sonin.mn
АФИН. /AMNA/. Грекийн төв нутагт мягмар гарагт галт тэрэг осолдсоны улмаас олон хүн амиа алдсан харамсалтай явдалтай холбогдуулан тус улсын Дэд бүтэц, тээврийн сайд Костас Караманлис лхавга гарагт албан тушаалаасаа огцорчээ. Ослын улмаас 36 хүн амиа алдсан байна.
 
“Грекийн төр, улс төрийн тогтолцооны ужгирсан алдаа дутагдлын хариуцлагыг хүлээж, цаг бусаар амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж буйн өчүүхэн илэрхийлэл болгон албан тушаалаасаа огцрохыг үүргээ гэж үзэж байна. Амиа алдагсдын ар гэрийнхэнд дахин гүнээ эмгэнэл илэрхийлье” гэж тэрбээр мэдэгджээ.
 
Грекийн төмөр замын салбарын түүхэн дэх хамгийн том ослуудын нэгд тооцогдож байгаа уг ослын шалтгааныг нарийвчлан шалгана гэдгээ Засгийн газрын зүгээс мэдэгдээд байгаа юм. Мягмар гаргийн орой Ларисса хотын ойролцоо Афин-Салоникийн чиглэлийн суудлын галт тэрэг Салоникоос Афин руу зорчиж явсан ачааны галт тэрэгтэй мөргөлджээ.
 
Грекийн гал түймэртэй тэмцэх албанаас эрэн хайх, аврах ажиллагаа лхагва гарагт үргэлжилж байгааг мэдээлсэн байна. Ослын газарт хийсэн дүгнэлтэд үндэслэн хэлэхэд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж магадгүй байна гэж гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч Василиос Ватракояннис хэлжээ.
 
Лхагва гаргийн үдийн байдлаар, 72 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагийн зургаа нь эрчим эмчилгээний тасагт хэвтэж байна. “Hellenic Train” төмөр замын оператор компанийн мэдээлснээр, суудлын галт тэргэнд 342 зорчигч, 10 ажилтан зорчиж явсан бол ачааны тэргэнд хоёр ажилтан сууж байжээ. Грект үндэсний хэмжээнд гурван хоногийн гашуудал зарласан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг