sonin.mn
ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
 
Бүрэн эрхт, туурга тусгаар Монгол Улсын маань хүндэт иргэдээ,
 
МАН-ын журмын эрхэм гишүүд, дэмжигчидээ.
 
Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, эх орончдын өдрийн мэнд дэвшүүлье.
Нэгэн зууны тэртээд улс орон маань харийн дарлалд нэрвэгдэн, нийгэм-эдийн засгийн хоцрогдолд орж, тусгаар тогтнолоо алдаад байсан бэрх цаг үед Монголын хатан зоригт эрэлхэг хөвгүүд эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээх их үйлс дор нэгдэж, 1921 оны ардын хувьсгалыг оройлон, Эх орноо сэргэн мандлын замд хөтөлсөн бахархам түүхтэй.
 
Төр улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн босгож, гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэмцэл, Монголын ард түмний 200 гаруй жилийн чин хүсэл биелэх амар хялбар байгаагүй. Хүнд хэцүү он жилүүдийг гагцхүү бидний өвөг дээдсийн эх оронч үзлийн хүчээр даван туулсан юм. 
 
Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж, Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө алтан амь, бүтэн амьдралаа зориулсан эх оронч баатрууддаа мэхийн хүндэтгэе. Монгол Улсын түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулалтын үйлсэд залуу халуун нас, сэтгэл зүрхээ зориулсан эрхэм хүндтэй ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ цаг үед эх оронч үзлээр ирээдүй хойч үеэ хүмүүжүүлж, нэг л заяасан эх орон, насаа элээх төрөлх нутгийнхаа төлөө чин үнэнчээр зүтгэх нь Та бидний эрхэм үүрэг билээ.
 
Эх орончдын алдар улам улам бадартугай!
 
                               
 
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Дарга Д. Амарбаясгалан