхдээ тэтгэврээ авч байсан бол гээд байгаа юм. Аваагүй ч гэсэн тэр хүн 40, 50 насандаа нас барж болно. Ийм тохиолдолд бид хань ижилд нь 100 хувь биш юмаа гэхэд 60 хувийг нь өгөөч ээ гэдэг саналыг л тавиад байгаа юм. Засгийн Газар оруулж ирэхдээ 20 хувь гээд байгаа юм. 
Олон нийт үүн дээр идэвхитэй байж, бидний саналыг дэмжмээр байна. 
 
Энэ хавар маш том жагсаалууд болно гэсэн хүлээлт байна. Зарим нам, ТББ-ууд ч үүнийг ил тод зарлаад эхэлсэн. МҮЭ эдгээр жагсаал, цуглаануудад оролцох уу? Шуудхан асуухад бүх нийтийн ажил хаялт зохион байгуулах уу?
 
Ажил хаялт зохион байгуулна гэдэг бол амар юм биш. Ажил хаялтыг ажилчид өөрсдөө хаядаг болохоос хэн нэгэн дарга хаяулдаггүй. Миний ажиглаж байгаагаар жагсаал, цуглаануудыг хэн утгагүй болгож байна вэ гэвэл улс төрчид. Бүр эмх замбараагүй байдал үүсгэдэг өөрсдийнх нь төлөөний жагсагчид гэж байдаг юм байна. Томоохон зөвлөгөөн, хуралдаан дээр чи, би танайхан их идсэн, манайхан бага идсэн, тэрэндээ хариуцлага тооцвол би хариуцлага хүлээнэ ч гэж байх шиг. Юу гэсэн үг юм бэ. Идсэн, уусан бол бүгдээрээ л хариуцлага хүлээх ёстой. Харин эдгээр хүмүүстээ хариуцлага тооцохгүй бол бид жагсана. 
 
Мөн сүүлийн 10 жилд цалин 40, 50 доллараар л өссөн байна. Манай багш, эмч, урлагийнхан гээд олон салбарынхан иймэрхүү цалинтай цаашдаа байх юм бол ажил хаялтаа хийчихээд Монголоосоо гараад явья гэж хэлж байна. Бүр шийдчихсэн байна.
 
Одоо юунд санаа зовж байна вэ гэвэл эдгээр хүмүүс гараад явчих юм бол ард түмэн л хохирно. Ажил хийх хүн байхгүй болж байна шүү дээ, үндсэндээ.
Бас юунаас болгоомжилж байна вэ гэвэл нийгмийн зөв шаардлагыг буруу тийш нь эргүүлэх гээд байдаг улс төрчдийг жагсаал цуглаанаас хол байгаасай гэж хүсэж байна.
 
Ер нь хамгийн үр дүнтэй жагсаалыг МҮЭ хийж чадах байх гэж харж байна л даа. Эмч, багш гээд тухайн нийгмийнхээ нүүр царайг төлөөлж чадахуйц салбар бүрийн төлөөллүүд зохион байгуулалттай оролцох боломжтой гэдэг утгаар нь...
 
Монголд хүмүүс шударга ёсыг нэхэж байна. Өнөөдөр ажилчдын хөдөлмөрийг үнэн, зөвөөр, арай илүү үнэлэх боломжтой байсан, хөдөлмөр хийхгүй байсан ч байгалийн баялгийн хулгай хийхгүйгээр шударгаар хувиарлахад л өнөөдөр тэд үр хүүхэд, гэр бүлээ нүүр бардам тэжээгээд явах байсан. Энэ нийгмийн зөрчил бухимдал чинь юунаас болж байна гэвэл бас тэдэнд алдах юм гэж байхгүй болчихоод байна шүү дээ. Тиймээс бид тодорхой шаардлагуудаа тавина.
Ажил хаялт, тэмцэл, жагсаал цуглаан хийнэ гэвэл нэгдсэн журмаар, үр дүнтэй юм хийнэ. Яахав саяын жагсаал цуглаанаар манай зарим үйлдвэрчний эвлэл ажил хаялт хийе гэж орж ирсэн. 
 
Жишээ нь, төмөр зам ажил хаялт хийе гэвэл эргээд ард түмнээ хорлочих гээд байна аа. Тэд хэрвээ нэг хоног ажил хаялт хийх юм бол зах дээр барааны үнэ хоёр дахин өсөх гээд байна.
 
Нөгөө талаар МҮЭ шантааж хийдэг, зүгээр л шаардлага тавьдаг гэж хардаг. Угаасаа бидний гол үүрэг бол шаардлага тавих шүү дээ. Гэхдээ төр засгийн зөв ажлыг бол дэмжээд явна. 
Саяын нүүрсний хулгайн жагсаалыг хэдхэн хүн талбай дээр үлдээд тарчихлаа, болчихлоо гэж харж байгаа бол том эндүүрэл шүү. МҮЭ-ийн байгууллага маш анхааралтай ажиглаж байгаа. Зарим шалгуулах ёстой хүмүүс шалгуулахгүй яваад байна. 
 
Ний нуугүй хэлэхэд МҮЭ-ийг хүртэл хяналтандаа авах оролдлого хийж байсан шүү дээ. Олигархи бүлэглэлүүд хууль хяналтыг гартаа авчихаад одоо тэдэнтэйгээ нийлээд Үйлдвэрчний эвлэлийг атгахыг санаархаж байна. 
Тиймээс би ТББ-ууд, шударга ёсны төлөө тэмцэж байгаа хүмүүс маань яг зөв зүйл дээрээ, хараат бусаар нэгдэж нийлээд тэмцье гэж хэлье. Зарим нам, ТББ-ууд орж ирээд энэ жагсаалыг манайх удирдчихмаар байна гэсэн. Би бол хэлсэн, бид аль болох улс төрийн намтай хамтарч жагсаал цуглаан хиймээргүй байна аа. Энэ нь зорилгыг нь үгүйсгэчихдэг юм аа. Харин та бүхний дэмжиж болох шаардлага байгаа бол улс төрийн өнцгөөсөө дэмжиж өг. 
Яг үйлдвэрчний эвлэл бол эдийн засгийн тэмцэл хийдэг хүмүүс. Улс төрийн тэмцэл хийдэггүй. Тиймээс бид цалингаа, хувьцаагаа, шаардах болно. 
Сая маш олон шаардлага орж ирсэн. Иргэдэд яагаад газрыг нь хувьчилж өгөхгүй байгаа юм бэ? Зуслан, лагерьт байгаа хүмүүсийн тавиас дээш хувьд нь  газрыг нь өмчилж өгдөггүй. Тэгсэн мөртлөө эрхтэн дархтангууд нь Богд уулыг ам, амаар нь хувьчлаад, өмчлөөд, авлигынхаа мөнгөөр том, том хаус барьчихсан байдаг. Ийм ялгавартай байна. Уул нь иргэддээ өмчжүүлчихмээр байдаг. 
 
Энэ жил 1072 хувьцааны ногдол ашиг олгохгүй гэж байна шүү дээ. Тэр төмөр зам барьсан мөнгөнийхээ оронд, тэр хэмжээний ногдол ашгийнхаа мөнгөний оронд хувьцааг нь өсгөөд өг. 1072 хувьцаагаа хоёр дахин нэмчих л дээ. Ийм гаргалгаануудыг бид шахах ёстой. 
 
Ер нь С.Эрдэнэбат гэдэг хүн яг өнөөдөр жагсаадах гээд хүмүүс жагсчихдаггүй юм. Одоо жагсаал цуглаан хийхэд тун эмзэг болчихоод байна шүү. Эмч нар түүхэндээ хэзээ ч ажил хаялт хийж байгаагүй. Одоо харин бэлэн байна. Нөгөө талаар хаяад эхэлчихсэн байна. Зарим нь бүр ажлаа хаяад өөр салбар луу орж байна. Зарим нь хувийн эмнэлэг рүү очиж байна. Хэл амтай ч гэсэн улсын эмнэлэгт үнэгүй хүүхэд төрүүлж байхад хувийн эмнэлэгт 5 саяар төрүүлж байна. Хамгийн мундаг эмч нар хувийн эмнэлэгт очиж байна. Алсуураа энэ нь эмнэлгүүдийг хувьчилж авах гэсэн маш их лобби явж байгаа. Нөгөө л эмнэлгүүдээр дамжуулж мөнгө угаадаг явдал хүртэл байна.
 
Би тэр жагсаал цуглаан хийж байсан залуустай уулзсан. Зөвлөгөө өгсөн. Хувьцаагаа тодорхой хэмжээгээр нэмээд хяналтынхаа зөвлөлийг очоод тогтооё. Тэгэхгүй бол бидний 1072 хувьцааг хэн төлөөлөөд байгаа юм бэ? Тэнд ТУЗ болж очсон, оюутны холбоонд ажиллаж байсан хүмүүс бол үндсэндээ мөнгө идэх л зорилготой байсан гэдэг нь ил болж байна шүү дээ. Тиймээс том, том томилгоонуудыг улс төрчдөөс, ашиг сонирхлын зөрчлөөс хол байлгая. Яахав одоогийн Засгийн Газраас тийм улс төрийн зориг цухалзаж байна гэж харж байна. 
 
Яг үнэндээ АТГ ашиг сонирхлын зөрчил шалгадаг гэдэгт би эргэлзэж байна. АТГ, прокурор, шүүх улс төрөөс хараат байж чадах уу? Ялгаа байхгүй нэг нам нэг хүнийг тавьдаг. Тавихдаа үүрэг өгдөг юм шиг байгаа юм. Манай талын энэ хэргийг далдлана шүү гэдэг ч юм уу. Нөгөө талаар хэрэг захиалдаг. Би нэг хохирогч нь байсан хүний хувьд хэлмээр байгаа юм. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг өөрөөр хэлбэл хэрэг зохиож байгаад амыг нь тагладаг, барьцаанд хийдэг, нэг хэрэг үүсгээд 10 жил нээлттэй орхидог, тэгээд хэзээ ч чамайг яаж ч болно гэдэг. Ийм бие, биендээ барьцаалагдсан хууль, хяналтын байгууллагуудын дунд шударга хүмүүс нь бас хүчин мөхөсдөж байна уу л гэж харж байна. Толгой дээр нь улс төрчдөөс хамааралгүй хүмүүс л очмоор байгаа юм.
 
 
Ярилцсан Ч.Явуухүү